Монгол Улсыг тунхагласан өдөрт зориулан Лос Анжелес хотноо зохиогддог Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн нээлттэй тэмцээн хоёр дахь удаагаа, 2007 оны 11 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд болов. Тэмцээнд Калифорни мужийн Оакланд хотын “Оакland”, “Оакboys”, Юта мужаас “Юта-1”, “Юта-2” багууд, Вашингтон ДС-ийн “New Orleans” баг, Лос Анжелес хотын “ХМG”, “Orange” “LA”, “LA-5”, “Spartans”, “Chatsworth”, “LAMCC”, “Золбоо” “Яс цуглуулагч” зэрэг багууд оролцон нийт эрэгтэй 14, эмэгтэй 3 багийн хооронд шилжин явах цомын төлөө ширүүн тоглолоо.
Сагс, волейбол, ширээний теннис, бөхийн спортын мастерууд, зэрэгтэй тамирчид, 14-46 насны энэ спортыг сонирхогчид тэмцээнд оролцон тоглосон нь тэмцээнийг сонирхолтой, хөгжилтэй, нээлттэй, өрсөлдөөнтэй болгов.
Эмэгтэйчүүдийн аваргын төлөө LAMCC, “Золбоо” багууд тооны харьцаа тэнцүү өрсөлдөж LAMCC баг хэдхэн секунд дутуу байхад хожлийн оноо авав.
Эрэгтэйчүүдийн хүрэл медалын төлөө тоглолт Оакланд хотын “Оакboys”, Лос Анжелесийн “Chatsworth” багуудын хооронд боллоо. Эдгээр багийн тамирчдын ихэнх нь 14-20 насны ахлах сургууль, коллежийн оюутнууд бөгөөд “АНУ дахь Монголчуудын сагсан бөмбөгийн нэгэн шинэ үеийн тоглогчид болох вий” хэмээн үзэгчид ам сайтай байв.
Тоглолтын эхний үед өрсөлдөгчид хүч тэнцүүхэн тоглож нэг оноогоор “Оакboys” хошуучилсан. Харин дараагийн үеийн турш “Оакboys” давамгайлсаар өрсөлдөгчөө буулган авч хоёр дахь удаагаа энэ тэмцээний хүрэл медалын эзэн боллоо.
Аваргын төлөөх тоглолт “XMG”, “LA” багуудын хооронд болов.
“LA” багийн ахлагч Болор, “0” хувийн дугаартай тоглосон Төрмөнх, “1” хувийн дугаартай тоглосон Баярцэнгэл нарын хурдтай тоглолт, уран чадварлаг холболт, шидэлтүүд хүчтэй өрсөлдөгчөө сандаргаж байлаа.
XMG багт Монголын сагсан бөмбөгийн лигт тоглож байсан зарим залуус тоглодог, тоглолтын ур чадвар, арга техник, туршлагатай баг билээ.
Тоглолтын цаг дуусахад хоёр багийн оноо тэнцсэн. Харин нэмэлт цагт “XMG” багийн тоглогч Энхболдын холын зайн шидэлтүүд амжилттай болж багтаа хожил авчрав. Ийнхүү “XMG” баг хоёр дахь удаагаа энэ тэмцээний аваргын шилжин явах цомын эзэн боллоо.
Тэмцээнийг зохион байгуулсан Лос Анжелес орчмын Монголчуудын холбооныхон тэмцээний дүнг танилцуулж тэргүүн байрт шалгарсан багуудад шагналыг гардуулав.
Энэ тэмцээний “Шилдэг холбон тоглогч”-оор “Оакboys” багийн “11” хувийн дугаартай тоглогч Тулга, “Шилдэгч тоглогч”-оор “XMG” багийн “3” хувийн дугаартай тоглогч О.Энхболд нар шалгарлаа.
Сонирхогчдын сумогийн дэлхийн хошой аварга У.Бямбажав тэмцээний “Өсөх ирээдүйтэй тоглогч”-оор шалгарсан “Chatsworth” багийн 14 настай тоглогч А.Цогоод өөрийн нэрэмжит шагнал, бэлэг дурсгалын зүйл гардууллаа.
Лос Анжелес хотноо бизнес эрхэлдэг A&B авто засвар, “Мон Такси”, “US MON CARGO” компани, Asuult net, Mongolduu.com сайт тэмцээнийг зохион байгуулахад ихээхэн тусалж, дэмжиж оролцсон байна.
Монгол Улс тунхагласан өдөрт зориулсан Америкийн Монголчуудын сагсан бөмбөгийн энэ нээлттэй тэмцээн сагсан бөмбөгийн спортыг сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Лос Анжелесийн цом-”ын төлөөх тэмцээн болон уламжлагдан үргэлжлэх буй заа.