2008-02-07
Зөв явахад зөөлөн замбуулин үргэлжлэл

Гэтэл  манайд энэ тухай  мэдлэг ухаан хэзээний хөгжөөд ирчихсэн л байдаг.

 

 Манай үеийн залуучууд бурханы шашныг хүмүүст хүргэх талаар  багагүй ажил амжуулж байгаад баяртай байдаг.  Жишээлбэл. Бадрал ламтан  “Агнистийн гэгээ” гэдэг бурханы шашны сонгодог шашдирын цуврал  сайхан номуудыг  гаргаж байгаа.  

  Монгол хэлээр хөрвүүлж  болохгүй  Бурханы шашны  ном гэж  бий юу? 

 Ганжуур, Данжуураа  ойлгох уу.

   Ер нь Монголчууд  бурхан багшийн бүх сургаалийг багтаасан Ганжуур, Данжуурыг   аль эрт орчуулсан шүү дээ.  Харин орчуулсан тэр үеийн хэллэгийг ойлгох эсэх нь  эргэлзээтэй.

  Өдөр тутмын уншлагын  номуудыг  орчуулж унших нь оновчтой эсэхийг хэлж  мэдэхгүй байна.  Тухайлбал. Уншлагийн ая дан,  бүх зүйл   тогтсон байгаа.  Харин  Монголоор тайлбар  гаргавал  хүн юуны тухай өгүүлээд байгаагаа мэдэхэд  их хэрэг болно.

  Бурханы  сургаал нь судрын аймаг, тарнийн аймаг гэж   хуваагддаг. Тарнийн аймгийг  бол орчуулахгүй гэдэг.  Тарнийн тодорхой зан  зүйлийг гүйцээсэн хүн  л  тайлж унших  учиртай.  Тарни гэдэг бол  сэтгэлээ жолоодох, буяныг сэтгэх аргачлал.

 
  Эцэг эхийнхээ ачийг хариулах тухай шашны  үлгэрүүд  бий. Ээж аавын ач хүндлэлийн  талаар таны яриаг сонсмоор байна?

    Сайны үрээр учирсан аав, ээж хоёр

   Эхийн хэвлийд үр тогтосон тэр цагаас төрүүлэх хүртэл, төрж анхны дуугаа  хадаасан цагаас  өнөөг хүртэл  бүхэл цагийн турш ээж, аавын сэтгэл  үр хүүхдийнхээ сайныг харж баясаж, муу явбал гомдол тээж   нэг ч амраагүй гэдгийг  хүн бүхэн мэдэх байх.

  Ач саналаа гээд ээжий,  аавын ачийг хариулж үл барна. Гэхдээ  Миний өдий зэрэгтэй яваа нь юунаас болов оо? эрийн сайндаа ингэж явна уу?  гээд өдөр бүр бодож ээж, аавынхаа ачийг санаж,   хариулж  яваарай. 

   Бурхан багш ч ээжийнхээ  ачийг хариулж   Ганданд очив гэж номд гардаг.

   Бурханы шашин энэ насандаа сайн эцэг, эхтэй учрах нь их хувь ерөөл гэдгийг дээр хэлсэн.  Нэгэнт урд нас, хойд насны тухай яриад  ирэхээр   хязгааргүй цагт хязгааргүй төрөлд  биенийхээ  ээж, аав, үр  хүүхэд, нөхөр дайсан байсан нь бас хязгааргүй. Олон төрөлд хураасан буяны  үр дүнд  буянд ээж, аавдаа  төрдөг гэдэг юм.

    Дээрхийн гэгээнтэн Далай ламын АНУ-ын хэд, хэдэн хотод айлдсан  номуудыг дуун хөрвүүлж   сүсэгтэн Монголчууддаа  тайлбарлалаа.   Энэ буяны  үйлийнхээ  талаархи  сэтгэгдлээ  хуваалцана  уу? 

   Эгэл энгийн Далай багш

   Далай багш  бурханы шашны  буян номын үйлээ амжуулж маш завгүй ажилладаг.  Жишээ нь. Дэлхийн аль ч цагийн бүсэд  байсан  тухайн газар орны цагаар  цагаар ажил нь эхэлдэг, цагийн зөрөө ялгаа гэж  байдаггүй.

   Тэрээр ямарч хүнтэй ижил түвшинд харьцдаг, амар амгалан, энх тайвны элч гэдэг нь анзаарагддаг.  Энэ ч утгаараа Индиана мужид ном айлдах  үеэр нь  есөн өөр шашны   төлөөлөгчид уулзаж,  өөрийн  өөрийн бурханд хандах зан үйлээ үйлдэж,  хүндэтгэл үзүүлэв.  Далай багшийг морилох үеэр анх удаа  Христийн сүмд, Христийн дуулаачид   Маань, мэгзэм  зэрэг бурханы номыг уншив.

     Гэгээнтэн, их хүн  энгийн байж, энгийн ярих тусмаа  итгэл бишрэлийг  төрүүлдэг санагддаг.  Түүний хэлж ярьж байгааг орчуулаад  сууж байхад  үүнийг л мэдэрдэг дээ.

   Түвд хэл дөнгөж гадарладаг болсон үедээ  Далай багшийн тавьж байсан номноос ганц хоёр үг барьж аваад хязгааргүй баярлаж, хэзээ нэгэн цагт  Далай багш Монголчуудад ном тавихад орчуулах юмсан гэж  бодож  байсан. Тэр ерөөл  биелэж яваад  баяртай  байгаа.

 Хулгана жилийн цагаан сар удахгүй болох нээ.   Шинэ жилийн ажил үйлийн  тухайд  юу  хэлэхсэн бол?

      Олны дунд хийморьтой яваарай

    Итгэж  бишрэх зүйлтэй, ардаа эзэнтэй байх чухал.  Үндэсний соёл,  уламжлал, Монголын ард түмний өнгөрсөн түүх  бидний  бахархал,  итгэл бишрэлийн уг үндэс. Үндэсний уламжлал,  зан үйлээ  муу, буруу гээд ад үзээд байвал биднийг хэн Монгол гэх юм.

    Хүний нутагт байгаа Монголчууд бид оршин байгаа газар орон,  байгаль дэлхийгээ хүндэтгэн харьцах  хэрэгтэй.  Гэхдээ шүтэж болохгүй гэдэг.  Бидний  шүтэж бишрэх эх орон бол Монгол.  Монгол хүн   гэсэн нэрээ өргөж, зөв  ажиллаж, амьдарч, олны дунд хийморь золбоотой  яваарай.

  Цагаан  сарын наран ургахтай зэрэгцээд   шинэ оны, үйл бүтээл, ажил амьдралын сайн сайхныг бодож  зүг мөрөө  гаргах нь чухал шүү.   Учран золгож байгаа  Хулгана жилд   айл хотлоороо амар амгалан, эрүүл энх,  баяр жаргалтай байх   болтугай.

 

 Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа

Таны  номын үйл өөдрөг байг.

 Ярилцсан.                                                                                       

Д.Бишүүгарам

Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 12:38 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 624 удаа уншигдсан.







:-)
 
xaax