Өглөөний сэрүүлэгт хөөгдөн гарч ажил төрлөө өдөржингөө бужигнуулаад шөнийн нойрондоо дийлдэн орлуугаа шургаж “аз жаргал” абугайг харь нутгаас эрж бэдэрсээр..,
Аз жаргал гэж юу вэ гэж асууваас гагцхүү ялалт гэсэн нь байхад аз жаргал гэж чамаас өөр хэн ч хүртэхгүй сайхан үнэр гэж хэлсэн нь бий. Эд баялагтай, эрх хүндлэлтэй байх бус үйл, үйлдэл сайтай, зорилготой, идэвхитэй амьдарч, сэтгэл ханамжтай байх хэмээсэн нь байна. Энэ мэтээр хувь хүний аз жаргалын тухай олон талаас нь тайлбарласан үзэл сургааль байнаа.
Алаг хорвоод хүн болж төрнө гэдэг нь аз жаргалын тавин хувь ба нийгэм, эдийн засгийн фактууд 20 орчим хувь, үлдэх хэсэг нь урьдчилан төсөөлөөгүй амьралын хувьсал, өөрчлөлт гэдгийг судалж тооцсон тухай мэдээ бий.
Аз жаргал хэмээн амьдралын сайн сайхан, эрүүл аюулгүй, энх амар, элбэг хангалуун байдал, халуун хайрыг багтаадаг байхад, өвчин зовлон, гуниг гутрал, уй гашуу, дутуу гуцуу, хагацал зовлон, айдас түгшүүр түүнийг сүүдэр мэт дагадаг.
“Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас”...чухам л “ аз жаргал” олж ирэхээр зорьж мордсон тэр мөч надаас, чамаас хоног хоногоор, ахуй нутгаасаа, элгэн саднаасаа бид цаг хугацааны алслалтай хамт холдсоор байгаа.
Хаана байна тэр “аз жаргал”. Өөр, өөрийнхөөрөө л бодож үзье.
Үр хүүхдийнхээ хорвоотой танилцаж өсч торних тэр үеийг хэн нэгэнд, ойр тойрны хамаатандаа, хэдэн төгрөгөнд даатгаад, хаа хол, хилийн чанад ажиллаж, сурч байгаа минь гээд над шиг яваа нэгэн бий. Аав ээждээ их сайндаа хэдэн төгрөг явуулж, хаяахан утсаар ярих төдий бараг мартаад яваа нь бий. Үр хүүхэд, хань нөхөр, ах дүүсээ уриад авчрах гэхээр visa хэмээхийг нь олгож өгөхгүй, тэнгэр хол, газар хатуу, ганцаардаж яваа нь ч бий.
Чадлаараа мөнгө олж, хүссэнээрээ зарцуулж яваа нь байхад аав ээжийнхээ олсон, зөөснөөр туйлж яваа нэгэн ч бий л байх. Энэ орны баримт бичигтэй, эрдэм мэдлэг, ур чадвараараа Монгол хүний нэрийг гаргаж яваа нилээд бий.
Харь хүний өмөг түшигт жаргаж буй бүсгүй байхад хэл соёлын ялгаа, ааш авиртай эвлэрч ядан нүүрэндээ инээмсгэлэлтэй, цээжиндээ будантай яваа нь ч бий.
Хорвоод онож төрсөн Монгол нутагтаа очсон байна зүүдлэснээ тамын орон зүүдэлсэн мэт дахиж тэгж зүүдлэхгүй юм шүү “пүү-пай” болчихсон яваа нь ч тааралдана.
Баримт бичигггүй харласан, баригдахвий гэсэн айдас ч тойрохгүй л байгаа. Нутаг орондоо буцах гэхээр хурааж хумьсан мөнгө, худалдаж авсан унаа тэрэг, орон байр нь хаана байна гээд “ацан шалаа”-нд орсон ч байгаа.
Залуу насны өдрүүдээ зориулан олж явсан эмч, багш, ня-бо, инженер, дуучин, жүжигчин, сэтгүүлч гээд мэдлэг мэргэжилээ хоол зөөгч, шуудан хүргэгч, жолооч, цэвэрлэгч, асрагч, засварчин, худалдагч, кабелчин, туслах ажилтнаар сольчихсон “энэ хүүхдүүдээ сургууль соёл төгсгөж хоолонд хүргэчихээд нэг сайхан жаргана даа”… гээд бодож зүтгэж буй нь олон буй.
Нэг талаас нийтлэг амьдралын тухай нуршин дурдаж байгаа ч оноо, алдааны дэнс нь таны, миний хүсэл, зорилго, сайхан амьралын таталт, түлхэлт юм шиг ээ.
Нийгмийн тогтолцооны өөрчлөлт, үнэ, ханшийн уналт, бага орлого, ядуурал, авилга, шударга бус байдал, баялагийн зохистой бус хувиарлалт, мэдлэг, оюуны үнэлэмж муу, эцэс төгсгөлгүй улс төрийн хэрүүл, орчны бохирдол зэргээс олноороо зугтахад хүрсэн шүү гэж өмөөрмөөр байдаг.
Аз жаргалаа бид олсон уу, алдсан уу?
“American dream”-д бүдрэхүй
Бөмбөрцөг дэлхийн булан бүрээс аз жаргалын сая сая эрэлчид хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж Нэгдсэн Улсыг зорьсоор байна. Манайхан ч тэдний нэгэн адил цувран ирж, “American dream”-д тээглэж, бүдэрсээр...
Амжилтад хүрсэн хувь хүний нөр хичээнгүй хөдөлмөр төдийгүй боловсрол мэдлэг, авъяас чадвараа ашиглан эдийн засгийн чадавхиа бүрдүүлж, баялагыг бүтээж буйн үнэлгээ “American dream’-ийн биелэл аж.
Бэл бэнчингийн хэмжээ хэн болохыг нь тодорхойлдог энэ нийгмийн давхрага бүр өөрийн онцлог “American dream”-тэй.
“American dream” хэмээх амжилтанд хүрэхэд арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, нийгмийн гарал үүсэл хориг болохгүй гэнэм. Арван есөн настай, 45 доллартай Америкт газардаж байсан гэдэг булчинтай залуу Арнольд киноны нэртэй од, муж улсын амбан захирагч болчихсон байгаа, Африкийн хар, америк бүсгүйн эрлийз хүү Обама Улсын ерөнхийлөгч болохоор нэн хүчтэй өрсөлдөж буй үүний жишээ бололтой.
“American dream”-ийн нэгээхэн хэсэг нь эд баялагтай байх, эд баялагыг бүтээх явдал. Эд баялаг бол хүч. Манайхны хэллэгээр “Баян хүн таван хаанд нүүртэй” Эрдэм мэдлэг, хүч оюунаа шингээж, хөдөлмөрлөж, орлогоо эргэлдүүлж олсон эд зүйл түүний эх үндэс болдог гэнэ. Үл хөдлөх хөрөнгө-баялаг, “Dream house”-аа худалдан авах нь америк хүн бүрийн баяр жаргалын нэг аж.
Өндөр орлоготой байх нь сайн ч орлого-баялаг биш гэнэ. Манайхан өргүй бол баян гэдэг бол өртэй бол баян хэмээх хууль энд үйлчилж, зээлээр олж авсан эд баялагаа өөрийн болгох мөнгө олохоор гал, усан дундуур, ширүүхэн өрсөлдөж “American dream”-д ойртдог.
Боловсрол “American dream”-ийн биелэлийг олох таяг, тулгуур. Боловсрол хувь хүний амжилт гаргахдаа ашиглах гол нөөц, ажил амьдралын өргөн боломж, орлогын түвшинг тодорхойлогч ажээ. Боловсрол олох боломж мөнгө, орлогоосоо шалтгаалаад харилцан адилгүй ч үнэхээр “гавал” бол хэн ч хорьж дийлэхгүй …
Жирийн дундаж америк хүн ажилтай, ажлын хөлс нь гэр бүлээ хангалттай тэжээх, боломжийн чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах, үр хүүхдийн ирээдүй баталгаатай байх, аюулгүй орчинд ажиллаж амьдрах явдлыг илүүд үздэг аж.
Нэгэн үе хар арьст Америкчууд ядуу зүдүү, гэмт хэргийн үүр уурхай болсон амьдралын орчноо өөрчилж, цагаан арьснуудтай эн зэрэгцэн амьдрахыг хүсч тэмүүлж тэмцсэн. Үр дүнг нь тэдний үр хүүхдүүдүүд болох баян чинээлэг гэвэл W.Oprah хэмээх тариачны, эрх мэдэлтэй гэвэл К.Rice хэмээх санваартны охидоор төлөөлүүлж болох. Харин Латин Америкчуудад ахиухан мөнгө олох, үр хүүхдийнхээ Америк дахь ирээдүйг баталгаажуулах явдал хүсэл мөрөөдөл нь байдаг гэнэ.
Европийн цагаач эр “Америкийн гудамж эд баялагаар хучигдсан гэж бодож ирсэн. Гэвч үгүй юм билээ. Америкийн гудамжинд эд баялаг ургадаггүй, харин өөрийнхөө эд баялагийг өөрөө ургуулдаг гэдгийг л мэдлээ” гэж хэлсэн байдаг.
Бидний үеийнхэн энэ нийгмийн эрээн бараантай амьдралд холилдон бага ч атугай боломжийг нээж үр хүүхдийнхээ, ач зээгийнхээ, дараа үеийнхээ “American dream”-д бүдрэхгүй хүрэх гишгүүр, шат болж байгаа шүү гэж баясан боддог.
Харин ахуй нутаг, элгэн садан, ажил мэргэжилээсээ холдсоны эцэст “нутгаа зорьж гүйхийн” цаг ирж гэмээнэ “аз жаргалаа энд л орхиж дээ” хэмээн харамсан бодох вий гэж эмзэглэдэг.
Д.Бишүүгарам
Лос Анжелес хот
Миний хувьд өөрийнхөө намагт, өөрийнхөө гуагалаж байхыг илүүд үздэг... Гэхдээ чаддаг бол явж сураад, ирж намгаа хөгжүүлэх юмсан гэж бодож л явна..
За тэгээд та бүхэндээ амжилт хүсье..
Харин аз жаргалын тухай ойлголтын хувьд би арай өөр бодолтой байдаг л даа..
Аз жаргал угаасаа хүний гарт л байдаг, зүгээр л өөрөө тэрийгээ мэдэрч ухаарахгүй л бол Билл Гэйтс шиг баян чинээлэг болоод, Анжеллина Жолли шиг эхнэртэй болсон ч аз жаргалыг мэдэрч чадахгүй ч байж болох шүү дээ.. Өөрөө өөртөө байгаа юмандаа сэтгэл хангалуун байж аз жаргалыг мэдрэх хэрэгтэй байх... За мэдэхгүй юм дөө