2007-12-15
Волейболын Доржсүрэн-Миний аав

Нарлаг Калифорний хотуудаар хамтаа явах  аян замд  “Аавынхаа   нэрэмжит тэмцээн зохиох юмсан” гэж  ярьж байсан Самбуу маань Монгол Улсын спортын Гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн  нэрэмжит ”Америкийн Монголчуудын гар бөмбөгийн нээлттэй    тэмцээн”  Лос Анжелес  хотноо зохион явуулах  тухай Америк дахь   Монголчуудын хэвлэл мэдээллээр зар түгээж эхлэв.


 Хол нутагт уулзалж танилцсан бид нэр усаа ч сайн мэдэлцдэггүй  юм уу даа?  Танай аавын бичсэн номноос нэрийг чинь  хайхад хүрлээ шүү?
    Намайг Доржсүрэнгийн Норовсамбуу, гэр бүлийн хүнийг маань  Бизъяажавын  Оюунчимэг гэдэг. Бид хүү, охин  хоёртой.  Дундговь аймгийн уугуул.  Найзууд,  таньдаг хүмүүсийнхээ дунд  Самбуу  гээд  нэршчихэж дээ.


Өнгөрсөн  5 сард болсон Лос Анжелес орчмын Монголчуудын  уламжлалт Гар бөмбөгийн тэмцээний үеэр  “нуруу нь өвдөөд таяг тулчихсан  байж  тоглоод,  бас ч үгүй оноо аваад байх юм”   үнэхээр энэ спортод дуртайгийнх  байх даа хэмээн бодож  байсан. Хэдийнээс тоглож эхлэв?    
Манайхан   спортын зааланд өссөн гэхэд   болно.  Бүр багаасаа л аавынхаа тоглолт,  аавынхаа  дасгалжуулсан  хүүхдүүдийн тоглолтыг үзэж бөмбөгийг нь зөөсөөр  энэ спортод  дуртай болчихсон. 8-р анги төгстлөө аавынхаа волейболын секцэнд хичээллэж, оюутан  байхдаа Хоршоолол нийгэмлэгт спортын мастер Д.Чойдоржийн секцэд  суралцаж  улмаар  нийгэмлэг, улсын аваргын цолыг удаа дараалан хүртэж улсын 1 зэргийн тамирчин болсон.
Лос Анжелес орчмын  Монголчуудын  уламжлалт Гар бөмбөгийн тэмцээнд  хоёр жил дараалан түрүүлж, нэг  жил  дэд байр эзэлж   манай баг  сайн тоглож байгаа шүү.

Аавынхаа  нэрийг   гаргаж   Америкт олныг хамарсан  тэмцээн санаачлан зохион байгуулж байгаа та нарт  баяр хүргэе.   Аавынхаа  үүх түүхийг жаахан хуучлаач?
Манай аав Анжийн Доржсүрэн амьдралынхаа  40  гаруй жилийг волейболын спортыг  хөгжүүлэхэд  зориулсан багш дасгалжуулагч,  бидний  найман  хүүхдээ гарыг нь ганзаганд хүргэсэн ачтай хүн.
Аав маань 1939 онд Дундговь аймгийн Дэрэн сумын  нутагт  төрсөн. Багадаа Анжий өвөөгийнд   маань үрчлэгдсэн  юм гэнэ лээ.  Тэрээр  бага насныхаа тухай  дурсахдаа “хөдөөний хүүхдийн адил л морь унах, мал хариулах, гэрийнхэндээ туслаж л өнгөрсөн дөө.  Харин  үеийнхнээсээ арай илүү, сэргэлэн хөдөлгөөнтэй байсан нь тамирчин болох эхлэлийг тавьж өгсөн юм болов уу” гэдэгсэн.
Аав маань 1957 онд Багшийн дээд сургуульд орсоноосоо хойш Шагдар  багшийн волейболын секцэнд 4 жил хичээллэж, тэр үеэс л волейболын спортод татагдсан гэдэг.    Манай аавын  унаган мэргэжил  “Монгол хэл уран зохиолын багш”. 25  жил  мэргэжлээрээ  ажилласан.  Харин  1963 оноос  Дундговь аймгийн 10 жилийн 1 дүгээр сургууль дээр волейболын  секц  байгуулснаар  энэ спортод  Дундговьчуудыг  уруу татсан гэж ярьдаг. Тэрхүү секц  Монголдоо анхных  байсан гэдэг.
Дундговь дуу хуураараа, айргаараа алдартайг хэн бүхэн мэднэ. Харин  сүүлийн  дөч гаруй  жилд  волейболын спортын хөгжил нь манай Дундговийг  дуу хуур, айрагтай нь  адил алдаршуулж ирсэн билээ.
Хөдөө орон нутагт тэр тусмаа Дундговь аймагт  волейболын спортыг хөгжүүлж, өсвөр хэдэн үеийг сургаж, бэлтгэсэн манай аавын  хөдөлмөрийг нь төр, засгаас үнэлж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хэмээх эрхэм алдарыг  1998 онд олгосон. Энэ  алдар цол нь спорт тоглоомын төрлийн анхдагч нь болсон.
Тэрээр  40 гаруй жил сурагчдын волейболын секц ажиллуулж, улсын чанартай тэмцээнд нийт 50 гаруй удаа орон нутгийн тэмцээнд 80 гаруй удаа оролцож  байсан тухай  дурсамжид нь байдаг.  Шавь нар  нь  улсын аварга шалгаруулах тэмцээнээс алт 29, мөнгө 55, хүрэл 51,  МХЗЭ-ийн нэрэмжит цомын   тэмцээнээс алтан медаль 25, мөнгө 27, хүрэл 45,  МПС-ын спартакиадад алтан медаль 9, мөнгөн медаль 22  авсан  гэж мөн бичсэн байна.
Хол нутгийн эрх,  бичиг баримтын  байдлаас шалтгаалаад   аавыгаа өнгөрөхөд очиж  чадаагүй ээ.   Аав минь  манай   явуулсан  видео  бичлэгийг үзчихээд  хэдэн цаг болоод  л бурханы орондоо явсан гэнэ лээ.   

Бидний ярианд Оюунаа оролцож    Аав маш нямбай хүн байсан. Бүхий л тэмцээн уралдаан, тамирчдынхаа тухай  тэмдэглэл хөтөлснөө надад үзүүлж байв.
Бид Америкт  ирсэнээсээ хойш  л Аавынхаа нэрэмжит тэмцээнийг  зохион байгуулах юм шүү гэж ярьсаар өдийг хүрсэн. Харин бидний санааг найзууд маань дэмжиж   Монгол Улсын спортын гавъяат дасгалжуулагч Анжийн Доржсүрэнгийн нэрэмжит ”Волейболын тэмцээн”-ийг  2007 оны 9 дүгээр сарын 2-нд Лос Анжелес хотноо  зохион байгуулахаар боллоо.  Анх  энэ хотынхоо хэмжээнд л зохиоё  гэж байсан ч   Америк даяар  тархан суусан  энэ спортод дуртай  олны дунд зохиох нь зөв юм  байна гэж шийдсэн.
Эх орноосоо алс суугаа монголчууддаа аавынхаа амжилт, волейболын спортыг сурталчлан таниулж, спортод дуртай Монголчуудаа ойртон нөхөрлөх  боломжийг олгох зорилготой байгаа.

Олон баг  оролцох  уу?
Одоогоор  Санфранциско,  Оакланд,  Сакроменто, Вашингтон, Денвер, Лос Анжелес  хотод суугаа Монголчуудын   арав  гаруй баг   энэ тэмцээнд оролцоно гэсэн.       

Их өргөн  тэмцээн болох нээ. Волейболын спортын тамирчин олон Монголчууд   АНУ-д амьдарч байгаа юу?
Америкийн баруун эргийн  хотуудад  л гэхэд Монгол Улсын волейболын спортын мастер  Ган-Энхбаяр(эмэгтэй),  Отгонбаяр,  Энхбат, Ганболд  нар амьдардаг. Спортын  зэрэгтэй  олон монголчууд байгаа.  Ер нь волейбол  монголчуудын маань  дуртай спортын  төрөл  шүү.       

Аавынхаа  үйл хэргийг   хэрхэн залгамжилж, үргэлжлүүлж  байна даа?         
Манайхан гэж  спортод хайртай, түүгээрээ бахархаж явдаг гэр бүлийнхэн.
Ээж маань  волейболын спортын мөн чанарыг ойлгож, аавыг  үргэлж  дэмжиж  алдар хүндэд хүргэсэн төдийгүй бололцоо л гарвал хэдэн хүүхдийнхээ тоглолтыг үздэг, волейболын тэмцээн хаана  болно тэнд идэвхитэй үзэгчийн нь  нэг. Том ах  Норовдимамэд Хөвсгөл  нутагт  волейболын спортыг   хөгжүүлэхэд  хувь нэмэр оруулж буй Биеийн тамирын тэргүүний ажилтан.  Удаах ах Норовцэрэнг  довтлох цохилтонд овоо мэргэшсэн шүү гэж аав маань үнэлдэг. Эгч Болормаа. Монгол улсын Волейболын спортын мастер, Хэл зохиолын хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, доктор. Тэрээр улсын шигшээ баг болон лигийн тэмцээнд тоглож байсан төдийгүй “Эрчим 4”  эмэгтэйчүүдийн багийг дасгалжуулдаг.  Бидний дундаас  волейболын секцээр дамжаагүй нь  дүү Болор Эрдэнэ. Гүйдэг хэмээн алдаршсан Б.Гунгаадаш  багшийн удирдлагад хөнгөн атлетикиар хичээллэсэн.  Галын спорт, хөнгөн атлетикийн олон арван медальтай тамирчин.  Дүү Хүрэлноров  маань Монголын волейболын холбооны нэртэй шүүгчдийн нэг болоод байна. Дүү Батноров, Болорчимэг  нар маань  спортын 1 дүгээр зэрэгтэй  тамирчид.  
Аавын  маань  хайртай ач Норовын Алтан-Од  мини-волейболын спортоор гараагаа эхэлж   амжилттай  тоглож байгаа.
Бид аавынхаа нэрэмжит санг  2006  онд үүсгэн байгуулсан бөгөөд  Болормаа эгч удирддаг.  Энэ сангаас эрхлэн 14-16  насны өсвөр хүүхдүүдийн улсын аварга тэмцээнийг  уламжлал болгон зохиож  байгаа. 2006 оны тэмцээн  Дундговьт болсон. Энэ оны  9 дүгээр сард Говьсүмбэр аймагт тэмцээнээ зохиохоор манайхан ажилдаа орсон сурагтай. Мөн  Монголын Волейболын Лигийн тэмцээний  үеэр  аавынхаа нэрэмжит   “Шилдэг дасгалжуулагчийн шагнал”  олгож байгаа.   2006 оны шагналыг   “Уурхайчин” багийн дасгалжуулагч   Баярсайхан  авсан  гэнэ лээ.

Аавынхаа удирдлагад  волейболоор хичээллэж байжээ.  Аав, багш дасгалжуулагчийн ялгаа?
Аав маань  энгийн, ноён нуруутай,  нөхөрсөг, ажилсаг,  бас сүрдэм жавхаатай   хүн байсан.  Зав бололцоотой үедээ  ээжид, бидэнд тус тусад нь сайхан хоол хийж өгдөг  байлаа.  Бидэнд 32 модон хүний үлгэр зэрэг хуучин Монгол бичгээр  бичсэн үлгэр, тууж  их уншиж өгдөгсөн.  Адал явдал,  хүн гөрөөсний тухай ч   ярьж биднийг  хөгжөөдөг байв.  Бас машин сайн барина, ан шаггүй хийчихдэг  байсан шүү.  Спортоор  дамжуулан  хатуужил тэвчээр,   хүнтэй зөв харилцах, найзалж нөхөрлөхөд сургасан  гэж боддог.
Аавын  дасгалжуулалтын онцлогыг  “тамирчдаа бөмбөгөнд анх гар хүрэхээс нь эхлэн нарийн судалгаатай хандаж өчүүхэн алдааг ч орхилгүй хэлж залж хүний онцлогийг нь харгалзан уйгагүй ажилладагт  байдаг” гэж бичсэнтэй   санал нийлдэг.
Тоглолтын үеэр бол  “хагарах гэж байгаа бөмбөг” шиг л  байдагсан. Тоглолтоос өөр юм энэ орчлонд байдгийг таг мартаж, барьж байсан дэвтрээ чулуудчих, хажуудаа суугаа нэгнийг базаад  авах бол энүүхэнд.  Тэмцээний үед  хор шартай, цочмог хурц зантай болно. Бүр харгис ширүүн болохыг нь яана. “Волейболын  тэмцээн үзэхээсээ илүү энэ эрийн догширохыг, улайрахыг, улангасахыг, хашгирч бачуурахыг харах нь илүү зугаатай мэт байдаг байлаа” гэж  зохиолч шавь нь бичсэн  байна лээ.
Тоглолтын шийдвэрлэх торгон агшинд  хэлдэг  аавын зөвлөгөө, заавар   тоглолтын нөхцөлийг  багтаа ашигтай болгодог идтэй. Эндээс  түүний арга ухаан, ур чадвар, ажигч гярхай чанар, спортын мэдрэмж,  заль,  авхаалж самбаа  мэдрэгддсэн.   
Тухайн үедээ гуравдагч орон гэгдэж байсан  Японы волейболын алдарт дасгалжуулагч Даймацугийн эмэгтэй волейболчдоо дасгалжуулдаг туршлагыг хичээнгүйлэн судалж шавь нартаа зааж, сургах гэж оролдсон минь талаар болоогүйд сэтгэл хангалуун явдаг гэж ярьж байсныг нь  санаж байна.  Аавын дасгалжуулсан секцнээс 12 спортын мастер, 11 дэд мастер, олон арван зэрэгтэй тамирчид төрсөн.
Аавын маань  анхны  шавь нар  болох   Дундговь аймгийн төвийн арван жилийн сургуулийн   Р.Батжаргал даргатай 1966 оны төгсөлтийнхнөөр  бахархдаг.  Тэд нар одоо хүртэл хоорондоо,  багшийнхаа гэр бүлийнхэнтэй холбоотой байдаг юм.

Аав маань өөрийн “хоббигоо” хөгжүүлж, зааж сургаж алдарт хүрсэн  хүн  гэж   би боддог.


Оюунаа  хадам аавынхаа талаар юу хэлэх вэ?    
Аав  өөрийн бэлтгэж буй тамирчид төдийгүй, өрсөлдөгч багийнхаа  тамирчдын тухай  нягт нямбай  тэмдэглэл хөтөлж байсан юм  билээ. Түүндээ тулгуурлаж  бэлтгэл сургуулийн аргаа  боловсруулдаг байсан бизээ.
Маш эртэч,   ажилсаг,  энгийн, олон талаар хүний хайрыг татсан хүн байсан даа. Ном их уншдаг, ийш тийшээ явахаараа хүүхдүүддээ чихэр гэхээсээ  ном авч ирж өгдөг  байсан гэсэн.   Манай Самбуу сургуульд “Мянган дутуу”  хочтой  байж. Ангийхандаа  уншсан  номоо ярьж өгч байгаад заримдаа зогсчихдог  аж. Яасан бэ гэхээр  “тэр хэсэг  дутуу байсан” гэсээр  тийм нэр авсан гэнэ лээ.
Манай хадмын талынханы нэг онцлог  гэвэл  бие биеэндээ   захиа их бичнэ.  Зарим нь муухан зохиолчоос ч илүү байх.  Биднийг энд ирсэнээс хойш хадам ааваас ирүүлсэн нэгэн захидлыг хадгалсан. Бүх л хүүхдүүдийнхээ амьрал, ахуй ямар байгааг нэг бүрчлэн  бичсэн  урт захиа байдаг. Дахин дахин уншмаар шүү.  Өөрөө  бас ч үгүй  сонин хэвлэлд юм бичдэг байсан юм билээ .   Сонирхолтой нь  манай хадам аав чинь  манай аавын анхны  шавь нь шүү дээ.
Самбуу: Манай хадам  аав Бизъяажав   Дундговьд насаараа сургуулийн захирал хийсэн, сурагчдын дотуур байрыг “гэрийн нөхцөлд ойртуулан тохижуулах” гэх мэт  олон санаачлага гаргаж  хэрэгжүүлсэн,  Монгол Улсын гавъяат багш, ная шахаж яваа  буурал бий.  

Сайн  аав, ээжийнхээ ач, зээг нь хэр өсгөж байна?
Бид энэ нутагт Монголчуудынхаа жишгээр ажиллаж, амьдарч байна.  Харин манай охин  сайн сурч дунд сургуулиа төгсөхдөө  Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн Цагаан ордны хүндэт  дэвтэрт бичигдэхээр  сургуулиасаа тодорхойлогдсонд бид хоёр их баяртай байгаа.  Хүү маань бага сургуульд  явж байна.  Хүүхдүүдээ зөв санаатай,  сайн хүн  болгох юм сан гэж бодох юм даа.    

Нутаг буцахаа төлөвлөсөн үү?
Өнөө маргаашгүй  буцаж чадахгүй нээ.  Охиноо  ахлах сургууль төгсөхийг харвал  гурван жил лав болно.  Тэгж байтал  хүү маань том болоод ирнэ.   Гэхдээ  ямар ч байсан эх  орондоо очиж амьдарна даа.

Америкт амьдарч байгаа Монголчууд нэг үеээ бодвол  сонирхдог спортын төрлөөрөө нэгдэж уралдаан тэмцээн их зохиодог болж. Цаашид  хийхээр төлөвлөж байгаа зүйл  гэвэл?
Эхний ээлжинд  Аавынхаа нэрэмжит  тэмцээнийг уламжлал  болгон  зохионо.  Лос Анжелес  орчимд   ажиллаж амьдарч байгаа Монголчууд,  хүүхэд, залуучуудынхаа  дунд  волейболын  секц  ажиллуулж зөв эвсэлтэй болгохыг хүсч байгаа.   Сүүлийн жилүүдэд болж байгаа тэмцээнээс харахад   зааж, зөвлөөд өгвөл  аятайхан тоглочих хэдэн  залуус  харагддаг.

Волейбол хэмээх   спортын   “сайхан амт” нь юундаа вэ?
Хүний хурд, хүч,  авхаалж,  хөнгөн шалмаг байдал, ур ухааны “цогцлол” гэж болох юм. Энэ спортын  арга техникийг  дасгал сургуулилтаар  эзэмшин  бэлтгэлээ тогтмол хийж байж л  энэ бүхэн цогцлоно.
Тоглолтын шийдвэрлэх мөчид оновчтой довтлох, амжилттай хамгаалах, хэцүү бөмбөгийг босгох  нь тоглогчдод ч, үзэгч дэмжигчдэд ч  энэ спортын  сайхныг мэдрүүлдэг байх аа.

Тэмцээний  бэлтгэл ажил хэр  ургаштай  биз дээ?      
Бэлтгэл  ажлууд    хийгдэж байна.  Заал, танхимаа олоод  гэрээ хэлцэл хийсэн,  тэмцээний  медаль, цом  бэлэн болсон.  Оролцох багуудынхаа мэдүүлгийг авч,  бүртгэж байна.   Ер нь ажил маш сайхан бүтэж байгаа.

Аавынхаа  үйл хэргийг амжилттай үргэлжлүүлж, нэр алдрыг нь дуурсгаж байгаа та нөхдийн  үйлс өөдрөг  болог.
Ярилцсан. Д.Бишүүгарам

Бичсэн: bishuu | цаг: 15:02 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 722 удаа уншигдсан.







:-)
 
xaax