2007-12-11
Монголчууд АНУ-д Ня-Бо - гоор ажиллах боломжтой
Бид олноороо  Америкт  ирж  ажиллаж, амьдарч эхэлсэн  түүх  тийм урт  биш ч  Монголчууд маань  ажил мэргэжлийнхээ хувьд өсч, банк санхүү, хөрөнгө оруулалтын сан,  үл хөдлөх хөрөнгө, даатгалын, бүртгэл тооцооны, Hi tech  компаний, хуулийн, гаалийн, эрүүл мэндийн, эрдэм шинжилгээний ажилтан,  мэргэжилтэн, менежерүүд гээд  төрөл бүрийн салбарт  өөрсдийн байр суурийг баттай эзэлж  эхэлжээ. Тэдний нэг  (Certified  Public  Accountant-CPA)  буюу мэргэшсэн нягтлан бодогч  Батсүхийн ЖАВХЛАН-тай  уулзаж ярилцав.

  Таны мэргэшлийн гэрчилгээ муж улсын Сангийн яам, Худалдааны яам, Нягтлан бодогчдын холбооны  удирдлагын гарын үсэг, тамгатай сүртэй эд байна.  Ер нь СРА хэмээх мэргэжилтний  талаар  тодруулж тайлбарлана уу?

  Бидний сайн мэдэхээр  мэргэшсэн нягтлан бодогчийг энд Certified  Public  Accountant  гэдэг.  Америкийн  нягтлан бодогчдын мэргэжлийн байгууллагаас  шаарддаг  боловсролын түвшинг хангасан, эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, бизнесийн  ажлын мэдлэг туршлагатай,  нягтлан бодох мэргэжлийн  тодорхой түвшинд бэлтгэгдсэн боловсон хүчин  гэж ч хэлж болох юм.  Нягтлан бодогчдын институтээс   авдаг  мэргэшлийн шалгалтад  тэнцэж мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй болдог.    Энэ эрхтэй болсноор аудит, татвар, санхүүгийн шинжилгээ, олон улсын бүртгэлийн чиглэлээр  зөвлөгөө, туслалцааг бие даан  үзүүлдэг.
   Мэргэшсэн нягтлан бодогчийн хэрэгцээ их,   компаний жирийн нягтлан бодогчоос аваад   аудитор, контроллер, интернал аудитор, санхүүгийн болон татварын менежер, санхүү эрхэлсэн захирал, гүйцэтгэх захирал гээд  нийтийн болон  хувийн  байгууллагуудын бүх л түвшинд ажилладаг  юм.
 
    Мэргэшлийн шалгалтын  талаар,   хэрхэн бэлтгэж  энэ шалгалтыг өгсөн талаараа  хуучлаач?
    Юуны өмнө    Америкийн бакалаврын  стандартыг хангасан  тус бүр(24 unit)  нягтлан бодох бүртгэл,   бизнесийн хичээл үзсэн байх шаардлагатай байдаг юм билээ.   Миний хувьд Монголд суралцаж төгссөн дипломоо  Үнэлгээний байгууллагад өгч “evaluation”-үнэлгээ хийлгээд, зөрүүтэй  нэг, хоёр хичээлээ   UCLA(University of Califonia,Los Angeles)-аас авч  суралцаж, шалгалтад орох эрхтэй болсон.  
    Аудит, санхүү, бизнес, хууль  дүрмийн  гэсэн  дөрвөн үндсэн шалгалт  өгдөг. Шалгалтын асуулт нь компаний  санхүүгийн үйл ажиллагааг шалгах төсөл боловсруулах, аудит хийх, бичиг баримт бүрдүүлэх, аудитын тайлан бэлтгэх,  засгийн  газрын  болон засгийн газрын бус байгууллагын санхүүгийн тооцоо, тайлан балансын тухай ,  хууль тогтоомжийн заалт, хувь хүний болон  байгууллагын татварыг тооцох, макро  микро түвшиний  эдийн засаг, мөнгө санхүүгийн бодлого  гэх мэт  маш  өргөн хүрээг хамарсан байдаг.   
   Дээрхи  шалгалтуудад тэнцсэний дараа  мэргэшсэн нягтлан бодогч хүний ёс зүйн шалгалт гэж авдаг.  Мөн нэгээс дээш жил мэргэшсэн нягтлан бодогчийн удирдлага  дор дахин ажиллаж байж сая   мэргэшлийн үнэмлэхнийхээ  бараа хардаг хатуу шалгууртай.
    Мэргэшсэн  нягтлан бодогчийн эрхийг  хоёр жилийн хугацаатай олгодог  ба   хоёр жил тутамдаа тодорхой хичээлүүд үзэж  кредит цуглуулсан  байх шаардлага тавьдаг.

  Би  2005 онд багтаан  дээрхи шалгалтуудыг өгье гэж зүтгэсэн.  Өдөр бүр цаг гаргаж маш эрчимтэй бэлтгэсэн маань талаар болоогүй, бүх шалгалтууддаа анхны оролтоороо  тэнцсэн.
   Калифорний  Мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтын тестийг  хүнд гэдэг. Жилийн дотор бүх шалгалтуудаа  өгчихсөн  чинь  хамт ажилладаг хүмүүстээ нэр хүндтэй  нэгэн болсон шүү.  Хоёроос  таван цагийн шалгалт өгчихөөд   гараад ирэхэд   хөл гуйваад, толгой хагарчих гээд   маш их ядарсанаа мэдэрдэг байлаа.   

     Хаана, ямар сургууль  дүүргэв?
  Улаанбаатар хотын  арван жилийн нэгдүгээр  сургуулийн математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг   1993 онд, Монгол Улсын Их сургуулийн   Эдийн засгийн сургуулийг  банкний мэргэжлээр  1997 онд  тус тус төгссөн. UCLA-аас  мэргэжил дээшлүүлэх зарим хичээл авч байснаа дээр хэлсэн. Одоо  California State University-д (Los Angeles)  мастер хамгаалахаар суралцаж байна.
   Миний өдий зэрэгтэй яваа  нэгдүгээр сургуулийн тооны багш Пүрэвдорж, Их сургуулийн  банк санхүү, нягтлан бодохын багш  Цэрэнтогоо,  Оюун гээд олон багш нарын маань ач  гэж боддог.  Ялангуяа  арван жилийн сургуульд байхад  хүүхдүүд амралтаараа тоглож  байхад манай ангийнхан  ангидаа даалгавраа  л хийж  байдаг байлаа. Ингэж бидэнд сурах арга барил, тэвчээр олгосон гэж боддог. Бас хамт суралцаж  байсан найзуудаа дурсмаар байна.     Арван жилийн ангийнханы  нилээд нь компъютерийн  техникийн болон программ хангамжийн инженерүүд болж  эх орондоо болон гадаадад амжилттай ажиллаж  байна.  Мөн  Их сургуулийн банкний ангийнхан маань  Монголд  байр сууриа эзэлсэн байна лээ.  
 
     АНУ-д ирээд удаж байна уу?  Ямар ажил хийж байв аа?
   Их сургуулийн  гуравдугаар курсээсээ л    Голомт банкинд  хадгаламж, зээл хариуцсан нягтлан улмаар эдийн засагчаар ажиллаж  байлаа.  Эвсэг, залуу уур амьсгалтай,  сайхан хамт олон  байсан.  
   
   Гадаадад гарч газар үзэж, нүд тайлах   минь гээд  л энд ирсэн дээ.
   Анх ирээд  учраа олох гэж зүдэрч л явлаа. Хичээлийнхээ  завсраар  айлын хүүхэд хардаг байв.  Миний харж байсан есөн настай эрх охин нэг өдөр  “Чи   миний  зөвхөн  Babysitter.  Миний хэлсэн бүхнийг хийх ёстой”  гэж ирээд ихэд загнасан.  Жаахан  хүүхдэд загнуулсандаа гомдож, бас шаралхаж  нэг их уйлав.
  Тэр  охинд муугаа дуудуулсан минь  надад харин ч сайнаар нөлөөлсөн  шүү.  Яагаад  өөрийнхөө мэргэжлээр  ажиллаж болохгүй гэж  зориглон  ажил хайхад хүргэсэн.   
    Лос Анжелесийн төвийн өндөр барилгуудын дундуур “яаж  энэ банкнуудад ажиллах вэ” гэж бодоод, ажил хайгаад л алхдаг байлаа.  Аз болж   нягтлан бодогчдод ажил олж өгч зуучилдаг  агент байдгийг сониноос олж мэдсэн. Агентын хүмүүст учир  байдлаа хэлж ажил олж өгөхийг хүслээ.  Тэр газрынхан намайг  баахан голсон ч  шалгалтад орохыг зөвшөөрсөн юм.   Дөрвөн цаг гаран үргэлжилсэн  мэргэжлийн болон компъютерийн шалгалт өгсөн  санагдаж байна.
   Хэд хоногийн дараа  агентаас утасдаж  “US Trust”  банкны салбарт ажилд орохыг санал болгоход  баярласандаа “галзуурах” шахаж билээ.  Тэнд жирэмсний амралтаа авсан хүний оронд жил  шахам ажилласан ч Америкийн байгууллагад ажиллах  талаар их зүйлийг сурсан.  Амралтаа авсан хүн нь ажилдаа орж би ажилгүй нэгэн болов.  
   Харин  тэр  банкны салбар   надад гайгүй үнэлэлт өгсөн  байх. Ажлаас гарсанаас хойш хэд хоногийн  дараа агентаас    Америкийн Улаан загалмайн нийгэмлэгийн  Лос Анжелесийн  салбарт ажил санал болгосон.   Бас л түр ажиллахаар  орсон.
   Улаан загалмайн  салбар  надад    их зүйл өгсөн.  Жинхэнэ ажилтнаараа авч,   ажиллах эрхтэй болоход минь тусалсан. Америкийн  нягтлан бодох бүртгэл тооцооны ажлын талаар асар их зүйлийг сургасны дээр  мэргэшсэн нягтлан бодогчийн   шалгалт өгөхийг  зөвлөсний дагуу   түүнд  бэлтгэж  эхэлсэн юм.   Гэвч   тэр байгууллага маань нүүж  ажилдаа ирж очиход  хүндрэлтэй болсон,  мэргэшсэн нягтлан бодогчийн эрхээ авсан маань ч нөлөөлж  аудитын компанид ажилламаар санагдаад   Улаан загалмайн нийгэмлэгийн ажлаасаа гарсан даа.
    Америкийн томоохон кино зохиолчид, найруулагчдын санхүүгийн үйл ажиллагаанд  аудит хийдэг   “NKS audit”  гэдэг компанид хэсэг ажилласан.   Ажил олж өгдөг агент маань  одоогийн энэ байгууллагад санхүү эрхэлсэн менежерийн ажил  санал болгож, ирж ажиллаад  хоёр жил шахам болж байна.  

   Шантарч  няцмаар  үе зөндөө   байсан ч  зорилгоо биелүүлэх гэж бага багаар зүтгэсээр Америкт  бараг есөн жил болчихлоо.  “Эзэн хичээвэл заяа түшдэг” гэж   ээж минь дандаа л хэлдэгсэн.  Ямартай ч мэргэжлийн ажлаа хийгээд  явах сайхан байнаа.

    Америкт ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа  “мэргэшсэн нягтлан бодогч”-ийн зүгээс  юу хэлэх вэ?
  Юуны өмнө  нягтлан бодохын чиглэлээр  суралцах хүсэлтэй,  суралцаж байгаа   хүмүүст энэхүү ярилцлага  бага ч гэсэн тус  болоосой гэж хүсч байна.  Монголчууд  эндэхийн компаниудад  нягтлангаар ажиллаж, санаа зовохгүйгээр  баримт бичигтэй болж, улмаар мэргэшсэн нягтлан бодогчийн эрх авч  чадна гэдэгт итгэлтэй  байдаг.
   Бидний амьдран суугаа  Америкт “төрөх, үхэх, татвар төлөх үнэн”  гэсэн зарчим   жинхэнэ утгаараа мөрдөгддөг.  Та бүхэнд хувийн болон бизнесийн  санхүүгийн зөвлөгөө,  нягтлан бодох бүртгэл, татвар бодуулах зөвлөгөө  туслалцаа, түүнчлэн  СРА-ийн  шалгалтад бэлтгэх гэх мэт  мэдээлэл  хэрэгтэй бол   javkhlancpa@yahoo.com This email address is being protected from spam bots, you need Javascript enabled to view it ,  310-425-9052  утас руу холбогдоорой.   Мэдэх чадах бүхнээрээ    туслах болно.
   
Нутаг буцах тухай юу  бодож байна?
   Ээжийн маань бие муудаад он гарсаар хоёр ч удаа  Монгол руу явлаа.  Амьдрал буцалж, хүмүүс өөрсдийн бизнесийг босгох гээд  өдөр шөнөгүй зүтгээд нэг талаар сайхан байна.  Нөгөөтэйгүүр  бухимдмаар  зүйл маш их байна лээ. Энэ талаар   нуршаад яах вэ.
   Ээжийгээ сахиад  нилээд удахдаа  ойр дотны хүмүүсийнхээ дэргэд, Монголдоо  ажиллаж амьдрах нь зөв юм  байна гэж  бодсон.  Гэхдээ  мастерийн сургалтаа дүүргэх,  Аудитын   “big  four”  гэгдэх  дөрвөн том компаний  аль нэгэнд  ажиллах гээд  ойрын зорилгууд бий.

Танд амжилт хүсье
Бичсэн: bishuu | цаг: 01:01 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1006 удаа уншигдсан.







:-)
 
xaax