2010-12-04
Лос Анжелесийн Тэмдэглэл 4 Янкуудын явдал

Зарим баримтаас харахад 1800-гаад оны үеэс Америкчууд Испаний эзэмшлийн  Калифорни нутагт худалдаа арилжаа, шашин мөргөлийн журмаар зорчиж эхэлжээ.  Тухайлбал  1803 онд  Лелиа Вөрдийн худалдааны онгоц албан ёсоор одоогийн Сан Федрод ирсэн   байна.

    1818 онд  Жозеп Чампмэн гэгч санваартан   Лос Анжелест ирсэн  ч хил зөрчсөн хэргээр  шоронд хоригджээ.  Тэр морин тэрэг сэлбэх, төмрийн дарх хийх,  байшин барилга засварлах ур дүйтэйнхээ ачаар  шоронгоос суллагдаж тэр үеийн Лос Анжелес суурингийн төв талбай дахь байшин барилгыг засах, сүмийн барилгыг  өргөжүүлэх ажлыг  голлон хийжээ.

  Жедедиах Смит гэгч 28 настай залуу  тэргүүлэн хэсэг  Америкчууд  1826 онд  Миссори мужаас эхлэн Хойд Америкийн төв хэсгээр хөндлөн гулд явж анхлан  Лос Анжелесийн ойролцоох сүм хийдэд ирсэн гэнэ. Тэднийг мөн хил зөрчсөн хэргээр хорьж дахин энэ нутагт ирэхгүй гэсэн ам авч сулласан гэж  бичжээ. 

   1820-иод оноос  эхлэн Калифорний эргийн дагуу Америк  цагаачид  хөлөг онгоцны засвар үйлчилгээ,  бөөний болон жижиглэнгийн худалдаанд  ноёлжээ.  Тэдний үйл ажиллагаа Монтереи, Юерба Бюенна буюу одоогийн Сан францискод  төвлөрч, агентүүд нь Лос Анжелест ажиллаж байсан.

    Жон Темрле,  Уолфшил, Трумбүлл, Авел Стеарнс, Уолсон, Александр, Роуланд тэргүүтэй олон Америкчууд  цагаачлан ирж Мехсикийн иргэн болж, Испани, Мехсик гаралтай Калифорний бүсгүйчүүдтэй  гэрлэж  Ранче эзэмшиж, худалдаа арилжаа  эрхэлсэн байна.   Лос Анжелес орчмоор анхлан ирж байсан Америкчүүд худалдаа, арилжааны ухаан, бизнесийн арга техникээрээ тэр үеийн Испани, Мехсикийн  эзэмшил дэх алс хязгаарын хэнийг  ч дагуулахааргүй байсан бололтой.  Энэ нутагт амьдралын шинэ өнгө төрхийг бий болгох хэрээрээ орон нутгийн бодлогод нөлөөтэй болж эхэлжээ.

     Жон Темрле, Авел Стеарнс нар Лос Анжелест суурин сууж худалдаа эрхэлж,   их хэмжээний газар худалдан авч,  суурингийн төвд өмнө байгаагүй сууц бариулсан төдийгүй орон нутагтаа хамгийн нөлөөтэй хүмүүс  болжээ.  Тухайлбал. Авел Стеарнс 1840-өөд онд  Филаделфиас  сая гаруй долларын төмөр худалдан авах гэрээ хийж  байснаас харахад  нилээд хөрөнгөжсөн Америк цагаач  байсан нь харагддаг. Лос Анжелес суурин дахь түүний гэр   Өмнөд Калифорний  улс төр, нийгмийн төв болж байсан гэнэ.  

Түүнчлэн Авел Стеарнс Өмнөд Калифорни дахь худалдаа арилжаагаа улам өргөжүүлж байсны дээр   Калифорнийг   АНУ-ын бүрэлдэхүүнд тайван замаар  оруулах  талаар  Калифорнид  сууж байсан Нэгдсэн Улсын консул Томас Оливер Ларкинтай  хамтран ажиллаж байсан аж.

    Америкийн Кентаки мужаас ирсэн цагаач Уиллиам Уолфшил  1831 оноос Калифорнид  Жүржийг(orange), усан үзмийг арилжааны зориулалтаар анхлан тарьж амжилтанд хүрчээ. Тэрээр Мехсик гаралтай газрын эзэн Лугогийн хүргэн  болсон байна.  Тэгвэл  Лоюис Вигнес гэгч Франц гаралтай эр 1831 оноос  Лос Анжелест усан үзмийн дарс үйлдвэрлэж эхэлсэн гэнэ.  1830 оны сүүлээр Уолсон,  Роуланд тэргүүтэй олон тооны Америк цагаачид Лос Анжелес орчимд ирж одоогийн Пасадина   хотыг үүсгэн, жүрж болон бусад төрлийн жимс жимсгэнэ тариалж эхэлжээ.   Энэ үед Алта Калифорний хойд хэсэгт Янкуудын хүн ам, эдийн засгийн түрэлт  нэн хүчтэй болсон тул  Мехсикчүүд Калифорний  нийслэлээ Монтереигоос Лос Анжелест  шилжүүлж ч  үзсэн байдаг.

     Америк цагаачдаас болгоомжлох, газар нутгаа хамгаалах тухай Мехсикийн албаныхан ил ярьж байсан ч аажмаар зөнд нь орхисон бололтой. Тухайлбал Мехсикийн Калифорний  амбан захирагч  Пио Пико  “Олноороо ирэх Америк цагаачид-Янкуудын дундаас бид өөрсдийгөө хайж байна...”  гэж хэлсэн  байдаг.

    Шинэ газар нутаг эзэмшин, төрөл бүрийн худалдаа, үйлдвэрлэл эрхлэн хөгжүүлж орон нутгийн эдийн засаг, нийгмийн бодлогод нөлөөтэй болж эхэлсэн Америкийн цагаач иргэдийн ашиг сонирхолтой  Хойд Америкийн баруун эргийг бүхэлд нь хяналтандаа авах Нэгдсэн Улсын цэрэг, улс төрийн сонирхол  давхцаж байсан.  

    1840-оод онд Нэгдсэн Улс хүчирхэгжихийн хэрээр газар нутгаа тэлэх, баялагаа ашиглах нь   нэн шинэ Америкийн холбооны Улсын  давуу тал болохыг сурталчилж “Заяа тавилангийн тунхаг”-ийн үзэл санаа илт хүчээ авсан үе байв.

   Америкийн  Ерөнхийлөгч Жамес Полк  Калифорнийг  эзэмших бодлогыг тууштай хэрэгжүүлж 1842 онд  Нэгдсэн Улсын Тэнгисийн цэргийн хүчин  Калифорний  нэн чухал боомт  Монтереиг эзэлжээ.  Энэ явдал Мехсикчүүдийн дургүйцлийг  төрүүлэн хол хязгаарын Алта Калифорниа  Америкчуудад алдахгүйг хичээж  ихэд тэмцжээ.  Ялангуяа орон нутгийн Испани, Мехсик гаралтай Калифорничүүд Америкчуудыг төрөл бүрээр эсэргүүцэж, мөргөлдөөн үүсгэх, зэвсэглэн халдах зэргээр удаан тэмцсэн аж.   

   1846 оны намар  Америкийн Тэнгисийн цэргийн хүчний 50 хүнтэй гарнизон  анхлан Лос Анжелест ирсэн байна.   Төдий удалгүй л Лос Анжелесийн Испани, Мехсик гаралтай иргэд эсэргүүцэж эхэлсэн ба  эсэргүүцлийг нилээд тооны хүний амь  хохироож  зогсоосон гэнэ.  Энэ нь орон нутгийнханы дургүйцлийг гааруулж эсэргүүцэгчид нэгдэн  Америкчуудын  Лос Анжелест босгосон далбааг урж тасдан буулгасны дээр, зэвсэглэсэн олон хүнтэй болж, Сан Деагогоос Санта барбара даяар Янкуудыг эсэргүүцэн байлджээ.    

   Тэднийг дарахаар  Санта Фе талаас  Янкуудийн генерал  Кеарнигийн цэрэг,  нөгөө талаас Калифорни дахь Америкийн цэргийн хүчний командлагч  Чарлес  Фремонтийн цэргүүд  ирсэн ажээ.  Генерал  Кеарнигийн цэрэг эсэргүүцэгчдийн хамгийн гол  хүчин Мехсикийн Калифорний  цэргийн удирдагч, генерал  Андрес Пико(Амбан захирагч Пио Пикогийн дүү)-ийн удирдсан цэрэгтэй  одоогийн Монтебелла, Ла Месагийн орчим тулалджээ.

    Америк, Калифорний  цэргийн хүчний хооронд  шийдвэрлэх тулаан  1847 оны  1 сарын эхээр болж Андрес Пикогийн цэргийг  Америкчүүд буулгаж авсан ба  мөн сарын дундуур тэдний хооронд  энхийн  хэлэлцээрт гарын үсэг зуржээ. Ингэж Испани, Мехсик гаралтай Калифорничүүдийн  ил тэмцэл  намжжээ.  

   1848 онд  АНУ, Мехсикийн  дайн албан ёсоор дуусч  Америкийн одоогийн баруун өмнөд нутаг бүхэлдээ  тэдний мэдэлд орсон.   Лос Анжелес ч Америкийн цэргийн захиргаанд  1847 оны сүүлээс эхлэн  богино хугацаанд байгаад  1849 он гэхэд    Америкийн Иргэний Засаг захиргааны мэдэлд   бүрэн шилжсэн байна. 

    Энэ үед  Нэгдсэн Улсын Засгийн газарт  гаргасан  тайланд  “Сан Габриел сүм хийдээс  баруун тийш найман милийн зайтай Голын тохой, толгодын энгэр  дагуу дөрөв орчим милл үргэлжилсэн суурин байх агаад  хуучин сүм, суурингийн төв “Plaza”-г тойрсон  дөрвөн гол гудамжийн дагуу зуу орчим  сууцны  байшин.., 1500  гаруй хүн оршин суудаг ...”  гэж  Лос Анжелесийг тодорхойлжээ.  

  1850 онд Калифорни  АНУ-ын  31 дэх муж болон Нэгдсэн Улсын бүрэлдхүүнд орж улмаар Лос Анжелес нь Калифорни мужийн Лос Анжелес тойрог(county) гэх засаг захиргааны  нэгжийн нэгэн хот болон өргөжиж, Америк цагаачдын  хөдөө аж ахуйн бизнесийн  таатай газар, улсынхаа эдийн засаг, цэрэг, улс төрийн  ач холбогдол бүхий  нутаг болжээ. 

  Америкийн мэдэлд орсон Лос Анжелесийн амьдрал амар тайван өрнөсөнгүй.  Great Gold Rush” гэж нэрлэгддэг Калифорний  алтны халуурал  олон хүнийг мөнгө хөрөнгөтэй болгосон ч түүнээс олон хүний  амьдралыг сэгсэрч архичин, хулгайч, дээрэмчин, янхан болгон   амьдралын адагт шидсэн аж.  Тэр хүмүүсийн ирдэг газар  Лос Анжелес  болж суурингийн үндсэн хүнээс 5 дахин их   хүн хууль бусаар амьдарч байв.   Тэр үеийн Лос Анжелест хэрүүл зодоон, дуел буудалцаан , хүний амь үрэгдээгүй өдөр бараг байгаагүй аж. Зодоон хэрүүл, буудалцаан гараагүй бол бараг “яагаад гарсангүй вэ?” гэж үгүйлэх нь холгүй орон нутгийн сонинд бичиж байсан гэнэ.  

    Янкуудад нутгаа алдсан Испани, Мехсик гаралтай хүмүүсийн далд дургүйцэл “Бандит” дээрэмчид, үгүйрэн гансарсан согтуу Индианчуудийн тэмцлээр илэрч  Янкүүдийн тэрэг хөсөг, хөрөнгийг тонох дээрэмдэх, Ранчийг галдах, хулгайлах, гаарч байжээ.

    Түүнчлэн “Хоноц хоноцдоо дургүй” гэдэг шиг энд тэндээс ирсэн цагаачид бие биедээ таатай хандаж  байсангүй.  Тухайлбал: Арьс өнгө, хэл соёлын эсрэгцэлийн  золиос болж суурингийн “Негр Алли” хэсэгт мөрөөрөө амьдарч байсан хорь орчим Хятад хүн нэг дор хүйс тэмтэрүүлсэн бараан түүх үлджээ. Алуурчин, дээрэмчдийг барьж олны өмнө дүүжлэн хороож байсан гэнэ.

   Ийнхүү Лос Анжелес нэгэн үе “Барууны хууль завхруулагчдын суурин” болон хувирсан  байна.

Бичсэн: bishuu | цаг: 12:44 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


ИХ СОНИРХОЛТОЙ ЗҮЙЛС БИЧИГЛЭСЭН ЮМ ШИГ БАЙНА.
Бичсэн: upshot цаг: 13:19, 2010-12-04 | Холбоос | |


гоё шүү , ЗА НЭГ ӨДӨР ТАНЫ БЛОГТОО НЭГ САЙН ТАНИЛЦАЯ, ӨНӨӨДӨР ИНГЭСХИЙГЭЭД ГАРАХААС ККК. улайх
Бичсэн: upshot цаг: 13:19, 2010-12-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 651 удаа уншигдсан.







:-)
 
xaax