Азийн орнуудын уламжлал, урлаг соёлын өвийг охид бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнтэй нь хослуулан танилцуулдаг “Miss and Mrs Asia USA 2009” тэмцээн болж өнгөрлөө.
АНУ-ын Калифорни мужийн Glendale хотын ALEX театрт хорин нэг дэх жилдээ болсон тэмцээний Miss болон Mrs. төрөлд тэргүүн байрын төлөө шалгарсан арван бүсгүйн гурав нь Монгол бүсгүй байлаа. “Miss and Mrs Asia USA 2009” хэмээх нэр хүндтэй тэмцээний Miss ангилалд Ганбаатарын Саруул, Баярсайхны Мандухай, Mrs. Ангилалд Бямбадоржийн Хандсүрэн эх орноо төлөөлөн ийнхүү амжилтай оролцов.
Энэ жилийн тэмцээнд Сири, Ливан, Израйл, Армени, Энэтхэг, Тайланд, Хятад, Өмнөд Солонгос, Япон, Монгол, Филлипини, Вьетнам, Кампожи, Тайван зэрэг орныг төлөөлөн АНУ-ын 10 мужийн 30 гаруй бүсгүй гоо сайхан, авъяас билгээрээ өрсөлдөж, үндэснийхээ өвөрмөц урлаг соёлын өвөөс танилцуулав. Тэмцээний Miss-ийн ангилалд 18-25 насныхан, Mrs.–ийн ангилалд гэр бүлтэй хүмүүс, эзэгтэй нар оролцдог юм байна. Бас бяцхан мисс гэдэг ангилалаар шалгаруулалт явуулдаг ч энэ жил өнжиж байгаа гэнэ.
Тэмцээний хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хэлэхдээ “Монголчууд энэ тэмцээнд өмнө нь хоёр ч удаа оролцож байсан. Өнгөрсөн жилийн тэмцээнд Амаржаргал гэдэг бүсгүй амжилттай оролцсон. Энэ жил танайхан өргөн бүрэлдхүүнтэй, хөгжөөн дэмжигчидтэй ирсэн байна шүү” гэв.
Фүүригээ дэлгэсэн Япон, Caаригаа дэрвүүлсэн Энэтхэг буюу ...
Үндэсний хувцасаа танилцуулах хэсэгт улс үндэснийхээ онцлогыг харуулсан ганган дэгжин хувцасаараа өрсөлдсөн юм. Япон бүсгүй улаан хүрэн өнгийн гоёмсог кимоно өмссөн агаад гараа алдлан эргэлдэхэд сул унжсан ханцуйн “фүүри” нь дэрвэж, дотрын цагаан, хуниас нуглаасны шар, хөх, цэцэг чимэг нь ил гарч өнгө хийгээд усны урсгал шиг хөдөлгөөний гайхамшигт хослолыг тайзнаа бий болгосон бол Хятад бүсгүй зангидсан гар шиг модон ултай, яаж тогтож явдаг юм гэмээр гутлаараа олны сонирхолыг татав. Энэтхэг болон дундад азийн бүсгүйчүүд “саари”-гаа дэрвүүлэн гарч ирэхэд шооч нэг нь орныхоо даавууг нөмөрчихсөн юм уу гээд л.
Тайланд, Индонизийн хүүхнүүд яг адилхан малгайгаар, Израйли бүсгүй Дэвидын одот далбаагаараа тус тус гангарав.Сири бүсгүй жигүүрээ дэлгэсэн шувууны хөдөлгөөнийг алтлаг өнгөт нөмрөг, хуруугаараа гайхам илэрхийлж, Солонгосын бүсгүй цайвар ногоон өнгөтэй Ханбөкийнхаа дотор гараа нууж намжирдлаа.
Миссийн ангилалд оролцсон Саруул дэгжин бүрх, үндэсний загвартай цайвар хөх өнгийн хослол, Мандухайн Монгол Үндэсний малгай, хөх өнгийн үндэсний загвартай хослол, Хандсүрэнгийн өмссөн Монгол хатагтайн өмсгөл үнэхээрийн өнгө загвар сайтай, олны талархалыг хүлээж байлаа. Хэрэв үзэгчдийн саналаар үндэсний хувцасыг шалгаруулсан бол манай бүсгүйчүүд л шалгарах байсан.
Үүнийг батлах мэт 2005 онд энэ тэмцээний Miss төрөлд түрүүлж байсан гэж өөрийгээ танилцуулсан Кристан Хо ”энд оролцож байгаа Монголчуудын хувцас үндэсний шинжээ хадгалж европын загварын элементүүдийг оруулснаараа ганган дэгжин болжээ гэж хэлмээр байна. Миний бодлоор танай Хандсүрэнгийн Монгол хувцас энэ шагналын эзэн болох байх аа” гэсэн шүү.
Бүжиглэдэг бүсгүйчүүд
“Miss and Mrs. Asia USA 2009 тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийн дуулж хуурдаж, бүжиглэсэн нь олныг шуугиулсан хэсэг байлаа. Вьетнам бүсгүй төгөлдөр хуур хөгжимд сонгодог аяз тоглож, үндэснийхээ нэгэн (Хайрын дуу) дуугаар ая барив.
Тэмцээний Mrs.-ийн төрөлд оролцсон Б.Хандсүрэн Монгол бүжгээ эвлэгхэн бүжиглэж олны талархал хүлээсэн бол Хятад бүсгүй шанзны аянд шүхэртэй, Филлипини бүсгүй уртаа гэгчийн өднүүд бэлхүүсэндээ бэхлээд сууж ч нэг, зогсож ч нэг бөмбөрийн аянд бүжиглэв.
Ливан бүсгүй Hard Rock дуулж, Тайланд, Япон бүсгүйчүүд “Cha cha”, “Rumba” бүжиглэж өрсөлдөв. Энэ тэмцээний төгсгөлд гардуулсан шагналыг Хятад бүсгүй хүртсэн юм.
Malibu-гийн үзэсгэлэнт бүсгүй
Малибу хэмээх Лос Анжелесийн ойролцоох Номхон далайн үзэсгэлэнт эрэг, Урлаг соёлын одод амьдардаг дүүрэг бий. Энэ нэрээр нэрлэгдсэн дотуур хувцас, усны хувцасны компаний ивээн тэтгэж явуулдаг үзүүлбэр тэмцээний бас л шуугиантай хэсэг байв.
Сири, Ливаны бүсгүйчүүд мяраалаг, Солонгос бүсгүй харин эсрэгээрээ турьхан, Тайланд намхан, Вьетнам, Филлипинийг төлөөлж оролцсон эрлийз бүсгүйчүүд бие хаа тэгш байв. Гэхдээ Монгол бүсгүй тэднээс илүүрхэж Ганбаатарын Саруул “Best in swimsuit” Miss Asia USA 2009” шагнал хүртэж Малибугийн үзэсгэлэнт бүсгүйгээр тодров.
Үдшийн дагинас
Гоёлын даашинз өмссөн бүсгүйчүүдийн өрсөлдөөнд миссийн төрөлд оролцсон бүсгүйчүүд тайзны хоёр талаас гарч өөрсдийн гоёлыг танилцуулж байсан бол Mrs.-ийн төрөлд оролцсон бүсгүйчүүд нөхөр, хүүхдээрээ хөтлүүлэн тайзны төв хэсгээс гарч ирсэн юм.
Вьетнам, Филлипини, Тайландын хүүхнүүд “шар” нөхрүүдээ сугадан, 20 настай Тайван залуу ээжийгээ, мөн 10 настай Монгол хүү Амарбат ээж Хандсүрэнгээ хөтлөн тайзнаа гарч танилцуулсан нь сэтгэл хөдлөм хэсэг байсан.
Тайваны бүсгүйн улаан хүрэн өнгийн дэгжин даашинз, Солонгос бүсгүйн мөнгөлөг өнгөтэй, Япон, Вьетнам, Филлипини бүсгүйчүүдийн цагаан, шаргал өнгөтэй урт хормойтой, Сири, Армени бүсгүйчүүдийн завсарын өнгөт гоёлын сайхан даашинзууд байсаан. Харин Монгол бүсгүй Б.Мандухайн хормойн хэсгээрээ өдөн чимэгтэй шар даашинзууд . Г.Саруулын өмссөн дизайнер Юмжирийн загвараар хийсэн улаан, Б.Хандсүрэнгийн өмссөн Торго салоны Болдын урласан Хөх өнгийн даашинз Монгол загварын гайхамшгийг тэр тайзнаа харуулж, Монгол бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэнг чимсэн.
Энэ төрлийн шагналыг Тайван бүсгүйд олгоно лээ.
Брэд Питт-ийн оройн зоогт уригдана
Хэд хэдэн цуврал шалгаруулалтын дараа “Miss and Mrs Asia USA 2009” тэмцээний Miss төрөлд оролцсон шилдэг тав, Mrs. Төрөлд оролцсон шилдэг таван бүсгүйг зарлахад манай гурав багтаж хөгжөөн дэмжигч Монголчуудынхаа баяр бахдалыг хөөргөв. Тэмцээний энэ даваанд miss төрөлд шалгаран үлдсэн бүсгүйчүүд тус бүр хоёр, Mrs. Төрөлд шалгарсан бүсгүйчүүд нэг асуулт сугалж, хариулсан юм.
“Таны төлөөлж байгаа оронд нийгмийн ямар хүндрэл бэрхшээл байгаа вэ?”, “Та энэ тэмцээнд түрүүлвэл эхний сардаа ямар байдлаар нийгэмдээ нөлөөлөх вэ?”, “Хүний амьдралыг чимдэг үнэ цэнэт зүйл юу вэ?”, “Та Ерөнхийлөгч Обама, Телевизийн хөтлөгч Офра, жүжигчин Брэд Питт нарын хэнтэй нь оройн зоог хамт баримаар байна, яагаад?” гэх мэт янз бүрийн утга агуулгатай тус тусын асуултад хариулав.
Тэмцээнд оролцсон Вьетнам бүсгүй жүжигчин Брэд Питтэй хамт оройн зоог барих хүсэлтэйгээ хэлэхэд үзэгчид Анжелена Жолигоос булаах нь гэж харамлан шуугилдсан бол Яагаад? гэж хөтлөгч түүнээс асуухад өөр өөр, үндэс угсаатай хүүхдүүдийг өргөж, өсгөж байгаа тухай нь асууж яриулна гэж бодож байгаагаа хэлж харин үзэгчдийг тайвшруулах шиг болсон.
Тэмцээний ихэнх оролцогчид эндхийн иргэд унаган Англи хэлтэй, хариулт оновчтой, үгээ сонгож хүнд хүрч байгаа нь илт ялгарч байсан.
Миссийн титэм төөрөв үү.
Тэмцээний эцсийн шатны шалгаруулалтын дүн танилцуулах хэсэг хамгийн сэтгэл догдлуулсан мөч байсан.
“Miss and Mrs. Asia USA 2009” тэмцээний Miss-ийн дөрөв дүгээр байрыг Баярсайхны Мандухай эзлэв. Мандухай оюутан хүний аж амьдралын зорилго, хүсэл мөрөөдлийг түлхүү илэрхийлснийхээ төлөө уг шагналын эзэн болсон гэнэ.
Бямбадоржийн Хандсүрэн Монгол эмэгтэйн намба төрх, гэр бүлийн хүмүүжил, үр хүүхдийнхээ төлөө тавьж байгаа хайр, халамжийг илтгэн харуулж Mrs. ангилалд гуравдугаар байрын эзэн болов.
Miss-ийн титмийн төлөө Филлипини бүсгүй, Монгол бүсгүй Саруул нар шалгаран үлдсэн юм. Эцсийн мөчид Монголыг төлөөлөн оролцож байгаа Саруул “First runner-up” гэж зарлаад “Miss Asia USA 2009” титэм өмсгөх гээд байхаар нь түрүүлчихлээ л гэж бодтол Филлипини бүсгүйд энэ жилийн тэмцээний тэргүүн титмийг гардуулахад нь гайхаж хоцров. Магадгүй хөтлөгчийн алдаа байж болох ч өмсгөх гээд байсан “Miss Asia USA 2009” тэр титэм нь Саруулаас төөрчих шиг болсон. Ингээд “First runner-up, Miss Asia USA 2009” буюу тэргүүн дэд байрыг Ганбаатарын Саруул эзлэв.
2008 оны “Miss Asia USA” Диане Ю-гээс Монгол бүсгүйчүүдийнхээ талаарх бодлыг нь асуухад “Бие даасан үзэл бодолтой, өөртөө илтгэлтэй,үзэсгэлэнтэй Монгол бүсгүйчүүдтэй энд танилцсандаа баяртай байна. Би хувьдаа Саруулыг Миссийн ангилалд түрүүлнэ гэж итгэж байсан. Гэхдээ залуу хүн цаашид олон тэмцээн, уралдаанд амжилттай оролцох байхаа” гэж хэлнэ лээ.
Баярлалаа... та нарт баярлалаа
АНУ-д амьдарч байгаа Ази үндэстнүүдийн Гоо үзэсгэлэнгийн өрсөлдөөн болсон энэ тэмцээнд оролцоно гэдэг хувь хүний амьдралд тэр болгон тохиолдохгүй үйл явдал. Монгол бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэн, Монгол үндэсний соёл, урлагын үнэт өвөөрөө дамжуулаад эх орноо АНУ-д сурталчладаг Монголчуудын арга хэмжээ ийнхүү нэмэгдэж байна.
Монгол бүсгүйчүүд маань энэ тэмцээний титмийг авах цаг ч удахгүй биз ээ.
Нөгөө талаар 20 гаруй жилийн түүхтэй энэ тэмцээн өндөр шалгууртай бололтой. Тухайлбал. Энэ жилийн тэмцээнд оролцож байсан нэгэн бүсгүйн намтар түүхийг судлаад нилээд хэдэн жилийн өмнө Playboy сэтгүүлд зургаа нийтлүүлж байсан шалтгаанаар хассан гэнэ. Тэгвэл баярлаж хөөрсөн сэтгэлээс нь хуваалцсан 40 нилээд гарсан болов уу гэмээр мэгтэй “хөхний хавдартаа” шаналж яваа ч энэ тэмцээнд амжилттэй оролцож, итгэл урам зориг орсон баярын сэтгэлээ нууж чадахгүй байсан.
Томоохон ивээн тэтгэгчидтэй бүсгүйчүүд тэмцээнд зориулан гарсан сэтгүүлийн хэдэн нүүр сурталчилгаа тавьсан бол манайхан “бор зүрхээрээ” төлбөр мөнгөө төлөөд л явсан байх жишээтэй.
Манай аялал жуулчлал, загвар зохион бүтээх чиглэлээр ажилладаг бизнесийнхэн өөрсдийгөө сурталчлах иймэрхүү алтан боломжийг алдаж боломгүй байлтай.
“Miss and Mrs Asia USA 2009” тэмцээнд оролцсон, үзэж сонирхсон хүмүүстэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонссон юм. Монголоос хүүхдүүд дээрээ ирж амарч яваа Бэгзсүрэн гуай “Холын энэ нутагт болж байгаа тэмцээний тэргүүн эхний байруудад Монгол хүүхдүүд маань шалгарч байгааг хараад сэтгэл их хөдөлж байна. Монгол хүн чинь авъяас билэгтэй, авхаалжтай, хэнээс ч дутахгүй байна шүү дээ гэв”
Тэмцээний Mrs. Ангилалд гуравдугаар байр эзэлсэн Хандсүрэнгийн аав Бямбадорж. ээж Сурмаа нар “ Монголчууд маань энэ тэмцээнд маш амжилттай оролцлоо. Охиноо тайзан дээр гарч ирэх үед нь баярласан сэтгэлээ үгээр илэрхийлэхийн арга алгаа. Хүүхдийнхээ хувцасыг хийлгэх гээд сүүлийн үед их л завгүй байлаа. Үр дүн ийнхүү гарч байгаад баяртай байна Хувцасыг нь урласан Монголын “Торго салон”-ы хамт олон, дизайнер Болдод баярлаж байгаагаа хэлье гэв.
Б.Хандсүрэн хэлэхдээ “Намайг энэ тэмцээнд оролцоход бүх талаар дэмжиж тусласан гэр бүлийнхэндээ, аав, ээждээ, ахдаа, “Sports 4D” компаний захирал ах Л.Жавхлант, , Лос Анжелес орчмын Монголчуудын холбооныхон, дүү Б.Энхцэцэг, хөгжимчин Жүрмэд түүний гэр бүлийнхэн, бүжгийн багш Дуламсүрэн, Гоо сайханч Энхтуяа эгч, хөгжөөн дэмжсэн Монголчууддаа их баярлалаа” гэж баяр талархалаа хуваалцав.
Тэмцээний “First runner-up, Miss Asia USA 2009” шагналт Ганбаатарын Саруул “Энэ тэмцээнд оролцох нөхцөл бололцоог хангаж өгсөн аав ээждээ, эмээдээ, найз нөхөддөө, Батаа ахдаа маш их баярлалаа. Мөн Миний Монгол хувцасыг хийсэн Торго салоныхон, Гоёлын даашинзийг хийсэн дизайнер Ү.Юмжир эгчдээ баярлалаа, Энэ тэмцээнд оролцох санал санаачлагыг гаргасан Лос Анжелесийн Монголчуудын Холбооны Дашка ах, Жавхаа эгч, хөгжөөн дэмжсэн Монголчууддаа баярлалаа. Энэ тэмцээнд оролцсоноороо Солонгос, Вьетнам, Хятад, Япон гээд олон найзуудтай болсон, их зүйлийг сурч мэдсэн. Мөн ажил, бизнесийн шинэ боломж нээгдэж байгаа гэж бодож байна. Эртний түүхтэй Монгол орныхоо нэрийг гаргаж явахыг хичнээнээ” гэж хэлсэн юм. Тэрээр “Монголын Оюутан мисс”-ээр шалгарч байсан ажээ.
Энэ тэмцээнд оролцсон Монгол бүсгүйчүүддээ баярлалаа. Зардал чирэгдлийг нь өөрсдөө дааж, олон өдөр цаг заваа зориулаад Монгол хүний авъяас билэг, гоо үзэсгэлэн, Монгол орныхоо соёл урлагын өвийг бусад улс үндэстэн, олон нийтэд таниулж байгаад тань баярлахын учир бий.
Фотог www.mongolduu.com сайтуудаас үзнэ үү.
Д.Бишүүгарам
АНУ, Лос Анжелес