2009-04-06
Номинжин

АНУ-ын Лос Анжелес хотноо өөрийн шинэ уран бүтээлийн төсөл дээр  ажиллаж байгаа дуучин  К.Номинжинтэй  уулзаж ярилцлаа.  

Сүүлийн  үеийн уран бүтээлийн талаар чинь яриагаа эхлэх үү?

   Сүүлийн уран бүтээлийн хувьд Продюсер  Рүбэрт  Хайнтай  хамтран ART  чиглэлийн цомог бүтээгээд байна. Ноён Рүбэрт  Хайн  олон алдартай уран бүтээлчидтай хамтарч ажилладаг,  дуучин  Tайна  Tүрнерийн  гурван ч цомгийг  хийж  байсан юм билээ.  Рүбэрт  Хайнтай  хамтран хийсэн энэ  цомогтоо  Монгол,  Энэтхэг, барууны   хөгжим соёлыг хооронд нь нийлүүлж, нийцүүлж  оруулсан нь  их онцлог болсон гэж миний хувьд  үзэж байгаа . Энэ цомогт  маань олон хүний хүч хөдөлмөр шингэж бүтсэн гэж хэлж болно.  Тухайлбал. Хөгжмийн инженер  Степан Тейлэр,   Лос Анжелесийн нэртэй хөгжимчид,  мөн Энэтхэгийн алдартай  хөгжимчид, хөгжмийн хамтлаг оролцсон.

   Өнгөрсөн оны  11 сард Токиогийн  “Ajinomoto”  стадионд “SOS Global warming”  арга хэмжээнд, 12 сард Тайванд мөн тоглосон. Энэ оны 1 дүгээр сард Францд болсон Дорнын цагаан сард зориулсан тоглолтонд, 2  дугаар сард АНУ-ын  Сан Деиго хотод болсон  хөгжмийн фестивалд, 3 сард Мехсикийн  Эксалапа хотод  болсон  Дулаарлын эсрэг олон улсын арга хэмжээнд оролцож өөрийн ая дуугаа хүргээд  байна.

   Лос Анжелесийн Монголчууддаа  өөрийнхөө уран бүтээлээс хүргэх  гэж байгаа  талаараа ярина уу?  

   Энэ тоглолтоо Лос Анжелес хотноо амьдардаг эгчтэйгээ  хамтран зохион байгуулж байгаа. Мөн  ЛАМХ-ныхон дэмжиж хамтран  оролцож байгаа юм. Эх   нутгаасаа хол байгаа  Монголчууддаа  өөрийн ая дуугаа хүргэх  гэж  байгаадаа  сэтгэл маш өндөр байна.

   Энэ 4 сарын 12-ны Ням гаригт тоглолт маань болох юм. Лос Анжелесийн Монголчууд та бүхнийг  тоглолтондоо урьж байна.

   “Үлэмжийн чанар”, “Хайр мэдрүүлсэн харц”  зэрэг гээд  Монгол хэлээр дуулсан  дуунаасаа, түүнчлэн  “ART чиглэлийн шинэ цомгийнхоо дуунаас  дуулна. 

   Авъяас билэг удамшдаг гэдэг. Танай ээж, аав чинь урлагын хүмүүс үү?

   Манай ээж ном хөөсөн, эрдэмтэн хүн л дээ.  Дуу дуулахыг заасан анхны багш маань миний ээж.   Хэрэв урлагын чиглэлээр явсан бол ээжийгээ  их амжилтанд хүрэх байсан гэж боддог.  Нэг удаа Турк Улсад  яваад ирэхдээ  тэдний үндэсний хөгжим  Balama-г ээждээ авчирч өгсөн юм.  Гэтэл ээж маань хөглөөд шууд л  ая тоглосон шүү. Энэ мэтээр барьсан хөгжмөө л тоглодог, Монгол ардын дуу, Орос дуунууд,  Celine Dion,  Whitney Hоuston-ний   дуунуудыг их сайхан дуулдаг. Дуурийн ари ч дуулж чадна  шүү.  Ээжийгээ  хүндэлж, авъяас билгээр нь үнэхээр бахархаж явдаг.

 “Үлэмжийн чанар” хэмээх сайхан дууг өвөрмөц донж маяг оруулж дуулсан санагддаг.  Ер нь ардын урлагаасаа хэрхэн суралцаж байна ?   

  Манай ээж  “Үлэмжийн чанар”  дууг  маш сайхан дуулдаг. Багаасаа ээжийнхээ дуулахыг сонссоор байгаад тэр  гайхамшигтай дууг сурсан л  даа.  

  Их хутагт Данзанравжаа  гэгээнтний   “Үлэмжийн чанар” дууг орчин үеийн  хөгжим, бүжгийн элементүүд оруулан шинэчлэн гаргасан.   Ингэж шинээр гаргах санааг ээж маань хэлж  Хөгжмийн зохиолч Пүрэвдорж гуай,  Хөгжмийн найруулагч Гантөр ах хамтран их өвөрмөц хөгжмийн найруулга хийсэн юм. 14 настай байхдаа тэр дууг бичүүлсэн. 

    Дуу маань хүмүүст  хүрсэн нь мэдрэгддэг. Ахмад настанууд ч гэсэн маш сайхан хүлээн авч  тоглолтын үеэр “Үлэмжийн чанар”  дууг дуулуулна, дахиулна гээд л байдаг юм.

  Би поп чиглэлийн дуучин ч гэсэн  Уртын дуугаа сонирхон, гүнзгийрүүлэн судлахыг  хүсдэг.  Тийм ч учраас уртын дууч Хонгорзул багштайгаа үргэлжлүүлэн  хичээллэнэ гэж  бодож байгаа. Ер нь  уртын дууг гадны хүмүүс  сонсоод үнэхээр агуу юм, сэтгэл их хөдөлж байна, уйлмаар байна гэж  сэтгэлээ илэрхийлдэг юм.

   Монгол үндэсний ардын урлагынхаа мөн чанараас  сайн суралцаж  шинэ хэлбэрийн хөгжимд ашиглан нийтэд уламжлан хүргэх  хэрэгтэй гэж  боддог.

    Олон хэлээр дуулж байгаа гэж сонссон.  Яг хичнээн цомог гаргаад байгаа  уран бүтээлийнхээ  талаар ярихгүй юу?

    Миний  хувьд Монгол, Орос хэлээр хольж яриад хэлд орсон юм гэнэ лээ.  Англи, Хинди, Өмнөд Энэтхэгийн Малялам хэлээр эх хэл шигээ чөлөөтэй ярьж сурсан. Мөн 12 орны хэлээр дуулж байгаа.  Энэ бүхэнд суралцахад  ээж, аавын маань дэмжлэг  их нөлөөлсөн.

 “Хайр мэдрүүлсэн харц” гэдэг 12 дуутай Монгол, Англиар дуулсан цомгоо 15 настай байхдаа гаргасан. Энэ цомгийнхоо 8 дууны үг аяыг нь өөрөө зохиосон. Монгол, Энэтхэг, Барууны хөгжмийн  элементүүдийг уусгаж шингээсэн,  Англи хэлээр дуулсан “ART” чиглэлийн цомгоо гаргаад байгаа. Энэ цомогт орсон бүх дууныхаа  хөгжим, үгийг зохиосон.

   Монголынхоо үе үеийн хөгжмийн зохиолч, дуучид, уран бүтээлчдээс суралцаж, хүндэлж,  хамтран ажиллаж, уран бүтээлээ хийж явдаг.   Хамгийн сүүлд гэхэд л гэхэд  дуучин Ариунаа эгчтэй  хослон “Даян дэлхийгээрээ дуулж байна”  гэдэг дууг Энх тайвны их наадмын сүлд дуу болгон дуулсан.

  Цаашид  юу хийхээр төлөвлөж байна. Нууц биш бол  энэ талаараа сонирхуулна уу?

   Би Монгол, Энэтхэг, Америк барууны хөгжмийн элементүүдийг агуулсан  “АRT  чиглэлийн дуу хөгжим дээр 2007, 2008 онд ажиллаа. Энэ чиглэлээрээ үргэлжүүлэн  ажиллана.  

   Нэр хүнд бүхий хөгжимчид, тухайн хөгжмийн урсгал, чиглэлдээ байр суурьтай болсон хүмүүстэй  танилцаж, харилцаагаа өргөжүүлж байгаа. Ерөнхийдөө өөрийн үе тэнгийнхэндээ зориулан шинэлэг хэлбэрийн  дуу, хөгжмийг бүтээхийг эрмэлзэж  явдаг.   Энэ чиглэлд  хамтран ажиллах “international” багаа бүрдүүлж байгаа гэж  хэлж болно. Бүрдсэн багтайгаа ажиллаж дараа дараагийнхаа уран бүтээлээ хийнэ гэж  бодож  байна.  

  Аль болох  олон хүний  амьдралд дуу хоолойгоороо, өөрийн ажил бүтээлээрээ эерэг сайхан  энергийг түгээхийг л хүсч байгаа.  

  Монгол Залуу хүний хувьд хөгжил дэвшилийн талаар харьцуулалт хийж явдаг биз. Энэ талаархи бодлоосоо хуваалцана уу?

     Монгол хүн бүр асар өндөр чадавхитай гэж би боддог. Олимпын аваргуудтай  боллоо, Японы сумогийн дэвжээн маань толгой цохиж байна шүү дээ. Энэ  мэтчлэн бүх л салбарт  амжилт бүтээлээр дүүрэн байгаа залуус гадаад, дотоодод  олон байгаа.  Дор, дороо  сайн сурч хөдөлмөрлөөд ирвэл бид  хэнээс ч дутахгүй, Монгол орон маань   хөгжиж чадна гэж итгэж явдаг юм.

   Монголчууд маань их сэтгэл хангалуун өөдрөг, сэтгэлдээ галтай, цоглог,   баяр баясгалантай хүмүүс. Энэ талаараа бусдаас  давуу.

   Миний  нэг эмзэглэдэг зүйл архидалт.  Мөн  өнөөгийн залууст  урам дэм, ирээдүйд итгэх итгэл хайрлаж, үлгэр жишээ болох манлайлагч  манай Монголд илт дутагддаг юм шиг санагддаг.

  Улс төрчид, урлаг соёлынхон,  сэтгүүлчид гээд олны нүдэн дээр байгаа  хүмүүс асар хариуцлагатай үлгэр дууриалтай, ард олныхоо  сэтгэлийг эерэг мэдээлэл, эрч хүчээр цэнэглэж  байгаагай гэж боддог.

   Өөдрөг амьдралын хэв маягын тухай ярьж байсныг  чинь санаж байна. Дэлгэрүүлж  ярина уу?

   Эерэг, өөдрөг амьдралын хэв маяг, хооллолтын зөв горим, цагаан хоолыг сурталчлан дэлгэрүүлэх талаар  14 настайгаасаа эхлэн  ажиллаж  байгаа.

  Байгаль дэлхийнхээ үр шимээр ургасан будаа, ногоо гэх мэт зүйлийг тогтмол идэж  өөрийн биеийн илч, энергийг сэлбэж байх  хэрэгтэй гэж  орчин цагийн олон эрдэмтэн, судлаачид зөвлөдөг шүү дээ.

  Хамгийн эхлээд  хоол ундаасаа эерэг мэдээлэл,  энерги авч байж хүний амьдралын  анхны  өөдрөг  хэв шинж  бүрдэнэ.  Жишээ нь нялх хүүхэд хичнээн сайхан байдаг билээ.  Арьс нь ямар  булбарай, нүд нь цогтой,  аз  жаргалаар гэрэлтэж байдаг. 

    Өнгөрсөн жил  ээж, эгч нарынхаа  хамтаар  “Луна Бланка”  гэдэг нэртэй  цагаан хоолны  газар нээн ажиллуулж  эхэлсэн. Энэ маань Монголчуудынхаа эрүүл мэндийг  сайжруулахад чиглэсэн “ашгийн бус”  байгууллага гэж хэлж болно. Бид  Канад, Малайз зэрэг орны органик  бүтээгдхүүнээр  хийсэн  цагаан хоол хүнсээр үйлчилдэг.

    Би өөрийн хийж  бүтээсэн уран бүтээлээсээ  олсон орлогынхоо ихэнх хувийг  хүмүүст эерэг амьдралын хэв маягыг  түгээн дэлгэрүүлэх зорилгодоо  зарцуулж явдаг.

   Олон үндэстний  ялгаатай   хийгээд  адил  амьдралын хэв маягын талаар юу хэлмээр байна?    

   Mиний хувьд  гадны улс оронд очоод  гадаад хүн, шинэ хүн гэсэн мэдрэмж төрж байгаагүй. Энэ нь хувийн араншин, нэг газраас нөгөө газарт нүүгээд явдаг нүүдэлчний удам болохоор  тэгдэг ч  байж магадгүй л дээ.   

  Би  19 настай.  Гадны 10 гаруй  оронд амьдарч ажиллаж,  зорчиж, тоглож байхдаа  нэгэн сайхан зүйлийг  онцлон анзаарч мэдэрсэн.  Дуу хөгжим гэдэг бол үнэхээр хүн бүхний ойлгодог хэл  юм.  Тийм ч учраас  дуу хөгжмөөрөө  дэлхийн олон үндэстэн  хоорондоо холбогдож,  эв найрамдалыг  бүрдүүлж  байдаг гэж боддог. Урлагын чиглэлээр ажиллаад,  олон хүмүүстэй уулзаж нөхөрлөж яваадаа баяртай байдаг аа.

  Өөрийн чинь www.nominjin.com сайтын Deeply  Mongolian..., Truly Global  гэсэн уриа үг “өөрийгөө илтгэх эрмэлзлэл,  алс ирээдүйн  зорилго юм” гэж  ойлгож байна. Ингээд амжилт хүсье.

Ярилцсан:

Д.Бишүүгарам                                                                                                                    
Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 13:24 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 969 удаа уншигдсан.







:-)
 
xaax