2010-12-18
Лос Анжелесийн Тэмдэглэл 5. Нутгийн Индианчуудын Нулимс

   Испани, Мехсик, Америкчуудыг ирэхээс өмнө  “Лос Анжелес” нутгийн эзэд Тонг-ва(Габрилено), Чумаш, Юман зэрэг овгийн уугуул  Индиан хүмүүс байж. 

   Бидний хувьд  уугуул хүмүүсийг “Индианчууд” гэж дуудан  хууч яриагаа өрнүүлэх нь онох буй заа.  Учир хэмээвэл алдарт аялагч Колумб  тэртээ 1492 онд Атлантын далайн Багамын аралд анхлан ирж, уг газраа  “India”   буюу Энэтхэг,  нутгийнхныг “Индиос”  буюу Энэтхэгүүд хэмээн ташаарч мэдээлснээс  улбаалан шинэ тивийн уугуул хүмүүсийг “Индианчууд”  гэж үүх түүх, ном зохиол, кино дэлгэцэнд үлдээж  нийт даяар мэдэх болсон юм.

      Энэ нутгийн Индианчууд ойн зах, нуур, цөөрмийн эрэг, голын тохой, далайн эрэг бараадан сүрэл, модоор урц овоохой барин хориос хоёр зуу хүртэл хүнтэй  тосгонд хамтран суудаг байж.  Шувууны болон бусад нимгэн арьсаар хийсэн бүсэлхий хэсгээ хаасан хувцастай, далай хясаа болон яс,мод, сөдөн гоёл чимэгтэй,  ахмад хүмүүс, овгийн ахлагч, нөлөө бүхий хүмүүс өд, сөд бүхий  толгойн өмсгөлтэй байж. Буга, бусад төрлийн арьс, шир, сүрлээр хийсэн дэвсгэртэй, туулай бусад зөөлөвтөр арьсаар хийсэн  нөмрөгтэй байсан гэнэ.

   Гэр бүл, үе  залгамжласан Овгийн ахлагч, ахмадын зөвлөл   гэсэн энгийн байгуулалтай, эрх баригч бүлэг, бөө нар, цэрэг-анчид, энгийн албат, боол зарц  гэсэн нийгмийн анги давхрагатай  байсан аж.   Овгийн ахлагчаараа 35 хүртэл насны  хүнийг сонгодог байсан агаад ан ав хийх,  халдлагаас хамгаалахад бусдыгаа оройлох, нөөц бүрдүүлэх хуваарилах, хамгаалах, шашны зан үйлд  тэргүүлэх, овгийн ёс журмаа сахиулах үүрэгтэй байсан. Ахмадын зөвлөл нь  дайн байлдаан  хийх,  найрамдах, газар нутгийн маргаан, зэрэг   асуудлаар шийдвэр гаргах, ахлагчдаа зөвлөх үүрэгтэй,  зарим талаар шүүхийн үүрэг гүйцэтгэдэг  ажээ. Газар нутгаа тэлэх, хүн амаа олшруулах  зорилгоор ойролцоох  10 гаруй овгоосоо  гэрлэдэг байсан  агаад заримдаа  найрамдах,  байлдаанд хамран оролцох, биенээ хамгаалах зорилгоор  овгийн ахлагчид өөрсдийн хүүхдүүдийг гэрлүүлдэг байжээ.

   Тэд хоол хүнсэндээ хэрэглэх үр жимс, ургамал түүх, буга, туулай, шувуу авлах, загас барих,  далайн хаялагаас элдэв амьтад, ургамал олборлон нөөцлөх, хуваан хүртэх, чулуу, мод, сүрлэн сав суулга хийх,   гоёл чимэглэл урлах, эдгээрээ арилжин амжиргаагаа залгуулдаг. Дунгийн яс мөнгийг оролдог байж.  Далайн ойрхон амьдардаг зарим Индианчууд  20 хүртэл хүний багтаамжтай  хөнгөн завь хийж их далайд загасчилдаг, ойролцоох арлуудад зорчдог байсан гэнэ.  Үйлдвэрлэлийн гол багажаа чулуу, мод, ясаар хийгдэг, ан, байлдааны зэвсэг нь  мод, яс, арьс ширээр хийсэн  нум сум, муна, жад болон чулуу байжээ.   

   Бичиг үсэггүй ч аж байдал, шүтлэгийн шинжтэй аман зохиолтой, шашин мөргөл, зугаа цэнгэлдээ   дуулдаг дуутай, хөгжмийн зэмсэгтэй нар, сарны  тоолол, хуанлитай, сар нарны арвидал хомсдолыг тооцон  дөрөв орчим жилд  тоололдоо засвар оруулдаг, өөрсдийн танин мэдэхүйн дагуу өвчнийг оношлон эмнэдэг байсан гэнэ. Иймэрхүү зан үйлд бөө нарын оролцоо  машид их байсан.

   Нутгийн эзэн Индиан хүмүүс иймэрхүү  аж төрх, амьдралтай байхуйд  далай гатлан, тив алгасан Европчууд ирэв. Анхлан энэ нутагт хөл тавьсан цагаан арьстнуудыг тэд  гэнэн цайлган, өгөөмөр сэтгэлээр угтаж байжээ.

   1542 онд Санта Каталина аралд Габриллог ирэхэд арлын эзэд тэдэнтэй дайсагнахгүй гэдгээ дохио зангаагаар илэрхийлж, нум саадгаа буулган, гарын бэлэг өгсөн тухай тэмдэглэсэн байна.  1602 онд Ахмад Себстиан Визкайног ирэхэд ч  найрсаг хүлээн авсан төдийгүй тэдний цэргүүд  Санта Каталина арлын Индианчуудын шүтлэгийн газар нь байсан хэрээг алчихсанд ихэд баяссан тухай ламтан Антониогийн тэмдэглэлд үлдсэн гэжээ.  Индаины хүргэн  Рэйд гэгч  Европ хүний  бичсэнээр “Морь унаж, гартаа дэнлүү барьж явсан Портола ахлагчтай Испаничуудыг  анх харсан  Индианчууд “Бурхад”   ирж байна”  гэж бодсон ажгуу.

  Нутгийн Индианчуудыг өөртөө элсүүлэх,  соёл, ахуйн хувьд урвуулан өөрчлөхөд Испаний сүм хийд гүнзгий ул мөрөө үлдээсэн юм.  Ер нь өмнөд болон төв Америкт хэрэгжүүлсэн Испани колоний практикаар нөлөөллөө тэлж буй газартаа сүм хийд  байгуулан  арван жил  идэвхитэй ажиллахад л уугуул хүмүүсийн оюун санаа, амьдралыг  бүрэн өөрчлөж байсан  гэнээ. 

    Испани сүм хийд эхний үед Индиан хүүхдүүдийг элсүүлж,  сүм хийдийнхээ байранд суулгаж  шашин сурталаа заадаг,  унтаж босох, ном сургуулиа хийх, сүмийн  ус авах, мал маллах, ногоо тарих гээд бүхий л ажилд сурган улмаар  цаг хуваарийн дагуу ажиллуулдаг байж. Сүсэгтэн эрэгтэй,  эмэгтэй хүүхдүүдийг тус тусад нийтийн байранд  суулгадаг, сүмд нэгэнт орсон бол  Индианы сууриндаа очихдоо чөлөө зөвшөөрөлтэй  явдаг, зөрчвөл Сүмийн хамгаалагч цэргүүдийн хатуу шийтгэл амсдаг байв. Түүнчлэн  шинэ  гэр бүл болсон Индиан хосууд, төрсөн хүүхэд Христийн ёсоор адислуулвал мөн сүм хийдийн мэдэлд ордог, сүмийн байранд суурин амьдардаг  байв.   

 Христийн шашинд орсон Индианчууд  мод, төмрийн дархан хийх, тариа тарих, мал маллах, дарс нэрэх, нэхэх оёх гээд төрөл бүрийн мэдлэгт суралцав.  Мөн Мехсикийн засаг захиргааны үед цөөн хэдэн Индиан Ранче эзэмшиж байсан ажээ.

    Ийнхүү ан хийх, байлдах, овог аймгаа толгойлон явах учиртай Индиан залуус сүмийн сүсэгтэн “буруу номтон” болон  эргэж ирэхгүйгээр Индианы амьдралаас хагацах тусам  өрх гэр, овгоороо нийлж ан олз олж, хувааж хүртдэг нийгмийн уламжлалт засаглал, амжиргаагаа авч явах тогтолцоо  сүйрчээ.

     Сүмийн хараат Индианчуудын тоо өдрөөс өдөрт өсч, Индианы уламжлалт сууринд өвгөд, хөгшид голдуу цөөн хүн суудаг болжээ.  Тухайлбал.  Алта Калифорний нутагт байгуулагдсан эхний таван сүм хийд эхний таван жилдээ  нийт 462 сүсэгтэнтэй болж 62 гэрлэлт бүртгэж, 491 хүүхдэд угаал үйлдсэн мэдээ байдаг. Энэ тоо цаашид өсч зөвхөн Сан Габрил сүм хийдийн сүсэгтэн Индиан 1789 онд 1000, 1817 онд 1701  болсон байна. Бүр Индаины овгийн ахлагч нар хүртэл Сүмд нэгдэн сүм хийдийн туслах зохицуулагч болж, уламжлалт шашины зан үйл, бүжиг наадам хумигдаж, бөө нарын үүрэг бүдгэрчээ.  

   Сүм хийд томорч олшрохын хэрээр Колони болон Индианы хоорондын зөрчил ихэсч  аллага, хулгай, дээрэм, бэлгийн хүчирхийлэл, галдах,оргон зугтах зэрэг гэмт хэрэг гаарчээ.  Колоний зүгээс  Сүм хийдийн харъяат Индиануудыг захирах дүрэм журам нарийсч, ааш авир ширүүсч, хүлээлгэх шийтгэл хүндэрч ташуурдах, дүүжлэх, хайрах, хутга шөвгөн дээр суулгах мэтээс аваад хамгийн хүмүүнлэг бус  адгийн шийтгэл эдлүүлдэг  байсан гэж “First Angelinos”  номд харуусан дурдсан байна.

  Индианчууд  харьцангуй эрүүл чийрэг байсан бололтой.   “The California Missions” номонд  тэмдэглэснээр  Санта Барбарагийн сүм хийдэд  сүсэгтэн  болон нэгдсэн 4771 насанд хүрэгчдээс  30 хүн л архаг хууч  өвчин, сохор, доголон, мэдрэлийн  эмгэгтэй  байсан тухай  тэмдэглэжээ. 

   Тэгвэл  Испани сүм хийдэд Индианы шинэ суурьшил үүсч нягтарахын хэрээр Индианчуудын хувьд урьд мэдэхгүй өвчин халдвар  авч ихээр үхэж үрэгдэн хүн амын тоо хурдацтай буурчээ.     Индаинчууд сүм хийдэд олноор нэгдсэн 1781-1831 онд Сан Габриел сүмийн гаргасан дундаж үзүүлэлтээр сүсэгтэн Индианчуудын  төрөлт  1000 хүн тутамд 44, үхэл 95  болж 1000 хүн тутмаас  жилд 51 нь хорогдож байсан мэдээ байна.  Энэ үед Калифорний нутаг даяар 200 гаруй мянга, Лос Анжелесийн орчимд  5000 гаруй  Индиан хүн байсан тойм судалгаа байдаг.  Сүм хийдийн сүсэгтэн нар халдварт өвчин  тусвал Европ эмнэлгийн аргаар эмнэдэг бол Индианы тосгоны иргэд халдварт өвчний талаар мэдлэг мэдээлэл, эм  тариагүй сүйрч байжээ.

     Гэдэсний халдварт цусан суулга, салхин цэцэг, халдварт халуун ханиад гэх мэт гоц халдварт өвчинд олноор нэрвэгдсэний  зэрэгцээ  хамгийн аюул тарьсан нь бэлгийн замын халдварт өвчнөөр  өвчилж удмаараа устах аюулд хүрсэн  байна. Тухайлбал. “First Angelinos”   номд “бэлгийн замын халдварт өвчин тархснаас шалтгаалан тэр үед шинээр төрсөн дөрвөн хүүхэд тутмын гурав нь хоёр хүртэл насандаа эндэж байсан” мэдээг   дурджээ. Мөн 1810 онд Сан Габриелд байгуулагдсан эмнэлэгт  400 орчим Индиан хүн зөвхөн бэлгийн замын халдварт өвчин эмчлүүлсэн гэжээ. 

     Бэлгийн замын халдварт өвчин 1777 онд энд анхлан бүртгэгдсэн ба хурдацтай тархсан гол шалтгааныг  Испани цэргүүд Индиан эмэгтэйчүүдийг олноор хүчирхийлсэн, зарим Индиан тосгоны эмэгтэйчүүд цэргүүдэд “биеэ үнэлж” байсантай холбон тайлбарладаг. Халдварт өвчин тархах болсон нэг шалтгаан нь Сүм хийдийн бохир орчин нөхцөл гэж үздэг байна.

  Индиануудын уруудан доройтсон бас нэг шалтгаан нь “архидалт” юм. Газрын эзэд,  малчид, Испани, Мехсик суурингийн хар бор хамаг л ажлыг  Индианчүүд нугалж ажлынхаа  хөлсөнд хувцас хунарын зэрэгцээ  архи, дарс авч хүртдэг байж. Энэ байдал нь даамжран архинд донтож, суурингийн хямд архи, дарсыг  ууж дуусгадаг,  хулгайлдаг “мөнхийн”  согтуу  Индианчууд  олширчээ.

   Индианчуудын уламжлалт амьдралын  хэв маяг алдагдаж,  төрөл бүрийн хүчирхийлэл, доромжлол, өвчинд  нэрвэгдэж, нутаг бэлчиргүй болохын уй гашууг үл тэвчсэн  уламжлалт амьдралтай цөөн Индианчууд  шинэ овог болон нэгдэж эцэг өвгөдийн нутгаа орхин  Хойд Калифорни болон  ус ундаа, үржил шим муутай говь цөлийг чиглэн дүрвэжээ.

   Индианчууд  нутагтаа ирэгсдийг  “...бурхадын дайтай...” найр тавин харж байсан нь талаар болж өв соёл, үндэс угсаа, газар нутагт нь халдсан,  Индиан хүн амд халдварт өвчин тараасан буруутан “чөтгөрүүд” хэмээн тэднийг  янз бүрийн байдлаар эсэргүүцжээ.  Галт буу барьж, арьсан хувцас өмссөн Испани цэргийн өөдөөс  нум сумтай, сүрлэн хуягтай Индиан тэмцээд ялах уу.  Гагцхүү атаа хорсол нь тэднийг хурцлан  босгож,  дарлал доромжлол, хатуу хэрцгий шийтгэл, үхэл хагацал үдэж байжээ. 

     1700-аад оны сүүлээр  Испани цэргүүд Индиан эмэгтэйчүүдийг  хүчирхийлснээс болж Сан Габриелийн сүмрүү дайрсан бол  1785  онд уламжлалт баяр ёслол, бүжгийг нь гадуурхснаас болж Тояпурина гэгч 24 настай эмэгтэй тэргүүлэн ойролцоох  найман  тосгоны  дайчдыг удирдан Сан Габриел сүм хийдэд халдаж, галдан шатааж ихээхэн хохирол учруулсны дээр тэдний 20 орчим дайчид алагдаж, өөрөө баригдан шоронд хоригджээ.  

       1810 онд Индианий тосгонийхон болон  Сүсэгтэн Индианчууд хамтран  томоохон бослого, 1824 онд Санта барбара, Сан бернардина, Сангабриел, Ла Пүрисма, Сан Янез зэрэг олон сүм хийдийг хамарсан  сүсэгтэн Индианчуудын бослого дэгдэж сүм болон Ранчерүүдийн  хөрөнгийг галдан шатаасан байдаг. Тэдний гол  удирдагч нарыг баривчлан олон жилийн ял тулгасны дээр заримыг нь дүүжлэн хороожээ.

   Сүм хийдийн  дэг хуваарь, түгжигдмал амьдралтай Индианчууд  эрх чөлөө хүсэмжлэн орон гэрээдээ оргон зайлах, сүмийн амьдралаас зугтах явдал  газар авчээ. 1817 оны тоо баримт ишлэснийг үзэхэд зөвхөн мөн онд Сан Габриелээс 473  сүсэгтэн оргосон гэжээ. Сүм хийдийн харуул тэдний мөрийг мөшгин баривчилж шоронд хорьж, шилбүүрдэж, ташуурдаж хатуу шийтгэдэг байжээ.

   Уугуул нэгэн овгийн удирдагч Тенаяагийн хэлсэнчлэн “Өндөр дээд эцэг өвгөд надад  шивнэхээс нааш миний ард түмэн юу ч хүсэхгүй.  Эцэг өвгөдийн минь сүнс бидний хүссэн болгоныг биелүүлдэг. Бид энэ уулсын дунд төрсөн, эцэг өвгөдийн  минь чандар  ч энэ уулсын салхинд хийссэн. Манай бүсгүйчүүд орон гэрийнхээ ажлыг амжуулчихна.  Цагаан арьстнуудаас  бид юу ч хүсээгүй. Та нар зайлцгаа.”   гэж өширхөн тэмцэж байжээ.

  Янкүүд онгон дагшин газар нутгийг түрэмгийлэн авч, ухаж төнхөн, алт эрдэнэсийг нь уудлан буйд дургүйцэн Индианууд бүхий л хэлбэрээр тэмцсээр  байсан юм.  Янкүүд тэдний эсрэг нилээд хатуу тэмцэл хийж зарим газар  олноор нь алж, хядаж байсан баримтууд байдаг. 1800 оны сүүлээр Өмнөд Калифорниор аялсан зохиолч эмэгтэйн  тэмдэглэлд “Индианчууд нохойноос ч дор амьдарч  байгааг дурдаад  тэднийг хүн ёсоор үзэж,  эрүүл мэнд, соёл, ахуй амьдралыг нь дэмжиж тэтгэх”  санал бодлоо хэлж олны анхааралд хүргэжээ.

Колоничлогчдын  хатуу ширүүн бодлого, Христийн шашин, суртлын нөлөөнд олон үеэрээ амьдрал ахуйгаа авч явсан Индианы  “супер натурал”  амьдралын хэв маяг, уламжлалт тогтолцоо, үнэт соёлоо алдан ихэнх нь  харь хүмүүс болон уусч, урьд гарч байгаагүй өвчин, халдварт олноор нэрвэгдэн үхэл хагацал, дарлал доромжлол үзэж, тэдний огтын оролцоогүй газар нутгийг нь  хуваан эдлэн болгосон тул  дураар хэрэн ан гөрөө хийх боломжгүйдэн үгүйрч эцэг өвгөдийн нутгаа орхин дүрвэж  Индианчуудын  нулимс нуур, далай мэт асгарсан  байнам.

Бичсэн: bishuu | цаг: 06:14 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


их сохирхолтой болжээ гоё шүү ,ямар ч зэрлэг омог үлдээгүй гэж үү?, бразил биүү африкд нэг байна гэсэн, бас тэр индианчуудыг архинд оруулсан гэдэг нь бүүр үнэн. ккк...танд амжилт хүсье.
Бичсэн: upshot цаг: 07:41, 2010-12-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 805 удаа уншигдсан.







:-)
 
xaax