2007-12-15
Улс Тунхагласан Өдрийн Угтал-Эргэцүүлэл
Хүннү гүрний үеэс улс гэрийг үүсгэн  тохинуулж ирсэн уламжлалтай, даян дэлхийн том гүрнийг   байлдан  байгуулж, эзэрхэн захирч  явсан  түүхтэй  Монгол орон,  дээдсийнхээ тухай эргэцүүлнэм.  Цадиг түүхийн үргэлжлэл  Монгол   хэмээх  Бүгд найрамдах  улс  дэлхий дээр  оршин байгаагаа  тунхаглан зарлаж   өдгөө   83 дахь  жилтэйгээ   золгож  байна.  Олноо өргөгдсөний  14 дүгээр оны  намрын  сүүл сард  төрсөн юм  гэнэ лээ  хэмээн ярьдаг  “буурал”  маань   бас  наян гуравтай.       
    Өглөөний  өчил

   1924 оны  11 дүгээр сарын 26-ны ургахын  улаан нарыг улс Монголынхоо мандал бадралтай зүйрлэн билэгшээж Анхдугаар Үндсэн хуулиа  батласан “дээлтэй” Монголчууд “Төмөр утасны хороо”-ноосоо  Бүгдээр Найрамдах  Бүрэн Эрхт  Улс  болсноо даяарт  зарлан, төв талбайдаа жагсан  тунхаглаж  байсан гэдэг.
    Зоригт хөвгүүдийн  нь  байлдан олсон ардын хувьсгал, эрх чөлөөний бодит  биелэл болж нийтээрээ сонгож, сонгогдож засгийн эрхээ  барьдаг, эрх мэдэл нь салаа мөчрүүдэд хувиарлагдсан орчин үеийн бүгд найрамдах засгийн эх суурь тавигдан, олноо өргөгдөж,  түмнээ  тахигдсан хаант  хэмээх засаглал  үеэ өнгөрөөсөн  тэмдэглэлт өдөр  энэ буюу.   
    “Элэг зүрхнээс уяатай” хэмээн санаж  дуулдаг  эх оронтой  байгаагийн,  авилгач  ихэстэйгээр нь дуудаж цухалаа тайлдаг болчихсон ч засаг, төртөй байгаагийн, Орос,  Хятад бус  бүрэн эрхт  Монгол  Улсын иргэн  гэж дуудуулахын  эхийг тавьсан  язгуурт өдөр энэ буюу.
   Төр эрхийн нэрт сэтгэгч Локк, Монтескю, Хуго,  Руссао нарын хүний үндсэн эрх, тэгш эрх, засгийн эрхийг  хуваарилах  ардчилсан үзэл, 1776 онд  Хойд Америкт Нэгдсэн Улсын тулгын  чулууг  тулахдаа Т.Жеферсон, Ж.Адамс, Б.Франклин нарын  тэрлэсэн  тусгаар тогтнолын тунхаг,  Маркс, Энгельс тэргүүтэй “эв хамтынханы” үзэл бодлын  гэрэл  гялбаа  тэртээ хойно  “Хуучин хүүгийн” нутагт  цахилж, Монголд төр ёсны цоо шинэ үзэл хандлагын анхны  хуудсыг эргүүлсэн  дэвшилтэт өдөр энэ буюу  

   Үүний тул энэ өдрийг  бахархан  тэмдэглэх учиртай.  

   Хууч ба хөөрөл  
   “Эсэргүүний жил” гэж   эхэлдэг  буурайгийнхаа хууч яриаг   санаж  сууна.  1932 оны    хаврийн хахир цагаар  Заг,  Байдрагийн хүрэн бэлчир, Задгай, гашууны  мараат хөндий, Алтай, Хангайн  хөглөгөр уулсаар нутагтай   ардыг айлгасан  “баривчилгаа”  болсон гэдэг.   
    Сул тайж,  Хар нүдэн Адъяа  хэмээх өвгийг маань сураглаж ногоон  малгайтай, суран бүстэй, шийдэм буутай хүмүүс ирээд   эхнэр, хүүхдийг уйлуулж, айл хотыг нь цуугуулан  баривчлаад явчихаж.  Айлсан байсан ах ламтанг бас л цугт нь  туугаад  арилж.  Тэдний унаж явсан морьд нь  ижил сүрэгтээ  маргааш нь ирсэн атал  эзэд нь  хаачсныг  үлдсэн 5 хүүхэд нь өнөө болтол мэдээгүй  яваа. Эцгийнхээ  яагаад баривчлагдсаныг,  хаана   амьсгал хураасныг  мэдэх  гэж Архив, нууцын үүдийг  нүдээ хөхөртөл сахиж, улаа эргэтэл хөөцөлдсөөр   эцсийг нь үзэхгүй   бурханы орондоо явж   эхэллээ тэд минь.   
   Эсэргүүний жилийн түүх энэ  буюу.
   Нуршин дурдахын учир, иргэдээ  гарал угсаа, шашин шүтлэг,  үзэл бодлоор нь ялгаварлан  хавчиж,  хэлмэгдүүлж,   хэтрүүлэн амьд явах эрхийг нь үгүй хийдэг,  нэгэн үзэл сурталд хэтийдэн шүтсэн “дэглэм” нь  төр, ёсны дээр  гарчихсан  үе  байсан шүү гэж сануулах гэсэн юм.  

   Энэ он жилүүдтэй буурал минь улаан нүүрээрээ тулж, “изм”-ийн таван жилүүдийн төлөвлөгөөг биелүүлэх гэж нуруугаа бөгтийтөл ажилласан.  Эцгээ алдсан  харууслаа  “энэ төрд золиос хэрэгтэй байж,  тэр нь миний аав  байсан ч юм болов уу” хэмээн  уужуу  сэтгэн  нимгэлдэг   биз ээ. Ийм л учир эмээ минь баруун гартаа цацалаа  бариад зүүн  гараараа  сүслэн залбирч,  гүн бишрэлтэйгээр  нүдээ аньж, амандаа  нэгэн зүйлийг  шившин, шивнэж  цацлаа өргөдөг. Сонирхон сонсвоос:
“Ээ   Төрийн минь сүлд, түмэн олны минь номын сахиус,
          Баян хангай, орон дэлхий минь
          Хол, ойрын амьтан, ахан дүүсийг  
          Ач авралаараа тэтгэж хайрлаарай” 
гэдэг.  
   Танай ээжийг гэдсэнд байхад гэж эхэлдэг хуучийг нь санаж байна. Тэр жилийн  санал асуулгад  эрхий хурууныхаа   хээг дарж нэрээ  бичих гэж  хүнээр заалгаж  цагаан толгойн  хэдэн үсэг  сурсан гэдэг.
  1945 онд явагдсан  Бүх нийтийн санал асуулгад эмээ маань ийнхүү  бэлтгэн,     Улс  Монголоо “Дундад иргэн улс”-аар зөвшөөрүүлэхэд  оролцож  явсан юм.

   Одонт  Бэгз гуай  “Өгөр самуурайтай дайтаад  өрөөсөн хөлөө өгчихсөн юм”  гэж мухар хөлнийхээ тухай  хуучилахад   байлдаантай киноны баатар шиг санагдан “тэгээд яасийм?” гэж шалгаан  “хэрэгт дурласан хүү” явлаа.
   1961 оны 10 дугаар сарын 27-нд Нэгдсэн Үндэсний  Байгууллагын  гишүүн улс болсон  Монголынхоо алтан соёмбот далбааг  Нью-Үоркийн тэнгэрт мандахад  бөмбөрөн гарах нулимсаа барьж дийлэлгүй урсган  алсаас харж зогссон ламтаны тухай уншиж байв.  
 “Та нарыг анхны хурлаа хийхэд чинь хуушуур хийж очоод дайлж байлаа” гэж нэгэн ахмад бахархан  1990-ээд  оны ардчиллын анхдагчдын нэгэнд ярьж  суусныг  санаж байна.      
       
    Бүгд Найрамдах Улсын  жирийн иргэд нь хөлс хөдөлмөр, хүсэл мөрөөдөл, итгэл бишрэл, дэм дэмжлэг, хагацал гуниг, цус нулимсаараа  энэ   83 жилийн ээдрээ бартаатай түүхийг  зузаалж элбэг уужим нутагтай, эдэлж хэрэглэх баялагтай, хоёр хөршөө хаяалсан хил хязгаартай,  сүлд, далбаа, тамга, дуулал, төр засагтай, шинж бүрдмэл “залуу” улс орныг дархлан бий болгожээ.  

   Хүмүүний нас богинохоон.   Ач, гучаа  танихаа байгаад мунгинаж буй буурай минь алс суугаа намайг нэг  л сонсохын   “холоо” явчихсан гэнэ.
 
   Урал,  Rocky-ийн уулс, Их далайн зах, өргөн мөрний бэлчирээр явахдаа үлгэрт уусган,  лус савдагыг нь домоглон байж буурайгийнхаа нүдлүүлсэн  Урт, Бүрдийн  гол, усны боргио,  Богд, Номгоний  уулс  толгодынхоо атирааг  дэндүү мэдэрдэг.  Тэндээс  миний эх орон эхэлдэг, дэлхий эхэлдэг.
   Европ, Ази,  Америкийн   алдар цуутай  хотуудаар зорчиж гэмээнэ ундаа, “маруужин” эргүүлэн түрүүвчийг чинь тэмтрүүлсэн  Урт цагаан, Шар дэлгүүрийн  орчмоо, дуулалдаж хөөгдсөн дурсамжтай “Ялалт” хавийн  орцууд, шуугилдаж  явсан  сургуулийн  гудамжаа санадаг. Эндээс миний амьдрал эхэлсэн, дурсамж хөвөрдөг.   
   “Өвөг дээдэс минь бидэнд эх орноо хүлээлгэж өгсөн,
    Үр ачдаа  өвлүүлж үлдээх учиртай”.  

    Он цагийн хэлхээ

    Монголчууд бид “Толгойтныг  бөхийлгөж,  тойгтийг сөхрүүлж явсан”  он цаг  бий.  1206 оноос  эхэлдэг тэр түүхийн эзэн нь “…Бүтэн  бие минь алдарваас алдраг
                                                                         Бүрэн  улс минь бүү алдраг…” гэсэн юм.
 
   Ноёд нь эрх мэдэл, отго  жинс, хоргой торго,  ширээ, сандлын төлөөнөө  алалдан тэмцэлдсээр  бүрэн улс нь  алдарсан он цаг байсан. Гандан буурсан энэ түүх  1691 оноос  эхлэн 210 жил  Манжийн  буулганд үргэлжилсэн.
    1911 оноос  олноо өргөгдсөн хаант засагтай, автономит эрхтэй   Гадаад монгол болсон ч 1919 оноос  гамингийн  хөлд  талхлагдаж, Монголын Автономит статус үгүй болж,  Эрдэнэ шанзавтан ихэд хөрөнгөжсөн гэдэг.  
    1921 онд ардын хувьсгал   өрнөж гаминг хөөж, Хэмжээт эрхт хаантай улсаа байгуулж улмаар 1924 онд   Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улсаа тунхаглах  боломж бүрдүүлсэн ажээ.      
Бичсэн: bishuu | цаг: 01:47 | ergetsyylel, bodol
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 525 удаа уншигдсан.







:-)
 
xaax