2009-01-15
Чиний, Миний, Тусгаар Улсын маань Бэлгэдэл

   

Даян дэлхийн улс бүр түүх уламжлал, ард түмнийхээ  үзэл сэтгэлгээг шингээсэн бусдаас ялгарах бэлгэ тэмдгийг онцгойлон  гаргаж туурга тусгаар, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдэлээ илэрхийлдэг.

    

    Манай  орны  тусгаар тогтнол, эрх чөлөөний  шинэхэн үйл явдлууд 1911, 1921, 1989, 1991 оны  өвлөөр  өрнөж, түүний үр биелэлийг нь та бид хүртэн  туурга тусгаар улс гэртэй, нэгэн сүлд, бэлгэдлийн  дор нэгдэн амьдарч байна.

   Тэр тусмаа  1992 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр батлагдсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль нь шүтэх бишрэх, хэвлэн нийтлэх,  оршин суух нутаг орноо чөлөөтэй сонгох, гадаадад зорчин явах  гэх мэт эрх, эрх чөлөөг иргэддээ олгож,  төр засаг, нийгэм, эдийн засгийн  коммунист тогтолцоог бүхэлд нь өөрчилсөн   билээ. 

 

  Шинэ Үндсэн хууль  батлагдсан өдөр тохиож байгаатай холбогдуулан Монгол хүн  бүрийн ашид дэвшихийн бэлгэ, ерөөлийг шингээсэн  Монгол Улсын сүлд, туг, далбаа,  төрийн   тамга, төрийн дуулал хэмээх цогц бэлгэдлийн талаар мэдээлэл бэлтгэлээ.

      

Төрийн далбаа

 

   Алтан соёмбот төрийн далбаагаа  янз бүрийн хэлбэр хэмжээтэйгээр хийж  гэрийнхээ хойморт, бичгийн ширээндээ, ёслол цэнгээндээ, машиндаа байрлуулж, найз нөхөддөө дурсгал  болгон үлдээдэг.   Монголын далбаа олимпын тэнгэрт мандахад бүгд л мэлтэрсэн нулимастай зогссон бизээ.  Өөрөөр хэлбэл төрийн бэлгэдлээс бидний хэрэглээнд  хамгийн ойр нь  төрийн далбаа  санагддаг.

    

   Таны хүү, охин Америкийн далбаа улаан, цагаан хосолсон  арван гурван судалтай   зүүн дээд талынхаа  хөх дэвсгэр дээр тавин одтой  байхад  таны гангараад байгаа энэ далбаа зөвхөн улаан,  цэнхэр,  улаан  өнгөтэй,   бас од байхгүй байна  гэх мэтээр ярилцах вий. 

 

   Монгол Улсын маань төрийн далбаа улаан, хөх, улаан  өнгө хосолсон өнгөний хоршилтой, далбааны ишин талын  улаан дэвсгэрийн төв  хэсэгт  соёмбо үсэгтэй  байдгийг хэн хүнгүй мэднэ.  Төрийн  далбааны дундах хэсэг нь   өнө мөнхийг,   түүний хоёр  талын  улаан өнгө нь ашид мандан бадрахыг илэрхийлдэг   ажээ.

 

    Монгол  Улсын төрийн бэлгэдэлд хүндтэй байр эзэлж  төрийн далбаа, төрийн сүлд, та бидний иргэний үнэмлэх, паспортанд хүртэл заларсан нэгэн чухаг тэмдэг бол Өндөр гэгээн Г.Занабазар абугайн  зохиосон Соёмбо үсгийн Цагаан толгойн  эхлэл, төгсгөлийн  тэмдэгт-үсэг  билээ.   

 

     Соёмбо  тэмдэгийг  улс төр, шашин, урлаг соёл, хүмүүний судлал гээд олон  талаас нь  тайлбарласан байдаг. 

     Соёмбод  ертөнцийн үүсэх эх сурвалж хий, гал, шороо, ус гэсэн язгуур махбодуудыг дор нь байрлуулж, сав ертөнцийн оршлыг бэлгэдсэн шороо, ус, гал, хий огторгуйг дээр нь дүрслэн, дунд нь шим ертөнц буюу хүний арга билгийг дүрсэлдэг  гэж үздэг байна.

    Түүнчлэн  Соёмбо үсгийн билгэдлийг эцгийн цагаан дусал, эхийн улаан дуслаас энэ заяанд төрөөд,  хайр, энэрэлтэй, эрүүл энх, аз жаргалтай хүмүүн таныг  бэлгэдсэн  хэмээн  тайлсан нь бий. Мөн  Соёмбын дээд талд нь айл өрх, улс хотлоороо өнгөрсөн-одоо-ирээдүйд үүрд мандан бадрахыг билэгдэл галыг, Нар Сар нь монголын ард түмэн цэцэглэн хөгжих, Гурвалжин нь сум мэт хурц эрэмгий байхыг, Дундах загас нь өнөр өтгөн, сонор соргогийг, Хажуугийн босоо шугам нь хэрэм мэт бат бөх байхыг төсөөлдөг  гэжээ.

  
   Гэгээнтэн Соёмбо үсгийнхээ
эхэн тэмдэгтээ загас ба нарыг хүрээгээр дүрсэлсэн байхад  төгсгөлийн  хэсэгт хүрээгүй цул өнгөөр дүрсэлсэн аж. Одоогийн төрийн бэлгэдэлдээ оруулж  залсан  дүрс нь соёмбо  үсгийн цагаан толгойн төгсгөлийн  тэмдэг байх агаад энэ нь  оновчтой  эсэх талаар судлаачид санал бодлоо хэлсэн харагддаг.

   Өндөр Гэгээн мянган бурханы тамга хэмээх ариун  бэлгэдлийн  төв  хэсэгт байх    дүрслэлүүдийг Соёмбодоо оршоон  бүтээж  Монгол  хүн бүрийн магнай дээр  цог хийморийг тань илтгэн мандаж байхын ерөөл талбисан “их өв” юм  гэнэ лээ хэмээн ахмадууд ярьдаг.  Энэ ч учраас Соёмбыг 1911 оны үндэсний  эрх чөлөөний хөдөлгөөний үеэс эхлэн  төрийн далбаа,  сүлдэндээ  байрлуулж ашид мөнхийн эх орондоо цаг, цагийн эргэлтэд амар амгалан, эрүүл саруул, цог  хийморьтой байхын  бэлгэдэл болгон  дээдэлсээр  байна.

 Төрийн Сүлд

  Өнөөгийн бидний дээдэлж байгаа сүлдийг 1992 оны шинэ Үндсэн хуулийн хүрээнд  хэлэлцэн  баталсан.

  Төрийн сүлдний суурийн бадам цэцэг нь ариун  цагаан сэтгэлийн, хүрээний түмэн насан хээ нь төгсгөлгүй  үргэлжлэн дэлгэрч байхын  бэлгэдэл   агаад  хөх өнгийн суурь нь  өнө мөнх тэнгэрийн бэлгэдэл гэдэг.

  Сүлдний төв хэсэгт дэх Алтан соёмбо,  хүлэг морины хослол бол   Монгол Улсын тусгаар тогтнол,  бүрэн эрхт байдал, цог хийморийн  бэлгэдэл ээ. Төрийн сүлдний энэ  дүрслэл эрдэнийн хүлэгээ унасан  алтан хэвнэгт Монгол баатар мэт “хийсвэрлэл” санагддаг.

     Сүлдний магнайн хэсэгт  байх чандмань эрдэнэ эрт, эдүгээ, ирээдүй гурван цагийн  бэлгэдэл бол  доод хэсэг дэх  ногоон өнгийн уулан хээ нь  эх орон, газар нутгийн маань бэлгэдэл.  Монгол орон, иргэн бидний ашид дэвшин хөгжих  өлзий хутаг оршсон хүрдийг  дүрсэлж   хадгаар сүлжсэн  байдаг.

   Бусад улс орон төрийн сүлдэндээ юу оруулж  дүрсэлсэн байдаг бол гэж  анзаарч  ажиглаваас  сүр хүчний бэлгэдэл болгон арслан, бүргэд, шонхор,  титэм, эв эеийн, өсөн дэвжихийн бэлгэдэл хүрд, амуу буудай,  оливын мөчир,  навч, илд бамбай, загас, итгэл бишрэлийн бэлгэдэл болгон хэрээс, гэрэл,  газар нутгийн билэгдэл уулс, ус, эрдэм оюуны билэгдэл ном, бичиг  дүрсэлсэн байдаг.   Их Британи, Швейд, Болгарын төрийн сүлд маш олон дүрслэлтэй бол Германы төрийн сүлд шар дэвсгэр дээрх улаан хошуу,  хөлтэй хар шувуу байх юм.  Итали, Франц, Туркийн төрийн сүлд ч гэсэн олон дүрслэлгүй энгийн.  

    Харин  Израли, Бутан, Тайланд зэрэг орон шашны билэгдлээ  төрийн сүлдэндээ  түлхүү залсан байдаг.   Англи, АНУ, Франц гэх мэт  орнуудын нөлөөнд байсан улсуудын төрийн сүлдэнд дээрхи орнуудын  төрийн бэлгэдлийн нөлөө  илүүтэй туссан  нь ажиглагддаг.  Манай  сүлдний суурийн хэсэг бадам цэцэг  Бутан, ОХУ-ын нэгэн субъект  Халимагийн төрийн сүлдэнд байдаг бол  соёмбын сар, нар, галын бэлгэдэл  Оросын Буриадын  сүлдэнд орсон байх юм. Казакстан төрийн сүлдэндээ  гэрийн тооно, унь, далавчтай морины хослол дүрсэлжээ

   Манайхан Төрийн сүлдээ бишрэн дээдлэхийн зэрэгцээ  түүнд орсон дүр, дүрслэлийг дэндүү  олон агуулга, бэлгэдэлтэй,  тасархай модон морь” шиг хэмээн шүүмжлэн ярьж,  бичдэг.

  Бусад орны төрийн сүлдэнд бидний нүдэнд дасаагүй солгой сондгой зүйл  олон  байдаг. Тухайлбал: Эвэртэй морь,  харваач  бар, дэвүүртэй арслан,  салаа толгойтой бүргэд, уйланхай матар, тарган гөрөөс, тасархай гар, гинж,  үхрийн толгой,  Буратиногийн түлхүүр, асгарсан мөнгө,  буу, шийдэм,  алх балт, алтан ордонг  төрийн сүлдэндээ дүрсэлсэн, энх тайван, аз жаргал, бурхан-миний эх орон гээд  бичсэн нь ч бий.  

    Төрийн сүлд нь тухайн орны  хөгжил дэвшил,  ард олны  хүсэл тэмүүлэл, бишрэл,  төр, засгийн  байгуулал гээд олон зүйлийг агуулсан өөр, өөр  дүрслэл, агуулгатай байдаг.  Манай төрийн сүлд ч Монголын гэсэн онцлогтой, монголчуудын хүсэл тэмүүлэл, итгэл бишрэлийг агуулсан өвөрмөц  бэлгэдэлтэй билээ. 

    Төрийн туг

  Эзэн Чингис  хааны үеэс уламжлалтай есөн хөлт Их цагаан туг нь   төрийн туг бөгөөд Монгол Улсын  төрийн хүндэтгэлийн бэлгэдэл юм.

    Есөн хөлт  цагаан тугаа  Голын цэнгэлдэх хүртэл цэнгүүлэн авч явах,  цэнгэлдэх хүрээлэн дэх сууринд нь хүндэтгэн залах ёслол Монгол хүн бүхэнд  омогшил  авчирдаг буй заа.

 

  Төрийн тугийг  Монголын  бүхий л адуун сүргийн  дотроос  шилж  олсон сүргийн манлай цагаан зүсмийн азарганы  80 см-ээс дээш урттай  дэл, сүүлээр зөвхөн ганц хувь үйлдсэн ажээ.   

 

  Төрийн туг нь Их цагаан туг,  түүнийг тойрсон хөл тугнуудын цогц юм.   Их цагаан туг нь  сэрээ хэлбэрийн ган гилбэртэй,  түүний үзүүрт дүрэлзэн асч  байгаа галын  билэгдэлтэй алтан дүрстэй,  гилбэр нь  цэцгийн дэлбээ бүхий  алтадсан суурьтай, тугийн гилбэр суурийг холбосон  бат бэхийн бэлгэдэл хос  ган гархитай  байдаг. Харин хөл тугнууд нь ган гилбэртэй, гилбэр нь цэцгийн дэлбээ бүхий алтадсан суурьтай.

  

  Төрийн туг нь шаргал  өнгийн хоргойгоор хийсэн  4 хэлт манжлага бүхий  бүслүүртэй бөгөөд бүслүүр, хэлийн уулзвар дээр зэс хөөмөл толь  байрлуулсан байдаг.   Төрийн туг нь  хус модон иштэй. 

 

   Төрийн тугийг  газарт хүргэлгүй хүндэтгэн дээдэлдэг бөгөөд төрийн ордонд Монголын орны бүхий газар нутгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан  шаталсан хэлбэртэй, хот, улсын бэлгэдэлтэй тусгайлан зассан сууринд залсан байдаг.

 

 

Төрийн тамга

 

Нэгэн цагт  бидний хаад  “Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далай хааны зарлиг ил болгон иргэн дор хүрвээс  биширтүгэй, аюутугай”  хэмээсэн дардас  бүхий  хаш эрдэнийн тамга  барьж төр ёсны  сүрийг илтгэж явсан билээ.

 

 Өдгөөгийн  Монгол  Төрийн тамга нь цул мөнгөөр хийсэн, хүчирхэгийн билэгдэл   арслангийн дүрсэн бариултай,  дөрвөлжин суурьтай.   Төрийн тамганы дардасны төв хэсэгт  Төрийн сүлд, сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичгийг Монгол бичгээр  эвхэж бичсэн,  тамганы дөрвөн өнцөгт  бат бэхийн бэлгэдэл түмэн насан хээ  байрлуулсан  байдаг.

   Төрийн тамгыг Үндэсний хээ бүхий Зандан модоор хийсэн  хайрцагт  хүндэтгэн байрлуулдаг.

 

  Монгол төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж Монгол Улсын Үндсэн хууль,  бусад хууль, дипломат харилцааны болон  олон улсын гэрээ гэх мэт төрийн онцгой чухал баримт  бичигт   батлан дардаг  байна.

 

Монгол Улсын  Төрийн Дуулал

 

Дархан манай тусгаар улс

Даяар Монголын ариун голомт

Далай их дээдсийн гэгээн үйлс

Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

 

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Хатан зориг бүхий л чадлаараа

Хайртай Монгол орноо мандуулья

 

Өндөр төрийн минь сүлд ивээж

Өргөн түмний минь заяа түшиж

Үндэс язгуур, хэл, соёлоо

Үрийн үрд  өвлөн бадраая

 

Эрэлхэг Монголын золтой ардууд

Эрх чөлөө жаргалыг эдлэв

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур

Жавхлант манай орон мандтугай.

 

    Энэхүү төрийн дуулалын үгийг Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн, аялгууг нь  Төрийн соёрхолт  хөгжмийн зохиолч  Билгийн  Дамдинсүрэн,  Төрийн соёрхолт хөгжийн зохиолч    Л.Мөрдорж  нар бичсэн агаад  2006 оны 7 дугаар сард зарим засвар оруулан  мөрдөж  байгаа хүчин төгөлдөр эх  юм. 

 

    Монголчууд төрийн ёслолын эртний уламжлалтай.   “Эртний сайхан” хэмээх  уртын дууг   Эзэн  Чингис хааны үеийн төрийн дуулал буюу төрийн найрын эхлэл дуу  гэж  дурдсан  байдаг.  Энэ  дуунд:

 Эртний сайхан ерөөлөөр

 Энэ сайхан оронд

 Эзэн Богд Чингис хааныхаа

 Язгууран ээц язгуураас бүрдвээ хөө...

 

 Хамаг номын рашааныг

Ханахын дээдээр хүртээд

Хаан эзэн Чингисийн өмнө

Хамаг бүгдээрээ  жаргая    гэж  дуулдаг  гэнэ.

 

  Тэгвэл  1920-иод оноос 1990 оны эхэн хүртэл Монголчууд бид төрийн дуулалдаа юу гэж өгүүлдэг байсан  нь танд сонирхолтой байж магад.

 

“Монгол Интернационал” хэмээх дуулалд

 Бүх дэлхийн ард түмэнд

  Бүрэн эрхийг олгогч Интернационал

  Бүдүүлэг ядуу ард түмнийг

  Гэгээнээр удирдагч Интернационал ...

 

 Эдгээр олон зовлонтон нар

 Эв хамтын Интернационалд нэгдэж

 Эрчимтэй ангийн чанарыг баримтлан

 Эзэрхэг баячуудыг эсэргүүцье   гэж дуулдаг байжээ

 

Тэгвэл 1940-өөд оны төрийн дуулалд:

Ачит Ленин, Сталины заасан

Ардын чөлөө жаргалын замаар

Агуу Монгол орноо удирдсан

Ачит Сүхбаатар, Чойбалсан

Хамаг дэлхийн шударга улстай

Хамтран нэгдсэн эгнээг бэхжүүлж

Хатан зориг бүхий  чадлаар

Хайрт Монгол орноо мандуулья... гэж

 

1960 –аад оноос

 Ачит нам алсыг гийгүүлж

Хүчит түмэн улсыг хөгжүүлж...

Зөвлөлт оронтой заяа холбож

Дэвшилт олонтой  санаа нийлж...

Мандах коммунизмыг цогтой зорьсон

Сайхан Монголын цэлгэр орон

Саруул хөгжлийн дэлгэр гүрэн

Үеийн үед энхжин бадартугай

Үүрдийн үүрд батжин мандтугай ...  гэж  тус тус дуулдаг байжээ.

 

 

  Төрийн сүлд өршөө

  Яруу тунгалаг дуулал нь эгшиглэж,  алтан соёмбот далбаа нь   намирах ахуйд  омогшил, туурга тусгаар улс гэртэйн бардамнал, Монгол гэдэг бахархал цээжинд бадраан  энэ дэлхийн хаана суугаагаас үл хамааран нэгтгэдэг их хүчин Эх нутаг минь  биднийг ивээж байг ээ.  

 

Д.Бишүүгарам

Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 05:21 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(4)
Сэтгэгдэл:


дажгүй олж мэдье гэсэн мэдээлэл байна, Түүхэнд тэмдэглэн үлдээснээр Богд хаан ЗХУ-ын үеийн төрийн дууллыг сонсоод улс түмэн чинь ийм дуутай юм байна гэж бодоод Петрбургаас 1 мэргэжлтэнг явуулахыг гуйсан гэдэг, оросоос ирсэн Мэргэжилтэннэрийг мартжээ ирээд дуу зохиож өгөөд Богдийн 4р зэргийн одонгоор шагнуулсан гэдэг.Буяннэмэх гуайн интернациональ-монгол интернациональ болсон санагдлаа. гоё шүү
Бичсэн: upshot цаг: 21:47, 2010-12-04 | Холбоос | |


зочин гэж ороод биччихжээ...
Бичсэн: xvv цаг: 12:29, 2009-01-15 | Холбоос | |


Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхжинө

Энд даяар Монголын голомт гэсэн үг орсон байдаг юм байна, урьд нэг их анзааралгүй л дуулдаг байжээ.

Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж

Энд нэгдэх гэдэг үг хуучирсан байхаа. Хуучин Оросод нэгдсэн байхдаа энэ үгийг хэрэглэж байсан болов уу. Нэгдэх, нэгдүүлэх гээд харвал.

Хамаг Монголын шударга түмэн
Хамтран нэгдэж эвээ бэхжүүлж
Хатан зориг бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулья

г.м утгатай байвал илүү болох мэт. Харин дараагийн бадагтаа бусад улстай эвтэй зэрэгцэн оршихыг илэрхийлбэл зүгээр болов уу.

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж

Энэ 2 мөр нэг л тийм хийсвэр, төр сүлд, заяа гэсэн шашины мөрөөдөл мэт үгс санагдсан. Төр нь тээр өндөрт ард түмнээсээ хол байдаг ч юм шиг.

Үндэс язгуур, хэл, соёлоо
Үрийн үрд өвлөн бадраая

Энэ их гоё үг гэсэн ч хэрэгжихгүй л байна. Нөгөө өндөр төр маань энэ талаар одоог болтол ямар ч дорвитой зүйл хийхгүй л байна даа. Бас өвлүүлэн гэх ёстой байх. Өвлөх гэхээр арай л утгын алдаатай мэт?

Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв

эдлэв гэсэн өнгөрсөн цаг дээр дуусчихаж байгаа нь харамсалтай юм. Монгол хүн амны билгээр гэдэг төрийн дуулалдаа ингэж хэлмээргүй. эдлэнэ, эрхэмлэнэ гэх мэт ирээдүйд үргэлжлэх хэлбэрээр хэлмээр мэт бодогддог.

Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай.

Энэ бас л нэг л тийм хийсвэр. Юуны ч хөгжлийн тулгуур юм? Аль нэг улсын л хөжлийн тулгуур нь манай улс ч юм шиг? Үүнийгээ уг нь эргээд нэг хармаар л байгаа юм даа. Уг нь интернет г.м байдлаар нээлттэй хэлэлцүүлэг энэ тэр явуулж хүмүүсийн шүүмжлэл зэрэгт тулгуурлаж олон талаас бодож байж зохиомоор юм шиг...
Бичсэн: Зочин цаг: 12:28, 2009-01-15 | Холбоос | |


Сүүлийн дуунуудад зарим нь их инээдтэй санагдав.
Эртний сайхан дуунд Эртний түүх уламжлал, язгуураа магтан, эрдэм номыг жаргалыг авчрагч хэмээн магтан дуулж оруулсан буй нь гайхалтай юм анх удаагаа энэ талаар сонслоо. Сайхан мэдээлэл оруулж байгаад баярлалаа.
Ер нь түүх соёл уламжлалаасаа саарыг нь гээж сайныг авч явж байж л бүх зүйл хөгждөг байх. Эволюць хөгжил ч тэгж явагддаг байх...
Бичсэн: Зочин цаг: 12:13, 2009-01-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 1101 удаа уншигдсан.







:-)
 
xaax