2008-02-07
Зөв явахад зөөлөн замбуулин

Хулгана жилийн цагаан сарын босгон дээр Манзуширийн хийдийн лам  Сайнхүүгийн  ДАВААПҮРЭВ-ийг  та бүхэнтэй  уулзуулж  байна.  Тэрээр эдүгээ АНУ-ын Лос Анжелес хотноо ажиллаж, амьдарч байгаа юм.

 
      Дээрхийн гэгээнтэн Далай лам АНУ-д удаа дараа морилохдоо айлдсан “Шүтэн барилдахуйн магтаал”, “Бодь сэтгэлийн магтаал”, “Бодь мөрийн зул” зэрэг сургааль, номлолыг  С.Даваапүрэв лам Түвд, Англи хэлнээс дуун хөрвүүлж, Монгол сүсэгтнүүддээ тайлбарласан билээ.   

    Хүмүүний  өдөр тутамдаа  хичээж  явах  үг, үйлдэл ямар  байх ёстой бол?  гэдгээс яриагаа эхэлье гэж бодож байна.

 

    Найман номын  тухайд...

   Өдөр тутмын  үйлийг хичээх гэдэг их том  ухагдхуун.  Шашны сургаальд бол найман номыг дээдлэх учиртай гэдэг. Энэ нь зөв сэтгэх, бодох, зөв ярих, зөв  амьдрах  гэх мэт үүний  нөгөө тал нь  буруу сэтгэх,  буруу ярих,  буруу амьдрах  явдлын тухай  сургадаг.     

   Нэгэн мөчийг  зөвөөр өнгөрөөх аваас,  нэг цагийг зөв  өнгөрөөнө. Нэг цагийг  зөв өнгөрөөвөөс нэг өдөр, нэг сар, жил, улмаар амьдралын турш  зөвөөр  амьдрахуйн  үндэс бүрддэг.  Энгийнээр хэлбэл  Монголчууд бид  цагаан сарын шинийн нэгний өглөө   сайн зүгт мөрөө гаргаж,  тэр жилдээ  сайн, сайхан, эрүүл энх, үйл бүтээл өндөртэй явахын хувь  ерөөлийг бодож  мөн сайн зүгээс  гэртээ ирдэг. Яг  энэ хэсэгхэн мөч  жилийн  турш  бидний  ажил амьдралд  сайнаар  нөлөөлдөг гэж үздэг. 

  

  Хүний амьдрал энгийн цаг мөчүүдийн  хэлхээнд үргэлжилж,  ямар нэгэн үйл үйлдэж байдаг. Тэр болгоныг  сайн үйл, муу үйл гэж ялгахад хэцүү.  Зөв явах, зөв амьдрах гэж юуг хэлнэ вэ гэхээр  бидний  үйлийн үр дүн сайн байх явдал.   Жишээ нь. Ээж, аав бидэнд үг сургааль хэлж үглэж загнадаг,  тухайн цаг  үедээ анхааран сонсож гэмээнэ ирээдүйн амьдралд тустай.  Харин үр хүүхдээ эрхлүүлж, аргадаж,  хэрэгтэй бүхнээр нь хангаж өмнө нь бөмбөрөөд байхаар   гомдонгуй,  найдангуй, уцаарлангуй  болох нь  байдаг.

  Мөн архи гээч зүгээр л идээ ундаа. Түүнийг  ууж болно. Уухгүй байж болно. Архи уусны  үр дүнд заримаас  нь арслан барсын омог, хорхойтсон баавгайн авир, чөтгөр шулмын  зан гардаг  шүү дээ.

 

   Монголчуудын хувьд  бурхан тахил гэхээсээ илүүтэй байгальтайгаа, газар оронтойгоо харилцан шүтэлцэж амьдардаг.  Өглөө босоод газар орон, хангайдаа   цайны дээжээ өргөж,  сайныг ерөөж байх жишээтэй.

 

  Ер нь өглөө сэрэнгүүт  л уурлаж уцаарлаад, эв тасраад, муу  үйлийн  тухай бодоод, үйлдээд  эхэлвэл  тэр өдрийн, цаашлаад нэг насны  үр ямар олигтой байв вэ. 

 

   Сүсэгт хүмүүн  зөв  сэтгэж бодох, зөв ярьж  хэлэх,  зөв харагдах,  зөв амьдрахуйн тухайд өдөр тутамдаа бодож, үйлдэж   явууштай.

 

  “Үйлийн үр”-ийн тухай  бурханы  шашин сургаж тайлбарладаг. Энэ   тухай  дэлгэрүүлж  ярих хэрэгтэй  юм шиг санагдлаа?

   Өөрийн тарьсан үйлийн  үрээс  нуугдах  юм шиг андуурч хэрэгүй...

    Бид  үйлийн үр дүн нь  зөв байх нь зөв ярьж, зөв сэтгэж, бодож, зөв амьдарч байгаагаас шалтгаалах тухай  ярьсан. Өдөр тутмын үйлийг хичээх, хүмүүн хоорондоо, байгаль ертөнцтэй  зохицолдон, харилцан шүтэлцээтэй  байхын тухайд манай шашин сургадаг.  Алимны үрнээс алим, арвайн үрнээс  арвай буудай л гарна.  Тэгвэл  алим ба арвай буудай  хар аяндаа  бус  хөрс, шороо, агаар ус, арчилгаа, нар гэрэл гээд олон зүйл нөхцөлдөж байж  ургадаг. 

   Үүн лугаа  хүн болоод амьтаны зовж эсвэл  жаргаж  амьдрахад  бидний бага ч гэлтгүй үйлдсэн үйл, цаг хугацаа, харилцан хамаарах бусад хүчин зүйлтэй нөхцөлдөн   эерэг,  сөрөг үр дүнг  үзүүлдэг гэдэг юм. Түүнээс биш  өөрөө аяндаа юм уу, өөрт огт хамаагүй  хүчин зүйлээс  болж  ямар нэгэн үр дүн гарах  нь  үгүй гэж сургадаг. 

  Сударт үйлийн үрийн тухай  тэмдэглэхдээ:

        ...Аар саархан гэмийн үрийг

           Алсдаа цайрах  юм шиг  битгий бод

            Ганц ганцхан дуслууд нэмсээр

            Ган торхноос  халидаг шүү дээ...

        ...Өөрийн тарьсан үйлийн үрээс

            Нуугдах  юм шиг андуурч хэрэггүй

           Өөр бусдын үйлийн үрийг

            Үүрэх  юм шиг айхын хэрэггүй...   

        ...Зуун галав өнгөрлөө гэхэд

            Үйлийн үр үрэгдэх нь үгүй

            Цаг нь ирмэгц  үр нь боловсроод

            Цаг наргүй амсах болно....  гэж айлдсан нь бий.

 

   Шинэхэн саасан сүү тэр дороо ээдэж гашилдаггүйтэй  адил  хүний хийсэн сайн,муу үйлийн үр тэр дороо ирэх албагүй.  Муу үйлийн үрийг эдэлсэн ч багадах цаг ирнэ.   Сармагчны  тухай нэг ийм  үлгэр байдаг.  “Бурхан  багшийг нэгэн сармагчин дагаад  л байж. Ананд  гэдэг шавь нь яагаад энэ сармагчин дагаад байгааг нь асуухад бурхан багш  энэ  сармагчин  500 төрлийн өмнө лам хүн байсан юм.  Сүмд нэгэн лам хүү төрхгүйтээд байхаар нь чи чинь яасан сармагчин шиг юм бэ гээд хэлчихэж.  Ийн буруу ярьсаны гэмээр түүнээс хойшхи төрөлдөө сармагчин болох нүгэл хураасан.  Бурхан шүтдэг байсны  учир ерөөлөөр  сармагчны  төрөл барагдахын цагт бурхантай учирч яваа нь энэ. Ойрхи нэгэн айлд хүү болж төрнө өөрийнхөө шавиа болгож аваарай  ” гэсэн гэдэг.  Зөвхөн буруу ярьсаны үрээр ингэж  500 төрөлдөө  хүмүүний биеийг олж чадахгүй  явааг сургаж буйгаас харахад үйлийн үр  гэж  мөн гүн  ойлголт  байх нээ дээ.   

 

  Санаа нэг  байна.   Үйлт  хийгээд зовлонт  амьтаны  тухай  арай дэлгэрэнгүй  хуучлаач ?  

 

 

Тэнгэрийн оронд ч зовлонт  амьтан бий

    Сайн, муу үйлийн үр дүн гарч  байгаа учраас  бас сайн, муу амьдрал,  жаргал зовлонг  ялгах    шаардлага гарч   ирнээ дээ.   Ингэж ялгахын тулд хүн болоод адгуус  амьтанг хооронд нь  харьцуулж  харахаар  сайн хийгээд муу заяа гэдгийг ялгаж таньж  болно гэдэг.       

   Ийм л шалтгаанаас Бурхан  багш  зургаан зүйл, хамаг амьтан байдгийг тайлсан юм гэнэ лээ.  Мөн  зургаан зүйлийн хамаг амьтныг  муу үйлийг тэвчиж, сайн үйлийг  хийх бололцоотойгоор нь сайн, муу төрөлд ялгаж айлдсан.  Хүмүүс бид тэнгэр, асурын орны амьтадтай сайн төрөлд багтдаг бол адгуус, бэрд, тамын орны амьтад муу заяаны төрөлд  ордог. 

 

  Ерөөс хүмүүний заяаг олно гэдэг зүүний үзүүрт үр будаа тогтохын   адил хувь тохиол гэдэг. Жишээ нь.  Загас нэг удаа хичнээн түрс гаргаж үржих боломтой билээ.  Гэтэл хүн  нэг удаа их л сайндаа   ихэр   хүүхэд төрүүлнэ.  

    Бид уулзаад сууж байгаа,   ээж, аавынхаа үр хүүхэд болж төрсөн, энэ дэлхийн  хаа нэгтэй  хүмүүн бид хоорондоо  уулзан  танилцаж, үг хэлээ солилцож явна   гэдэг бол  урьдийн  хийсэн асар сайн үйлийн үр дүн, хувь ерөөл юм гэж бодож  явах учиртай. Тэгэхээр  сайн төрөлд  төрж  сайн аав, ээжтэй, хань, нөхөдтэй   явахын  ерөөлийг  бүрэн дүүрэн  сэтгэж, санаж явах  нь чухал гэдэг юм.   

 

    Бидний багтаж буй эх болсон  зургаан зүйлийн хамаг амьтныг зовлонт  чанар нь нэгтгэдэг.  Хүссэн юмаа олж чадахгүйн зовлон, олсон юмаа эдэлж чадахгүйн зовлон, эдэлсэн зүйлдээ сэтгэл ханахгүйн зовлон  гээд хүмүүний зовлонгийн тухай  нарийн  авч үздэг бол  Амьтанд хэлгий  байхын зовлон гэж бий. Тэнгэрийн орны амьтанд ч зовлон буй.

     Зовлонгоос ангижирч  жаргалд хүрэх явдал хамаг амьтны  чин хүсэл юм.   Хамаг амьтанг  зовлонгоос гэтэлгэж  жаргалд  хүргэх тухайд  бурхан  багш “Хамаг амьтан зовлон хийгээд зовлонгийн шалтгаанаас  ангижрах  болтугай...” гэсэн хувь ерөөлийг тавьж  өөрийн сургааль, номоо айлдсан билээ.

 

    Зовлонгоос хагацаж жаргалд хүрч болно. Үүний тул нүглийг тэвчиж, буяныг бодох  хэрэгтэй гэдэг юм.  Өөрөөр хэлбэл бидний  сайн, муу үйл  бие, хэл, сэтгэл гурваар үйлдэгддэг тул  зөв сэтгэж бодох, зөв  хэлж ярих,  хийсэн үйлийн маань үр дүн сайн байхыг санаж сэрж  явах нь чухал.  Энэ тухай сударт

            ... Зөв буруу үйлүүд аандаа

                Зөв буруу зуршил болдог

                Дадсан зуршилаа  хаяхгүй аваас

                Дараа төрөлдөө ч давтаад явдаг аа  гэж .. айлдсан   байдаг.

  Муу үйлийг  тэвчилгүй  ямагт хураагаад байх аваас  түүний  үр дүнг амсах цаг  ирэхэд  адгуус бирдийн төрлөөс ч дор тамын  амьтаны төрөл авна гэж үздэг.   Харин сайн үйлийг хураах аваас  төрөл дээшлэн улмаар бурханы  хутгийг олно гэдэг. 

                                                                                                 

    Бурханы  сургаальд    халуун, хүйтэн гээд олон тамын  тухай  байдаг. Тэр дотроо хамгийн хүнд  там болох Очир тамд унах аваас  сайн цагийн мянган бурхан замбуулинд залраад дуусахад ч тамын орноос  муу үйлээ бараад  гарч амжихгүй  гэдэг юм.  Бурхан Будда энэ замбуулинд сургаал номоо  айлдсан  7 дахь бурхан нь шүүдээ. Бидний  тоогоор таван мянга  орчим жилд бурхан нэгэнтээ залардаг гэвэл  мөн их хугацаанд тэр  тамд зовох нээ.  

 

   Зургаан зүйлийн амьтан, тэнгэрийн орон, тамын орны  тухай  яриад ирэхээр  хүн , адгууснаас өөрийн  хараагүй  бидэнд эргэлзэх  сэтгэл магадтай төрнө.  Ийм үед  маргааш  болон ирээдүйд  болох зүйлийг урьдчилан хэл гэхээ болъё, унтаад зүүдэлсэн зүүд, учирч өнгөрсөн амьдралаа нэгэд нэгэнгүй  санаж чаддаг бил үү гэж асуумаар байдаг.  Энэ нь бидний  ухаан хязгаартай байгааг  хэлээд байгаа юм  гэж өвгөн багш минь  айлддагсан.

 

  Там, диваажингийн гэх мэт зургаан орны зовлонт амьтан байх тухай  дурдаад байна.   Орон зайн талаархи бидний төсөөллөөс  нилээд  хол сонсогдож  байна  шүү?   

 

    Сүмбэр уул газрын баримжаа                

     Дүйнхэрийн сургаальд бидний амьдран суугаа  дэлхий хийгээд   түүн лүгээ  хязгааргүй  олон тивд  амьдрал бий гэж  гардаг. Манай гариг-замбуу тив  бол Сүмбэр уулын өмнөд тив юм гэнэ лээ.  Зөвхөн манай дэлхийтэй таталцан 8  гариг, дэлхийн дагуул сар  оршиж  байгаа шүү дээ.

 

   Зовлонт амьтадын  тухай өмнө ярьсан. Хүмүүн, адгуус  Сүмбэр  уултай нэг түвшинд амьдардаг дунд тивийн амьтад.  Тэнгэр хийгээд Асурын орон Сүмбэр уулаас дээш байдаг бол  бирд  ба тамын орон Сүмбэр уулаас доош  байдаг   гэж  номд гардаг.

       

   Хүмүүний хувьд  өөрийн амьдран байгаа дэлхий, дагуул сараа тайлж  ядаж байна.  Сүүлийн үед  Марс гаригийн тухай   ярьдаг  боллоо.  Ингээд бодохоор   Бурханы шашны   ном сургаальд гардаг  орон зайн  төсөөлөл  агуу  юм аа.  

 

   Шавийн эрдэм  багшаас  гэдэг үг  шашны сургалтад илүү хамаатай санагддаг. Бурханы номыг хаана үзэв? 

 

  Ном заасан Ээж, шүтээнд заларсан Гавж    

   Манайх Улаанбаатар хотын айл. Гэвч ээж маань сүрхий шүтлэгтэй бөгөөд энэ номыг уншвал тийм юманд сайн гэх зэргээр  анхны  шад номуудыг цээжлүүлсэн.   Хүүхэд байхдаа  өвөөтэйгөө хаяа Гандан гараад  ном хурж  байхыг харж, гал тогоогоор нь орж  ганц нэг аяга будаа  идээд л явдаг  байв. 

  1990-ээд оноос  Манзуширийн  хийдийг  дахин нээгдэхэд л  тэнд өөрийн багшдаа  шавилан суусан  даа. Сүүлд Энэтхэгийн Дармаслагийн Чойрын  дацанд  таван жил  ном үзсэн.

 

   Олон сайхан багш нараас номын хишиг хүртэж явна.  Шашны ном  сурах гэдэг  зөв сэтгэлтэй,  юмсын учир шалтгааныг мэдэх билэг ухаантай болох  явдал. Бас номыг нь сурахгүй  бол номхоныг нь сур гэдэг байх аа.

  

   Номыг төгс сайн сурч эзэмшсэн лам нарын тухай  миний өвгөн багш  ярьж хэлдэг байлаа.  Сонирхуулах, хэн бүхэнд тус болж ч магад гэдэг үүднээс    хүрээний нэгэн ламын тухай   яръя.

    Дашдорж  гавж хэмээх эрдэмт лам 19, 20 дугаар зууны заагаар  амьдарч байсан. Хүрээнд ханиад, өвчин, элдэв муу хэрэг  явдал болоход  Дашдорж  гавжийн  паянгаас ярь  тэгвэл зүгээр болно гэдэг байсан юм гэнэ лээ.

    Нэгэнтээ 8 дугаар Богдоос  “Энэ Дашдорж гавж гэгч хэн бэ” гэж лам нар асууж өгүүлэл тавьжээ.  Гэтэл Богд  гэгээн  за та нар хэдэн зураач ол  гээд  ирсэн   зураач нарт  Дашдорж гавжийг  би  энэ өдөр хэдэнтээ өргөөндөө дуудна,   намайг дохио өгмөгц  түүний нүүрийг  нэг нь,  гарыг нэг нь нүд амыг нэг нь  хөлийг нэг нь  зураарай гэж. Дашдорж гуай Богдийн өргөөнд эхлээд ирэхдээ  сайхан ааштай  байсан бол  хамгийн сүүлд олон удаа дуудлаа  гэж  уурлаж Богдыг загнаад  гарч.   

   Гавж  гуай  Богд, тэргүүн  лам нарын хурдаг  Дэчин галбын Дацанд мөргөөд явж байтал гол шүтээнийх нь  дэргэд  өөрийнх нь Богдод дуудагдан очихдоо  авирласан  хөргийг  эвлүүлээд тавьсан байхыг зог тусан хараад түүн лүү нулимж орхисон юм гэнэ лээ.  Богдын бурхан шүтээн рүү нулимсан хэрэгт түүнийг буруутгахад Богд  гэгээн  буруутгалгүй, харин ч зургаа  аравнайлсан  байна гэсэн гэдэг.   Энэ мэт түүний  эрдэм чадлын тухай  олон паян бий.

 

    Ажил төрөл бүтэхгүй, өвчин зовлон ороосон үедээ  Гандан гарч  ном уншуулчихаад  л явдаг.  Бас  алхах гишгэх, идэх уух, унтах хэвтэхээ хүртэл асууж сураад лам руу очдог. 

   Ерөөс сүсэглэх, шүтэхийн  утга учрыг та юу гэж хэлэх вэ?

  

  Итгэлийн  бурууд  сэжиг  нэмэр     

    Сүсэглэнэ гэдэг бол итгэхийн нэр юм. Гэтэл сүсэг бишрэлийг хэрхэн олж авах, итгэх вэ  гэдэг нь  өөр хэрэг.  Итгэл, сүсгийг  сурч судалж байж олж авдаг байхад дам сургаар, харанхуй мухраар   сүсэглэх бишрэх гэж байнаа.   Харж дарж зүүдэллээ гээд ч юм уу хулгайд алдсан зүйлээ  олуулах,  хүрч чадахгүй газар руугаа зорих гэх мэтээр   ламд очиж асуугаад ном уншуулаад л явдаг.   Гэхдээ  утга учрыг олж ойлгох хэрэгтэй юм.

 

   Бурхан  багш  хэзээ ч  учир  шалтгаангүй ном айлдаагүй.  Хамаг амьтныг зовлонгоос гэтэлгэх  буян хийгээд  нүгэл гэж юу вэ гэж  асуусан, энэ учрыг таниагүйн тул  мэдүүлж таниулж  номлосон,   Ертөнцийн үнэн гэж юу вэ гэдгийг шавь нар нь асуусны улмаас    Дөрвөн үнэний тухай сургаалиа  тавьсан гэдэг.  

   Хоорондоо хэл ам хэрүүл тэмцэл, атаа жөтөөг хэрхэн арилгах вэ гэхэд  Цагаан шүхэрт,  хүмүүний  өлзий хутгыг ерөөж   Дашзэгвэ найман гэгээн гэдэг ном гээд  бүх ном   учир  шалтгаан  асуусны  тул айлдсан гэдэг.

 

   Хүмүүний үйлээс  муу үр дүн гарч, тэр  мөчөөс эхлэн яав ийв, хэрхэн засч залруулах вэ гэж арга  хайдаг.  Гэхдээ сайн явахад  муугийн хорлол гэж бас байдаг  гэдэг шүү. 

   Энэ бүхэнд  сэжиг  гэгч сэтгэлийн гэм  их нөлөөтэй. Алив үйлийг сайн талаас нь бодоод үйлдээд байхаар  сэжигээс шалтгаалах зүйл үгүй болдог.  Сэжигээ дарж чадаагүй, өөрөөр хэлбэл   үйлийг сайнаар төсөөлж, төгсгөж чадаагүйн тул гарч буй  муу  үр дагаврыг  номоор дарж болдог гэдэг.   Бурханы шашны номууд  бурхан багшийн увдистай, одоогийн хэлээр  бол сайн энергитэй  гэмээр юм уу даа,  түүнээс дамжин ирсэн бөгөөд  тэр номыг уншуулснаар муу үйлийг   ерөндөглөж, сайны мөрд хөтөлж  буй хэрэг.    

 

   Нөгөө  талаас  бурханы  шашин маань  буяны эзэн буюу   бурханы ном, түүнийг дамжуулагч  лам,  өглөгийн эзэн буюу  сүсэгтэн олны  харилцан  уялдаан дээр  хөгжиж эдүгээ хүрсэн.   Гэтэл  бурханы ном уншуулахаар ирэхдээ  дэлгүүрээс CD  авах гэж  байгаа юм шиг сэтгэж ирэх болсноос  нөгөө уялдаа   холбоо   суларч  байгаа юм.

 

  Шашин булингартах гэж бий.  Манай орны хувьд 20 зууны  далаад  жилд буяны эзэн өглөгийн  эзний  тэр  нарийн харилцаа тасарч ирсэн. Үүний  үр дагавар  ч одоогийн  бидний үеийн итгэл бишрэлд нөлөөлдөг биз.

 

   Ертөнцийн бүх л зүйл хоорондоо уялдаа,шүтэн барилдлагатайн тул  сайн ба муу хэрэг өөрөөс болон бусдаас хэрхэн  шалтгаалж байгааг таньж мэдэхийг хичээн, учирсан ба учирч  болох гэмийг засуулж  яваарай гэж хэлмээр байна.

 

  Бурханы шашны  болон  бусад шашны сүмүүдийн  сүсэгтэн олондоо хүрч байгаа  арга менежментийн  талаар анзаарч  ажиглаж яваа  зүйл  юу  байна?

 

   Ном гүрмээ уншаад  лам нар завгүй   

  Далай  багшийн хэлснээр “Бүх шашин  хүнийг зөв, сайн болгохыг зорьдогоороо ижил”.  Чухам яаж сайн хүн болгох вэ гэдэг  дээрээ  өөр өөрийн аргатай. 

  

   Өнөөдөр Монголд орж ирсээр байгаа Христийн шашин Их эзнээ  танилцуулах, хүнийг татах чиглэлд ихээхэн анхаарч байна шүү дээ.  Тухайлбал  Эзнийхээ нэрийн өмнөөс бүх  зүйлд хандаж бусдад өглөг өгсөн ч эзэн өгч байгаа  гэж  байнаа даа.  Уг нь бол   энэ шашинд  хойд урд насыг зөвшөөрөөгүй.  Эзэндээ итгэсэн хүн  диваажинд очих  тухай   ярьдаг.

  

   Энэ ертөнц дээр  хар аяндаа бүтсэн зүйл огт үгүй бөгөөд цаг хугацаа, орон зай, юмсын харилцан үйлчлэлийн үр дүнд бий болдог гэж   манай шашин сургадаг тухай бид яриад байгаа.  Мөн  өөрийн хийсэн  үйлийн сайн хийгээд муу үр дүнгээс хамаарч   төрөл дээшлэх ба доошлон амьдрах тухай   дээр ярьсан.  Үүгээрээ  эрх чөлөөтэй гэж  болно.

 

   Манай Монголд Бурханы шашны сургалтын төвүүд олон байх хэрэгтэй гэж боддог.  Гүрэм номоо уншиж байгаа   лам  нарт   бурханы   шашнаа тайлбарлаад байх  цаг зав   гарахгүй шүү дээ.  Тэр төвд  заавал  лам болох албагүй  бурханы шашиныг ойлгохыг хүссэн  хүмүүс ирэх ёстой.   Бурханы  хэлсэн сургаалийн учир шалтгааныг мэдэж,  зан үйлийг нь   сурах хэрэгтэй.   Сүм хийд  гэхээсээ илүү ийм төвүүд шашинд хандах хандлагыг эрс өөрчилнө гэж боддог.

 

  Нэг зүйлийн тухай эмзэглэн боддог юм.  Өөрсдийнхөө уламжлал шашны эрдэм ухааныг анзаарахгүй байна.    Зүгээр л нэг энгийн зүйл хэлэхэд  манайд  өлсөх, бясалгах сайн  гэх мэт  яриад, энэ тухай  номуудыг  гадны хэлнээс орчуулаад, энэ ч сайн тэр ч тийм гээд л байна. Үнэндээ бол гадны тэр хүмүүс чинь Энэтхэг, түвдийн соёлоос суралцаад, учир шалтгааны  талыг нь таниад  өөрийн оронд зориулан ном гаргаж  зарлаж сурталчлаад, тэр нь  сайн борлуулалттай  болчихдог.      

$(function() { //More Button $('body').on("click", ".comment_more", function() { var ID = $(this).attr("id"); if(ID) { $("#comment_more"+ID).html(''); $.ajax({ type: "GET", url: "../entry.php", data: {"lastmsg" : ID, "entry_field_num" : entry_field_num, "comment_field_num" : comment_field_num, "e_id" : 11627, "w" : "bishuu"}, cache: false, success: function(html){ $("#comment_container").append(html); $("#comment_more"+ID).remove(); } }); } else { $(".comment_morebox").slideUp(); } return false; }); });

Бичсэн: bishuu | цаг: 12:25 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 495 удаа уншигдсан.







:-)
 
xaax