2007-12-10
Ховч харын аюул
Өнөөдөр хэн бүхэн өмнөх  дэлгэцээсээ  дэлхийн  өнцөг булан бүрт болж байгаа үйл явдлын мэдээллийг   хэд хэдэн хувилбараар аваад үзчих  бололцоотой  болсон.  Эх орондоо  болж байгааг ч  мөн адил авч үнэн зөв гэдэгт итгэдэг.   Энд тэндэхийн мэдээллийг дуутай дүрстэй, үгтэй яриатай, иш баримттай  нь түгээх интэрнетэд холбогдсон  компьютероо л “ховч хар”   гэж нэрлэв.

    Алс суугаа мань мэт эх орноосоо гэгээтэй гэрэлтэй  сайхан мэдээ авахаараа цээж уужирч баярладаг. Гэвч болж бүтэхгүй байгаа тухай л их  байх юм даа. Энэ үнэн л байдаг байгаадаа гэж  өөрөөсөө  ч асуумаар болох.
   Яндаж болдоггүй далай шиг яасан баян орон бэ   гэдэг билэгтэй үг байлаа.     Одоо харин  яасан ядуу орон бэ  гэдгийгээ бараг дөвийлгөөд л  байх юм. Утаанбаатар, утаан толгод гэж нийслэлтэй, Хатан  Туулын  хортой ус л гэдэг болж.  Алттай аршаантай нутагтай  гэж омгорхож явлаа.  Алтыг нь  аваад авдрыг нь хаясан, хаясан авдрыг нь  нинжа нэртэй  хэсэг нь очиж ухаад, унаад үхээд,  хортой  бодисоор  олсон жаахан алтаа цэвэршүүлээд, өөрсдөө төдийгүй   аймаг, сумаараа хордоод  сүйрлийн хэмжээнд хүрлээ гэнэ.  Аршаан ус нь ширгээд, бороо орохгүй,  шороогоор эргэсэн зун болж байгаа гэнэ.  Төрөөс төрсөн  тэрбумтан  гэдэг  шинэ  баячууд бий болсон  гэнэ.   

    Элэг зүрхнээс уяатай эх орны  маань  имидж  төрх,  хол суугаа   иргэн бидэндээ  ховч хараар  дамжин ирэхдээ  ийм л байх юм.  
 
   Эргэн тойронд байдал арай өөр байнаа.  Жаран  сая доллартай нэгэн  согтууран баригдаад шоронд сууж л байх,   дэлхийн  тэргүүлэх улс төрчийн  ганц  хүү нь хурд хэтрүүлж, бас мансууруулах бодис  машин тэрэгнээс нь илэрч баригдахад “бид түүнд үнэхээр хайртай, гэвч  биеийг төрүүлснээс ухааныг нь төрүүлээгүй “ гэх ухааны юм эцэг нь хэлэх ба засаг нь нийтийн жишгээр  шийтгэл ногдуулах  аж. Дэлхий ертөнцийн аль ч өнцөгт нэг иргэн нь алга болох,  амь эрсдэхэд  жирийн иргэнээсээ   том даргаа хүртэл санаа зовж бөөн асуудал болно.   Хар шар, хөгшин, залуу  өндөр нам хэн чадах нь ажил хөдөлмөр эрхэлж  сайхан амьдрах, цагаач  эр  муж улсын  дарга болсон,  африкийн харын хүү  улсын ерөнхийлөгч  болох   боломж  нээлттэй  байна.
    
 Өөрөөр хэлбэл ховч хар бидэнд иймэрхүү мэдээлэл түгээж байна.   
    
  Ховч хараас  хүссэн хэмжээгээрээ мэдээлэл сэрээдэн авч, шигшин шүүж, авахыгаа авч  амьдрал ахуйдаа  тусган “кайф”-рах, эсхүл  дүргүйцлээ  илэрхийлээд  ховч хараа хог руу шидчих боломжтой цаг үе.  Бүр энэ  цахим ертөнц дотор хүмүүс амьдраад эхэлчихлээ.     Мэдээллээр дамжуулж   харыг хар, цагааныг цагаан чигээр нь  гэж  ойлгож болно л доо.  Заримыг нь  жаахан чихэр, давстай ч хүртэж  болно.
 
    Төрийн сүлдэндээ  залбирдаг  ард түмэн бол монголчууд.  Залбирч мөргөөд байгаа зүйлээ   биежүүлэн бодох юм бол газар нутаг, ард түмэн, төрийн далбаа,  төрийн   сүлд,  төрийн дуулал,   төрийн тэргүүн  гэх мэт...  
    Энэ нь  туурга  тусгаар, бүрэн эрхт  улсын илэрхийлэл.  
   Гэтэл   монголд дахь бүх л болохгүй бүтэхгүй  юмны эзэнг төрийн тэргүүнээрээ  тавьчихаад  байгаа мэт. Төр юу билээ гэхээр  зурагтаар их гардаг дарга нарыг л бодно. Тэд нар нь шударга бус нөхөд, луйварчин, дээрэмчин мэт  мэдээлээд байна. Хувь хүний нэр хүнд алба ажлын  нэр төртэй нь нэгэн адил сонсогдох нь энгийн үнэн.  Үйлийн эзэд  үнэхээр тийм  шударга бус бол өөрсдөө ичдэг  булчирхайтай,  үнэн худлыг ялгадаг шүүхтэй байх  ёстой.  Энэ мэтээс аваад эрчүүдийн нилээд нь олхиогүй залхуу, архичин, олон охид нь  “шөнийн ажилтай”, гаргасан хууль нь хэрэгждэггүй, гадаадынханд  дэндүү долийдог,  ард түмэн нь  ядуу зүдүүгийн туйл, газар нутаг нь гантай, сүйрэлтэй   гэх мэт өдөр өнжихгүй тархи руу нүдээд байгаа гутранги мэдээлэл иргэдээ жигшиж  зэвүүцэн, айж зугтахад хүргээд байгаа  юм  биш үү.   

   Ийм мэдээлэл өдөр бүр сонсон өсөж торниж байгаа үр хүүхэд маань   яах  бол. Тэд “наадхаа болиод хичээлээ хийгээч ээ” гэж аавдаа, ээждээ зандруулан байж үе тэнгийнхэн нь нүүр дүүрэн баяртай байгааг, жаахан хэрсүү нь   хол ойрын амьрал ахуйн зөрөөг харж, танхидуухан нэг нь хаа тэртээ далайн чанадын дэлгүүрт байгаа тоглоомыг авна гэж  сандаргаж  нөгөө ховч хартай чинь нөхөрлөж байна.  Энэ өнөөдрийн   хэрэглээ  нь .

    Төр засгийн үйл ажиллагаа нь шат шатандаа төлөвшчихсөн,  төр миний өмнө, төрийн өмнө  би тодорхой үүрэгтэй, эрхтэй  гээд  мэдэрчихсэн иргэдтэй айлсан амьдарч, харь нутгийн усыг нь ууж ёсыг нь дагаж байгаа монголчууд  амьдран суугаа газраасаа авах нь  юу,   гээх нь юу байна гээд мэдэрч,   сэтгэж  яваа л гэж боддог.

    Хамгийн түрүүнд хэлэх зүйл ховч хар “солиорч”  төртэй, түмэнтэй, газартай нутагтай  Монголыг минь дэндүү “муулж”  байна.    Энэ бол хамгаас эрхэм эх орныг минь үнэгүйдүүлэх  аюулаа. Үнэндээ газар дээрээ мэдээлэлтэйгээ ижил “солиотой” байгаа бол сүйрэл.
Бичсэн: bishuu | цаг: 13:08 | ergetsyylel, bodol
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 312 удаа уншигдсан.







:-)
 
xaax