2011-03-07
Лос Анжелесийн Тэмдэглэл 7: Олон Хэлийн Хүмүүсийн Орон гэрт
   Энэ дэлхийн  зүг бүрээс Лос Анжелесийг зорин ирэгсдийн хүсэл, мөрөөдөл,  гуниг цөхрөл,  шорвог хөлс,   аз жаргалтай амьдралын  төлөө өгсөн халуун амиар  түүх бичигдсэн байна.  Олдсон зоос бүрийн үнэ цэнэ, баяжсан, хөлжсөн бахархал,   эд баялагын төлөөх элдэв аргат тэмцэл, алаан тулаан, бүтээн байгуулсан  гайхамшиг, бас өгөөмөр сэтгэл хотын  хана унь, багана тулгуур болжээ.  Өөр өөрийн үнэлэмж,  үзэл бодол, итгэл бишрэл, ёс заншилтэй зүс бүрийн хүмүүсийг дээвэрлэх орон гэр  “Лос Анжелес”ынханы  өнөөгийн байдлаас өгүүлэн дүгнэж,  тэмдэглэлээ цэглэе.
 
  Эзгүй  газарт  ирэгсэд   Испаний Калифорний Амбан захирагч  Фелипе де Неве Индианы суурингийн ойролцоох голын эзгүй тохойд  суурин байгуулах газар сонгоод зогсож байхдаа, 1781 оны намрын халуун өдөр суурингийн  шав тавьж,  захирагчийн батламж үйлдэхдээ  өнөөдрийн  түм түжигнэсэн их хотын тухай  төсөөлөөгүй ч  өөрийнхөө үед буянтай сайхан үйл бүтээж байгаагаа мэдэрч л байсан даа.  Эзгүй  газар хот  босгохоор ирсэн  анхны 11 гэр бүлийнхэн  эл хуль, шинэ нутгийг юугаар дүүргэх вэ гэж  цөхөрсөн ч бил үү. Тэдний ихэнх нь  шинэ нутагтаа дасалгүй буцаж,  4 гэр бүл  бууриа сахиж  сууриа тавьсаар үлдсэн гэнэ. Хотын тулгыг тулж, галыг асаасан гавъяат 44 хүний  нэр ус түүх номд бичигдэн үлдсэн байдаг юм билээ.   
   Харин хотын анхны оршин суугч тэр хүмүүс Индиан, Испани холилдсон эрлийз, хурлийзууд  байсан төдийгүй тэдний дунд  хоёр ч  хар арьстаны мах цусны тасархай  байсан гэнэ.  Өөрөөр хэлбэл энэ хотынхон эхнээсээ л холилдсон цус, ахуй соёл,  аж  амьдралын нийлбэр байж. 
 
   Хотын  суурь  тавигсад.  Өмнөд Калифорнид  анхлан ирсэн цагаачид,  хот бүтээн босгогчдын тухай  Реми Надеун  “City makers” гэж номдоо тодорхойлж бичсэн  байдаг. Хот босгох зүг чиг заагчид бол  энэ нутагт цагаачлан ирж, арилжаа худалдаагаар хөлжиж, Мехсикүүдээс  томоохон газар худалдан авч,  нэгэн үе энэ нутгийн бодлогыг тодорхойлж байсан  Жон Темпле,   Авел Стеарнс нар юм.  Жүржийн  мод тарьж, жүржийн  тариалалт, худалдаа арилжаагаар Лос Анжелесийг  Нэгдсэн Улсад анхлан таниулж,  өмнөд Калифорний газар тариалан эрхлэгчийн нийгэмлэгийг үүсгэн  байгуулсан  Уолфшил  энэ хотын анхдагч нэг тулгуур.    Усан үзэм тариалж, анхлан  дарс үйлдэрлэсэн  франц эр  Люис Вигнес бол яах аргагүй анхны үйлдвэрийн шанг татагч. Холыг ойртуулж Лос Анжелесийг  бусад  газартай холбон  морь, луус тэрэг, тэмээгээр  тээвэр хийж эхэлсэн аянчнаас  бүхэл бүтэн боомт байгуулсан  Вэннинг,  Лос Анжелест урьд өмнө байгаагүй  конторын барилгууд босгосон Надеун нарын гаргасан замыг хэн ч үгүйсгэхгүй.  Үүргэвч эмтэй  Лос Анжелест буусан  эмийн санчаас усан боомтын хамтран босгогч, газрын эзэн,   банкний эзэн, Калифорни мужийн захирагч   болсон Доуни,  газрын худалдааны зууч хийж хөлжөөд анхны судалгаа шинжилгээний их сургуулийг өөрийн хөрөнгө хандиваараа үндэслэн  байгуулж,  жижиг суурингийн бохир боолхойг  тэмдэглэж явсан худалдаачин эрээс  хотын анхны нийтийн тээврийг үүсгэн  хөгжүүлсэн   хуульч, шүүгч, нийгмийн зүтгэлтэн Уидни, Мехсикийн Калифорний захирагч асан  Пио Пико   нарын газрын эздийн идэвхитэй оролцоонд тулгуурлан  хот босчээ.  Энэ нутгийн  хямд газрыг  авч  хэдэн  мянгаар тоологдох  орон сууц барьж чулуу болгосон капиталист Бюдри,   усгүй бол амьдралгүй  гэх саадыг гэтлэн шийдсэн инженер Мүүлхоланд,  ойр орчныг холбосон төмөр замын сүлжээ  татсан  Хантингтон нарын оролцоогүй  хотын суурь  хэлтгий болох байсан биз.   Лос Анжелес хот бий болоход  Ирланд гаралтай  хүмүүс түүчээлэн  Нью Үорк  бизнесмэнүүд,  Мисоури  мужийн нүүдэлчид,   Христийн шашины олон урсгалынхан,  Герман,  Франц, Итали, Хятад   цагаачид өөр өөрийн хувь нэмрээ оруулсан юм.
   Олон мянган  хүний  оролцоо,   бизнесийн өрсөлдөөнөөр тэтгэгдэж, эд баялагтай  болох ирээдүйд итгэсэн  зүтгэлээр өндөрсөн Лос Анжелес хэмээх их хотын суурь баттай тавигдсан байна.  Хотын суурийг тавигдсдын нэг нь дэрнийхээ чулуун дээр  “Лос Анжелес нутагт дэлхийн  том хот  бий болно” гэсэн итгэлээ бичүүлсэн гэдэг.   Үнэхээр тэд чимээ шуугиант амьдралыг  зөгнөн мөрөөдөж, тэдний  мөрөөдөлийн биелэл болон  өнгө алагласан өнөөгийн хот байгуулагджээ.

  Оддын нутаг, Олимпын хот  Лос Анжелесийн зургаан хүн тутмын нэг нь урлаг, соёлын  байгууллагад ажилладаг ба “Stevens Institute”-ийн  тодорхойлсноор “хүмүүний соёл иргэншлийн түүхэнд хамгийн олон жүжигчид, зохиолчид, зураачид, кино үйлдвэрлэгчид, бүжигчид, хөгжимчид  нэгэн дор ажиллаж,  амьдарч байгаа нь”  энэ гэнэ.
     “Hollywood”  гэгч  бичигтэй уул,  олон хүний нэр хөлөөр дэвссэн гудамж, театр, музей, баар, ресторан, дэлгүүр мухлаг үргэлжилсэн томоос том, уртаас урт өргөн чөлөө.  Харин  дэлгээд харвал энэ уулын орчин тойрон,  ер нь Лос Анжелес тэр чигээрээ энтертайментийн үйлдвэрлэл.  “Бүх урлагын дотроос хамгийн чухал нь кино урлаг”  гэж нэгэн сартваахи хэлсэн.  Түүх амилуулж, хүмүүний  хайр дурлал, баяр хөөр, зовлон  бэрхшээл, гашуун нулимс,  гэрэл сүүдэртэй  амьдралыг мөнхөлж, ирээдүйг, бүр  харь  ертөнцийг  бүтээн дүрслэж  тайз дэлгэцнээ,  та бидний  орон гэрт авчирч байдаг кино, дуу хөгжим, телевизийн  бичил студиэс хэдэн  гудамж дамжин байрлах нэр цуутай  үйлдвэр,  павилон,  театр, урлагын сургуулиуд  энэ хотод төвлөрдөг. 
    Лос Анжелест хаа сайгүй кино зураг авч байхтай тааралдана.  Киноны нэгэн зураг авалтыг ажиглахад  цагдаагийн хамгаалагч, гэрэлтүүлэгч, цахилгаачнаас эхлээд  хэдэн арван хүн,  цахилгаан үүсгүүр, хоолны бүхээгтэй тэрэгнээс аваад гудамж дүүрэн машин техник хөглөрүүлээд  нэг хоёрхон үйлдэл хөдөлгөөн дээр хэдэн цаг ажилладаг юм билээ.   Энэчлэн  дуу, дүрс, хөгжим, зураг, барилгын гээд   төрөл бүрийн мэргэжлийн багуудын  оролцооны  үр дүн болон  нэгэн бүтээл төрдөг биз ээ.  Тэдний бүтээлийн  хувь заяа буцалсан өрсөлдөөн, үзэгчдийн болон мэргэжлийнхэний шалгуурт шүүгдэж Холливүүд гудамжны  “NOKIA” театраас  Америкийн кино урлагын  Академийн  “Oscar” алтан хүн атгаж,  Хотын төвийн соёл, урлагын өргөө  “Staples center”-т Америкийн Хөгжмийн  “Grammy”  пянз гардаж,  “Beverly Hilton”  зочид буудлаас  Америкийн Телевизийн урлагын  далавчтай бүсгүй  “Emmy”-г тэвэрч,  урлагын одод Лос Анжелест төрдөг.   Энд  Америкийн  киноны түүхэн дэх  хамгийн агуу жүжигчин   Хампрэ Бөгарт,  Катерайн  Хэпбүрн нарын  авъяас шагшигдан мөнхөрч,  бидний сайн мэдэх том гуталт Чарли Чамрлэн  жүжиглэж, Уолт Диснеи эгдүүтэй хулганыхаа хөдөлгөөнийг зурж,  алдарт Мэрлин Монрое   хормойгоо дэрвүүлэн дуулж,   Майкл Жэксон   мандан бадарч,  олныг уйлуулж,  шуугиулсаар  төгссөн.   Америкийн агуу ерөнхийлөгч  Рональд Рейган нэвтрүүлэг хөтөлж,  кинонд тоглож, жүжигчдийн хөдөлмөрийн байгууллагын  удирдагчаас  их гүрний удирдагч болох улс төрийн  замналаа эхэлсэн бол   булчинтай  цагаач Шварцнегр  “Би эргэж ирнэ”  гэж алхана.  Стивэн Срилбэрг,  Дон Симпсон,  Жорж Лүкас,  Жэмс  Камерон гээд киноны алдартай удирдагчид шуугиан тарьж,   Casablanca..,  Singin' in the Rain.., The Good, the Bad and the Ugly.., A Space Odyssey.., The Godfather.., Apocalypse Now.., Schindler’s List  мэт шилээвэр бүтээлүүд амилсан  байна. Бас  Анжелина Жоли, Леонардо Дикэприо, Женифер Энистон,  Тура Бэнкс, Дора Бирч гээд олон  алдартны унасан газар,  угаасан ус  энд болой. 
     Хүн төрлөхтний  эв нэгдлийн бэлэгдэл зуны олимпын тоглолтыг  хоёронтоо зохион байгуулж дэлхийн  спортын оддыг цуглуулсан  газар даяарт  гарын таван хуруунд багтам цөөхөн. Тэгвэл АНУ-д дөрвөн удаа зуны олимпын тоглолт зохиогдсны  хоёр нь  Лос Анжелест   болжээ.    1932 онд тус хотод  болсон зуны  Олимпын тоглолтонд дэлхийн  37 орны  1332 тамирчин  спортын 14 төрөлд өрсөлдсөн бол  1984 оны Лос Анжелесийн  олимпын  тоглолтонд дэлхийн 140 орны  6829 тамирчин  спортын  23 төрлөөр өрсөлдсөн байна. Харамсалтай нь Монголчууд бид  хоёр их гүрний үзэл суртлын дайнаас болж оролцоогүй өнжсөн.   1984 оны зуны олимпын тоглолтонд бэлтгэн  Лос Анжелес өнгө үзэмжээ засч,  тэнгэр баганадсан өндөр барилга, хурдны  замууд барьж, олон улсын нисэх буудлаа  өргөтгөжээ.  Мөн   Los Angeles Memorial Coliseum болон Memorial Sports  Arena, Dodgers Stadium-ын өргөтгөл зэрэг томоохон  спортын цогцолбор  Лос Анжелес дахь Калифорний Их сургууль,  Өмнөд Калифорний их сургууль зэрэг олон их сургуулийн спортын  заал танхим, спортын байгууламж баригдан Лос Анжелесчуудад үлджээ.
    Аль 1880 оны  Лос Анжелесчүүдийн хамгийн дуртай тоглоом Сагсан бөмбөг байсан гэдэг. Тэгвэл  Лос Анжелесийн  сагсан бөмбөгийн “Lakers”   багийнхан   гайхамшигт тоглолтоороо  энэ спортыг сонирхогч  сая сая хүний анхаарлын төвд  байж, дэлхий нийтэд энэ спортоо, хотоо алдаршуулж байдаг одод билээ.  Тус багийнхан  Америкийн Үндэсний  Сагсан бөмбөгийн холбооны  лигийн тоглолтыг  17 удаа тэргүүлснээс сүүлийн 10 жилийн  дотор таван удаа аваргалсан байдаг.  Тэгвэл 100 гаруй жилийн түүхтэй,  дэлхийн 6 удаагийн, Америкийн Үндэсний лигийн  21 удаагийн аварга бейсбаллийн баг  “ Dodgers”-ийн орон гэр   нь Лос Анжелес.   Өмнөд Калифорний Их сургууль (USC),  Лос Анжелес дахь Калифорний Их сургуулийн  (UCLA)  спортын багийнхан   Лос Анжелесийн төдийгүй Нэгдсэн Улсын  спортын хөгжилд  хувь нэмрээ оруулсан  алдартнууд.   Олимпийн түүхийн  100 гаруй жилд зөвхөн Лос Анжелесийн “USC Trojans”  их сургуулийн  багаас  шалгаран оролцсон  тамирчид  121 алт, 74 мөнгө,  60 хүрэл медаль хүртсэн байдгийг гайхамшиг гэхээс  яах вэ. Лос Анжелес бүхний танил урлаг, спортын  оддын нутаг. 

Бичсэн: bishuu | цаг: 03:52 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 742 удаа уншигдсан.







:-)
 
xaax