2007-12-14
Энэ сургуулийнхаа анхны Монгол төгсөгч болсондоо сэтгэл өндөр байдаг

Америкт сургууль төгсөөд өөрийн бизнесээ эхэлж, амжилттай ажиллаж байгаа олон залуусын нэг “Mongoltown” компаний захирал  Батмөнхийн ХАС-ЭРДЭНЭ-тэй уулзаж ярилцав.

USC-ийн Америк хөл бөмбөгийн баг коллежийн аврагын тэмцээнд маш сайн тоглодог.    Та суралцаж  төгссөн  сургуулийнхаа  онцлог, давуу   талуудыг  юу гэж боддог вэ?

USC (University of  Southern  California)  нь зуун гучаад жилийн түүхтэй,  АНУ-ын нэр хүнд бүхий  судалгааны  чиглэлийн   хувийн  их  сургууль ба дотроо  17 сургуультай. Одоогийн байдлаар  ная орчим мэргэжлээр нийт  гуч  гаруй мянган  оюутан, судлаачид суралцдаг.   
Байгаль  орчин, энергийн хангамж,  дэлхий нийтийг хамарсан байгалийн гамшиг, терроризмын асуудал, хүүхэд, насанд хүрэгчдийн боловсрол, эрүүл мэнд, эм, математик, хэл соёл, шашин,  хууль  эрхийн, глобал эдийн засгийн  гэх мэт  өргөн хүрээнд судалгаа явуулдаг.   Бизнесийн, Инженерийн,  Далай судлалын,  Урлагын,  Улс төр, харилцаа, хөгжлийн, Эмнэлгийн  гэх мэт сургуулиудад хийж байгаа судалгаа шинжилгээний хүрээ, зарцуулж буй  хөрөнгө хүчээрээ бусдаас сайн гэдэг. Ер нь эрдэм шинжилгээ судалгааны ажилдаа жил тутам нийт 400 гаруй сая доллар зарцуулдаг юм гэнэ лээ.
Гадны  сайн судлаач, эрдэмтдийг хөрөнгө  хүч,  нөхцлөөр хангаж  ажиллуулдаг.  Манай багш  нараас  л  гэхэд ОХУ,  ӨАБНУ зэрэг орны  нэртэй эрдэмтэд  байв.
Америк хөл бөмбөгийн сайн багтай төдийгүй 2004 оны олимпийн тоглолтод оролцсон АНУ-ын багт манай сургуулийн гуч гаруй оюутан тамирчид оролцож  олимпийн   17  медаль авсан  байдаг.
“Marshall School of Business”  сургуулийн харъяа  “Leventhal School of Accounting”-д нь суралцаж   төгссөн.  Манай сургууль Public Accounting Report-д Нягтлан бодох бүртгэлийн  сургалтаараа  сүүлийн хориод жил Америкийн  топ таван сургуулийн нэгэнд, “Marshall School of Business”  нь MBA-ийн сургалтаараа U.S. News & World Report and Business Week  жагсаалтад  сүүлийн  наяад жил топ хорин сургуулийн нэг  хэмээж ирсэн юм  билээ.  

Үнэтэй сургуулийн нэг дуулддаг.  Яагаад  сонгов, төлбөр  мөнгийг яаж зохицуулав аа?

“Номхон далайн гүүр”, “Монсоник” зэрэг компаниар зуучлуулан 1997 онд Лос Анжелест  монголчууд ирж байлаа.  Би тэдний нэг.
Аав, ээжийнхээ өгч чадах бүх мөнгийг шавхаж “Santa Monika” коллежийн эхний  төлбөр,  онгоцны  зардлаа төлүүлж,  түрүүвчиндээ 400 доллартой  л  бууж байсан.  Бас Америкийн  тухай ямар ч ойлголтгүй,  хэл мэдэхгүй.  Хамт ирсэн залуус маань буцаад, өөр тийшээ яваад л байсан. . Аав, ээжийнхээ хамаг мөнгийг хамаад ирсэн надад буцах,  өөр тийшээ явах зам байгаагүй.
Ирсэнээсээ хойш  3 сар гаруйн  дараа арайхийж ажил олж  аяга таваг угаах гэх мэт  олдсон ажлыг, сүүлдээ хоёр ажил хийгээд коллежийн төлбөр бусад зардлаа төлөөд  нэг хэсэг явсан.
Энэ явцдаа  ерөөсөө  Америкийн сайн  сургуулиудын нэгэнд орж  суралцах нь зөв юм байна гэж  зорьж, шийдсэн юм.  “Santa Monika”  коллежийг 3,9-ээс дээш   (GPA) дундаж оноотой төгсвөл  UC-Berkeley,  USC  зэрэг  сайн сургуулиуд руу өргөдөл гаргаж шилжин суралцах бололцоотой байдаг.   Энэ л жишгийн дагуу USC-руу орж суралцсан.  
Харин жил бүр  гуч гаруй мянган долларын төлбөрийг нь төлөх гэж   нилээн  юм болсон.  Зүгээр  хар ажил хийгээд төлбөрийг нь  дийлэхгүй юм билээ. Ямар нэгэн бизнес хийе гээд  Говийн ноолууран бүтээгдхүүн зарах  гэж нилээд үзсэн. Сүүлийн улирлуудад төлбөрөө төлөх чадал “хомсдоод”  Монголоос  сургалтын төрийн сангийн зээл авах гэж  оролдсон ч бүтээгүй.  Хүнээс зээлж, банкны кредит  картаасаа   төлж  байж  дуусгасан даа.
Энэ сургуулийнхаа  анхны Монгол төгсөгч  болсондоо сэтгэл өндөр байдаг.

Танай сургуулийн  сургалтын онцлог, оюутнууддаа тавьдаг  шаардлага  ямар бол?

Нягтлан болох хүнд физик-инженерийн, зураг-урлагийн, түүх-олон улсын харилцааны  гэх мэт  хаа хамаагүй  хичээл заавал ав гэж мөнгө үрээд гэж  боддог байлаа.    Төгсч  гараад хүнтэй харилцаад эхлэхээр инженерийн, олон улсын харилцаа, түүхийн  талаар  суралцаж  хичээллэсэн маань  үнэхээр хэрэг болдог юм билээ.  Мэргэжилтэн  бэлтгэх  нь   чухал ч  мэргэжлийн ангийн хажуугаар  заавал авах ёстой урлаг, соёл, хүмүүнлэг, шинжлэх ухааны  хичээлүүд нь хүнийг өргөн  мэдлэг, мэдээлэлтэй болоход  тусалдаг гэж ойлгодог.

АНУ-ын болон  үндэстэн дамнасан компаниудын  нягтлан бодох бүртгэлийн  амжилттай  байгаа  эсхүл  дампуурсан   учир шалтгааны  талаар бие дааж, мөн багаараа судалж,  илтгэл тавьж, үзэл бодлоо хамгаалж, маргаж мэтгэлцдэг байв.  Нэг “case”-ийг  бусдаас  дутахгүй  судлахын   тулд  өөрийгээ дээд зэргээр дайчлан ажиллах  шаардлага гардаг.   Цаг  хугацаатай,  хамт суралцдаг нөхөдтэйгээ  өрсөлдөх гэж  юу вэ гэдгийг  жинхэнэ  мэдэрдэг юм. Сургуулиа  төгссөний дараа   “цаг хугацаа ямар удаан явах  юм вэ” гэж  хүртэл бодож байлаа.   

Сонирхуулж хэлэхэд  манай сургуулийн  оюутнуудын холбоо, харилцаа маш сайн.   USC-ийг  төгссөн хэн бүхэн  бие биедээ  тусалж, дэмжиж  байх бичигдээгүй  хуультай.  “USC-Alumni Association” хэмээх оюутны байгууллага энэ бүхнийг зохицуулдаг. Сургууль бүр өөрийн оюутны байгууллагатай. “Marshall” бизнес-нягтлан бодохын сургуулийн оюутны байгууллага л гэхэд дэлхий даяар тархсан тавь гаруй мянган хүмүүсийг харъяалдаг мэдээтэй байдаг.  Оюутны энэ байгууллагаараа дамжуулан  төгсөгчид нь  үхэн үхтлээ л сургуультайгаа холбоотой байдаг.  
    
Монголд ямар сургууль төгссөн бэ?

Долоодугаар анги төгстөл  Улаанбаатар хотын 10 жилийн  нэгдүгээр сургуульд,  10 дугаар ангиа төгстөл  10 жилийн 77 дугаар сургуульд тус тус суралцаж төгссөн.  Арван жилийн сургуулиа  төгсөөд Орост  суралцахаар явсан  ч   удаагүй буцаж ирсэн.  Тэгээд л наашаа  гарсан.

Нягтлан бодогчийн мэргэжлийн ажлаа хийлгүй  холбоо харилцаа,  техник технологи гээд явах юм гэж   хэлмээр  санагддаг.  Яагаад  энэ чиглэлийн бизнес рүү орчихдог билээ?
 
Хүүхэд байхын компьютерийн хоббитой болсон юм. Манай аав ШУА-ын Информатикийн хүрээлэнд ажилладаг байсан  нь нөлөөлсөн байх.  Аавынхаа ажил дээр  ПС тоглож,  сүүлд гэртээ компъютертэй болж  ангийхнаа   цуглуулж  тоглодог   байлаа.
MУИС-ын  электроникийн тэнхимийн эрхлэгч Бат-Отгон багшийг оюутан  байх үеэс нь дагалдан,  электроникийн чиглэлээр шавь орж, хичээл ном заалгадаг  байв. Энэ бүхэн маань бизнесийн санаа оноонд  түлхээс болсон биз.    

Сургуулиа төгсөх үедээ  аудитын  томоохон байгууллагад  ажиллах боломж байсан.  Гэхдээ   сургалтын төлбөрөө  яаж хийх билээ  гэсэн оюутан байх үедээ  интернетэд суурилсан бизнес хийх  санаатай байв. 2004 онд гуравдугаар курст  байхдаа компаниа  байгуулж үйл ажиллагааг нь эхэлж, сургуулиа  төгсөөд  мэргэжлээрээ биш энэ “хобби”-гоороо ажиллах  болсон доо

Одоогоор АНУ-ын Лос Анжелес хотноо төвлөн  “Mongoltown”  кабелийн телевиз, internet утасны үйлчилгээ,  Олон улсын ярианы картын автомат үйлчилгээ, хажуугаар нь тээвэр зуулчлалын үйлчилгээ үзүүлж байна.
Мөн “www.mongoltown.com” сайтаараа мэдээлэл  түгээдэг. Бидний  бизнес  анхны үе шатандаа л явж байна.

Та  “Mongoltown”  телевизийнхээ талаар  жаахан тодруулаач?  Хөрөнгө мөнгө, ашиг орлого  ямар шуу байна?

Орчин үеийн телевизийн технологи, интернэтийн хөгжил асар  хурдтай явагдаж  мэдээллийн техникт олон зүйлийг  өөрчилж байна.  Манай телевиз ч   Public internet-ийг ашиглан хөгжиж  байгаа  шинэ технологийн  үр дүн.   Бид энэ технологийг  анхлан ашиглагчдын нэг болж эх орныхоо телевизийн нэвтрүүлгийг дэлхий дахинаа  түгээх боломжтой болсон.

АТ&Т, Sprint гээд гар утасны провайдар, орон нутгийн кабелийн телевизийн  компаниуд  ч  энэ технологийг одооноос ашиглаад эхэллээ.
   
Манай кабелийн  box-ийг TV болон интернетэйгээ холбож  зарим тохируулгыг
хийгээд  дэлхийн аль ч өнцөгт  Монголын телевизийн   сувгуудыг чөлөөтэй  үзэх
боломжтой.   Түүнчлэн  хоорондоо видео ярилцлага хийх,  цахим шуудангаа шалгах,
интернетийн мэдээ унших, чатлах  гэх мэт олон үйлдлийг  хийж болно. Ийм боломж
орон нутгийн кабелийн телевизэд байхгүй. Мөн  тив алгасан хоорондоо утсаар чөлөөтэй ярих боломжтой.  Өөрөөр хэлбэл таны  ээж, аав, ах дүү чинь   Монголд бидний  адил АНУ-ын  дугаартай утас бариад  та дуртай үедээ тэдэн рүүгээ,  тань руу тэд  залгаж ярих болсон.    
Ойрын үед   Монголын FM  радионуудыг сонсгох боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
 
Манай кабелийн телевизийг Солонгос,  АНУ-ын хотуудад   өргөнөөр үзэж байна.  Европийн  зарим орон, Японд   байгаа монголчууддаа тавьж хамтран ажиллах саналууд  ирж байгаа.

Мөн энэ телевизийг ашиглаад Монголчууд оршин суугаа тухайн хот, муж, улсынхаа хэмжээнд өөрийн   нэвтрүүлэг явуулах боломж бас бий.

Нэг техник авчих гэхээр хуримтлал үүсч өгөхгүй,  жижиг бизнесийн   зовлон их шүү дээ.  Хөрөнгө мөнгөний  энэ гачаалыг шийдэхийн  тулд хөрөнгө  оруулагч түншүүдтэй  хамтран ажиллаж  байгаа.

“Ирээдүйн  бизнес” юу болох талаар   санал бодлоо хуваалцахгүй юу?

   Public internet-д тулгуурласан бизнесийн талаар  ярих хэрэгтэй  байх. Хэрэглэгчийн тоо,  үйлчилгээний  хүрээ байнга өсч,  техник технологийн  өөрчлөлт  хурдтай байгаа. Сүүлийн үеийн тоо баримтаас харахад зөвхөн Монголд  мэдээллийн технологийн салбар 2003 онд нийт 79,0 сая долларын  орлоготой байсан бол 2006 онд 149.0 сая доллар болж  хоёр дахин өссөн  байдаг.    
   
  Мэдээлэл технологийн  салбар хурдтай хөгжөөд ирэхээр  иргэдийн  хүлээн авах мэдээлэл, мэдлэг түүнийгээ даган нэмэгдэж улмаар улс орны  хөгжил  хурдсах болно  гэж боддог.   21 дүгээр зууныг  мэдээллийн эрин гэдэг. Тийм болохоор  мэдээллийн дэд бүтцийн өрсөлдөөнийг хангах, дэвшилт технологи, техникийн ашигтай хувилбаруудыг  авч хэрэглэх  шаардлагатай байх.   Манай эрх баригчид  шударга өрсөлдөөнийг  дэмжихгүй, дэндүү их хяналт  тавиад байх шиг   санагддаг

Зав зай  муутай  байгаа   тухайгаа ярьж байсан.  Өөр ямар ажлууд амжуулж байна вэ?
 
Телевизийн   тоног  төхөөрөмжөө  сайжруулах, ярианы картын автомат үйлчилгээгээ ашиглалтад  оруулах гээд ажил их байлаа.
    
Манай  телевизтэй  адил   технологийг ашиглаж эхэлж байгаа гадны  нэг  байгууллагад  зөвлөхөөр ажиллаж байна.

Монголын консулын туслах гэдэг бас нэг ажилтай болсон.  Цаг их зарцуулдаг, цалин хөлсгүй ч монголчууддаа тусалж байгаадаа  баяртай байна.
Манайхан бүрэг, аймхайгаасаа болоод ч юм уу ямар нэгэн зөрчил илэрч  цагдаа, цагаачлалын асуудал үүссэн үедээ эрх ашгаа хамгаалуулах арга хэмжээ авдаггүй нь харамсалтай. Яг ийм байдлаас болоод жил гаран  ямар нэгэн тусламж аваагүй  нэгнийг цагаачлалын шоронгоос  гаргаж аваад үнэхээр  өрөвдөж  байлаа.  Дөч ч хүрээгүй  цав цагаан үстэй  болчихсон байж билээ.
Цагдаа, цагаачлалын албаны асуудал гарч хүнд байдалд орвол  213-422-2116  утсаар надтай харилцаж болно гэж хэлмээр байна.
 
Нутаг буцах талаар  юу бодож  байна?
 
Хориод настай гадаадад гарч   Монголынхоо амьдралаас  нилээд тасарлаа.   Хүлээж  байгаа орчин, бодож төлөвлөж байгаа хоёр маань  хэр  нийцэхийг мэдэхгүй байна. Нөгөө талаас хүүхэд том болоод  сургууль  соёлд орлоо гээд манай хүн дуртай  биш л  байгаа.     
 Ямартай  ч Монголдоо  зарим нэг бизнесийн эхлэл  тавьж  байгаа.
 
Сайхан сонсогдож байна.   Манайхан сүүлийн үед АНУ-д олноороо ирж ажиллаж, суралцах болжээ.  Энэ залуустаа  юу хэлэхсэн бол?

Арван жилийн өмнө биднийг ирэхэд   энд Монголчууд цөөхөн,  зарим газар  огт байхгүй, ажил, байр яаж олохоос аваад бүх юманд  өөрөө суралцах гэж  цаг их алддаг байв. Одоо тэр байдал  бараг үгүй болжээ.     Бага зэрэг мөнгө олоод тэр нь амьдралд  нь хангалттай болоод ирэхээр анх  тавьсан зорилгоо мартчих  явдал  байдаг.  Хүссэн  зорилгодоо  цаг алдалгүй хүрэхийг чармайх хэрэгтэй байх.
Сурах гэж   ирсэн бол залхуурч алгуурлалгүй бүхий л цаг, бололцоогоо  сурч мэдэхдээ зориулаач   гэж   өөрийнхөө дүү нарт  хэлдэг.       

Бичсэн: bishuu | цаг: 12:54 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 433 удаа уншигдсан.







:-)
 
xaax