2008-01-16
Монголын Ард Түмэн Хэдүүлээ Вэ?

Монголын Үндэсний  Статистикийн газраас  2007 оны эцэст манай  орны  хvн амын тоо  2,635,000 боллоо  хэмээн мэдээлжээ.  The World fact book-ийн 2007 оны сүүлийн ишлэлээс харахад  манай улсын хүн  амын тоог 2,951,786  гэжээ.

Дээрхи мэдээллүүдийн аль алийг нь үнэмшихгүй байхын аргагүй юм.  Мэдээллийн зөрүүтэй  байдлыг  батлах мэт  төр  засгийн,  улс төрийн намуудын удирдлага
иргэний бvртгэлийн ажил муу байгаа, хүн амын тоо зөрүүтэй, сонгогчдын  нэрсийн жагсаалт будлиантай байдаг  талаар уралдан дуугарцгааж байна. Өөрчлөн сайжруулахаар Засгийн газрын  байгууллага хөрөнгө хүч заран ажиллаж, олон улсын байгууллага төсөл хэрэгжүүлж байгаа гэнэ.

Хүн амын бүртгэл тооцооны ажлыг хариуцан хөтөлдөг  Статистикийн байгууллага,  Иргэний бүртгэлийн алба,  захиргааны нэгжүүд гээд олон байгууллага  бий.  Эд өөрсдийн чиглэлээр тодорхой хугацаанд, тогтсон аргачлалаар хүн амын  бүртгэл хөтөлж   байгаа ч   хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй   гэдгээ хүлээн зөвшөөрсөн харагдана. 

    Хүн амын тоо, тооцооны энэ хариуцлагагүй байдал олон жилийн угшилтай.  Хэдэн жилийн өмнө дүүргүүдийн өрхийн эмнэлгийн бүртгэл, дүүргийн захиргаа, хорооны хүн амын бүртгэл  хоорондоо  нэгээс гуч  гаруй  мянган хүнээр  зөрж,  юу болоод байгааг   олигтой хариулаад өгөх хүн олдохгүй  байсан.  Түүнчлэн  2004 оны   УИХ, орон нутгийн сонгуулийн  үеэр  “байдал хэцүүдсэн”  эрх мэдэлтэн  “задгайд амьдардаг” гэх  хэсэг   хүмүүсийг   автобус, автобусаар  авчран  санал өгүүлж,  ялалт байгуулж  замбараагүйтсэн тухай хэсэг  шуугиад  авсан.  Хүн амын тоо тооцоо будлиантай байх нь   эрх тушаалд хүрэх гэсэн хэнд нэгэнд  хэрэгтэй гэж үү.

   Хvн амын тооноосоо хамаарч  хөрөнгө санхүү, төсөв, татвар хураамж гээд эдийн засгийн,  хэдэн хүн нь ажиллаж улсаа нуруундаа авч яваа, хэд нь төрсөн, өвдсөн, өтөлсөн, нүд аньсан, хэд нь сурч боловсорч, аль хэсэг нь  баян хийгээд ядуу байгаагаас хүн ам,   нийгмийн асуудал үүсдэг байлтай.  Хэд нь төрд зүтгэж,  хэд нь цэрэг  цагдаа болж аюулгүй байдлаа хамгаалж буй,  хэрэг  тарьсан хэдийг нь  шүүж хорьсон гээд  тоо, тооцооны асуудал  захаас аван  буй.   

   Нөгөөтэйгүүр хичнээн иргэн  нь гадаадад гараад явчихсан, гадны харъяат болсон, гадаадад хэдэн иргэн төрж өсч, юу хийж, яаж шуухан амьдарч  байгаа тухай  асуувал  түмэн  янзын  тоо, тайлбар өгдөг юм билээ.  

  “Ард түмэн” хэмээн магтан дуулж, ард түмэндээ  хандаж,  ард түмнээсээ  сонгогдож   гэж  ярьж  хэлэх дуртай эрхэмүүд тоотой бий.  Хэдэн Монгол хүнийг “ард түмэн”  гэж амандаа  багтааж  байнаа?  Баттай тоо   байна уу?

  Иргэн та,  бид  нийлж эрхэмүүдийн нэрийг  дугуйлж, төр засгаа  сонгож бүрдүүлдэг. Гэтэл хэдэн иргэнтэйгээ тодорхой хэлж мэдэхгүй  төр, засаг юуны төлөө оршин тогтнож  байгаа юм бэ?  Иргэдийнхээ тоо, тооцооны будлианыг арилгаж чадалгүй мэдээллийн гэгдэх зууны  эхний арваад жилийг  үдэж  байгаа нь  харамсалтай. 

   Хүн амынхаа  тоо, тооцоог цэгцлэхээр дээр, дооргүй ярьж, санаачилж байгаа  ажлаа хүнлэг энэрэнгүй иргэний нийгэм  гээч рүү тэмүүлэн амьдарч буй  арван найман жилийн оноо, алдаа,  Монгол хүн бүрийн амьдрал  байдалтай  уялдуулан  хийж, дүгнээсэй билээ.   

   1990-ээд онд гарааны ижил түвшингээс эхэлсэн гэх  Монголчуудын  хэрэглээний түвшин өнөөдөр  хамгийн баян цөөнхөөсөө хамгийн ядуу  ихэнхийнх нь 7.1 дахин доогуур болж  баян хоосны  ялгаа  үлэмж болсон  мэдээ бий. Нийгмийн  шилжилт хийж байгаагийн, өмч хувьчилсны, газар хувьчилсны үр шимийг  хэдэн хүн,  хэрхэн хүртэж байгаа вэ?

    Ерөөсөө  Монголын ард түмэн гэж ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш мэдээлэлд  ойр байж, түүнийгээ өөртөө ашиглаж чадсан хэсгийг хэлээд байна уу?  гурван сая шахам иргэдээ хэлээд байна  уу?  

Д.Бишүүгарам
Бичсэн: bishuu | цаг: 00:17 | ergetsyylel, bodol
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 575 удаа уншигдсан.







:-)
 
xaax