2011-03-06
Лос Анжелесийн Тэмдэглэл 6: Луус, тэмээ, уурын тэрэгтэй “Цагаачдын хөдөлгөөн”
Өнгө бүрийн хүмүүс цугларсан  Лос Анжелес  хэмээх жижиг сууринд  Америк  маягийн хувийн эрх чөлөө, хүсэл мөрөөдөл, хөрөнгө   капитал чамгүй урт  зам туулан 1800 оны сүүлийн  хагаст дөтлөн иржээ.
    Юун түрүүн  Испани, Мехсик гаралтай газрын эзэд, малчид-Ранчерүүд Индианчуудаас  колончлолын  аргаар авсан  асар баялаг газраа  Янкүүдэд амархан тавиад өгөхийг хүсээгүйн дээр Испаний колониос энэ нутгийн Индианчуудад  тарьж суулгасан шашин суртал,  ахуй соёлын үр  хөврөлийг үр үндсээр нь тасалчих боломж  үгүй байв.  1840-өөд оны сүүлээр  ирж байсан  нэгэн худалдаачин  “Морины хамар, шилбэнээс хазаж боргосон золбин ноходтой, харанхуй шөнөөр гудамжинд гарвал юу ч үгүй дээрэмдэх гангстерүүдтэй,  борооны дараа замынхаа нөгөө талд гарах аргагүй шавар шавхайтай, үхсэн нохой, муур, тахиа, гахайгаа гудамжиндаа гаргаад хаячихдаг, үнэрт нь байж суухын аргагүй ... суурин“ гэж  Лос анжелесийн тухай тэмдэглэн  үлдээжээ.  Харин   сайн тал нь  гэвэл Испаний үеийн  сүм хийд, Мехсик суурин, эрт ирсэн Америк цагаачдын  багахан тариаланг эс тооцвол ойролцоох  нутаг  нь малын бэлчээр төдий  онгон зэлүүдээрээ байжээ. 
   Ийм нутагт  “Англо” колоний  үр жимсийг ургуулахад  хөрөнгө хүч үрж, эрсдэл  туучиж, цаг хугацааны хүчинд дулдуйдахаас  аргагүй  байсан  биз ээ.   Лос Анжелес хэмээх нэрээр алдаршсан  их хотын  үндэс суурийг баттай тавин, хөгжил дэвшлийн замд хөтөлж,  өөрсдөө эд баялагтай болсон   цагаачид,  хотыг хөгжүүлсэн “эцэг”-үүдийн  ур ухааныг  магтахгүй байхын аргагүй.  Тэд  эхлээд суугуул нутгийнхаа тухай  сурталчилгаа  ийж хүн хүч татаж эхэлсэн байдаг.  Тухайлбал:  Орон нутгийн сонинд  “... хүн ам сийрэг өмнөд Калифорни,  Номхон далайн эргийн өгөөж шимтэй энэ газрын эзэн болох цагаачдыг найр тавин хүлээж байна” гэж бичжээ.
    Тэр үеийн нэртэй зохиолч, сэтгүүлчдэд үнэ төлж хийлгэсэн бичвэр, сурталчилгаа  үр дүнгээ өгч Лос Анжелес нутгийн  цаг агаарын нэн таатай нөхцөл, үржил шимтэй шинэ газар  хямдхан авах боломжийн тухай сурталчилгааны хуудсууд Атлантын далайн баруун, зүүн эргээр тарж, шинэ газар орон  хайгчдын бие биедээ дамжуулан дуулгасан гайхам сонин байсан төдийгүй энэ зүг зорих  цагаачдын соронзон болов.  Өөрөөр хэлбэл  нүүдэл  хөдөлгөөний дохио, уриа дуудлага   байжээ. 
   Гэвч   Европ байтугай хойд Америкийн зүүн эрэг, төв нутгаас  Лос Анжелест  ирэх  баталгаатай зам, тээврийн сүлжээ үгүй байв. Сан Франциско  Лос Анжелесийн хооронд сард хоёр удаа луус тэргээр хүн, ачаа тээвэрлэдэг,  зургаан долоо хоногт  нэг удаа шуудан ирж очдог, ойролцоох Санта барбара, Вентурагийн чиглэлд өдөр бүр луус тэрэг ирж очдог байжээ.  Юта муж, Калифорний хойд  хэсгээр хэдийнэ  суурьшсан цагаачид болон энэ газруудаар  дамжин Америкчууд, Европийн цагаачид  Лос Анжелест анхлан ирж байв. 
  1857 онд  Нэгдсэн Улсын Конгресс  эх газраар явах шуудангийн тухай хууль баталж  1860-аад оноос эхлэн   Америкийн зүүн эргээс  Лос Анжелест шуудангийн  үйлчилгээ ирдэг болжээ. Түүнчлэн морь, шар, луус тэрэг хөлөлсөн зоригт цагаачид  бэрх зам, их цөл гатлан Америкийн зүүн  болон төв нутгаас  энэ үед  мэр сэр ирж эхэлсэн байна.  Мөн   Сан Францискогоос  зорчигч тээврийн  усан онгоц  далайгаар 3 хоног явж Сан Федрод ирдэг байсан гэнэ.  Америкийн иргэний дайны үед цэргийн “Тэмээн сорпс”-ийнхон Аризонагаас  тэмээгээр ачаа тээвэрлэн Лос Анжелесийн  Сан Федро боомтод ирж байсан гэнэ.    Иймэрхүү ахиц дэвшил байлаа ч эх газрын  түргэн хөсөг төмөр зам болон  Усан замын  хамгийн ойр өртөө боомтоос  600 гаруй км  алс  орших  орон зай  Өмнөд Калифорнийг  үтэр түргэн эзэмших  Янкуудын хүсэлд “шавар” болсоор байв. 
    Ачаа болон зорчигч тээврийн  хүндрэлийг шийдвэрлэх  арга бизнесийнхэн  анхлан сэдэж эхэлсэн юм. Тухайлбал.   Дела-Уаре гаралтай   Бэннинг  тэргүүтэй  Ирландууд 1851 онд  Испаний үеийн  Ранчер Хуан Домингүезесээс  далайн эрэг дээрх 2400 акр газрыг 2400 доллараар худалдан авчээ.  Авсан газраа Уилмингтон гэж төрлөх хотоороо  нэрлэн, Далайн боомт болгон засч, багавтар даацийн усан онгоц хүлээн  авч  Сан Федро(Уилмингтон),  Лос Анжелесийн хооронд ачаа, хүн тээвэрлэх бизнес эрхэлжээ. Тэрээр  улс төрийн хүрээний найз нөхөд, хамтран ажилладаг фермерүүдээ дэмжүүлэн  300 орчим мянган долларын бонд  Лос Анжелес хотоос гаргуулж Сан Федрогийн далайн боомт, Лос Анжелесийг холбосон  30 километр төмөр зам 1868 онд ашиглалтанд оруулжээ. Энэ төмөр зам өмнөд Калифорнид анхных болсон төдийгүй Лос Анжелесийн хөгжилд үнэт хувь нэмэр болжээ.
    1850-иад оноос хойшхи   20 гаруй  жилийн уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэл,  бизнесийн өрсөлдөөн, амьдралын шалгарлыг давсны  дүнд хойд Америкийн  зүүн, баруун эрэг төмөр замаар  холбогдон  цагаачид, тэдний ачаа тээврийн  эргэлт, хөдөлгөөнийг  эрс нэмж  Лос Анжелесийн хөгжилд  хурдасгуур  болов. 
    Төмөр замын Монополистүүдийн хоорондын зөрчлөөс болж төмөр зам  Лос Анжелест ирэхэд зарим саад учирч,  Төмөр замын сүлжээ  Лос Анжелесаас 50 км  зайтай төгсөхөөр  яригдаж  эхлэв.   Энэ үед өөрсдийн хотоо өмнөд Калифорний нийгэм, худалдааны төв болж чадахгүйд хүрэх вий хэмээн Анжелиночүүд хамгийн их сэтгэл  хоорондоо зөвлөлдөж байсан гэнэ. Лос Анжелесчүүд энэ нутагт анхлан ирж байр сууриа хэдийнэ олсон  Доунеи, Уелсон зэрэг нөлөө бүхий Америкчүүдийг томилон   муж, холбооны Улсын засаг захиргаа, “Southern Pacific”  төмөр замыхантай гэрээ хэлцэл хийж,  600 гаруй мянган долларын  хөрөнгө хотоосоо гаргуулан төмөр замд хандивлан  Лос Анжелест ган зам хүлээн авах байр сууриа батжуулсан байна. Ингэж “Southern Pacific”  төмөр замын сүлжээ  1870-аад онд  нэвтэрч Лос Анжелес Сан Франциско  ингэж төмөр замаар холбогдсон төдийгүй   1880-аад онд Америкийн зүүн, баруун эргийг холбосон   нөгөө нэг “Santa Fe” төмөр замын сүлжээ  Аризона талаас мөн Лос Анжелест иржээ.  
       Цагаачид татсан гол соронзон “үржил шимт шинэ газар” бөлгөө.  1850-иад оноос Испани, Мехсикийн  засаг захиргаанаас олгосон газрын зөвшөөрлийг Нэгдсэн Улсын хуульд нийцүүлэн Ранчерүүдийн газрыг дахин баталгаажуулж,  Лос Анжелес суурингийн албан ёсны төлөвлөлтийг дахин  гаргаж мөрдүүлсэн нь Америкчүүдийн эзэмшилийг тэлж, хөрөнгө, хөдөлмөрийн цоо шинэ харилцаа бий болгожээ.
     1849 онд  Америкийн армийн дэслэгч В.М.Орд гэгч Лос Анжелес суурингийн газрын  төлөвлөлтийн зургийг Испаничуудын анхны гаргасан  хааш хаашаа 8 километр  хэмжээтэй зургийг баримтлан шинэчлэжээ.  Тэрээр  суурингийн баруун хэсгийг суурьшил,  голын дагуух зүүн талыг  мал аж ахуй, тариалангийн  хэсэг болгон төлөвлөжээ.  Түүний төлөвлөлтийн  дагуу газрыг блоклон хувааж, хот байгуулсан байдал одоог хүртэл хадгалагдан үлдсэн байдаг. Жишээ нь: Лос  Анжелес хотын төвөөс баруун тийш 30 орчим блокт байрлах  Hoover, Virgil  зэрэг гудамжаар  явахад маш олон диагнал гудамжуудын уулзвар байдгийг та анзаарна.  Тэр диагнал гудамжууд дэслэгч В.М.Ордийн зургийн дагуу байгуулсан хуучин Лос Анжелесийн гудамжууд юм билээ.
    Төлөвлөлтийн дагуу сул чөлөөтөй бүхий л газрыг  зарж  хотын төсөвт оруулсан гэнэ.  Лос Анжелес суурингаас их хэмжээний  газар худалдан авч томоохон хөрөнгө оруулалт   хийсэн хүн бол  мөнгөний  уурхайн эзэн   Прюдент Беаюдри   гэнэ. Тэрээр одоогийн  Лос Анжелесийн  Першинг хэмээх  төв талбайн  өмнө, зүүн болон хойд талд авсан газартаа усны байгууламж татаж,  1850-1880-аад онд 2000 айлын орон сууцний хороолол  барьжээ.   Тэрээр  одоогийн Лос Анжелесийн бизнесийн төв, өндөр барилгууд байрлах  Баанхер Хилл хэмээх өндөрлөг газрыг  ердөө 517 доллараар худалдан  авч байсан гэнэ.   Испани суурингаас Англо-Америк хэлбэртэй хот  болох  үйл явц өрнөж, Испани Мехсикийн үед хотын төвдөө нийгмийн нөлөө бүхий элитүүд нь суудаг байсан бол  аажмаар  Мехсик, Итали, Франц, Хятад, Орос гээд энд тэндэхийн цагаачид хотын төвд бөөгнөрч,  нийгмийн элитүүд, баячууд нь хотоос гадагш шинэ газар, эдлэнтэй  болж эхэлжээ.
  Лос Анжелест  шинээр  газар худалдан авсан цагаачид барилга байшингаа барин тохижиж эхэлсний дээр талх, зайрмаг, махан бүтээгдхүүн, дарс, шарз  гээд олон төрлийн хүнсний бүтээгдхүүн үйлдвэрлэн харилцан борлуулах, шинэ газарт юу чаддагаараа өрсөлдөн үйлчилгээний бүхий л салбарын эхлэлийг тавьжээ. Англо хэлбэрийн анхны сургууль,  ном уншлагын газар, эмнэлэг, эмийн сан, шашны сүмүүд, коллеж  байгуулагдаж, Англи хэлээр  анхны сонин  гарч, 1860-аад оны сүүлээр банкны үйлчилгээг энэ нутгийн анхны Америк цагаачдын нэг Жон Доунеи, тохилог зочид буудлын үйлчилгээг Мехсикийн Калифорний Амбан захирагч асан Пико  үүсгэн байгуулжээ.  
   Лос Анжелесчүүд 1870 оноос гудамжуудаа гэрэлтүүлж, Австрали тивээс 100 мянган ширхэг “Eucalyptus” мод авчран хотынхоо гудамжинд тарьжээ. Урлаг, спортын хамтлагууд үүсгэн  нэгдэж, үйлдвэрлэсэн  хөдөө аж ахуйн бүтээгдхүүнээ өөр хотруу гаргаж зарах оролдлогууд эхэлжээ. Тухайлбал, Сагсан бөмбөг ихэд сонирхон тоглож, “Union”  хэмээх зочид буудлын хуучин байр бүхэлдээ бүжгийн танхим    болсон  гэнэ.  Тариалсан жүржээсээ  Сан Франциско хот, Хойд Америкийн зүүн эргийн муж хотруу гарган зарж эхэлжээ.  Лос Анжелесийн  Худалдааны танхим, Хуульчдын нийгэмлэг,  Жүрж тариалагчдын нийгэмлэг гэх мэтийн ажил  мэргэжлийн, ашиг сонирхолын  бүлгүүд үүсч эхлэв. Түүнчлэн  University of  Southern California,  State Normal School ,   California Institute of Technology зэрэг шинжлэх ухааны байгууллагуудын эхлэл тавигджээ.
 Лос Анжелесийн ойр орчимд  ч газар  худалдааны  их шуурга  энэ үед дэгдэв.  1800 оны сүүлийн хагаст олноор нүүдэллэн ирж байсан Америкчүүдийн газар авах эрэлт, алба гувчуур, цаг үеийн шаардлагаар газрын эзэд, Ранчерүүд газраа хэсэгчлэн хувааж зарах сонирхол ихэсчээ. Тухайлбал. Мехсикийн Калифорний үеийн  Америк Цагаач, өмнөд Калифорний хамгийн том газрын эзэн Авел  Стеарнс  эзэмшлийнхээ 177 мянган акр  газар буюу одоогийн Оранж тойргийн нутаг  бараг бүхэлдээ Лос Анжелес тойргийн  өмнөд хэсгийн газрыг  хэсэгчлэн зарсан байна.  Тэрээр газраа Өмнөд Калифорний Газрын зуучлалын товчоогоор дамжуулан зарсан гэнэ. Авел  Стеарнс  газар авахаар анхлан ирж байсан ирсэн хүмүүст “Дэлхий дээр  хүний эрүүл мэндэд хамгийн тохиромжтой цаг уурын нөхцөлтэй нутаг энд байдаг юм” гэж танилцуулж байсан гэнэ. Итали  цагаач   өөрийн  төрлөх нутгаа хамгийн сайн цаг агаартай гэж сөрөхөд “Энэ нутгийн цаг уур Италиас хэд дахин илүү дээр гэдгийг би мэднэ ээ” гэжээ.   
    Газрын эрэлт, хэрэгцээнд тулгуурласан  газрын зуучлалын бизнес ч цэцэглэсэн байна. Энэ боломжийг азын од болгон  шүүрч өөрийн бизнес эхлүүлсэн нь  Роберт Уиднеу гэгч байв. Тэрээр анхлан газар, үл хөдлөх хөрөнгийн сурталчилгааны  сар тутмын сэтгүүл гаргаж, улмаар сард 40 орчим мянган долларын газрын арилжаа хийж байжээ.  Тэгвэл ердөө жилийн дараа сард 200  мянган долларын газрын арилжаа хийж,  хойд Калифорни, Сан францискогоос түүний түншүүд газар авах  урьдчилгаа мөнгөө ирүүлж,  Лос Анжелес дахь түүний жижигхэн  албан тасалгаанд чихэлдэн хонон өнжин  газрын арилжаа хийдэг байсан баримтаас харахад  газар хэр эрэлттэй болж, энэ хэрээр ашиг орлого ихтэй байсан харагддаг.  Эхэн үедээ  Лос Анжелес хавьд нэг акре газрын үнэ  1 доллараас  100 долларт хэлбэлзэж, газрын худалдаачид 95 акре  газрыг 1900 доллараар худалдаж аваад тэр өдөртөө 3000 доллараар дамлан зарж  ашиг олж байсан баримт үлджээ.
  Лос Анжелес орчимд шинэхэн ирсэн цагаачид  үндэс угсаа, амьдрал ахуйн ижилсэл,  шашин шүтлэгээрээ нэгдэн газар худалдан авч,  өөрсдийн тосгоноо байгуулж, дасч дадсан аж ахуйгаа эрхэлж эхэлсэн байгаа юм. Майн мужаас гаралтай Англичүүд Флоренсет, Мизоури мужийнхан Пасадинад,  Ирланд гаралтай Америкчүүд Уилмингтонд,  Герман гаралтайчүүд   Анахиемд, Франц гаралтайчүүд Лос Анжелесийн зүүн хэсэгт, Италичүүд Уестминстерт, Мормон шашинтнууд  СанФернардинад, Методист шашны урсгалынхан Сомптонд,  Пресбутериан урсгалынхан Уестснестерт,  зарим хөрөнгө чадалтай нь ганц заримаараа ч сүм, дуган, олон нийтийн клуб байгуулан Санта Мариа гэх мэт газар суурьшив.  Эдгээр нь Лос Анжелесийг тойрсон хотуудын (suburban city) эх үүсвэр болсон аж.
    Напа, Сан Жоан, Сакроменто орчимд тариалан эрхэлж байсан Америкчүүд, цаг агаарын нөхцөл, үер усны аюулаас дайжин 1850-иад онд  Лос Анжелест ирж Ранчерүүдээс  газар худалдан авч  буудай, эрдэнэшиш, тутрага, жүрж, усан үзэм бусад төрлийн  жимсгэнэ тариалжээ.   Энэ нутгийн цаг агаарын  нэн таатай нөхцөл нь шинэхэн ирсэн цагаачдын жилийн турш тасралтгүй үргэлжлэх   хөдөө аж ахуйн  үйл ажиллагааг  тэтгэжээ. Оны эхээр Жүржээ авч,  хавартаа  хонины ноосоо  хяргаж, зундаа  буудайгаа, намар ноосоо авч,  оны сүүл рүү усан үзмээ хураах тойргоор Фермерүүдийн ажил амьдрал өрнөж байв.    Нэгэн үе Франц гаралтай цагаачдын оролцоо, Калифорний  засаг захиргааны бодлогоор торгоны  хорхой үржүүлсэн ч амжилт олоогүй байна.  1870-аад оноос Калифорний эрдэнэ шишийн ихэнхийг,  Нэгдсэн Улсын хэмжээнд усан үзмийн дарсний  гуравны нэгийг Лос Анжелесчүүд  үйлдвэрлэдэг болжээ.  Жүрж тариалах хамгийн ашигтай бизнес болж “гудамжнаас мөнгө түүнэ”, элбэг дэлбэг  байсан усан үзмийн дарсийг  “сүүнээс хямдхан” гэж  хоорондоо   хэлцдэг байв.   Харин  Ранчерүүдийн малын бэлчээр хомсдон  Фермерийн  тариаланг үхэр мал идэж, гишгэж сүйтгэснээс болж   суурин аж ахуй, газар тариалан эрхлэгч фермер,  мал аж ахуй эрхлэгч ранчерийн хооронд зөрчил үүсэв. Зарим фермерүүд  талбайдаа орсон малыг буудаж орхидог байжээ.  Үүнээс болж Ранчер фермер хоёр хоорондоо буудалцахдаа тулдаг байсан аж.  Энэ зөрчлийг “No Fence Law” гэж  Калифорний хууль гарч  зарим талаар шийдсэн байна.
      Лос Анжелесийн ойролцох Ранчерүүдийн  эдлэн газраас нефть илэрч  1880-аад оны сүүлээс олборлолт хийж эхлэв.  Лос Анжелес орчимд  хамгийн анхны  Нефть  Андрей Пико-(Мехсикийн Калифорний цэргийн удирдагч  асан)гийн  эдлэн газраас олборложээ. 1920 онд гэхэд Лос Анжелес орчмоос  дэлхийн хэмжээнд олборлож байсан  нефтийн дөрвөний нэгийг  гаргаж,  Нэгдсэн Улсынхаа хэмжээнд  Нефть үйлдвэрлэлээр тэргүүлж  эхэлсэн байна.
    Лос Анжелес түүнийг тойрсон   хот, тосгодод  цагаачид, оршин суугчдын  зорчих, ачаа тээвэрлэх нөхцөл, бололцоог  өөрийн  бизнес болгон харсан  Америкчүүд, ялангуяа Хенру Хантингтоний   төмөр замын сүлжээ Лос Анжелесийг  тэлж томроход  түлхэц болсон юм.   Лос Анжелес, Пасадина, Анахем, Санта Моника, Сомртон гээд  ойр орчмын   хот, тосгод, далайн боомтуудыг  холбосон    “Red Car”  нийтийн тээврийн  төмөр замын сүлжээ  1800 оны сүүл, 1900 оны эхны  гучаад жилд  үйлчилгээ явуулжээ.  “Red Car”-ынхан ойролцоох хот, боомтууд  Лос Анжелесийн хооронд  30 минутын дотор  зорчиж болох  тасралтгүй  тээврийн үйлчилгээ зохион байгуулж, хүн хүчний солилцоо, хөдөө аж ахуйн болон  бусад бараа бүтээгдхүүний худалдаа солилцоог түргэтгэжээ.
       Гэхдээ Америк цагаачдыг ирмэгц Лос Анжелесийн бүх зүйл сайхан болж  саад бэрхшээлгүй, шулуухан  хөгжчихөөгүй гэдгийг  хэлэх ёстой. Томоохон  хот  бий болох   хөрс суурь бүрэлдэхэд  байгаль хийгээд хүний хүчин зүйлээс үүдсэн  ихээхэн саад бэрхшээл учирч байв.      
   1800 оны сүүлийн хагаст Лос Анжелес орчимд  газар хөдлөлт, үер усны аюул  удаа дараалан болж  цагаачдын шинэхэн босгосон хот, аж  ахуйд   аюул учруулж, ихээхэн хэмжээний хор хохирол тарьж байсан. Тухайлбал, 1855 онд  6.7 баллын хүчтэй  газар хөдлөлт болж Лос Анжелесийн бүхий л барилгыг  нураасан гэдэг.   Нью Үорк хотод бүтэн жилдээ ордог хур тундас  1886 оны өвөл   ганцхан өдөрт Лос Анжелест бууж,   энэ орчмын газар нутаг бүтэлдээ үерт автаж бүтэн сар орчлонгоос тусгаарлагдаж байсан аж.   Ийм  үер усны хэдэнтээ давтагдаж  1930-аад онд  Нэгдсэн Улсын цэргийн хүчний тусламжтайгаар үерийн хамгаалалтын  далан босгосон байна.  Тэгвэл одоо  Лос Анжелес орчмын үерийн хамгаалалтын сувгууд  Лос Анжелес голд  нийлэн  Номхон далайд цутгахдаа   Миссисири голын Атлантын далайд цутгадаг  уснаас 7 дахин ихийг нэвтрүүлэх хүчин чадалтай  гэнэ.
    Калифорний  алтны  халууралд үгүйрсэн цагаачид,  Янкүүдийг далдуур эсэргүүцсэн  Испани, Мехсик гаралтай “бандит” дээрэмчдийн өлгий, барууны “зэрлэг”үүдийн хот гэгдэх  “муу нэрээр”   Лос Анжелес алдаршиж  байв.
   Шинэхэн цагаачид, Америкчүүд  болон бандит дээрэмчид, нутгийн Индианчуудын хоорондын далд тэмцэл  бүхэл бүтэн  хорин  таван жилийн турш нэн хүчтэй, гарз хохирол ихтэй үргэлжилсэн байна.  Тэмцлийн гол удирдагч нь  Мехсикийн Сонора мужаас гаралтай    Жоакюин  Муррита,  Тибюркио Васкюэз нар  байв.  Тэдний тэмцлийн  зорилго нь  алдагдсан газар нутгаа эргүүлэн авахад чиглэж байсан гэдэг.  Гэвч хүн хүч,  хөрөнгө, зэвсэг техник цугларч өгөхгүй,  том хэмжээний улс төрийн хөдөлгөөнийг удирдах   мэдлэг боловсрол, мэдээлэл байгаагүй, харин төрлөхийн овсгоо сэргэлэн, бие бялдарын хөгжил сайтай,  нэгэнт  Америкийн  нутагт үлдсэн Мехсик, Индианчуудын дунд  дэмжлэг хүлээхүйц  нэр нөлөөтэй байсан тэдний тэмцэл  удаан үргэлжилсэн  бололтой.   Ялангуяа Тибюркио Васкюэз бол Мехсик гаралтай Калифорничүүд, Индианчуудын дунд үндэсний баатар шиг үнэлэгдэж 23 жилийн турш  Янкүүд,  цагаачдын зүрхэнд шар ус хуруулсан  их замын дээрэмчин, “сайн эр”  байсан гэдэг. Васкюэзийн бүлгийнхэн Лос Анжелес орчимд төвлөн   Калифорни, Нивада, Юта, Аризона мужууд, Мехсикийн  баруун хойд  хэсэг гээд өргөн уудам нутагт ямар нэгэн байдлаар хүрч, нэр цуу нь түгсэн  байжээ.  Тэд Янкийн цэргийн агтыг нэг газраас  хулгайлан нөгөө хэсэгт нь аваачиж зарах,  цэргийн болон иргэний  зам, тээврийн хэрэгслэл, зорчигчдыг дээрэмдэх,  алт  мөнгө, бусад уурхайн тээвэрлэлтийг хянах замаар санхүүжилт авах, газрын эзэд, фермерүүдийг сүрдүүлэн мөнгө авах, өөрсдийн гэсэн алт мөнгөний уурхай ажиллуулах замаар орлого олж байв.  Мөн цагаачид, Америкчүүдийн хөлд өртөж ямар нэгэн байдлаар  хохирсон  Мехсик гаралтай  Лос Анжелес орчмын хүмүүс, Индианчүүдийг өшөөг авах замаар  итгэлийг олж, тухайн нутаг дэвсгэрт болж байгаа бодит мэдээллийг авч,  өөрсдийгөө хамгаалах арга хэрэглэж байжээ.  Тухайн үед Васкюэзийн толгойг 10 мянган доллараар үнэлж байсны дээр  олон  жилийн  мөрдөлтийн   дүнд 1875  онд  баривчилж олны өмнө дүүжлэн хороожээ.  Васкюэзээс  хойш олны өмнө дүүжлэн хороохыг хориглосон  байна.  Янкүүдийг хамгийн ихээр эсэргүүцсэн заналт дайсан нь Калифорний  харгис  хуулийг  өөрчлүүлсэн  гавъяатай  аж.   Мехсик гаралтай  Калифорничүүд, Индианчууд    Васкюэзийг  дээрэмчин, алуурчин байсан гэж итгэдэггүй.  Васкюэзийн үйл амьдралаас сэдэвлэсэн  таван ч уран сайхны кино бүтээж  түүнийг  дахин алдаршуулсан гэдэг.  
   “Хоноц хоноцдоо дургүй” гэдэг шиг энд тэндээс ирсэн цагаачид бие биедээ таатай хандаж  байсангүй.  Тухайлбал: Арьс өнгө, хэл соёлын эсрэгцэлийн  золиос болж суурингийн “Негр Аллeи” гудамжинд мөрөөрөө амьдарч байсан хорь орчим Хятад хүн нэг дор хүйс тэмтэрүүлсэн  “Chinese massacre” хэмээх бараан  түүх үлджээ.  Бас  Лос Анжелест анхлан байгуулагдсан Англо хэлбэрийн эмнэлгийн үйлчилгээ зөвхөн цагаан арьстнуудад үйлчлэх дүрэмтэй  байсан тул 1870-аад онд дэлгэрсэн халдварт халуун ханиад өвчний улмаас Лос Анжелесийн Мехсик гаралтайчүүд, ялангуяа Индианчүүд  үй олноороо хиарч  оршуулгын газар тэдэнд зориулж шинээр нээсэн гэжээ.
    Лос Анжелес хот өргөжин  тэлэхийн хэрээр   энд  улс төрийн эрх мэдлээ нэмэгдүүлэх  өрсөлдөөн  цагаачид, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн дунд ил далд, бохир хэлбэрээр  хүчтэй   явагдаж ирсэн.  Нэгэн жишээ дурдахад 1880-аад оны  Лос Анжелесийн сонгуулийн дараа орон  нутгийн сонин нэгэн эрхэмийн нэрийг дурдаад  “ өчигдөрийн сонгуульд  10 мянган санал авахын тулд  20 мянган доллар,  мянга орчим шил архи зарцуулсан “ гэж  бичиж  байсан тухай  тэмдэглэн үлдээжээ.  Тэр байтугай хотын захирагч нь өөрийн дүүгээ  цагдаагийн даргаар томилж, түүгээрээ дамжуулан   хотын захиргааны албан тушаалыг зарж баригдсан хэрэг явдал  ч 1900-гаад  оны эхээр гарсан байна.  Улс төр бизнесийнхэний  агуу их амбиц  Лос Анжелесийн далайн боомтыг босгох,  600 орчим километрийн холоос  ундны ус авчрах,  боловсруулах үйлдвэр  барьж босгох, батлан хамгаалах хүчээ нэмэгдүүлэх  чиглэлийн бизнес, эд  баялагын төлөө байсан юм билээ.
      Нэгдсэн Улсын Засгийн газарт  гаргасан   1848 оны тайланд “Лос Анжелест 1500 хүн оршин суудаг ...”  гэж  тодорхойлсон байдаг.  Тэгвэл  зөвхөн Лос Анжелесийн хүн ам   1860 онд  4,385, 1870 онд 5,728,  1880 онд 11,183, 1890 онд 50,395,  1900 онд   102,479, улмаар  1910 он гэхэд 319,200 болж хүн амныхаа тоогоор томоохон хотын энд хүрчээ.   Луус, тэмээ, морьд, уурын тэрэг хөлөглөсөн цагаачид Лос Анжелест  цутгаж шинэ газар эрэлхийлсэн   төрөл бүрийн мэдлэг мэргэжил бүхий  хүн хүч,  мөнгө хөрөнгө, техник технологи,  амьдралын шинэ хэм хэмнэл авчирч  Лос Анжелес “Queen of the Cow County” -гаас өмнөд Калифорний  бизнес солилцоо, үйлдвэрлэл,  соёл, шинжлэх ухаан, урлаг соёлын  төв болон   өргөжижээ.   

Бичсэн: bishuu | цаг: 21:18 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 618 удаа уншигдсан.







:-)
 
xaax