Та ном унших дуртай юу? Би бага байхын л номонд дуртай хүүхэд байсан даа.
Намайг овоо уншдаг болоод ирэхтэй зэрэг Оросын зохиолч К.Чуковскийн “Доктор Айболит” номыг авч өгч байж билээ. Цэнхэр хавтастай, өвгөжөөр эмч, янз бүрийн амьтадын зурагтай эл ном миний хамгийн анх уншсан ном. Гэхдээ Орос хэл дээр байсан юм. Ах эгч өргөлт нь тэр үе дээрээ байдаг юм, “ого” гэдгийг “ово” гэж уншдаг юм гэж ирээд л миний нүдийг нээнэ шүүдээ. Одоо бодох нээ хамгийн сайхан үе минь юм даа. Дараа нь “Буратиногийн адал явдал буюу Алтан түлхүүр” номыг уншиж байсан юм. Ийм хоёр хөөрхөн номыг балчир байхдаа уншжээ.
Дунд ангид байхдаа хичээлээ таслан “Хүүхдийн номын сан”-д суудаг том толгой байлаа. Сургууль маань гэрээс нилээд зайтай автобусаар удаан явж хүрдэг байсныг далимдуулж хичээлдээ явна гэж гараад номын сан очоод суучихдаг байлаа.
Кисель мэрээд л номоо уншаад өөр юу ч бодож шаналахгүй хөнгөн гуниг ч үгүй, сайхан шүү.
Тэр үед л “Усан доогуур хорин мянган бээр аялсан нь”, “Капитан Грантын хүүхдүүд”, Каллисто гариг”, “Парисийн Дарь эхийн сүм”, “Морь унасан толгойгүй хүн”, “Инээмтгий хүн” гээд л уншиж өгдөг байлаа.
Хэсэг хугацааны дараа хамаатны ааштай эмгэн намайг илрүүлж, гэрийнхэнд барьж өгснөөр би гэдэг хүн банга хүртэж эргэн сургуульдаа явах болов. Түүнээс хойш нэг их ном уншихаа байсан .
Ахлах ангидаа уран зохиолын хичээлийн сурах бичиг дээрх хэдэн зохиолчдын өгүүллэгийг уншсанаас хэтэрсэнгүй. Тэр үед гадаадын уран зохиолын хичээл дээр гадаад, дотоодын зохиолчдын шүлгээс их цээжлүүлнэ ээ. Одоо сэтгэлд үлдсэн нь гэвэл Б.Явуухулангийн “Би хаана төрөө вэ”, Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг” л юм уу даа.
Оюутан болсоор хичээлийн шаардлагаар хэдэн зохиол уншсан санагдана. Жишээлбэл. Ч.Лодойдамбын “Тунгалаг тамир” романыг өдөржингөө уншиж, уусч байв.
Америкийн уран зохиол гэж сонирхолтой хичээл орноо. Америкийн хэд хэдэн зохиолчдын амьдрал уран бүтээлтэй танилцаж улмаар тэдний зохиолуудыг унших боллоо.
Марк Твейний “ Хаклберри Финны адал явдал”, “Том Соерийн адал явдал”, Эдгар Алан Погийн “Ашерийн сүйрэл”, “Ру Моргийн алуурчин”, Т.Драйзерийн “Керри эгч”, Ф.Куперийн “Мөрч”, О.Хэнрийн “Сүүлчийн ганц навч” Ф.Скотт Фицжералдын “Богино өгүүллэгүүд” түүвэр гэх мэт нилээд болох байх.
Тэр болгоныг амтархан уншиж өөр, өөр ертөнцөд орж хэсэгхэн ч болов тэнд амьдарч үзсэн мэт болдог байлаа.
Бодоод байх нээ ахлах ангид байх үеэсээ л шүлэгт дуртай болсон юм.
Сүүлийн үед ном номноос илүүтэйгээр шүлгийн номонд дурлаад байгаа.
Хэдийгээр таашаал буюу кайф гээчийг юунаас л бол юунаас мэдэрч болдог ч миний хувьд ном уншина, түүнээс таашаал авч чадна гэдэг арай л тасархай мэдрэмж. Надтай адил бодолтой нэгэн байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
Тэр дундаа яруу найргийн, шүлгийн ном уншина гэдэг уянгалаг жазз хөгжим сонсохоос, уран зураг үзэхээс, аль эсвэл бүжгэн жүжгийн таашаалаас илүүтэй сэрэл мэдэрхүйд шууд үйлчилдэг эд. Магадгүй уран зургийн өнгө будаг хийгээд утгат дүрслэл нь, уянга эгшигт хөгжмийн ая аялгуу нь, уян налархай бүжгийн хөдлөл, зураглал нь тэр чигээрээ нэгэн дор яруу найрагт зангидагдсан болоод л тэр байх. Зүгээр л бука..?
Тэнгэрт ургадаг моддын дор, цаг хугацаа амсхийх зуур, ганцаардлын дасгалын гүнж аялгуунд философийн шүлгүүд мэндэлнэ. Тийм ээ. Уншиж буй номуудыг минь та анзаарсан байх.
Л.Өлзийтөгсийн “Тэнгэрт ургадаг модод”,” Ганцаардлын дасгал”, Г.Аюурзанын “Цаг хугацаа амсхийх зуур”, “Философийн шүлгүүд”, Ц.Хулангийн “Гүнж аялгуу”.
Хавар цагт сэтгэл гэдэг нь гэгэлзээд, цас бороо хаялахад нь догдлоод, нялх зулзаган ногоо нахиалахад нь эерээд, нэг л мэдэхэд навчис унаж, бүр гуниглаж, ганцаардахад хань болдог шүлгүүд, номууд.
Г.Аюурзанын номыг уншихыг найзууд маань санал болгосон юм. Түүний Яруу найргийн түүврүүдээс гадна “Илбэ зэргэлээ”, Арван зүүдний өр” зэрэг сэтгэхүйн романууд, орчуулгын зохиолуудыг нь ч мөн уншсан. Яруу найргийн түүврүүд нь сэтгэлд их ойр буусныг нуух юун.
Өглөө сэрэхэд зуун оньсого угтсан
Өнөөдөр, магадгүй миний сүүлчийн өдөр
Энэ хэдэн жилд хийсэн бүхнээ
Эцсийн удаа цэгцэлж санаа тавих өдөр ... гээд өнөөдрийн тухай шүлгээр эхлээд
Цаг хугацаа амсхийх зуур би гүнзгий амьсгалж
Цааш явж эхлэхэд санаа алддаг
Цаг хугацаа амсхийх зуур би ухаангүй дурлаад
Цааш явж эхлэхэд нь тэнгэрээс буудаг... гэх цаг хугацаа амсхийх зуур мэндэлсэн түүний үзэгчгүй зургууд, үдшийн гудамж, үхлийн цэцэг, намрын зураг, хүсэл гуниг бодол, бороотой өвс, ирээдүйтэй шүлгийн түүвэр...
...Маргааш гэдэг жихүүн, бүлэг гунигтай
Үүл мэт зөөлөн ширхэгтэй тод, жихүүн
Манан дунд хурмастын хүлэг ергөх адил
Маргааш бүхэн өөрийн дүртэй, бас нэг их ..үүн.. гээд л бүхэлдээ цаг хугацааны тухай шүлгүүд.
Цаг хугацааны эрхшээлийн үнэнг элдэв маяггүй өгүүлээд байгаа хэр нь цаанаа л нэг гүн гүнзгий бодрол агуулаад байх шиг...
... Борооны үнэр сэтгэлд анхилав ч зун дууссан байна
Бодолгүй уншсан амьдралын хуудас тэртээ хол өнгөрсөн байна
Бага багаар залуу нас минь хийсч одов
...Балга балгаар дэврүүн хүсэл минь уусан сарнив
Балчиг намаг мэт харанхуй амьдрал хөл тушсаар
Баг, идээ, хүн заяандаа баригдаж гүйцэв...
... Үсэргээний морьд шиг он цагийн гүнээс
Үсчсэн чулуу шиг гэнэтийн зовлон
Бурхан минь энэ чинь залуу нас байна шүү дээ.... хэмээн өгүүлэх бодрол бясалгалын үнэн мөртүүд. Гуниглахгүй бас ганцаардахгүй, харин нэвсийтэл хаялах цас шиг мянган бодлоор дарах юм. Гоё оо гоё.
Ц. Хулангийн “Гүнж аялгуу” номтой танилцаад удаагүй байна. Будаг нь ханхалсан шинэ ном шиг л санагдана. Аль арав гаруй жилийн тэртээ “Ганцхан ээждээ унших шүлгийн” зохиогч гэдгийг нь мэддэг байв.
... Идэрхэн танхилхан нас минь надад эргэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн дор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй...
Хаврын аялгуу яг л ийм байдаг байх гэмээр. ... Түүний хавар, намар, өвөл, зунтай, цас цэцэг, шувууд гөлөгтэй, омголон дээгүүр хэр нь цайлган энгүүн ертөнцөд эх орон ижий аав, эгнэгт мөнхийн хайр, итгэл, сэтгэл тэр чигээрээ бий.
... Асгараад алганд ус тогтохгүй мэт
Алтан элс хуруун завсараар урсах мэт
Амьдарч ханилаад дурлалын үлгэрийг мартах мэт
Аяархан холдсоор он жил урсана...
Энэ шүлэг нь Free zone хамтлагийн “Бороотой зуны дурсамж” хэмээх дуу болон оюутан ахуй цагийн минь сэтгэл зүрхийг шуугиулж байлаа.
Энэ шүлгийг уншихаар, дууг нь сонсохоор оюутан ахуй цаг, ангийнхныхаа дунд очих шиг санагддаг.
Хаяа амьдралаас хүсч мөрөөдөх зүйл найрагчийн хэлснээр
... Зүгээр л нэг амьдрах юм сан
Зүлгэн дээр гэрээ бариад
Зүү утас нийлүүлэн хүүдээ дээл оёж
Амрагаа хүлээж
Амраг минь адуунаасаа ирж
Зүгээр л нэг амьдрах юмсан... гэдэг шиг болчихдог. Юунд ч санаа зовохгүй, шаналахгүй, бухимдахгүй, гомдохгүй, зөвхөн өөрийн цогцлоосон амьдралаараа амьдраад л, зөв гэсэн замаараа яваад л...
Дурлал бүхний дундаас та нарыгаа эрнэм
Дурлаж явсан гэрэлт хөвгүүд минь ээ
Гэзгэнд цэцэг сүлжиж үдшээр хүлээсэн
Гэмгүй бага насны торгон цэргүүд минь
...Дуулах, уйлах бүрийд минь нэгэн хүн шиг цуглаж
Дугуй, дугуй нулимсийг та нарын гар арчсан
Жижигхэн баяр, жижигхэн гунигийг минь өөрийнх мэт санадаг
Жинхэнэ эрчүүд гэдэг та нар минь байсан....
Ц.Хулангийн гүнж аялгуутай ертөнц энгийн даруухан хэр нь дотор гижигдсэн цагаахан эгшигтэй, тийм гэгээн тунгалаг орон зай юм шиг санагддаг. Тиймдээ ч намайг эргэн дурсахуйд автуулж, өнгөрсөн цагаар аялуулж, өнөөх л тунгалагхан үед аваачдаг буй заа. Жинхэнэ маяг.
Хар нүдтэй хүн шиг шувуу “Тэнгэрт ургадаг модтой” той эгшиглэнт ертөнцөд амьдардаг. Цэнхэр өнгөтэй тэр ертөнцөд он жил цас болон бударч, он жил бороо болон шивэрч, он жил мод болон ургадаг. Жаахаан охин жижигхэн хөлөөрөө өнгөрсөнд очиж мөрөө үлдээдэг.
Одноос ордог цасны тухай, цаснаас ургадаг моддын тухай, моддоос төрдөг хаврын тухай, хавраас үүддэг ертөнцийн тухай бичих гэж үхлээс бас, амьдралаас зугтаж яваа Л.Өлзийтөгсийн ертөнц саранд хүрдэг шаттай.
Тэр шатаар найрагч бүсгүй өгссөөр үнэргүй өвс, өнгөгүй шороо олж ирээд тэмдэглэлийн дэвтэртээ хийж орхиход тэр нь шүлэг болон мэндэлдэг.
... Цас болгон өөр өнгөтэй будардгийг
Цаг мөч бүхэн үхэл байдгийг
Анзаарахын тулд би арван жил үхэв
Зовлон гэдэг дотор минь байдгийг
Зовно гэдэг л амьдрал болохыг
Анзаарахын тулд би арван жил төөрөв
Торгоны өнгөнд илч байдаггүйг
Толинд туссан сар гэрэлтдэггүйг
Анзаарахын тулд би арван жил сохров
Хүснэ гэдэг там болохыг
Хүрнэ гэдэг төгсгөл болохыг
Анзаарахын тулд би арван жил тэмүүлэв
Олсон бүхнээ, олоод атгасан бүхнээ
Орхихын тулд одоо зуун жил хэрэгтэй... гээд л
Ерөөс цаг хугацаагаар, оюуны ертөнцөөр аялахын гайхамшгийг, өөр хаанаас ч мэдрэхгүй “дийлцэн” кайфийг яг эндээс, шүлгээс, номоос мэдэрч болдог. Хамтдаа кайфрах гэж өөрийн уншсан номуудаасаа та бүхэнтэй хуваалцаж байна. Шүлгээр, номоор амьсгалж, кайфрахаас илүү сайхан юм одоод алга аа. ХАӨ, Кайфрая..,
“Болор толь” сэтгүүлийн нэгэн дугаарт Н.Хулан ийнхүү бичжээ. Тэрээр МУИС-ын Олон улсын харилцааны сургуулийг төлөөлөн Мэтгэлцээний тэмцээнүүдэд оролцож, цэгцтэй үг яриа, оновчтой ишлэл, ёжлол, уншиж мэдсэнээрээ онцгой ялгардаг байсансан.
О.Энхнасан
Лос Анжелес хот