2009-11-13
Навчин үг-2: Монгол Хүний Мөрөн Дээр Нар Жаргадаггүй болсон
  Бидний амьдран байгаа цаг үед хувь хүний, өрх гэрийн, улс орны амьдрал бүхэлдээ оволзон хувьсаж, Монгол орон  маань ахиж хөгжиж, Монгол  хэмээх модныхоо мөчир бүрт  гурван сая иргэн нь тархан ургаж, бас унаж өтөлж байна.  
   Амьдралд ойрхон цөөн баримт хэлэхэд дотоодоо хийж бүтээж байгаа зүйлийнхээ үнэ цэнийг нэгж хүндээ харьцуулвал   3000 доллар болж хориод жилийн өмнөхөөс даруй 13 орчим хувиар өссөн.
    Зөвхөн дотооддоо 2 тэрбум долларын хадгаламжтай, хүн бүр газартай, орон байртай, 400-гаад мянган автомашинтай болж Монгол хүн, айл өрхийн ахуй амьдрал ахиж  шинэ шатанд гарсаар байна.  Монголчууд өмчтэй болж 40 гаруй мянган компани, хувийн хэвшилийн байгууллагууд  улс орныхоо эдийн засгийн ачааны  80 хувийг үүрдэг болжээ.
    Түүнчлэн 30 орчим улс төрийн намд  хуваагдаж ,  2000 орчим иргэний нийгмийн байгууллагад нэгдэн,  200 орчим сонин хэвлэл, хорь гаруй  радио, телевиз, 1,7 сая гар утас,  үй олон интэрнет сайт, блогуудаар хэвлэн нийтлэж, үгээ хэлж, бүтээн туурвиж байна. Эрх чөлөөний амтыг мэдэрч байна. 
   Дотооддоо  чөлөөтэй зорчин нүүж шилжиж байгаагийн дээр  жилд 600 мянган иргэн хилийн дээс алхан “газар үзэж, нүд тайлдаг” болжээ.
   Нэмж хэлэхэд сүүлийн 20-иод жилд  дэлхийн 18 орон, олон улсын байгууллагаас 1.6 тэр бум долларын зээл,  20 орон, олон улсын байгууллагаас 1.5 тэрбум долларын буцалтгүй тусламж авсан авч эдийн засагтаа цугтгасан.
  Гэвч  ядуурал, ажилгүйдэл, хээл хахууль, шударга бус байдал,  баялагын тэнцвэргүй хуваарилалт гээд Монголыг маань олигтой ургуулж хөгжүүлдэггүй учир шалтгаан олон. 
   Угсаа гарвал,  нутаг ус,  хөрөнгө бэл, ашиг сонирхол дагасан хийгээд эрх мэдэл, мэдээлэлд ойр байсан хэд нь хурууны үзүүрээр баяжиж  бусад нь улны хөлсөө магнайдаа гартал зүтгээд хоногийн хоолоо залгуулах төдий амжиргааны эрс зөрүүтэй болсон. Монголын Статистикийн  газраас  2008 онд мэдээлэхдээ  “баян цөөнхөөсөө ядуу  ихэнхийнх нь хэрэглээний түвшин 7.1 дахин доогуур болж  баян хоосны  ялгаа  үлэмж болсон”  гэсэн нь үүний нэгэн нотолгоо.
   Хил гааль, цагдаа, шүүх, татвар, багш, эмч засаг захиргааны шат шатны түшмэдийн хүнд суртал, бодлогогүйдэл, сэтгэлгүйдэлийн төлөөс болгон 3 тэрбум долларыг авилгад  зарцуулагдсан гэдэг барим тавин тоо судлаачид хэлсээр байгаа.
    Газрын баялаг нь хэмжээлшгүй,  хүн ам нь гурван сая хүрэхтэй үгүйтэй цөөн ч бүтээсэн баялагаараа дэлхийн 190 орноос 140 орчимд жагсаж, энэ баялагыг нэг хүнд ногдох  байдлаар нь харьцуулвал баян орнуудаас 14 дахин, ойр хөрш орнуудаасаа 2-5 дахин доогуур байгааг  International Monetary Fund (IMF)  байгууллагын 2008 оны судалгаанаас харж болохоор байна.
  Жаргал, зовлонтой энэ цагийг давахаар  өөр, өөрийн  замаар зүтгэж, бас зугтаж явна.   Ургахын цагтаа нов ногооноороо  модноосоо  тасарсан навч шиг нэг хэсэг нь хийсч, нүүж байна.  Унаж төрсөн нутаг орон, умдаалж өссөн  ус  аршаанаа орхин  дотоодын цагаачид хот суурин  бараадан  хөлдүү мангараараа адлуулж явахад, арга боломжтой хэсэг нь  дэлхийн өнцөг булан бүрт тархан ажиллаж, сурч байгаагийн  зэрэгцээ  суурин амьдарч эхлэв.
   1990 оноос хойш нутаг орноо орхин нүүх үзэгдэл дэлхий даяар үлэмж ихэсч,  дэлхийн хүн амын гурван хувь нь  ажил амьдралын эрхээр  эх нутгаасаа цагаачлан гарч өөр газар оронд ажиллаж амьдарч байгаа тухай Олон улсын шилжилт  хөдөлгөөний байгууллагаас мэдээлжээ. 
     Янз бүрийн тоо баримтаас харахад сүүлийн хориод жилд 180 мянга орчим  Монгол хүмүүс, эдний 70 гаруй хувь нь 18-35 насны залуус амьдрал эрэн гадаадад гарч ажиллаж, сурч, амьдарч байна.  Тэд  “Солонгос, АНУ, Казакстан, Англи, Герман, Япон гээд дэлхийн 180 гаруй  орноос   Монголын Web  хуудсуудад хандаж  сэтгэлийн үгээ илгээдэг” гэнэ.  
    Төрж өсөх хүний жамыг дагаж зөвхөн АНУ-д жилд 400-гаад  Монгол хүүхэд төрдөг ба ойрын 5 жилээс энэ тоо  жилд 1000 хүрнэ гэж Монголчуудын цагаачлалын талаар судалгаа хийсэн нэгэн  илтгэлдээ дурдсан харагдана.  Өдий тооны монголчууд  өөр орнуудад төрж, өсч байгаа гэж таамаглаж байна. Гадаадын иргэдэд үрчлэгдсэн Монгол хүүхдүүд ч  цөөнгүй байдаг.
   Гадаадад гарсан монголчуудын 40 гаруй  хувь  нь гэр бүлийн гишүүдийнхээ хамт байдаг бол, жараад  мянган хүүхэд эцэг эхээ дагаж гадаад гарсан  мэдээ байдаг.
    Мөн сvvлийн арваад жилд 6000 орчим  Монгол хүн гадаадын иргэдтэй  гэр бvл болсон  ба тэдний 95 хувь эмэгтэйчүүд   гэсэн албаны тоо  байна.  2008 онд  1000 шахам Монголчууд гадаадын иргэнтэй гэрлэснээ бvртгvvлсэн нь өмнөх онуудаас огцом өссөн аж. 
  АНУ-ын цагаачлалын албаны гаргасан статистикээс харахад  зөвхөн 2008 оны байдлаар  61 Монгол хүн  ажиллахаар, 210 хүн  тус улсын иргэний  төрөл садан  гэж,  138 хүн  дүрвэгч,  орогнолын эрхтэйгээр энэ орны  оршин суугчдын эгнээд орсон байх юм.
   Гадаад оронд  ажиллах, сурахыг хүссэн,  гадаад гарч байгаа  Монголчуудын тоо буурах төлөвгүй.  Ээж ааваа дагаж гарсан хүүхдүүд харьшиж, “??- Mongolian” хүүхдүүд олноор төрж  “гадаадын Монголчууд”  улам л олон болж, төдий хэмжээний  Монголчууд  “..Харийн нутаг давчдаад...”  гэж дуулахаа болих нээ. 
   Өөрөөр хэлбэл гадаадад гараад  явчихсан хүмүүсийн 60 гаруй хувь нь тодорхойгүй хугацаагаар суугуул нутагтаа үлдэн гал цогтой насаа үгтээж, “гадаадын Монгол” хүүхдүүдэд эцэг өвгийн нутаг нь харийн мэт  болж  байна.
  Гадаадад гараад явсан Монголчууд маань байр  сууриа олохын хэрээр суугуул нутгийнхаа  амьдралын хэв маягт дасч   нутаг буцах бодлоо тодорхойгүй хугацаагаар хойшлуулсаар байна.    Гадаадад  суурин амьдардаг Монголчуудын тоо ойрын жилүүдэд  нийт хүн амын  дөрөв орчим хувьд хүрэх төлөвтэй.      Нэгэн жишээ дурдахад “Замдаан”  интернет   сэтгүүлийн нүүрэнд гарсан   “Хэрвээ та гадаадад суугаа бол  эх орон руугаа  хэзээ буцах  гэж байна”  гэсэн  интэрнет судалгааны хариулт ихэд сонирхол татсан юм. Судалгаанд хандсан  115 хүний   74 нь   буцах бодолгүй, нэг хэсэгтээ баймаар байна гэжээ. 
  Монгол хүмүүс дэлхийн энгээр тархан амьдарч, Монгол хүний мөрөн дээр нар жаргахгүй болжээ. 
  Гадаадад  олон жил амьдарч байгаа эхэн үеийн Монгол цагаачид амьдрах арга, олох мөнгөнийхээ хэмжээг хэдийн тогтоожээ.   Хар бор гэж гололгүй  ажиллаж, олсныхоо хэрээр сайхан амьдраад яваа олон. 
   Эрдэм чадалтай хэсэг нь   Yahoo, Google, Microsoft гээд цахим  техникийн аваргууд,  Томоохон банк, Олон улсын байгууллагууд, Их дээд сургууль,Эрдэм шинжилгээний байгууллага, төрөл бүрийн компани, олон нийтийн байгууллагууд, эрүүл мэнд, боловсрол, хөгжим, соёл урлаг ер бүхий л салбарт  оршин  суугаа орныхонтойгоо мөр зэрэгцэн ажиллаж  байна.   Энэчлэн өндөр хөгжилтэй, хөгжиж байгаа орнууд цагаачдыг урин татаж хүн амаа өсгөж, боловсон хүчний чадавхиа сайжруулж улмаар эдийн засгийн өсөлтөө хангадаг. Гэтэл  орхиод нүүсэн эх оронд нь ажиллах хүчин, чадавхи бүхий мэргэжилтний  дутагдал  "Brain Drain" хэмээх үзэгдэл  бий болохын зэрэгцээ хүн амын өсөлтад сөргөөр нөлөөлдөг  гэдэг.   
   Гадаадад гараад явсан  үр хүүхдээ, аав ээжээ, төрөл саднаа, Монгол хүнээ үнсэж үдсэн өдөр байхад  угтаж  уулзах  өдөр ирнэ гэж  хүлээж байгаа.
  Үүний нэгэн тод илрэл Засгийн газрын тэргүүн гадаадад гарсан Монголчууддаа хандаж захидал бичиж “Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” юм.  Олж авсан боловсрол, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай  хэсгийн төлөөлөл гэж хүндэлдэг”.
  Нөгөөтэйгүүр “хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ. Тэр цагт хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна”  хэмээн хүлээж байгаагаа ч  хэлсэн.
   “Газраасаа ховхорсон чулуу,  нутгаасаа нүүсэн хүн гурван жилд байраа олдог”  гэж хэлцдэг ч  бөмбөрцөг дэлхийн  энгээр ажил, амьдралын мөр хөөж яваа анд минь  “Би Монгол орноороо дутах  уу?”  гэж өөрөөсөө нэг  асуугаарай.

Д.Бишүүгарам
Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 03:32 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


гоё шүү ,сайхан мэдээлэл байна.
Бичсэн: upshot цаг: 21:35, 2010-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 689 удаа уншигдсан.







:-)
 
xaax