2008-03-15
АНУ-ын Шилдэг Ахлах Сургуулиуд

Эрдэм боловсролыг эрхэм болгодог  эцэг, эхчүүд та  бүхэнд АНУ-ын  2008 оны   Шилдэг алтан медальтай  100  ахлах сургууль(high school)-ийн  тухай мэдээллийг толилуулж байна.   

      Америкийн  Боловсролын  салбарын судалгааны   газар(School Education Service), Стандарт  Поорс (Standart&Poors) судалгааны компаниас  2008 оны  Америкийн шилдэг   ахлах сургуулийг шалгаруулсан билээ. Сурагчдаа сургалтад бүрэн хамруулж, хүүхэд нэг бүрт хүрч ажиллан сурлагын тодорхой амжилт гаргасан  байх, их, дээд сургуульд амжилттай бэлтгэсэн байх зарчмыг шалгаруулалтад  мөрдлөгө   болгосон ажээ.

       Шалгаруулалтыг гурван үе шаттай явуулсан. Эхний  хоёр шат нь муж улсын хэмжээнд,   гурав дахь шат нь  АНУ-ын  хэмжээнд явагдсан юм.

   Эхний шатанд муж улсынхаа  стандартчилсан тестэнд(англи хэл тооны хичээлээр) нийт сурагчдын үзүүлсэн амжилт болон тухайн амжилтад орлого багатай, амьдралын нөхцөл муутай сурагчдын эзлэх хувийн жингээр шалгаруулжээ. Энэ нь ямар сургууль муж улсынхаа  статистикийн үзүүлэлтээс  дээгүүр амжилт  гаргаж хүүхэд нэг бүртээ хүрч ажиллаж чадаж байгааг шалгаруулан дүгнэсэн хэрэг юм  Хоёр дахь шатанд шалгарсан сургуулиудыг сурах боломж муутай(хар арьстан, латин гаралтай  болон бага орлоготой) сурагчдын сурлагын амжилтыг  тухайн муж улсын доторхи адил түвшиний  сургуулиудтай  харьцуулан дүгнэсэн байна.  Энэ нь аль  сургуулийн сурагчид  муж улсынхаа  дундаж үзүүлэлтээс дээгүүр  амжилтад хүрснийг харуулсан үзүүлэлт юм.      Эхний  хоёр шатанд  шалгарсан сургуулиуд   АНУ-ын хэмжээнд өрсөлдөх эрх олж авсан  бөгөөд Сүүлийн шатны шалгаруулалтад их сургуулийн хичээл болох АР(Advanced  Placement) хичээлд  гаргасан  амжилтаар нь байр эзлүүлсэн байна. AP  хичээл гэдэг нь  Их дээд сургуулийн хороо(College Board)-ноос боловсруулсан хичээлийн    хөтөлбөрийн дагуу  улс даяар  заагддаг их, дээд сургуулийн түвшиний хичээл юм.

   АНУ-ын 40  муж улсын  18790  сургууль  энэ шалгаруулалтад хамрагджээ.  Харин зарим  муж улсын сургуулиуд баримт материалаа өгөөгүйн улмаас энэ үнэлгээнд хамрагдаж  чадаагүй  байна. Дурдсан үзүүлэлтээр шалгарсан шилдэг эхний 100  сургуульд  алтан медаль,  дараагийн 405 сургуульд  мөнгөн медаль,  1086  сургуульд  хүрэл медаль тус тус олгожээ.

     Шилдэг сургуулиудыг   Вержина  муж-улсын Thomas Jefferson хэмээх АНУ-ын томчуудын хүүхдүүд сурдаг ахлах сургууль тэргүүлсэн бол цагаачдын  хүүхдийг амжилттай сургаж байгаа Техас муж-улсын Hidalgo   ахлах сургууль  11 дүгээр байранд орж, мөн эртний түүхтэй Бостоны сургуулиудаас ч орчин үеийн арга барилаараа  тэргүүлсэн Charter сургууль ч алтан медальтай  100  сургуулийн тоонд багтсан нь олны анхаарлыг зүй есоор татаж байна.  Учир нь цагаачдын  хүүхдэд  амжилттай сурах боломж олгосон,  түүнчлэн  хуучирсан арга барилтай сургуулиудад шинэчлэгдэн өөрчлөгдөж орчин үеийн арга барилаар  сургалт явуулж  амжилтад хүрч байгааг харуулж байгаа  чухал шалгаруулалт болохыг  харуулж байна.

     Мөн алтан  медальтай 100 сургуулийн 23 нь Калифорни, 20 нь  Нью Йорк  муж-улсуудад байгаа юм . Калифорни муж-улсын  шилдэг 23 сургуулийн 10 гаруй нь Лос Анжелес орчмын сургууль байна. Тухайлбал: Санта Крюз-ийн “Collegiate  Charter School” 2,  Анахаймийн  “Oxford  College Prep school”  4,  Сан-Деигогийн  Preuss Charter school” 10,  Серитосийн  “Gretchen Whitney” сургууль 12, Карсаны  “California Academy  of  Math and Science” сургууль 21,  Инглвүүдийн  “Animo Leadership  Charter school”   31,  Лос Анжелесийн “Center for Enriched Studies School” 61, “Francisco Bravo Medical  Magnet” сургууль 80, Ирвайны “University High” сургууль 76,  “San Marino High” сургууль  82, Палос Вердесийн “Palos Verdes Peninsula High” сургууль 89, Palos Verdes  High” сургууль 95,  Malibu High” сургууль 98 дугаар байруудад тус тус орсон байна.   

   Та өөрийн ойр орчимд  байгаа сайн сургуульд  үр хүүхдээ  сургах боломжийг  эртнээс сайн судлах  хэрэгтэйг энэ дашрамд   анхааруулья.  Жишээ нь: Зарим сургуулиуд өргөдөл авч, сурагчдаа  сонгохдоо  хэдэн жил  өргөдлөө өгч  бүртгүүлж байгаа, ах дүү нараас нь  уг сургуульд суралцаж  байгаа эсэхийг харгалзан өрсөлдүүлдэг учраас  нилээд хэдэн жил ч хүлээх шаардлага  гардаг. Мөн элсэлтийн шалгалт авдаг сургууль ч байдаг  тул  урьдчилан  шалгалтад бэлтгэх шаардлага  тулгарах болно.

       Дунд болон ахлах сургуулийн сургалтын онцлог, үр хүүхдийнхээ сурах  арга барилд анхаарах асуудал, АНУ-ын Их сургуулийн элсэлтийн шалгалтанд  бага, дунд ангиас нь эхлэн бэлтгэх  талаар сонирхсон асуултаа  erde1122@yahoo.com хаягаар ирүүлвэл дуртайяа хариулах болно.

     Дараагийн удаа   АР индекс, Мagnet  болон  Charter   сургууль  гэж  юу болох талаар үргэлжлүүлэн танилцуулахаар төлөвлөж  байна.

 

 

Ц.Эрдэнэбаяр Ph.D 

 “MGL  academy”

  Лос Анжелесийн Монгол сургууль  

 

 

 

 

      

Бичсэн: bishuu | цаг: 09:29 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 504 удаа уншигдсан.







:-)
 
xaax