2011-03-26
Энэ газарт Монголчууд бид бие биенээ түшиж тулж хөлөө олно.
Замдаан сэтгүүлийн хуудсаар гардаг сонирхолтой бичлэгүүдээрээ манай уншигчдад эчнээ танил болсон Д.Бишүүгарамтай онлайнаар уулзан хэсэг ярилцлаа. Америкт аж төрөн суугаа нэгэн монгол хүний ахуй амьдрал, санаа бодлыг бага ч болов уудлан нээхийг зорьсон болно, уншиж сонирхоорой.

Америкт ирээд удаж байна уу, ар гэр, ахуй амьдрал, ажил мэргэжил, гээд яриагаа эхлэх үү хоёулаа?
 
  Би 2004 оны сүүлээр АНУ-ын Лос Анжелес хотод ирээд хэлний, дараа нь олон улсын бизнесийн чиглэлээр суралцсан. Эхнэр бид хоёр энд, хүүхдүүд маань Монголд байгаа. Суралцах, ар гэрээ авч явах гээд бужигнаж амьдарсаар хэдэн жил болчихлоо. Хуулийн мэргэжилтэй, энд ирэхээсээ өмнө Нийслэлийн Хянан шалгах хороо, Аудитын газарт ажиллаж байв.

Америкт ирэхээсээ өмнө төсөөлөн бодож байсан мөн энд анх буугаад төрсөн сэтгэгдэл, ирээд хэдэн жилийг ардаа үдсэний дараа дүгнэж цэгнэж буй санаа бодлоосоо манай уншигчидтай хуваалцана уу?

    2004 онд олон хүн гадагшаа гараад, зарим нь суурьшаад эхэлчихсэн байсан тул гадаадад амьдарч байгаа хүмүүсийн амьдралын талаар мэдээлэлтэй, сайн, муугийн төсөөлөлтэй байсан. Гадаадад яваа хүмүүс, нутаг нэгтнээ түшиж явдаг юм байна гэдгийг Германд байдаг Түркүүдээс харж байсан юм.
Лос Анжелес анх ирэхэд 8 сарын эхний халуун өдрүүд байсан. Манай өрөө дээд давхарт тул заримдаа буузны жигнүүр л ийм байдаг байх гэмээр халуун байсан шүү. Бас цонхоор орж ирдэг их чимээ шуугиан гээд эрс ялгаатай орчин байлгүй яахав. Шинэ ахуй орчин, ажил амьдралд дасна гэдэг амар байгаагүй. Монголчуудаа түшиж хүний нутагт хөлөө олж явна. Анх энд ирэхэд “Монгол Тоун” компаний Хасаа намайг тос авч, Итгэл, Үлэмж, Дэмбээ нарын хамт амьдарч эхэлсэн. Шинэ нутгийн амьдралын анхны  алхамуудаа Монголчуудын Холбоог тэргүүлж байсан Батболд ах дээр очоод асууж сураад, детальчлан заалгадаг байв. Тиймээс шинэ орчинд дасч дадахын бэрхшээл бага амссан.

Лос Анжелест бидний амьдардаг орчинд Латин Америкчууд, Солонгосчууд их тул “хаана байна тэр Америкчууд, ерөөсөө эдэнтэй зууралдаад байвал хэл усыг нь сурахгүй юм байна” гэж эргэлзэж байсан үе бол бий. Даян дэлхийн газар бүрээс ирсэн хүмүүс Америкт өөр өөрийн хэл соёл, уламжлал, онцлогоо хадгалан улс доторхи хот, хот доторхи гудамж, гудамж доторхи байраа байгуулан зэрэгцэн амьдардаг гэдэг нь удах тусам улам мэдрэгддэг. Тэгэхээр бусдаасаа тусгаарлагдах гэж эргэлзэж байсан маань туйлын буруу юм. Энэ газарт Монголчууд бид бие биенээ түшиж тулж хөлөө олно.


Монголчууд америкийн хэд хэдэн хотуудаар байнгын төвлөрөл хэдийн үүсгэжээ. Америкийн монголчууд гэхээр энд байсан жилээрээ бол хамгийн ахмад нь хорин наснаас хэтрээгүй магадгүй энэ гүрний хамгийн залуу комунити болох байх. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

Тиймээ, “Америкийн Монголчууд” гэж нутгархах хэмжээнд биенээ мэддэг болж байна. “First generation of American Mongolians” хүүхдүүд насанд хүрч, аав ээж нь 50 насны ойгоо Америкт тэмдэглэж эхлэхнээ. Энэ хугацаанд Америкийн Монголчуудаас гэр орныхоо амжиргаа, Монголынхоо эдийн засагт оруулсан хувь нэмэр ихээ. Энэ нутагт олон мэргэжилтнүүд техник технологи, эм, эмчилгээ,хуулийн, эдийн засгийн зэрэг нарийн мэргэжлээр Америкчүүдтэй ижил түвшинд ажиллаж, ажил хэрэгч Монгол хүмүүс нутаг нэгтнүүдийнхээ дунд, улс орноо холбосон янз бүрийн бизнесийн суурийг баттай тавьж эхэлсэн.

Монголчуудын төвлөрөл үүссэн АНУ-ын томоохон хотуудад Монголчуудын холбоо, монгол сургууль, номын сан, соёл, спорт,урлаг, бизнесийн хамтлаг, байгууллагууд байгуулагдаж, Америкийн Монголчуудын гэсэн “нэр зүстэй” олон үйл ажиллагаа тогтмол болж байна. Америкийн ардчилал хууль журмаараа энэ байгууллагуудыг дэмжиж Америк дахь Монголчуудынхаа эрх ашиг, нийтлэг сонирхол, уламжлал, зан заншлаа хадгалах, олон улс түмний харилцан ойлголцол, нөхөрлөлийг бэхжүүлэх боломж олгож байна. Танай сайт, Даяар Монгол, Орлоо, Мэдээлэл, Ламонголс гэх мэт Америкийн Монголчуудын сайтууд, хэд хэдэн теле сувгаар дамжин мэдээлэл асар хурдтай солилцож байна. Нийтээр нь харвал бид зохион байгуулалттай, идэвхитэй амьдарч, хүний нутагт хөлөө олж байгаа гэж боддог.

Хүний газар гүний нутаг ч гэлээ монголчууд бид бие биенээ тулж түшээд энэ их улс гүрний дотор дасан зохицоод явж буй. Таны бодлоор бидэнд нэн түрүүнд шийдэх хэрэгтэй ямар асуудлууд байна вэ?
   
Бид олноороо ингэж гадагш гарч амьдарч байгаа нь өөрөө том асуудал юм. Олон Улсын шилжилт хөдөлгөөний байгууллагаас гаргасан судалгаанаас харахад улс орнуудын хүн амын 3 орчим хувь нь эх орноосоо гадна амьдардаг гэсэн дундаж үзүүлэлт байдаг. Багацаагаар 180 орчим мянган Монгол хүн эх орноосоо гадна амьдарч байгаа нь тэр дундаж түвшингээс хавьгүй дээгүүр.

Гадагшаа гараад явсан хүмүүс ихэнх нь буцчихгүй бололтой. Жишээ нь. Танай сайтын “Та эх орон руугаа хэзээ буцах гэж байна” гэсэн  асуулгад оролцсон 600 орчим хүний 70 хувь нь мөн тэгж хариулсан харагдана лээ. Эх орноосоо гадна байгаа Монголчууд өсч үржиж байна. Зөвхөн АНУ-д жилд мянга орчим орчим хүүхэд төрдөг. Өөр орнуудад өдий тооны Монгол хүүхэд мэндэлж байгаа. Бас гадгашаа гарч суралцах, ажиллах хүсэлтэй хүмүүсийн тоо буурахгүй л байгаа шүү дээ.

Гадагш чиглэсэн нүүдэл, суурьшилтай холбоотой хамгийн түрүүн хийж, шийдэх асуудал бол хичнээн Монгол хүн гадаадад амьдарч байгааг тоолж бүртгэх явдал. Хүн амын 8 орчим хувь гадаадад амьдарч байгааг ярьсаар байж бүртгэхгүй, бүртгэнэ гэсээр дахин нэг сонгуулийн хугацаа элээж байгаа төр засгийг яалтай билээ. Албан ёсны бүртгэлийг гадаадад суугаа бид, Монголчуудын байгууллагууд их идэвхи санаачлага гаргаж оролцож, шахаж шаардаж хийлгэмээр юм. Хэн хаана байгаагаа мэдэлцэж байна гэдэг иргэний эрх, үүргээ эдлэх зэрэг олон юмны суурь болно.Тухайлбал, Бид сонгуульд оролцох улс төрийн эрхээ эдлэх нь нээлттэй ч хэрхэн яаж гадаадад байгаа иргэдээ сонгуульд оролцуулах, сонгуулийн нэрсийн жагсаалтыг гаргахаас аваад “процесс” нь хэцүү байдаг. Өөрөөр хэлбэл бүртгэлгүй, мэдээлэлгүй байдлаасаа болж сонгуулийн эрхээ эдлэх боломжоо алдаж байгаа.

Гадаадад төрсөн өссөн хүүхдэд Монгол хэлээ сургах, соёлын үнэт зүйл, бахархал, бусдаас ялгарах онцлогоо сургаж мэдүүлэхэд онцгой анхаармаар санагддаг.  Америкийн Монголчуудын холбоод, сургууль, бусад байгууллагууд их санаачлагатай ажилладаг ч хөрөнгө санхүү байнга л дутагдаж хэн нэгний царай харж байдаг шүүдээ. Манай төр засгаас албан ёсны бодлого, хөрөнгө мөнгөөр дэмжин Монгол хүмүүстээ хэл соёлын үрийг тарих, эх оронтойгоо байнгын холбоотой байх сувгийг дэмжих хэрэгтэй юм. Интэрнетийн баримтаас харахад хөрш Хятад Улс энэ талаар айхтар бодлоготой, гадаадад суугаа иргэддээ хэл соёлоо сургахад нилээд мөнгө зарцуулдаг, Намын төв хорооныхоо дэргэд гадаадад суугаа иргэдтэйгээ харилцах асуудал хариуцсан бүтэцтэй байдаг.

Эрүүл мэндийн, нийгмийн даатгалын талаар бас бодууштай. Түрүүчийн гадаадад гарсан хүмүүс 50 насны босго алхаж байна. Хэсэг хугацааны дараа нутгаа бараадаад очихдоо ихэнх нь тэтгэвэр, даатгалгүй байх вий. Гадаадад суугаа иргэдэд зориулсан ирээдүйн даатгалын хувилбар гаргавал зүгээр санагддаг.

Та Лос Анжелес хотоос Чикагод шилжиж ирээд байгаа гэсэн баруун эргийн монголчуудтай харьцуулхад эндхийн монголчууд амьдралын хэв маягын онц ялгаа байна уу, амьжиргааны өртөг Чикагод арай гайгүй гэж дууллдаг, наана чинь тэгээд хэр юм?

Би удаагүй болохоор сайн хэлж мэдэхгүй байна. Монголд, Лос Анжелест хамт ажиллаж, суралцаж байсан найз нөхөд маань энд сайхан амьдардаг юм билээ. Эмнэлэг, бариа заслын олон мэргэжилтнүүд Монголчууддаа тус дэм хүргэж байдаг нь их зүгээр юм. Цаашдаа амьдрал дунд  нь хутгалдаад явахаар олон шинэ  зүйл мэднэ байх аа. Намайг ирэх үеэр метр гаран цас орсон нь сүүлийн 40 гаруй жилд тохиолдоогүй байгалийн үзэгдэл болсон юм гэсэн. Мөн хотын даргын сонгууль болох гээд хэвлэл мэдээллээр шуугиж  байсан. Одоогийн хотын дарга нь сүүлийн хорь гаран жил тасралтгүй хотоо удирдсан, түүний аав нь бас хотын даргаар 20 гаруй жил ажилласан гэх мэдээлэл сонирхолтой санагдаж байлаа.

Америкийн өргөн уудам нутагт үзэж хармаар очмоор барагдахгүй олон газар бий, таны хувьд америкт хаана хаана очиж үзэв дээ, явсан суусан газрын сонин төрсөн сэтгэгдэлээ хуваалцана уу?

Олон сайхан газраар очиж үзэж сонирхсон. Байгалын цогцолбор, аялал жуулчлалын газарт байгалынхаа унаган төрхийг хадгалсан, нөхөн сэргээсэн, ая тухтай байдлаар байгальтайгаа харилцах нөхцлийг бүрдүүлсэн нь үнэхээр гайхамшигтай. Орчноо хамгаалах, нөхөн сэргээх талаар Холбооны Улсын хэмжээний  амбицтай бодлогын үр дүн нь хойч үедээ ингэж сайхнаар тусч байдаг юм билээ.

Америкийн капитализмын билэгдэл гэж Нью Үоркийг, эрхэмсэг байдал, сүр хүчний билэгдэл нийслэл Вашингтон, тоглоомын Лас Вегас, Атланта,  уран барилгын чуулбар талаасаа Чикаго, Сан Франциско, хуучны дүр төрхийг Филадельфиа, хүний амьдралын баян тансаг байдлыг Беверли хиллс, Малибугаас харж мэдэрч явна. Хамгийн сайхан цаг агаартай газар бол мэдээж Лос Анжелес. Мөн улсынхаа, мужийнхаа ч нийслэлийг том хотоосоо алсдуу байгуулсан нь их зөв юм гэж харж явдаг. Урд талын мужуудаар явж үзээгүй ээ.

Уучлаарай, нэг ийм асуулт байна, америкт ирснээр та өөртөө ямар боломж нээв, мөн монголдоо байгаагүй энэ хугацаанд таны хувьд алдсан юм юу байж болох вэ?

Миний жаахан эмзэглэж явдаг юм гэвэл хүүхдийнхээ дунд сургуулийн насанд дэргэд нь байлгүй “тэнэж яваа” явдал. Эцэг, эх үргэлж дэргэд байж ярьж хөөрч, хүүхдээ хэрхэн торниж байгааг харж ажиглаж, залж чиглүүлэх тэр амьд харилцааг ямар ч утас шөрмөс, интэрнетээр орлуулах боломжгүй ээ. Манай адил олон гэр бүл хоёр, гурав тасран амьдарч байдгаас харахад гадаадад олноор гарч буйн нэг сөрөг тал юм. Америкийг “боломжийн орон” гэдэг. Сурах боломж гарлаа, олон зүйлийг харьцуулан ажиглаж, санал бодлоо бичих боломж гарч байна.

Түүхэн баримт, эх сурвалж бүхий Лос Анжелесийн тэмдэглэл тун сонирхолтой байлаа, Чикагогийн тэмдэглэл... гээд цааш нь цувралаа үргэлжлүүлнэ биз дээ?

Лос Анжелес метрополишн хотыг “хэн, яаж үүсгэн байгуулав” гэж бодож сонирхож явсан маань тэмдэглэл болон гарсан юм. Урам өгч, сайхан зургуудаар чимэглэж сэтгүүлдээ тавьсан танд их баярласан шүү. Зориг гарган тойм тэмдэглэл бичсэн маань нэр усны орчуулгын талаасаа жаахан учир дутагдалтай болсон байх аа. Ашигласан сурвалжууд гайгүй бүтээлүүд байсан тул агуулгын хувьд тухайн он цагийнхаа тухай ойлголт өгнө найдаж байна. Лос Анжелесийн унаган Монгол хүүхдүүд зөндөө байна. Аав ээж нь манай нутгийн түүх ийм, чиний төрсөн нутгийн түүх ийм гэж баяжуулан, харьцуулан хэлж өгөөсэй л гэж хүссэн юм.

Лос Анжелес нутагт амьдарч байсан Индиан хүмүүсийн хувь заяа үнэхээр өрөвдөлтэй, бас их сургамжтай байсан. Өөрт үлдсэн өчүүхэн газраа архиар солиод уучихдаг уужуу дотортой нутгийн Индианчуудын түүх манайд давтагдахгүй гэх газаргүй.

Чикагогийн тухайд явцын дунд болно байх. Дээр хэлсэнчлэн Аав, хүү хоёр энэ хотын түүхийн 50-иад жилд засагласан нь их сонин санагдаад байгаа юм. Их түймрийн үнс нурман дээр дахин боссон энэ хотын уран барилгын чуулбар нь их содон.

Мартсанаас Чикагод суугаа зохиолч Д.Энхболдтой уулзаж танилцав уу, ойрдоо тэрээр тун сайхан дурсамжуудаа орлоо.ком дээр гаргаж уншигч олныг шуугиулаад байгаа шүү.

Уулзалж, танилцах хувь тохиохгүй л яваа. Сургууль, багшийнхаа тухай, тарвас усалдаг, бас тарьсан тарвасаа иддэг, говийн хүн мөртөө тэшүүрээр гулгадаг, орос жолоочийн хоолыг бууддаг, бас үеийнхээ гоо охидыг магтаж бичсэн дурсамж сэтгэлээс нь хөвөрсөн, хольцгүй нандин үгс шүү. Ц.Доржготов гуайн бичсэн зүйлээр ташаарлуулан улс төр намайг оролдоод гэж бичин “сайн гөвүүллээ” гэсэн байсан. Хэ хэ.

Уран бүтээл, нийтлэл тэмдэглэлээ эмхэтгээд номоо удахгүй хэвлүүлнэ биз дээ, америкийн монголчуудын түүхийн нэгэн үеийн бас нэг баримт болох юм даа.

Лос Анжелест Монголчуудынхаа дунд хэдэн жил амьдарлаа. Уулзаж ярилцсан, бичсэн тэмдэглэсэн болгон маань энэ нутагт байгаа Монголчуудтайгаа холбогдож байгаа тул түүнээсээ эмхэтгэн гаргана. Мөн бидний хэсэг нөхөд Лос Анжелес Орчмын Монголчуудын Холбоог шинэчлэн байгуулаад “хөөрч” явснаас хойш 5 жил өнгөрчихлөө. Лос Анжелест Монголчууд суурин амьдарсаар барагцаагаар 15 жил болж байгаа юм. Энэ түүхийнх нь нэгэн бичлэг болоосой билээ.

За илэн далангүй сайхан ярилцсанд их баярлалаа, 2011 ондоо уран бүтээлийн ургац арвин байхыг хүсэн ерөөе.


Ярилцсан Д.Цэрэндорж
Бичсэн: bishuu | цаг: 04:31 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 498 удаа уншигдсан.







:-)
 
xaax