Манай Улсын Ерөнхийлөгч энэ аравдугаар сарын сүүлийн хэд хоногт АНУ-д албан ёсны айлчлал хийх тухай Даяар Монгол, Оллоо, Сонин зэрэг сайтууд мэдээлжээ. Тив, далай алгасан хол нутагт ажиллаж, сурч, амьдарч яваа хэдэн хүүхдээ эргэж ирэх мэт л өөриймсөг дуулдаж байна.
Төр төмбөгөр, ёс ёмбогор гэдэг. Хоёр орны ерөнхийлөгчид албан ёсны хэлэлцээр хийж, Нэгдсэн Улсын дэд ерөнхийлөгч бусад өндөр албаныхантай уулзах, Нью-Йорк, Чикаго, Лос-Анжелес хот, Аляск мужид зочилж, хамтын ажиллагааны талаар санал солилцох гэнэ. Мөн Мянганы сорилтын сангаас авах тусламжийг эцэслэн шийдвэрлэх ба Засгийн газар хоорондын хэд хэдэн хэлэлцээр, санамж бичигт гарын үсэг зурахаар тохиролцжээ. Монголчуудад олгох АНУ-ын визийн тогтолцоог хөнгөвчлөх саналыг айлчлалын үеэр тавих бололтой.
Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосон 20 жилийн хугацаанд хамтын ажиллагаа үнэхээр сайн хөгжиж байгаа гэдэгтэй хэн бүхэн санаа нийлэх байх аа. Нэгэн жишээ хэлэхэд бидний 20 гаруй мянган Монголчууд АНУ-д ирж ажиллаж амьдарч, “first generation” хүүхдүүд төрөөд арваад жил болжээ. Өөрөөр хэлбэл “Mongolian American” хүүхдүүд нь “Hi, Hello” гэсээр ерөнхийлөгчөө угтах нээ.
Америкийн Монголчууд авто засвар, барилга, цэвэрлэгээ, интернет, харилцаа холбоо, шуудангийн үйлчилгээ, тээвэр, хоол, хүнс, худалдаа, үл хөдлөх хөрөнгийн гээд олон салбарт бага ч атугай бизнесийн баттай эхлэл тавьчихсан, уншдаг ном сонин, үздэг телевиз, суралцдаг сургуультай, уралддаг, барилдаг баяр наадамтай, спорт тоглоомтой болчихсон, амьдрал ахуйгаа дээшлүүлсэн, эрдэм номд суралцсан, энэ орны бизнесийн төрөл бүрийн салбарт, янз бүрийн түвшинд хийсэн ажилтай, хэлэх үгтэй уулзах нээ.
Бас “харлаж” хавчигдахын зовлон, тарсан гэр бүл, санасан үр хүүхэд, харих буцахын эргэлзээгээ ч ярьсаар угтах буй заа.
Улс гэрийнхээ аж амьдрал, өнөө маргаашийн талаар халуун яриа өрнүүлж, “та нар минь овоо доо” гэж магтах нэгийг нь магтаж, “хүний газар нэрээ гэдэг” хэмээн заримыг чимхэж, санал бодлоо солилцож Америкийн Монголчуудтайгаа Ерөнхийлөгч уулзаж таарна.
Улсад иргэн, төрд албат хэрэгтэй. “Mongolian American” хүүхдүүд удахгүй аль орны иргэн болохоо шийдэх гэж байна. Унасан газар, хэл соёл, ахуй орчин бүгд Америк. Нөгөөтэйгүүр хөх толбот Монголын үр сад, энэ цагийн донсолгоонд амьдрал эрж бэдэрсэн, эх орон, дотно бүхнээ санаж бэтгэрсэн Монгол хосын хүүхэд ээ тэд. Америкийн иргэний харъяалал сонгож гэмээнэ өвөг дээдсийн, аав, ээжийн нутагтаа очих гэж, ах дүү, үеэл, хаялтайгаа уулзах гэж мордохдоо Монголын виза авах бололтой.
Иргэний харъяаллын асуудлыг хэрхэн зохистой шийдэх вэ? гэж олон хүн ерөнхийлөгчөөс асуух байх.
Төр, засгийн эрх ард түмний мэдэлд байх, тэр эрхээ сонгох, сонгогдох замаар хэрэгжүүлэхээр хуульд заасан. Гадаадад суугаа иргэд бүгд оршин суугаа орныхоо иргэн болчихоогүй. Сонгуулийн насны зуугаад мянган хүмүүс гадаадад гарсан албан бус тоо байдаг. Эдгээр хүмүүсийг сонгуульд оролцуулах боломжгүй тухай сүүлийн үед яригдаж байна. Хэрэв тэр үнэн бол “Хүний эрх эрх, чөлөөг дээдлэсэн нийгмийн тулгуур зарчим” зөрчигдөхөд хүрэхгүй гэж үү?, эсвэл “гадаадад гарсан иргэн нь хэн ч биш болж байна уу? гэж асуух хүмүүс гарна байх.
Урьсан эрхэм, ирсэн зочны яриа хөөрөө өрнүүлж, ажил хэргээ шийдэх завсараа амжуулаад авах “хүүхдүүдийн асуудал юу билээ” хэмээн “аавууд” боддог. Сэргэлэнтээд урьсан эрхэмдээ асуудал тавиад шийдүүлчих нь ч бий.
Үр хүүхдүүд нь эх хэл, түүх соёлоосоо суралцдаг, өвгөд хөгшид нь өдрөө тавтай өнгөрөөдөг, төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, түүх соёл, бизнесийн сурталчилгааг нутаг нэгтнүүддээ, гадаад түншүүддээ хүргэдэг Монголын соёл, бизнесийн төв барьж байгуулах асуудлыг уулзсан учирсан эрхэмүүддээ тавьж шийдүүлээсэй гэж хүсч байна.
Та тавтай морил.