2009-11-06
Навчин үг...

  Бөмбөрцөг дэлхийн  энгээр ажил, амьдралын мөр хөөж яваа анд минь  “Монгол  орон надаар дутах  уу?  гэж өөрөөсөө нэг  асуугаарай.

    Харьд суугаа хүү, охиноо, ач зээгээ, аав ээжээ, ах дүүгээ санаж,  элгэн садан минь надаар дутаж байгаa. Эмч, инженер, багш,  хуульч, зураач, сувилагч надаар Монгол  орон дутаж л байгаа даа хэмээн  цээж түхийлгэн хариулж болох юм.  

   Хийдэг ажлаа  хийж, хэдэн зоос олж хүний дайтай  явахад энэ дэлхийн хаана амьдрах хийгээд надаар Монгол дутах, эс дутах  нь тийм чухал бишээ гэж ч магад.

  ...

    Түрүүхэн хавар л надаас  өөр гайхамшигтай  нь үгүй хэмээн шуугилдан ургасан навчис өвгөрөн  хагдарч, удаах хаврын  гялтганасан ногоон навч  хүч түрэн  гарч ирдэг жамтай.  Монгол хэмээх модны олон мөчир дээр ургасан хавар хаврын навч шүү дээ бид  чинь гэж төсөөлнөм. 

   Аавынхаа ариун дусал, ээжийнхээ алтан хэвэлд үр болон  бүрэлдэж, сонгож болдоггүй хувь заяагаар Монгол  хэмээх үзэсгэлэнт модоо  онож ургасан гэж зүйрлэнэм. Хүннү, Сүннүгээс хөврөлтэй Чингис өвгийн Азийн цээжинд тарьсан Монгол хэмээгч модныхоо ургах үе, мөчрөөс эрчим, шимийг нь авч элэн хулан, эцэг өвөг,  аав би,  миний хүү, охин  гээд эх модоо, мөчир навчаар уртасган ургуулсаар ирлээ.

   Харин хагдраад унасан, хаяад хийссэн нэг навчаар, нэг хэсэг навчаар  эх мод дутдаг болов уу?   Бурхан зүгт одсон ааваараа би дутах ч өөр хэн л над шиг үгүйлээ аж. Энэчлэн сөөм газар, атга шорооных нь төлөө амиа өгсөн баатарлаг нэгнийхээ  золисон амь, үгүйрсэн  биеээр тэтгэгдэн та бид унасан газар, эх орон,  санасан сэтгэлийн  домогтой  явна. Эгэл баатрын цусан гавъяаг  хаяахан дурсаж, эцэг өвгөдийн үлдээсэн өвийг хэмлэлдэн хүртдэг ч  эзэн Чингис, жанжин Сүх  бидний дунд алга л байна шүү дээ.

Аавынхаа очоогүй нутагт би хөл тавьж,  миний чадаагүй бэрхийг өөр нэгэн эрхэм хийж, чиний нээгээгүй гайхамшгийг  хэн нэгэн олоод л он жилийг үдэж,  баяр гуниг ээлжлэн амьдрал үргэлжилж байгаа эх оронд минь.

   Энэ өнцгөөс нь харахул эх орон  эгэлийг ч,  суутнийг ч ялгалгуй тэтгэн ургуулсан  үндэслэг баян,  бас хэнээр ч юугаар ч үл дутах агуу уужим ажгуу.

 “Цагийн юм цагтаа сайхан”  гэдэг. Навч хийгээд хүмүүнд ялгалгүй заяасан амьдрах  цаг хугацаа, орон бий. Өөрийн ургах ахуй, зөв орон зайдаа амьдарч  байна уу? гэдэг талаас эргэцүүлвэл олон хариу, дүр зураг  гарна буй заа.  

Бөмбөрцөг дэлхийн  энгээр ажил, амьдралын мөр хөөж яваа анд минь  “Монгол  орон надаар дутах  уу?  гэж өөрөөсөө нэг  асуугаарай.

Бичсэн: bishuu | цаг: 05:30 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 01:49, 2009-11-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 398 удаа уншигдсан.







:-)
 
xaax