2008-03-28
Танд Байсан “Засгийн Эрх” Хаачив

Улсын Их Хурлын сонгууль ойртож  нэр дэвшигчид хэнтэй уулзаж, хэнийг түлхэж, хэнийг тулж сонгуульд ялах, намууд сонгуулийн хөтөлбөртөө ямар гээгч агуу сайхныг тусган  олонхийн саналыг  авах вэ? гээд  улс төрөөр амьсгалсан үйл явц өрнөж  байгаа бололтой.

   Эндээс улбаалан дэлхийн  өнцөг булан бүрт тархан  ажиллаж, амьдарч  байгаа  Монгол Улсын  иргэдийн  сонгуулийн эрхийг эдлүүлэх боломжийн талаар  санаа оноогоо нэмэрлэе гэж бодлоо.

   Харьд яваа надад тэр сонгууль  ямар хамаатай юм гэж бодож болох. Монгол Улсын Үндсэн хуульд “… засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэж заасан  байдаг.  

  

      Засгийн бүх эрхийг барих  цөөн хором  

      Шууд утгаар нь   ойлговол   “засгийн бүх эрх” гээч  чиний,  миний  мэдэлд байгаа гээд хэлчихэж.  Иргэн бүр төрийн эрхийг  өдөр тутмын ажил амьдралтайгаа   хамт барьж, залгуулахгүй л дээ.  Харин биднийг төлөөлөн төр барих “эрхэм”-ийг сонгохоор “саналын хуудас, үзэг харандаа   аваад, хэнийг сонгох сонголтоо зохих зааврын дагуу тэмдэглэж,  саналын хайрцагт тэр хуудсыг хийх хүртэл”  хэдхэн  хоромд л    засгийн эрх  бидний  мэдэлд  ирж байгаа гэж үздэг. 

    Сонгуульд саналаа өгөх  энэ хэдэн хором  бол  бүгд найрамдах  улсын  ард иргэд  төрийнхөө ажил хэрэгт шууд оролцож буйн нэгэн  баталгаа юм.  Иргэн  надаас, чамаас төрийн ажил хэрэг шууд хамаарч, засгийн бүх эрхийг нижгээд иргэн мэдэж байгаа нэн хариуцлагатай, үнэ цэнэтэй  “цаг мөч”    гэж тодруулж ч  болно. 

     Бид ийнхүү санал өгсөнөөрөө өөртөө байгаа “засгийн эрхээ” хэн нэгэнд шилжүүлдэг.   Бидний сонгосон “эрхэм”-үүд  төрийн сэнтийд заларч, ард түмнээрээ хүлээн зөвшөөрөгдсөн төрийг бүрдүүлж, биднийг төлөөлөн хууль баталж, шийдвэр гаргаж, бидний төлсөн татварын мөнгийг   зарцуулж, төрийн ажил хэргийг явуулж байдаг.   Нэг үгээр хэлбэл  биднийг  төлөөлөх улс төрийн хүчин, нэр дэвшигч сонгогдсоноор төрийн бодлогод бидний хүсэл, эрх ашиг тусч ажил хэрэг болдог.

  

     Төрийн ажил хэрэг нь ард олныхоо амин чухал эрх ашгийг  төлөөлөн илэрхийлж, түүнийгээ бататган бэхжүүлэх,  улмаар сахин хамгаалах   явдал байдаг.  

     Гадаадад амьдарч байгаа Монгол Улсын иргэдийн  амин чухал эрх ашиг гэж юу билээ.  Нийтээр хүлээн зөвшөөрсөн  амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эд хөрөнгөө  шударгаар олж авах эрхээ  бүрэн эдэлж чадаж байгаа юу, үгүй юу?   Түүнчлэн  хөдөлмөрийн чадвар алдах, өндөр наслах нөхцөлд яах вэ?  хүүхэд төрүүлж, асарч байгаа нөхцөлд яах вэ? бидний оршин суугаа оронтой харилцах манай гадаад бодлого юу бол, иргэний хоёрдмол харъяалалын асуудал, эх орондоо чиглэсэн арилжаа наймаа, хөрөнгө оруулалт хийх, татвар, шимтгэл төлөх,  мэдсэн сурсанаа хэрэгжүүлэх орчин нөхцөл  хэр зэрэг байх бол гээд гадаадад ажиллаж амьдарч байгаа  иргэдийн эрх, үүргийн   олон зангилаа  энд  хөндөгдөх байх аа.

   Харь нутагт  хийж бүтээж,  бас санаа зовж  яваа нийтлэг эрх ашгаа илэрхийлж хуулиар олгогдсон эрхийн дагуу сонгуульд оролцож, санал өгөх нь улс төрийн хийрхэл, хөөрөл бус  өөрийнхөө ирээдүйн төлөөнөө гаргаж буй шийдвэр   гэвэл  дөхүү ойлгогдох  болов уу.

   Гэвч “засгийн бүх эрх”-ийг хэдэн хором ч болтугай барьж сонгуулийн эрхээ эдлэх  боломж гадаад оронд амьдардаг Монгол Улсын иргэдэд энэ удаад олдсонгүй. 

     Сонгуулийн  хууль, дүрэм

   Сонгуулийн  эрх  төлөөллийн ардчиллын  үндсэн элемент гэдэг.  Монгол Улсын  Үндсэн хуульд 18 насанд хүрсэн иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй гэж заасан. Мөн Харъяатын тухай хуульд "Монгол Улсын харъяат гадаад улсад оршин суух нь иргэний харъяаллаа алдах үндэслэл болохгүй",   "Монгол Улсын харъяат хаана оршин сууж байгаагаас үл хамааран төрийн ивээлд байж, …хууль ёсны эрх, ашиг сонирхлоо хуулийн дагуу хамгаалуулна" гэжээ. 

    Энэчлэн хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим төдийгүй сонгууль  нь бүх нийтийн байх бөгөөд түүнд  сонгуулийн эрх бүхий иргэн бүр  “нийтээрээ” оролцох  зарчмуудаар  иргэний  сонгуулийн эрх  хамгаалагдсан байдаг.   

 Эндээс харахад  эх орондоо  суугаа болон  гадаад  оронд ажиллаж амьдарч байгаа  Монгол Улсын иргэн хэн бүхэнд  сонгуульд оролцох саналаа өгөх эрх нэгэн адил, алагчлалгүй тэгш олгогдсон.

     Гэтэл  “Гадаад улсад амьдарч байгаа  сонгуулийн  эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй” гэж  УИХ-ын  сонгуулийн хуульд тусгайлан зааж  хэсэг  “хошигруулж” аваад    хүчингүй болгож,  хүрсэн түвшинээсээ ухарлаа. 

    УИХ-аас гаргасан тэр шийдвэрийг “төрөөс иргэнийхээ  эрх, эрх чөлөөг хангах нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх” үүргээ биелүүлэхгүй байгаагийн  тод илрэл гэж  үзэх  ч багадах билээ.

    Их хурлын сонгуулийн хуульд оруулчихаад  хассан  тэрхүү  өөрчлөлт нь   гадаад оронд амьдарч байгаа иргэдийнхээ  сонгуулийг эрхийг эдлүүлэх  боломжийг бүрдүүлсэн эрх зүйн  зохицуулалт гэхээсээ  нүд хуурч, ам хаасан оролдлого байсан бизээ.     Тухайлбал:  Үндсэн, материаллаг  хуулиуддаа  эрх зүйн чадамжтай насанд хүрсэн  Монгол Улсын иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй гэж  заачихаад  “Гадаад улсад амьдарч байгаа  сонгуулийн  эрх бүхий иргэн сонгуульд оролцох эрхтэй”  тусгайлан заалт оруулсан нь өмнөх  хуулиуд дахь иргэдийн эрхийн хэм, хэмжээг давтсан төдийгүй харин ч тэдний сонгох, сонгогдох эрхийн алин  болохыг бүрхэг болгосон байв. Мөн гадаад улсад амьдарч  байгаа иргэдийн саналыг авах  хэсэг байгуулах журмыг Сонгуулийн Ерөнхий хороо батлахаар хуульчилсан нь иргэдийнхээ  сонгуульд оролцох, санал өгөх  “арга ажиллагааг” орхигдуулсан  зохицуулалт байсан  болов уу. 

   Гадаадад  ажиллаж амьдарч байгаа иргэддээ  сонгуулийн эрхээ эдлэх  бололцоо  олгох нь хуульд  нэг,  хоёр заалт нэмснээр  шийдэгдэхгүй. Энэ нь дотоодод сонгууль  явуулахаас  цаг хугацаа,  хүч хөрөнгө, өвөрмөгц  арга, зохицуулалт шаардсан  ажиллагаа  байх билээ.  Тэгэхээр  гадаад оронд амьдарч байгаа  иргэдийн сонгуульд оролцох, санал өгөх, түүнийг зохион байгуулах  асуудлыг бүхэлд нь багтаасан “процессийн хууль” гарган мөрдүүлэх шаардлагатай   гэж бодож байна. 

    Гадаадад байгаа иргэдийнхээ сонгуулийн эрхийг эдлүүлэх процедурыг бусад орнуудад  өргөжүүлэн хөгжүүлсээр иржээ.  

    АНУ гадаадад байгаа иргэдийнхээ сонгуулийн эрхийн асуудлыг  “The Federal Voting Assistance Act-”д  1955 оноос, “Overseas Citizens Voting Rights Act”-д  1975 оноос Uniformed And Overseas Citizens Absentee Voting Act” (UOCAVA)-д  2004 оноос  тус тус тусган зохицуулжээ. 

      Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа “UOCAVA”-д  гадаадад суугаа иргэдийг холбооны хэмжээний сонгуульд бүртгэх, санал хураах ажлыг   зохион байгуулахад  Холбооны болон муж улсуудын  эрх бүхий байгууллагуудын  үүрэг, хариуцлага,  иргэдийн сонгуульд оролцох  хүсэлт өргөдөлийг шийдвэрлэх, түүнд тавигдах  шаардлага, сонгуулийн эрхийн талаархи хуулиудын харилцан уялдаа, сонгуулийн асуудлаар гарах  хэрэг зөрчлөөс  сэргийлсэн хуулийн заалтуудыг  тодруулж  суулгасан байна.  Гадаадад суугаа иргэд сонгуульд оролцох талаараа сонгуулийн өдрөөс 90 хоногийн өмнө   мэдэгдэж,  Холбооны  сонгуулийн   байгууллага  гадаадаас сонгуульд оролцогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн өдрөөс 30 хоног өмнө гаргах, сонгогчдын саналыг  шуудангаар авах аргыг хэрэглэх, саналын хуудас, бусад материалыг  шуудангаар  харилцан илгээх зэргийг  уг хуульд заажээ.  Мөн  гадаадад байгаа иргэн гэсэн ойлголтыг маш нарийн тодорхойлж, тэдний сонгуульд оролцохоор гаргасан өргөдөл нь  сонгуулийн баримт бичиг авах үндэслэл болохоор тусгажээ.  

    Германы Бундестагийн сонгуулийн хуульд гадаадад амьдарч байгаа сонгуульд оролцох эрх бүхий субъектүүдийг  нарийвчлан тодорхойлж, “нийгэм, эдийн засаг, улс төр, соёлын талаар сонгох гэж буй төртэйгээ тодорхой хэмжээгээр холбоотой байх” нөхцөл, шаардлагуудыг тусгасан байдаг гэнэ. Тус улсаас гадаадад суугаа сонгуулийн эрх бүхий иргэд нь Германд  оршин суудаг нутаг дэвсгэрийнхээ  сонгуулийн хэсгийн сонгогчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлдэг байна. Сонгогчдын “нэрсийн жагсаалтад бүртгүүлэх өргөдлийн маягтыг Германы ЭСЯ, Консулын газрууд, Холбооны, тойргийн сонгуулийн удирдагчдаас авч бөглөөд сонгуулийн өдрөөс 21 хоногийн өмнө өөрийн хамаарах сонгуулийн хэсэгтээ хүргүүлсэн байх ёстой байна”.  Гадаад оронд суугаа  Германчууд сонгогчдийн нэрсийн жагсаалтад бүртгүүлэхээр өргөдөл гаргаснаар сонгуулийн бусад баримт бичгийг авах боломжтой болдог ба саналаа захидлаар өгдөг байна.

  Гадны  хууль тогтоомж,  хуулийн практикийг судалж,  ашиглан гадаад улсад амьдарч байгаа Монголчууддаа сонгуулийн эрхээ эдлэх боломж олгосон хууль гаргаасай  гэсэндээ  баахан  нуршив.   

   Сонгуулийн  үр дүнд нөлөөлье

   Сүүлийн жилүүдэд ажил, хөдөлмөр эрхлэж амжиргаагаа дээшлүүлэх, сурч боловсрох зорилгоор гадаад орнуудыг чиглэсэн шилжилт хөдөлгөөн  эрчимжиж, Монголын нийгмийн  анхаарал татсан  бодит  үзэгдэл  болсон.

   Монгол Улсын  хоёр зуугаад   мянган  иргэн  гадаад улсад амьдарч байгаа  гэсэн багцаа тоо бий. Монголын бараг өрх  бүрээс хэн нэг нь  гадаадад  байгаа  гэхэд хилсдэхгүй.  Манай орны нийт хүн ам, мөн сонгуулийн насны иргэдийн  10 орчим хувь гадаадад гараад явчихжээ.  Гадаадад хууль ёсоор эсхүл хууль бусаар амьдарч байгаа ч   хамаагүй  гагцхүү  Монгол Улсын Иргэний  баримт бичигтэй  байгаа нь  монголын ард түмний нэг  гэдгийг  батлаад өгнө.  Энэ утгаараа   гадаадад амьдарч байгаа  иргэдийн  сонгуулийн эрхийг эдлүүлэх  нь  нийгэм, эрх зүйн зохицуулалт шаардсан зүй  ёсны хүлээлт болоод удаж байгаа. 

    Төрийн эрх барих  дээд байгууллагаас  гадаадад амьдарч байгаа иргэдийн сонгуулийн эрхийг эдлүүлэхгүй байхаар гаргасан шийдвэрийг зөвшөөрөөд  суулгүй улс төрийн энэ эрхийг эдлүүлэх боломжийг олгохын төлөө идэвхийлэн  ажиллаж байгаа  “Цахим өртөө”-нийхөн, Үндсэн хуулийн цэцэд энэ талаар  маргаан өрнүүлээд байгаа   нөхдийг дэмжиж  байна.

     Эрхмүүд сонгууль дөхөхөөр “ард түмэн”-ээ гэж  хайр зарлан,   сонгууль өнгөрмөгц ард түмнээсээ сонгогдсон гэж ихэрхдэг.  Ард түмний  10 орчим хувийн санаа оноог гадаадад амьдарч байгаа нэрээр орхигдуулчихаад   тэдний нэрийг барих учиргүй. Нөгөөтэйгүүр гадаадад амьдарч байгаа Монголчууд сонгуулийн амлалт, сайхан үгэнд нь хууртахгүйгээр хийж бүтээснийг, хэлж ярьж байгааг нь  шударга  үнэлж, дахин сонгохгүй байх  вий  гэж   айн ширвээтэх  бүр ч утгагүй явдал.

   Гадаадад суугаа  Монголчууд энэ удаа  сонгуульд оролцохгүй ч  энэ  эрхийг эдлүүлэх боломжийг олгохын төлөө байгаа  улс төрийн хүчин,  нэр дэвшигчийг дэмжээрэй гэж эх орондоо суугаа  ар гэр, ахан дүүстээ   нөлөөлөх  арга зам нээлттэй байна.

 

Д.Бишүүгарам

 Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 02:33 | uls toriin tuxai
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 488 удаа уншигдсан.







:-)
 
xaax