Калифорни мужийн Пасадина хотноо 1890-ээд оноос эхлэн жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд уламжлал болон явагдаж байгаа “The Tournament of Roses Parade” шоу уралдаанд Монголчууд анх удаагаа оролцохоор бэлтгэл ажилдаа орсон байна. Энэ тухай тодруулж Лос Анжелес орчмын Монголчуудын Холбооны тэргүүн Д.Дашдоржтой ярилцав.
Пасадинагийн Сарнайн парад хэмээх энэ арга хэмжээний утга учрын талаар ярина уу?
1890-ээд онд Pasadena хотын нэгэн клубээс санаачилж Шинэ жилийн эхний өдөр Америкийн зүүн эргээр цасаар шуурч байхад Калифорнид цэцэг дэлбээлж, жимс ногоо боловсорч байгаа гайхамшгийг үзүүлэх зорилго, өөрсдийн нүүж ирсэн шинэ газар нутгийн зөөлөн дулаан уур амьсгалаар бахархах хүслээр анхлан зохион байгуулсан гэдэг.
Нөгөө талаараа шинэ жилийн эхний өдрийг угтах баяр юм. Энэ нь улам өргөжсөөр өнөөдөр Калифорний хотууд, АНУ-ын бусад муж, дэлхийн улс орнуудын соёл, заншил, уламжлал, ирээдүйг зөвхөн сарнай цэцгээр чимэглэн үзүүлсэн асар том явдаг байгууламж, marching band, морьтнуудын үзүүлбэр бүхий нийтийг хамарсан уралдаан наадам болсон.
Энэ жил 120 дахь удаагаа зохиогдож байгаа. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.tournamentofroses.com дээрээс сонирхоорой гэж хэлмээр байна.
Энэ арга хэмжээнд Монголчууд оролцохын ач холбогдолыг юу гэж үзэж байна?
Монгол орон маань баялаг түүхтэй, баян байгальтай, хөгжил дэвшил рүү явж байгаа шүү дээ. Ер нь Монгол орны талаархи асар том сурталчилгааны ажил гэж бодож байгаа.
Зөвхөн энэ уралдааныг үзэхээр жил бүрийн энэ баяраар сая орчим хүн ирдэг гэсэн тооцоо байдаг юм билээ. Америкт ABC, NBC, Univision, HGTV, Travel Channel, Discovery KTLA зэрэг сувгуудаар шууд дамжуулж 60 сая гаруй америкчууд шууд үздэг. Мөн түүнчлэн дэлхийн 150 оронд дамжуулдаг. Тэгэхээр бид оролцсоноор дэлхий даяараа Монгол орны тухай илүү мэдүүлэх, манай орныг сонирхох жуулчид, хөрөнгө оруулагчдын сонирхол нэмэгдэх ач холбогдолтой.
Энэ арга хэмжээнд Америкийн Монголчууд ч гэсэн анх удаагаа оролцох гэж байшаа нь түүхэн завшаан юм. Энэ арга хэмжээнд төслийн шатнаас дуустал нь оролцож байгаа Монгол хүмүүс, хамт олон, Rose parade-д оролцож буй хэсгийг бүхэлд нь хамруулсан тусгай нэвтрүүлэг хийж Монголын TB ээр гаргана.
Өмнөх жилүүдийн парадаас харахад үндэстэн бүр өөрийн онцлогийг харуулсан машид чамин цэцгэн байгууламжуудтай жагсаж байгаа харагддаг. Энэ арга хэмжээнд Монголын ямар онцлогыг харуулахыг зорьж байна?
Энэ удаагийн уралдаанд Их эзэн Чингис хаан шар хөллөсөн их гэр тэргэн дээрээ хатад болон баатруудын хамтдаар явж байгаагаар дүрсэлсэн асар том сарнай цэцгийн байгууламж хийж оролцох юм. Манай байгууламж нь 55 feet урттай бөгөөд бусад байгууламж дотроо хамгийн томд нь орж байгаагаараа онцлог.
Мөн байгууламжийн 2 талаар Монголчууд бид морьтон баатрууд, монгол ноёд хатад, бөө гэх мэтээр Монголын уламжлалт болон үндэсний хувцастай дуулж бүжиглэж, жагсаж явах юм. Зураг дизайн бэлэн болсон бөгөөд цэцгийн байгууламжаа хийгээд эхэлчихсэн байгаа.
АНУ-д төвтэй WinWheelBullion хэмээх үл хөдлөх хөрөнгө оруулалтын компани энэ арга хэмжээний зохион байгуулалтын сайхан санаачлагыг гаргаж Чингис хааны гэр тэрэг бүхий өөрөө явдаг сарнай цэцгэн байгууламжийг хийх зардлыг гаргаж байгаа. Тус компани Замын Үүдэд олон улсын жишигт хүрсэн эдийн засгийн чөлөөт худалдааны бүсийг барьж байгуулж хөгжүүлэх гэж байгаа юм билээ.
“Rose parade”-тай холбоотой хийх ажил их байгаа гэж байна. Монголчуудынхаа тус дэмийг хэрхэн авч ажиллах вэ?
Энэ арга хэмжээг зохион байгуулахаар Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо, WinWheelBullion компаний хамтарсан ажлын хэсэг ажиллаж байгаа. Монголчууд бидний зүгээс хийх ажил нилээд байгаа. Тухайлбал энэ арга хэмжээнд оролцох манай байгууламжийг сарнайгаар чимэглэхэд туслах хүмүүсийг авч ажиллуулна. Түүнчлэн жагсаалд оролцох 16 аас дээш настай эрэгтэй, эмэгтэй монголчууд мөн бүжигчид, загвар өмсөгчид, урлагийнхантай холбоо тогтоож хамтран ажиллах шаардлагатай байгаа.
Монгол орон, түүх соёлоороо бахархдаг хэн бүхэн тэр тусмаа манай Лос Анжелес орчмын Монголчууд энэ арга хэмжээг дэмжиж, хамтран ажиллана гэж найдаж байгаа. Түүнчлэн Америкт суугаа урлаг соёлын зүтгэлтнүүд, ажил хэрэгч хүмүүс ч энэ арга хэмжээнд ач холбогдол өгч хамтран ажиллаасай гэж уриалмаар байна.
Энэ арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтран ажиллах, оролцох сонирхолтой хүмүүс бидэнтэй 323 316 7100, 213 271 5057, 310 425 9052, 310 938 8295 гэсэн утсуудаар холбогдоорой.
Та бүхний ажилд амжилт хүсье.