Элэг бүтэн, гэдэс цатгалан, орох оронтой, унах унаатай, өвчингүй жаргалтай, өргүй баян, эрхэм баян эрдэм номтой байхыг монголчууд “жирийн амьдралын жишиг” гэж ярьж, хэлцдэг.
Хотынхон нь гадаадад гарч, хөдөөнийхөн нь хотдоо ирж, нийтийн хороололд нэг, хоёр өрөөтэй нь гурав дөрвөн өрөөтэй болох гэж, нэг хэсэг сингл хаустай, том жиптэй болох гэж, олон хэлээр мэдлэг, боловсрол олох, ашиг орлогоо нэмэх, газартай нь газраа зарах, газаргүй нь олох гэж, малгүй нь малтай болох, улам олон болгох, хурдан, жороо хүлэгтэй болох, даавуу өмссөн нь торго, хоргой, нэхий, булга болгох, амттай, чанартай хоол хэрэглэх гэх мэт түмэн хүслээ биелүүлэхээр, төсөөлсөн жишигтээ хүрэхээр зүтгэцгээж л байна.
Оршин байгаа газар орон, амьдралын хэв маяг, үзэж туулсан туршлага, ном эрдэм, олж байгаа орлого гээд их олон хүчин зүйл нөлөөлж ямар байдлыг “жишиг” гэж үзэх нь харьцангуй ойлголт ч амьдралын чанар, хөгжил дэвшил нь нэгтгэн илэрхийдэг гэж хэлэх болох байхаа.
Сүүлийн жилүүдийн нийгмийн үйл явц “хүнээр бол” дутагдах гачигдахын зовлонг амсч картын бараанд очерлож, хувийн өмчтэй байхын “болох, болохгүйг” мэдэрч, “баян хүн таван хаанд нүүртэй” гэдэг биелэлээ олж, “Зөвхөн монголдоо” амьдрахгүй зуун мянгаараа гадаадад гарч, олон мянгаараа гадаадад зорчиж, аялж, эцэж цуцахаа мэдэхгүй ажиллаж, салам согтож, шартаж, ядуу байна түүнээсээ гаргах минь хэмээн шуугилдаж, авилга авч, өгч, есөн шидийн мэдээллээр бөмбөгдүүлж эрийн цээнд хүрч байна. Ардчилалын анхны жилд төрсөн хүүхдүүд нь иргэний үнэмлэхээ гардаж, ардчилалын анхны гэгдэж байсан, уухайлан дэмжиж байсан залуус зуугийн талыг насалжээ.
Үндсэн хуульдаа тунхагласанчлан “Хүнлэг, иргэний, ардчилсан нийгэм байгуулсаар” хорь шахам жил боллоо.
Бидний амьдралын чанар, өсөлт хөгжил ямар байна?
Амьжиргааны баталгаажих доод түвшин, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, хүн амын хэрэглээний сагсан дахь бүтээгдхүүний хэмжээ, дотоодын нийт бүтээгдхүүний нэг хүнд ногдох хувь хэмжээ гэх мэт амьдралын түвшинг илэрхийлэх тоон үзүүлэлт олон бий. Өнгөрөгч оны байдлаар дотоодын нийт бүтээгдхүүний (ДНБ) нэг хүнд ногдох хувь 2,2 мянга орчим доллар болсон нь ерээд оныхоос даруй гурав гаруй дахин өндөр үзүүлэлт. Хувь хувьцаатай, орон сууцтай, малтай, газартай, хувийн үйлдвэр, сургууль, эмнэлэг, компанитай болж өөрийн өмчтэй байх сэтгэхүйтэй болсон. Төсвийнхөн нэртэй сувилагч, багш эмч, төрийн байгууллагынхан ойролцоогоор $20 тэнцэх хэмжээний цалингийн орлоготой байсан бол, $200-той, томчууд нь $600-той тэнцэх хэмжээний цалин аваад дажгүй шүү.
Гэхдээ бидний жишээ авах дуртай Өмнөд Солонгост $24,5, Японд $38,1, Германд $35,5, Англид 35,0 АНУ-д 44,2, Люхинбургийн вант улсад 68,8, Хятад 7,8 орчим мянган доллар (ДНБ) нэг хүнд ногдуулан тооцсон ба энэ үзүүлэлтээрээ манайх 217 улсаас 140 орчимд яваа судалгааг үзэв. Түүнчлэн манайхны нэг хэсэг нь зорин очиж, ажиллаж, амьдарч байгаа ихэнх орнуудад хамгийн багаар бодоход нэг цагт үйлчилгээний ажилтан 6, сувилагч 15, гагнуурчин, өрлөгчин 20, багш, цагдаа 30, нарийн мэргэшсэн хуульч, эмч, топ мэргэжилтэн, менежерүүд 100, 200 доллар тус тус хүртэж байна.
Саяхан “Тайм” сэтгүүлд гарсан судалгаанаас харахад дундаж гэр бүл долоо хоногийн хүнсэндээ Австралийн River View-т $376.45, Төв Америкийн Гуатмалийн Todos Santos-т $75.70, Энэтхэгийн Ujjain-д $39.27, АНУ-ын Texas-т $242.48, Африкийн Мали улсын Kouakourour-т $26.39, Канадын Nunavut Territory-д $345,0, Францийн Le Moines-т $419.95, Туркийн Istanbul-д $145.88 тус тус зарцуулах жишээтэй.
Утаа май нь урдах мөрөө харахааргүй нүүгэлтэн харанхуйлж, хоолой хорсгон, элэг, уушгиний сүв бүрт шингэдэг үзэгдэл агаарын бохирдол хамгийн ихтэй хотуудад ч алга болоод олон жилийн нүүр үзэж байна.
Байгал орчин, мэдээлэл гээд хүнд эерэг, сөргөөр нөлөөлж болох орчны аюулгүй байдлыг анхаарч, аюул эндэлээс урьдчилан сэргийлж улмаар оюун санаа, бие махбодийн хувьд урт наслах, эрүүл, саруул амьдрах нөхцлийг бүрдүүлжээ.
Хөдөлмөр, бизнесийн нарийн хуваарьтай, аливаа бүтээгдхүүн, үйлчилгээ үйлдвэрээс хэрэглэгчдэд хүрэх бүх шатандаа өөрийн дэг жаягтай бизнесийн өрсөлдөөн хураарилалтанд явагдах ба нарийн мэргэшсэн ажилтан, баг үнэтэй капиталийн нэг аж. “Форд”-ийг үндэслэгчийн ач хүү тэр аварга бизнесээ удирдаад олигтой үр дүнд хүрэлгүй, “Бойнг” компаний уналтыг зогсоож, өөдлөх менежментийг хийсэн Гүйцэтгэх захирлыг урьж ажиллуулах аж. Өөрөөр хэлбэл эзэн бүр сайн менежер биш, төр бол бүр биш бололтой. Өндөр барилгын нурууг гагнах гагнуурчинг мөн л урьж байх. Төр засаг ч төсөл, хөтөлбөрөө тухайн чиглэлд мэргэшсэн, олон нийтэд нэрд гарсан багийн дунд өрсөлдүүлэн үнэлүүлж, гүйцэтгүүлж, зөвлөгөө авч байх юм.
Хүнтэй харилцаж, нийгэмд амьдрах арга барил сургаж ерөнхий суурь боловсрол эзэмшүүлдэг, хүн бүрт дээд боловсрол олох эрх нээлттэй ч цаг зав, мөнгө, авъяас сонирхолоо нарийн тооцож, хариуцлагатай ханддаг бололтой. Бид адилхан хүн, миний эрх, эрх чөлөө таныхтай, та бид хуулийн өмнө адил эрх, үүрэгтэй хэмээн биесээ хүндэтгэн, хуулиа хэрэгжүүлэх аж. Нэртэй алдартай нь ч эгэл энгийн хүн ч алдаа эндэл гаргана. Нэр алдартай нэгэн тусмаа хуулийн өмнө эгэл ардтайгаа ижил гэдгийг алхам тутамд мэдрүүлж, хууль алагчилахгүй хэрхэн хэрэгжиж байгааг нийтэд харуулна. Хүний өмнөөс бус өөрийнхөө өмнөөс амьдарч байгаагаа багаасаа мэдэрч, бие дааж сэтгэж шийдвэр гаргаж, аль эрт хариуцлагатай бие хүн болж, өөрийгээ хүндэтгэж, өөрийнхөө үнэ цэнийг ойлгосон байх аж. Олигтой ажиллаж орлого олбол орон байр, унаа машинаа олон жилийн зээлээр авчихаад цөөн хэдээр нь төлсөөр дуусгачихна.
Улс төрчдийг өнгө мөнгөөр нь, сайхан амлалтаар нь биш өөрсдийнхөө, улс орныхоо өмнө тулгамдсан асуудлаар ирээдүйд юу хийж хэрэгжүүлэх нь вэ гэдэг бодлогыг үнэлж, сурталчилгаа хийхэд нь ил тод мөнгөө хандивлан сонгодог, улс төрчид нь сонгогчдынхоо, нийгмийнхээ өмнө жинхэнэ утгаараа хариуцлага хүлээж сурчээ Жижиг зөрчлийнхөө төлөөнөө ч “уучлаарай” гээд хэлчих зориг зүрхтэй, ёс зүйтэй байна. Хариуцлагатай улс төрч 30 жил ч сенаторын ширээндээ сууж л байх.
Жирийн амьдралын жишээнээс тоймловол иймэрхүү.
Гадаадад бүх зүйл янзтай сайхан байхад манайх л болохгүй юм гэж шогширвол өрөөсгөл буй заа. Монголд болж бүтэж, өсөж хөгжиж байгаа юм маш их бий. Гэвч даяарчлагдаж байгаа бөмбөрцөг дээр олон үйл ажиллагаа, арга барил, үр дүн сайн, муугийн жишиг болоод тогтчихсон, хүмүүний үнэлэмжид байраа эзэлчихсэн.
Авилгад самруулсан газар хөгждөггүй, гэмт хэрэг, өвчин зовлон, ядуу зүдүүгийн үүр уурхай болдогийг Төв Америк, Африкийн зарим орон, ардчилал хэрхэн завхарч ард түмний эцэг төрдөгийг дундад Азид “хүнд гарууд” харуулж, ашигт малтмалыг олж ашиглах, үр шимийг нь хүртэх явцдаа халуурвал ямар өвчинд нэрвэгддэгийг Голланд, “Бар” шиг хүчирхэг эдийн засагтай болоход ердөө гучин жил зарцуулсныг Азийн хөршүүдийн саяханы түүх харуулж, болох болохгүйн жишиг тогтоосон. Дээдсүүд нь хоорондоо толхилцон, урваж шарваж тусгаар тогтнолоо алдаж байсан гашуун үнэнийг, үзэл сурталдаа нийцээгүй, өөртөө таалагдаагүй хэсгийгээ буруутгаж, хэтрүүлж хэлмэгдүүлэн бөөнөөр нь буудаж байсныг бидний түүх жишээлнэ.
Хууль, шүүхийн өмнө тэгш байх зарчмаас, ёс суртахууны үнэлэмжээс, зүтгэн амьдарч байгаа иргэдийнхээ хүсэл сонирхолоос, баялагийн зохистой хувиарлалтаас, сайн, муу нь нэгэнт тогтоогдсон амьдралын жишгээс “удирдах анги” нь тасарч, гажиж, хоцорч эхлэхээр ямар гээчийн гай тарих болоо.
Хүн бүхэн сайхан амьдрахыг хүсч, шунадаг. Ахуй байдлаа өнгөтэй өөдтөй, бизнесээ ашигтай эрхлэн хөтлөх, оногдсон ажлаа үр бүтээлтэй хийж ашиг орлогыг нь хүртэн улмаар нийтийн жишигт нийцэх төсөөлөл, хүсэл эрмэлзлэл, хандлага, үйл ажиллагааны үр дүн нь сэтгэл хангалуун, сайхан амьдрал билээ.
Хүнлэг, иргэний, ардчилсан нийгмээ бий болгож, иргэн бид сайхан амьдарч чадаж байгаа эсэхээ эргэн харж, эрэг боолтыг нь чангалах ёстой.
Баян, ядуу гэсэн хоёрхон туйлын тухай биш нөхцөл боломжоор нь дэмжээд өгвөл өөдлөхөд бэлэн болчихсон бас нэг туйлын тухай, амьдралаа хэнээс ч хамааралгүй болгоод, татвараа төлөөд явчихдаг “middle class”-ийн тухай, нийгмийн тийм давхрагыг зузаатган бэхжүүлэх тухай, ядуу зүдүү Монгол гэсэн арчаагүй “доошоо орсон” нэршил, имиджээ орхиж хүмүүний амьдралын дундаж түвшинд ойрын үед хүрэх, олдог орлого, оногддог бүтээгдхүүн, улс орны хөгжил ч нь мөн л дундаж түвшинд даруй хүрэх тухай зорьж, сурталдаж, нийтээрээ хийж хэрэгжүүлж эхэлбэл яасан юм бэ залуус аа.