2011-04-21
Одон бөмбөгчдийн “сэтгэл сэргээж, нүд баясгасан” тэмцээн боллоо.
АНУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчуудын  дунд урлаг спорт, соёлын олон арга хэмжээ зохиогддог билээ. Түүний нэг  Америкийн Монголчуудын Ширээний теннисний 4 дэх удаагийн тэмцээн   Чикаго хотноо  өнгөрөгч амралтын өдрүүдэд  болов.  
 
    Энэ спортод дурлан  тоглож, тоглолтоосоо таашаал авч, спортоо хайрлан  хүндэтгэдэг, сонирхон дэмждэг  60 гаруй Монгол тамирчид Чикаго,  Лос Анжелес, Сан франциско,  Сакраменто, Денвер, Сэинт Люис,  нийслэл Вашингтон,  Солт лэк хот  гээд газар газраас  хүрэлцэн ирсэн аж.  Эдний  дотор  Монгол Улсын спортын мастер, өндөр зэрэгтэй  14 тамирчин  оролцсон нь тэмцээний чанар чансааг илтгэж байна.  Тэмцээнд оролцогсод   сонирхогчдын (эрэгтэй,эмэгтэй),  багийн болон  холимог хос тоглолт,  спортын өндөр зэрэгтэй тамирчдын тоглолт гэсэн хэсэгт хуваагдан  өрсөлдөж аваргаа тодруулсан юм.

Спортын өндөр зэрэгтэй тамирчдын төрөлд
Аваргын цом, алтан медалийг  Спортын мастер  Цэнджаргал (Сакраменто)
 Мөнгөн медалийг  Спортын мастер Зүчи  (нийслэл Вашингтон)
Хүрэл медалийг Залуу тамирчин  Мөнхболд   (Сэинт Люис)  нар тус тус хүртлээ. 

 Сонирхогчдын төрөлд эрэгтэй тамирчдаас
 Алтан медалийг   Баярсайхан (нийслэл Вашингтон)
Мөнгөн медалийг  Бат Эрдэнэ  (Лос Анжелес)
Хүрэл медалийг  Баянжаргал   (Чикаго)

Эмэгтэй тамирчдаас
Алтан медалийг  Пүрэвдэлгэр  (Сэинт Люис)
Мөнгөн медалийг  Амаржаргал (Сакраменто)
Хүрэл медалийг Сарантуяа (Чикаго) 

Багийн тоглолтонд  
  
Алтан медаль  Спортын мастер  Лхагва ахлагчтай  Лос Анжелесийн баг
Мөнгөн  медаль  Амаржаргал ахлагчтай  Сакраменто Bay area баг
Хүрэл медаль Спортын мастер Зоригт ахлагчтай  Чикагогийн баг  тус тус хүртлээ.

Холимог хос тоглолтын төрөлд

Алтан медалиар  Спортын мастер Хатанбаатар, Саруул нарын хос (Лос Анжелес)
Мөнгөн медалиар Цэдэв, Болормаа нарын хос  (Чикаго) 
Хүрэл медалиар Спортын мастер Цэнджаргал, Амаржаргал нарын хос  (Сакраменто)  тус тус энгэрээ мялаав.
 
   Тэмцээний нээлтийн үеэр   “Сэтгэл сэргээж,  нүд баясгасан” тэмцээн болно хэмээн энэ тэмцээний санаачлагч  ширээний теннисний Спортын мастер Лхагваа мэдэгдсэн.   Тийм ээ. “Одон бөмбөгийг ойлгон залж, олон хүнийг  шуугиулан” Америкийн Монгол теннисчид одтой сайхан өрсөлдөв. 

  Америкийн Монголчуудын  ширээний теннисний Тэмцээний үеэр уг Спортын  Монгол Улсын цол, зэрэг олгож,  ивээн тэтгэгчдийн болон дэмжигчдийн нэрэмжит шагналууд гардуулсан юм.  Ширээний теннисний спортын дэд мастер цолыг  Америкийн Монголчуудын дунд зохиогдсон  ширээний теннисний  олон удаагийн тэмцээний амжилтаараа Сан Францискогийн  тамирчин  Эрдэнэхүү хүртсэн бол,   тамирчин Алтмаа, Алтангэрэл, Мягмаржав, Одгэрэл, Тогтохбаяр, Амаржаргал нарын тамирчдад  ширээний теннисний спортын  зэрэг  олгов.

  Америкийн Монголчуудын  ширээний теннисний 4 дэх удаагийн тэмцээний “Шилдэгийн шилдэг”  тамирчнаар  залуу тамирчин  Баярсайхны  Мөнхболд  (Сэинт Люис)  шалгарч тэмцээний ивээн тэтгэгч  “Таван Цагираг USA”  сэтгүүлийн нэрэмжит,  “Өсөх ирээдүйтэй тамирчнаар”  Саруул  (Лос Анжелес) шалгарч Америкийн Монголчуудын  Замдаан сэтгүүлийн нэрэмжит  шагналаар тус тус шагнуулав.  
  
  Америкийн Монголчуудын дунд   Ширээний теннисний  спортыг хөгжүүлэх,  түгээн дэлгэрүүлэхэд  хувь нэмрээ оруулж байгаа  зарим хүнд   тэмцээнийг дэмжигчдийн шагнал гардуулсан юм.  Тухайлбал.  Сакраменто хотын Монголчуудын Холбооны  “Эрхэм”  шагналаар  Чикаго хотноо  энэхүү тэмцээнийг удирдан зохион байгуулсан  спортын мастер Р.Зоригтийг ,  Лос Анжелес Орчмын Монголчуудын холбооны шагналыг  тэмцээний зохион байгуулагч  Цэцэгжаргал,  мөн Чикаго хотноо суугаа Отгоо  Ширээний теннисний  Улсын 7 удаагийн аварга эгч Отгонжаргалынхаа  нэрэмжит шагналыг  тэмцээний ерөнхий зохион байгуулагчид  гардууллаа.
 
  Америкийн  Монголчуудын дунд зохиогддог  бүхий л арга хэмжээг  энэ нутагт   бизнес эрхэлж байгаа  нутаг нэгтнүүд маань ашиг, орлогоосоо илүүчлэн  сэтгэл гарган ивээн тэтгэдэг уламжлалтай.   Чикаго хотноо үйл ажиллагаа явуулдаг  Цэдэв захиралтай Papa Romeo's   компани,  Монгол Америкийн Нийгэмлэгийн тэргүүн Гэрлээ, Тэмцээний ерөнхий шүүгчээр ажилласан  Пүрэвдорж болон  Эрдэнэжаргал, Ганпүрэв,
Энхбаяр, Галаа, Тунгалаг, Амгалан ахлагчтай  Таксиний хамт олон  гээд олон хүний тус дэм, хандив дэмжлэгээр  энэ удаагийн тэмцээн болох  нөхцөл бүрджээ. Тэгвэл  зарим  хотын Монголчууд  оролцох баг  тамирчддаа дэмжиж тэмцээнд ирүүлжээ.  Жишээ нь. Лос Анжелес орчмын Монголчуудын холбоо,   тус хотноо бизнес эрхэлдэг Өнөржаргал, Отгонбаатар, Хундага, Баярмөнх, хуульч Золжаргал, Лос Анжелесийн Монгол шагайн бүлгэмийнхэн  тамирчиддаа  мөнгөн тусламж үзүүлж дэмжсэн  байна.

    Тэмцээний үзэгчийн хувиар тэмцээний талбайд эргэлдэж сонин содон тоглолтыг нь сэтгэл догдлон харж,  ойр байсан тоглогчдоосоо асууж сураглаж  өнжлөө.  Спортын Мастер Лхагваатай ярьж суухад  “алс хол суугаа спортын сонирхол нэгт анд нөхөдтэйгээ, залуустай  жилдээ нэг уулзан тоглож,  шинэ газар нутаг үзэж, улмаар Монголчууд бид хоорондоо нэгдэн нягтарч байдаг юм. Тэмцээн маань улам өргөжин чанар чансаатай болж байна. Энэ тэмцээн  Монголтойгоо адилтгах юм бол дүүргийн аварга шалгаруулах тэмцээний зиндаатай, энэ үзүүлэлтээр  нь  эрэмбэлж  Спортын зэрэг цол олгодог” болж байгаа тухай хуучилсан юм.  Энэ удаагийн тэмцээний ерөнхий зохион байгуулагч,  Спортын мастер Зоригт “Олон газраас олон тамирчид, тэр тусмаа өндөр зэрэгтэй тамирчид олноор ирж оролцсон” нь тэмцээний онцлог болсныг дүгнэж хэлсэн.  Спортын дэд мастер Эрдэнэхүү “Шинэ арга барил эзэмшсэн, залуу тамирчид  түрэн  гарч ирж байгааг энэ тэмцээнээс мэдэрлээ” гэв.  Тэмцээнд оролцсон  залуу тамирчин Мөнхболд тоглолтын арга барил, хурдаараа  онцгойрч байсан бол спортын мастер, Теннисний олон улсын шүүгч  Цэнджаргалын  тоглолт, тоглогчоо мэдэрч  тоглох туршлага үнэхээр илүү байлаа.  Сэинт Люис хотын теннисний багийнхан зохион байгуулалт сайтай  байсны дээр   залуу тамирчин Мөнхболдоо  машид уухайлан дэмжихийг бахархан харж суув.

 Америкийн Монголчуудын  Ширээний теннисний 4 дэх удаагийн тэмцээнд оролцогсод тэмцээнийг амжилттай  зохион байгуулж ачааны хүндийг үүрсэн   Монгол Улсын Спортын Мастер Зоригт  тэргүүтэй  Чикагогийн Монголчууддаа  халуун талархал илэрхийлж байсан. Та бүхэнд, нийт тамирчиддаа баярлалаа. 

  Ирэх жилийн  тэмцээнийг  Спортын Мастер Зүчи,  Баярсайхан нар  Нэгдсэн Улсын нийслэлд  Сакура цэцэглэх  хаврын өдрүүдэд  буухиалан үргэлжлүүлэхээр  болов. Дараа жилийн  өдий хүртэл  догдлон хүлээх  теннисний наадам хол байна аа. 

Бичсэн: bishuu | цаг: 08:38 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 493 удаа уншигдсан.







:-)
 
xaax