АНУ-ын Иллонес мужаас сонгогдсон сенатор Барак Хусейн Обама Ардчилсан намынхаа сунгаанд тэргүүн хатагтай асан, сенатор Хиллари Клинтоныг ялж Ерөнхийлөгчийн суудлын төлөө Бүгд Найрамдахчуудын төлөөлөгч Ж.Маккейнтэй өрсөлдөхөөр тодров.
Обама хэмээх эрийн угсаа гарвал, уг үндэс, ажил амьдралын туршлага нь өрсөлдөгчид, нийтийн дунд шуугиантай асуудлын нэг байсаар ирлээ.
Удам судар
Монголчууд “Сайн хүний үр, Сүүт гүүний унага” гэмээн хэлцдэг.
Обамагийн эцэг Зүүн Африкийн Кени Улсын Lio овогтон, аавынхаа фермд мал маллаж, ногоо тарьж өссөн, Хавайн Их сургууль, Харвардын Их сургуульд тэтгэлэгтэй суралцаж эдийн засгийн Докторын зэрэг хамгаалж, хожим Кенийн Засгийн газрын томоохон түшмэлийн алба хашиж байсан Барак Хусейн Обама(Jr) хэмээх нэгэн байсан юм билээ. Тэрбээрт үзэл бодолдоо үнэнчээс болж ажилгүй, архичин болох дөхөж, олж явсан сайн боловсролынхоо ачаар нягтлан хийж амиа аргацааж байсан цаг ч байсан гэдэг. Аавынхаа тухай сенатор Обама “Dreams from My Father” номондоо ихэд дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг.
Тэгвэл өвөг эцэг Хусейн Онюанго нь тухайн үед колончилж байсан Англичуудыг дагалдан ажиллаж, суралцаж, сүүлд цэргийн зүтгэлтний үйлчлэгч байжээ. Өвөг эцэг нь Ази, Европийн хэд хэдэн орноор үйлчлүүлэгчээ дагалдан явж газар үзэж нүд тайлсан, ойр тойрныхондоо ажил амьдралаа хөтлөн явуулах шинэ арга ухааныг зааж сургасан нэр хүндтэй, бас ч үгүй өөрийнхөөрөө зөрүүд нэгэн байсандаг. Нилээд хожуу өөрийн фермтэй болсон ба одоо ч тэдний үр удмынхан тэндээ амьдарсаар байгаа гэнэ. Тэрээр гурван ч удаа гэрлэсний нэг, найздаа нилээд сүй бэлэг барьж өөрөөсөө олон насаар дүү охинтой нь сууж хүү төрүүлсэн нь хожмын сенаторын эцэг гэнэ.
Обамагийн эцэг ч бас нутгийн уламжлалаа дагаж хэдэнтээ гэрлэсэн, арваад хүүхдийн аав, тэр тусмаа Обамагийн ээжийг оролцуулан хоёр ч Америк бүсгүйтэй дэр нэгтгээд авсан байдаг.
Обамагийн ээж Анн Дунхам Станли Канзасийн уугуул, Хавайн суугуул айлын ганц охин, жинхэнэ Америк бүсгүй. Түүний дөрөв дэх дээд үеийн өвгүүд нь Шотланд, Ингландаас цагаачлан Америкт ирсэн аж.
Хавайн Их Сургуульд суралцаж байсан Анн Дунхам Станли ахлах ангийнхаа оюутан Африкийн цоглог залууд унан дурлаж улмаар хорь хүрээгүй насандаа түүнтэйгээ гэрлэжээ. 1960-аад онд цагаан арьст эмэгтэй Африкийн хартай гэрлэнэ гэдэг дэг ёсыг зөрчсөн явдал байсан бизээ. “The Village Voice” хэмээх кинонд гардаг үйл явдал Африк залууг дурлалын хан хүүгээрээ сонгоход ихэд нөлөөлсөн гэж Анн бүсгүй хүүдээ хуучилсан байдаг.
Романтик дурлалынхаа хүүг төрүүлсэн нь өдгөөгийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгчийн суудлын төлөөнөө өрсөлдөгч Б.Обама билээ.
Анн, Африкийн залуу хоёрын амьдрал удаан нийлсэнгүй. Хавайн Их сургуулийг төгссөн Африк залуу АНУ-ын нэр хүндтэй сургуульд үргэлжлүүлэн суралцахаар хэд хэдэн өргөдөл гаргажээ. Заримаас нь нааштай хариу авсаны дотор Харвардын Их сургууль зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг үзүүлэх, Колумбын их сургууль сургалтын төлбөр, гэр бүлийн амьдралын зардлын тэтгэлэг олгохоор болсон гэдэг. Энэ үед Африк залуу Харвардыг сонгосон ажээ.
Ядуу оюутныг дагаж Харвардын ойр тойронд, улмаар дэлхийн нөгөө бөөрөнд орших Кени Улсад амьдрах уу? Зам замаа хөөх үү? гэсэн сонголтоос залуу бүсгүй өөрийн сонгосон замаар явсан байдаг. Африк залуугаасаа өрх тусгаарлахад “Кенидээ авгай хоёр хүүхэдтэй тухай, Америк бүсгүйтэй суухыг зөвшөөрөхгүй ч байж болох” талаар удаа дараа түүний ааваас ирж байсан захидлууд ч нөлөөлсөн гэжээ.
Анн хэмээх Америк бүсгүйд ижил зүснийхээ эртэй ханилах хувь тохиогоогүй. Африк аавтай хүүгийнхээ хойд эцгээр Индонези эр Лоло Соуоторог сонгосон байдаг. Анн, Лоло нарын амьдрал ч дардан байгаагүй бөгөөд далаад оны эхээр хоёр тийшээ болсон гэдэг. Тэдний дундаас нэгэн охин төрсөн ба “миний жаахан дүү” хэмээн ноён Обамагийн өхөөрдөн нэрлэсэн Ази, Америкийн эрлийз бүсгүй Маюа юм.
Харин Обамагийн ээж Анн Дунхам Станли амьдралынхаа сүүлийн жилүүдийг хүртэл Индонезиад ажиллаж амьдарсан, Зүүн өмнөд Ази, Индонезийн антропoлоги судлалаар докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн хүн. Амьдралынхаа сүүлийн саруудад өвчний улмаас Хавайд амьдарч байгаад насан эцэслэсэн гэдэг. Ижийгээ амьсгал хураахад дэргэд нь байж толгойг нь түшиж чадаагүйгээ уучилж боломгүй алдаа гэж Обама хэлсэн байдаг.
“Тайм” сэтгүүл 2008 оны нэгэн дугаарын тэргүүн өгүүллээ Обамагийн ээжийн амьдралын түүхэд зориулсан нь Америкийн түүхэнд нэгэн сод хөвгүүнийг төрүүлж өсгөсөн ээжийг хүндэтгэсэнийх бизээ. Тэрээр “brilliant” хөвгүүнээрээ үнэхээр бахархдаг байсныг түүний Индонези найзуудын ярианаас ишлэн уг өгүүлэлд дурдсан байсан.
Сенатор Обамагийн ээжийн аав буюу түүний нэрлэснээр “Granps” нь тавилгын бизнест хүч үзэж, ашиг орлого олж болохуйц байрлал эрж Канзасаас Техас, улмаар Калифорни, Вашингтон мужаар хөндлөн гулд явж улмаар Хавайд очиж, тавилгын болон даатгалын бизнес хөөн ажилласан Америк эр, харин эмээ буюу “Toot” нь тухайн үедээ банкны салбарын дэд ерөнхийлөгч хүртэл ажилласан нэгэн ажээ.
Обамаг Хавайн элитүүдийн хүүхэд сурдаг дунд сургуульд оруулахаар өргөдөл гаргаад удаан хүлээсний эцэст зөвшөөрсөн хариу авч баярлан дэвхцэж, хундага виски татаж байсан өвөөгийнхөө дур зургийг, хар хүргэнээ хэзээ ч ад шоо үзээгүй, охиноо үргэлж дэмжиж, эрлийз зээгээ өсгөж хүмүүжүүлсэн хоёр буурлынхаа тухай тэрээр дурсан бичсэн нь бий.
Обамад олдсон хүч
Б.Обамагийн өрсөлдөөнд нөлөө үзүүлж болохуйц эерэг хийгээд сөрөг тал нь дээр өгүүлсэн удам судар мөнөөсөө мөн. Түүний өрсөлдөгч Ж.Маккейн Америкийн Тэнгисийн цэргийн адмиралын хүү, Вьетнамын дайны баатар, цөөн бус жилийг дайсны талынхаа шоронд өнгөрөөсөн дайчин төдийгүй сүүлийн хорь гаруй жил АНУ-ын хууль тогтоох дээд танхимд сууж буй нөлөө бүхий улс төрч.
Гэхдээ Обамад түүнээс ялгарах онцлог бий.
Түүний ээж хүүдээ багаас гайгүй боловсрол олгоход нэн анхаарсан харагддаг. Амьдралын эрхээр эр нөхрөө дагаж хүүгээ бага байхад Индонезид нүүж очоод Англи хэлийг нь мартуулахгүй юмсан гэхдээ орой болгон ном сэтгүүл уншиж ярилцаж, гадаадынхны суралцдаг “international” сургуульд оруулж бүр бололгүй өвөө эмээгийн нь амьдран суусан Хавайд буцаажээ. Обама Инденозийн аралд анхны А үсгээ заалгаж, Хавайн элитүүдийн хүүхдүүд суралцдаг 170 орчим жилийн түүхтэй “Punahou academy” хэмээх сургуулийн дунд, ахлах ангийг дүүргэсэн.
Ахлах сургуулиа дүүргэсний дараа Лос Анжелесийн “Occidental” коллежид суралцаад улмаар Нью Йоркийн Колумбиа Их сургуульд суралцаж олон улсын харилцааны мэргэжлээр төгссөн. Хэдэн жилийн дараа Харвардын Их сургуулийн хуулийн ангийг шилдэг оюутны шагналтайгаар төгссөн юм. “Ивай лиг”-ийн буюу Америкийн шилдгийн шилдэг хоёр ч их сургуулийг төгссөн боловсрол түүнд ихээхэн эрч хүч өгч байгаа.
Нийгмийн давхрага бүрийн хүмүүсийн амьдралд хутгалдаж ажилласан туршлага түүнд бий.
Хориод настай коллежийн оюутан болохдоо хүн танихгүй газар мэдэхгүй Нью Йоркийн гудамжид цүнхээ дэрлээд, цаас дэвсээд орон гэргүйчүүд шиг хоног төөрүүлсэн цаг түүнд байсан. Цагаач найзынхаа давчуухан өрөөнд оюутан болсон анхны өдрүүдээ өнгөрөөснөө, коллежийн оюутны байранд хар найзуудынхаа амьдралын жаргал зовлонг хуваалцснаа, Lio-гийн удмын хүү заавал нэг зүйл өгөх ёстой хэмээн нэхэж, үгүйдээ өмссөн гайгүй хувцасыг нь яаж салгах вэ хэмээн харьцаж байсан Кенийн хамаатнуудаа тэрээр нэгэнтээ дурссан.
Аавынхаа царайг нэг ч хараагүй жаалыг өсгөх гэж үйлээ үзэж яваа ганц бие эмэгтэйчүүдийн, өнчин өрөөсөн хүүхдийн, архаг архичин, хар тамхичин, амьдралын боломж тааруу харуудын дүүргийн оршин суугчдийн ашиг сонирхолыг илэрхийлэх, хамгаалах гэж засаг захиргаа, сүм хийдийнхэнтэй учраа ололцож Чикагогийн өмнөд дүүрэгт нийгмийн ажилтан хийж хориод насны эхний хэдэн жилээ зарцуулсан байдаг. Хуульч болсон хойноо ч дээрхи хүмүүсийн эрх ашгийг өмгөөлөн муж улсынхаа томчуудтай үзэлцэж байж.
Үл хөдлөх хөрөнгийн наймаачин, үйлдвэр, уурхайн эздэд хуулийн туслалцаа үзүүлж ашиг орлоготой гэрээ хэлцэл хийж байсан юм билээ. Түүнчлэн Чикагогийн Их сургуулийн хуулийн тэнхимд арваад жил Үндсэн хуулийн эрх зүйн хичээл заасан багш, өөрийн амьдралын түүх, улс төрийн үзэл бодлынхоо талаар хоёр ч “bestseller” ном бичсэн зохиогч.
Иллионес Мужийн сенатын гишүүнээр 3 удаа сонгогдсон. Улмаар сонгогчдын 70 гаруй хувийн санал авч илт давуугаар өрсөлдөгчөө ялж мужийн түүхэндээ хамгийн өндөр хувиар Нэгдсэн улсын дарга нарын нэг болон дэвшсэн 2005 оны шинэхэн сенатор.
Түүнийг хамгийн хүчтэй баг бүрдүүлсэн сенатор гэж үнэлсэн байдаг. Тэрээр 30 гаруй жилийн амьдралаа нэгдсэн улсын төрийн бодлогод зориулсан зүтгэлтэн, АНУ-ын Сенат дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга асан Пете Роүсег өөрийн ажлын албаны даргаараа, улс төрийн бодлогын захирлаараа эдийн засагч Kaрен Хорнблүх хэмээх Үнэт цаасны яамны сайдын ахлах зөвлөх байсан хүнийг тус тус томилсон байдаг. Түүнчлэн Саманта Поверийг хүний эрхийн зөвлөх, Ерөнхийлөгч Клинтоны захиргаанд ажиллаж байсан Антони Лейк, Сузан Райс нарыг гадаад бодлогын зөвлөхөөрөө томилон ажиллуулжээ.
Түүнийг Ерөнхийлөгчөөр сонгуулахын төлөө нэр нөлөө бүхий олон улс төрчид, мужийн захирагч нар нэгдэж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд 40 гаруй жилийн турш сенатороор ажиллаж байгаа хамгийн нэр нөлөө бүхий улс төрч Арслан хочит Тед Кеннеди тархины хагалгаанд орохынхоо өмнө “Би бушуухан эдгэж гарч ирээд Барак Обамаг Ерөнхийлөгчөөр сонгуулахын төлөө ажиллах болно” хэмээн мэдэгдэж байв.
Тэрээр Америкийн нийгмийн хүчтэй дэмжлэгийг хүлээж байгаагийн бас нэг баталгаа нь энэ улсын ерөнхийлөгчийн суудлын өрсөлдөөний түүхэнд байгаагүй их мөнгө буюу 250 гаруй сая долларыг урьдчилсан кампанит ажлынхаа явцад цуглуулж чаджээ. Жирийн сонгогч Жонн, Билл, Майк-үүд түүнийг дэмжиж 20-25 доллар илгээсээр энэ мөнгөний ихэнхийг босгосон хэрэг. Сонгуулийн кампанидаа цуглуулсан мөнгө нь өрсөлдөгч Маккейнийхаас даруй хэд дахин их байгаа тухай хэвлэлээр мэдээлж байна.
Дурдахгүй өнгөрч болохгүй түүний нэгэн чадвар бол үзэл бодлоо илэрхийлэх арга барил юм. Христийн сүмийн номлогч, Харвардаас олсон ярианы чадварын хослол хэмээн түүний итгэх чадварыг үнэлсэн харагддаг. Ерөөс улс төрч хүн өөрийн үзэл бодлоо таниулах илтгэх чадварыг төгс эзэмшихгүйгээр хол явахгүй л дээ. 2004 онд Ардчилсан намын их хурал дээр “Обама дараагийн сенатын гишүүн байх болно” хэмээн зарлуулан гарч ирээд “There is not a liberal America and a conservative America; there's the United States of America” гэсэн үгийг багтаасан богино илтгэл тавьсан нь түүнийг үндэсний хэмжээний улс төрчийн түвшинд аваачсан гэдэг.
Эр хүний ажил үйлс өөдрөг байхад ар гэрийн өмөг түшиг чухал нөлөөтэй. Барак Обамагийн гэргий Мишел ЛаВаугн Робинсон бас л хар оддын нэг. Тэрээр Принстон Их сургуулийг социологийн мэргэжлээр, Харвард Их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн өндөр боловсролтой бүсгүй. Чикагогийн өмнөд хэсгийн харуудын хорооллоос гаралтай энэ бүсгүй хуулийн фирмд ажиллаж байсны дээр Чикаго хотын Захирагчийн алба болон хот төлөвлөлтийн хороонд зөвлөх байсан. Одоо Чикагогийн Их сургуулийн эрүүл мэндийн төвийн ерөнхийлөгчөөр ажилладаг ажээ. Тэд хоёр охины аав, ээж. Мишелийн ах нь “Нийгмийн ажилтан байсан энэ залуу дүүгийн минь амьдралыг үрчихвий хэмээн санаа зовж Обамад энэ тухай хэлж байснаа” дурссан байдаг. Тэгвэл энэ бүсгүй улсынхаа түүхэнд анхны хар арьст тэргүүн хатагтай болоход ойрхон байна.
Хөлд нь ургасан эвэр ба шүүмжлэл
Улс төртэй орооцолдсон хэн хүний хөл дээр хүссэн хүсээгүй гишгэдэг гэдэг.
Хар багаасаа мэдэрч өссөн арьсны өнгийн тухай Обамагийн таагүй мэдрэмжүүд сэдрэх, нөгөө талаас Америкийн нийгэм өнгөт арьст Төрийн тэргүүнийг хүлээн зөвшөөрөх эсэх уулзварт асуудлын нэг зангилаа бий. Үүний жишээ бол саяхан “National Public Radio”-гийн нэгэн хэлэлцүүлэгээр түүний арьсны өнгөний асуудлыг олон хүн хөндөж, дэд ерөнхийлөгч хамтрагчаараа цагаан арьст хүнийг авах нь зүйтэй гэж саналаа хэлж байна лээ. Тэр нэгэнтээ миний өвөө, эмээ цагаан арьст Америкчууд хэмээн мэдэгдэж байв. Мөн тэрээр Америкийн гол баярууд болох “Christmas”, “ Thanksgiving”-ний үеэр манайх яг л жижиг Нэгдсэн Үндэсний байгууллага болдог. Манайд Бернайе Мактай, Маргарет Тейтчиртай адилхан нэгэнтэй уулзаж болно” гэсэн юм. Дээрхи тайлбарууд хийгээд түүний хамтрах дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Америкчуудын итгэл үнэмшилд хэр нөлөөлөх нь таавар төдий байна.
Тэр саяхан “Trinity United Church of Christ” хэмээх сүмийнхээ гишүүнээс татгалзаж байгаагаа зарласан. Америкийн нийгмийг шүүмжлэн үг хэлсэн уг сүмийн тэргүүн, багшийнхаа шуугианы төгсгөлд ийнхүү шийдвэр гаргасан юм. Хуримын нь бөгжийг солилцуулж, хайрын тангараг өргүүлсэн, хоёр хүүхдийг нь адисласан багшаасаа харилцаагаа тасалж байгаа түүний энэ үйлдэлийг Христийн шашинт Америкчуудад тийм ч таатай хүлээн авахгүй болов уу. Нөгөө талаар эрх мэдлийн төлөө юугаа ч өгөхөд бэлэн энэ улс төрийн аяс биз.
Нам нэгт өрсөлдөгч асан Хиллари болон одоогийн өрсөлдөгч Маккейн нар түүнийг олон улсын тавцанд бодлого явуулах туршлагагүй талаар шүүмжлэлтэй хандаж байгаа. Колумбиа Их сургуулиас олж авсан олон улсын харилцааны мэргэжил, Харвардад заалгасан Олон улсын эрх зүйн боловсролтой тэр. Гэвч их гаруудын улс төрийн тоглолтыг залах, үндэсний болон үндэстэн дамнасан ашиг сонирхолыг хангах гээд гадаад харилцааны олон асуудлыг хүчтэй багаараа шийдэж чадна гэж олон нийт найддаг.
Лалын шүтлэгтэй байсан аавынх нь талаас уламжлан ирсэн (“middle name”) нь Хусейн. Энэ нэр нь төвөг учруулж болзошгүй. Гэвч “Дуудах нэрийг эцэг эх өгдөг, дуурсах алдрыг өөрөө олдог” гэдэг талаас нь сонгогчид хүлээцтэй хандаж, түүнийг дэмжинэ буй заа. Нэмж хэлэхэд түүний ээж, ээжийн аав, ээж, өссөн орчин нь шүтлэгтэй байгаагүй тухай хэвлэлд бичсэн байдаг. Харин ноён Обама 1990–ээд оны эхнээс Христийн шашинтан болсон ажээ.
Уусан идсэн, өмссөн зүүсэн, олдог орлого, унадаг машин, суудаг байшин, татдаг тамхи, тоглодог тоглоом, уншдаг ном, нүдний шил, шүдний сойз гээд ер нэг ч зүйлийг үлдээлгүй алган дээрээ тавьж байгаад арьсийг нь хуулж, шүүсийг нь шахан шигших хатуу шалгуурыг туучин өндөр суудал руу зүтгэж явнаа тэр.
Барак Хусейн Обамагийн түүх намтар, Америк мөрөөдлийн биелэл болж яваа хувь хүний талаас нь танд бага ч атугай танилцуулахыг хичээснийг минь болгооно уу.