Дэлхийн бөмбөрцгийн уртраг, өргөрөгийн 34° /118° солбилцол орчим, бидний суугаа Номхон далайн зүүн эргээр Индианчууд бүр 10000 гаруй жилийн тэртээгээс суурьшин амьдарч иржээ.
Тэдний ажин түжин амьдарч ирсэн өгөөмөр баялаг энэ нутагт сураг тавин дурлагсад дэлхийн нөгөө бөөрөнд байсан аж. Испаний зохиолч Гарсиа Монталбагийн 1510 онд хэвлүүлсэн “ Las Sergas de Esplandian” романд “Индиан нутгийн баруун талд байх үржил шимт Калифорни арал..” хэмээн бичснээс улбаалан “Калифорни” нэрийг Миуоки, Юокүт, Танг-на(Габрилено), Чумаш зэрэг 40 гаруй овгийн уугуул Америкчуудын энэ нутагт оноосон байх талтай гэнэ. 17 дугаар зууны дунд үеийг хүртэл Испани, Англи, Француудын гаргасан газрын зурагт Калифорнийг үнэхээр томоохон арал байдлаар дүрсэлдэг байж. Испаничууд Калифорни нутгийн өмнөд хэсгийг Баха буюу доод, Хойд хэсгийг Алта буюу дээд хэмээн тодотгон нэрэлсэн байна.
Испаний хаанд зүтгэж байсан Португалийн далайчин Хуан Габрилогийн хөлөг 1542 оны намар анх Сан Дего орчимд ирж Калифорнийг анхлан нээсэн гэж үздэг байна. Тэрээр өмнөөс умрыг чиглэн Санта Каталина арал, Монтереи, Санфранциско хүрээд буцсан бололтой.
Английн аялагч-Санваартан Францис Драке 1579 онд одоогийн Санфранцискогийн “Алтан хаалга” гүүрнээс хойд зүгт 30 милийн тэртээ бууж эвдэрсэн хөлгөө зассан гэнэ. Буусан тэр газраа “Шинэ Албион” гэж нэрэлжээ. Түүний аяллаас хойшхи зарим газрын зурагт Калифорний нутгийг бүхэлд нь Шинэ Албион гэж тэмдэглэсэн тааралдана. Англичууд Францис Дракег нутагтаа очсоны дараахан нээсэн шинэ газар руу нь хөлөг онгоцууд илгээсэн ч Бразилийн эрэг хүрээд цааш явж чадаагүй гэжээ.
1602 онд Испани ахмад Себстиан Визкайногийн хөлөг одоогийн Лос Анжелесийн ойролцоох Санта Каталина аралд ирсэн аж. Тэднийг аралд зангуугаа буулгах ахуйд Лос Анжелесийн өмнөд хэсгийн Сан Федро, Лонг Биич хавьд энд тэндгүй утаа униар гарч байсан учир “Утаат тохой” гэдэг нэр оноосон юм билээ. Тэрээр Сан Деаго, Сан Федро, Санта Барбара, Монтереи гэх мэт олон газар нэр оноосон нь одоо хүртэл хэрэглэгдэж байна.
Аласкаас Оросын анчид, худалдаачид, аялагчид Калифорний хойд хэсгээр 1740-өөд онд ирж байсан бололтой. Тухайлбал: Тэр үед Берингийн хоолойн зүүн өмнөд хэсэгт Испаний эзэмшил бий болгох газар тандах даалгавартай явсан Гзаринагийн далайн аялалын замд Оросын хөлгүүд тааралдсан төдийгүй, Санфранцискогийн ойролцоох Фараллон арал дээр буудаллаж байсныг колоний эзэддээ мэдээлсэн байна.
Түүнчлэн 1587 онд Гавендиш, 1593 онд Хаукинс, 1680 онд Дампиер, 1719 онд Шелвоски, Клиппертон, 1740 онд Ансон, 1769 онд Уаллис зэрэг Европийн далайчид Калифориний эргээр зорчсон мэдээтэй.
Энэ мэт аялалын замд олсон шинэ газар нутгийн талаарх мэдээлэл Англи, Испани гээд тэр үеийн хүчирхэг колоний сонорт байнга хүрч байсан ч төдийлөн ач холбогдол өгөхгүй хоёр зуун дамжсан байна.
Харин Оросуудтай Калифорний ойролцоох их далайд таарсан тухай мэдээ тэр үеийн Испаний удирдлагад ихээхэн цочрол өгчээ. Тэд яаравчлан Номхон далайн эрэг дагуу хойд Америкийн нутагт өөрийн эзэмшлийг бий болгож хяналт тогтоох ажлаа эхэлжээ. Шинэ Испанийг том гүрнүүдийн болзошгүй аюулаас хамгаалах, эд баялаг газар нутаг, колонидоо нээх, Ази тивд хийх худалдаа, харилцаагаа өргөжүүлэх байдлаар бодлогоо тодорхойлжээ. Тэдний бодлогын зангилаа “presidios-pueblos” буюу “боомт-суурьшил” гэсэн хоёрхон үгэнд багтаж, боомт нь хамгаалалтын үүрэг, суурьшил нь цэргийн боомтоо хүнс тэжээл, хүн хүчээр хангаж байхаар тооцсон байна.
1760-аад оноос Хойд Америкийн баруун эргийн нутгийг тандан судлах, эзэмшилдээ авах стратегиэ урин арга тактикаар хэрэгжүүлсэн нь гайхалтай. Испаний хаан Чарлесийн Индианы асуудлаархи шадар зөвлөх Хосе Галвес Алта Калифорнид шинэ нутаг эзэмших төлөвлөгөөг удирдан цэргийн зүтгэлтэн, Баха Калифорний захирагч Гаспар Портола, Католик шашны гэгээнтэн Жаниферо Серра нарын толгойлсон газар болон далайн экспидици аянд гарснаар төлөвлөгөө хэрэгжиж эхэлсэн гэнэ.
Порталагийн баг Сан Деагод газардаж, тэдний олонхи нь халдварт өвчнөөр нас барж, мэдэхгүй газар, байгаль цаг агаарын бэрх, Индианы хайр хүндлэл, халдлагыг амсан Калифорний эргээр гурвантаа бэдэрсний эцэст Габрило, Визкайно нарын нээсэн боомт Монтереиг олжээ. Тэд Алта Калифорни дахь том боомт Сан Деагогийн ойролцоо Пресидио Толгодын энгэрт 1769 онд Католек шашны сүм хүрээ, эндээс хойд зүгт 650 милийн хол нөгөө нэг чухал боомт болох Монтереид 1770 оны зун бас нэгэн сүм байгуулан Испаний эзэмшлийн “шав-тэмдэг” тавьж алдараа дуурсгажээ.
Алта Калифорнийг эзэмших дараагийн томоохон алхам бол Ахмад Хуан Баутистө Анзагийн баг хуурай цөл, өргөн гол мөрөн гаталж, өндөр уулсыг даван, өвчин, үхэл, Индианы халдлага гээд бэрх зам туулан одоогийн Мехсикийн Сонорагаас Калифорний Монтереи хүртэл Калифорний эх газраар явах замыг 1774 онд анхлан нээсэн явдал. Тэрээр 1775 онд 250 хүнтэй томоохон экспидици удирдан өөрийн гаргасан замаар дахин явж гаргасан зам, алдар суугаа баталгаажуулсан. Түүний замаар төв Америк, Алта Калифорний хооронд худалдаа арилжааны цуваа, цэрэг, хүнсний хангамж, суурьшил нутагшлийн нүүдэл хөвөрч эхэлсэн байна.
Испаний колончлолын тогтолцооны нэг чухал элемент бол “Mission” буюу сүм хүрээ байв. Эзэмшихээр завдаж буй нутаг дэвсгэртээ мөргөлийн газар, түүнийг тойрсон сүсэгтнүүд болон сүмийн номлогчид, хамгаалалтын цэргүүдийн байр, хоол хүнсний агуулах, газар тариалангийн талбай, мал, тэжээвэр амьтдын талбай, байр гэх мэт цогцолбор байгуулдаг байж.
Сүм хүрээний гол үүрэг уугуул иргэдийг шашиндаа элсүүлэх, тодорхой хуваарийн дагуу өдөр бүр шашны номоо номлох, шинээр төрсөн хүүхэд угаал үйлдэх, Индианчуудын гэрлэлтийг Христийн шашны ёсоор адислах гэх мэт шашны төрөл бүрийн үйлчилгээ үзүүлэх, нутгийн уугуул иргэдэд амьдрал ахуйгаа эрхлэх Европийн шинэ мэдлэг олгох, тодорхой цаг, хувиарийн дагуу ажиллуулах замаар иргэншүүлэх, хэл, соёлоо сургах, эд бараагаа хэрэглүүлэх, Индианчуудтай гэрлэж ураг барилдах, харилцан худалдаа хийх, тэдний ажиллах хүчийг ашиглах гэх мэтээр улс төр, нийгэм, эдийн засгийн нөлөөллөө тэлэх шашин болон уугуул иргэдийн захиргааны хосолмол шинжтэй байж.
Сүм хийдийнхээ ажиллагааг Колоний засгийн газрын тусгай фондоос эхлэн санхүүжилдэг бөгөөд улмаар тэд бие даан газар эзэмшиж, аж ахуйн үйл ажиллагаа явуулж өөрсдийгөө санхүүжүүлдэг байв. Испаничууд сүм хүрээгээ нутгийн уугуул иргэдийн гол цэгүүдийг түшиглэн зугуухан олшруулж, сүм хүрээ, хилийнхээ аюулгүй байдлыг хангах цэрэг суулган, худалдаачид, урчууд, тариалан эрхлэгчдын суурьшил бий болгон хүрээ, нөлөөгөө идэвхитэй тэлж ирсэн байдаг.
1800-гаад он гэхэд Сан Деаго, Санта барбара, Монтереи, СанФранцискод боомт, Сан Хосе, Лос Анжелес, Брансифортед Испани иргэдийн суурьшил бий болж, Сан Деагоос Сонома хүртэл нутагт шашны сурталчилгаа болон нутгийн Индианчуудын захиргааны үүрэг давхар гүйцэтгэдэг хориод сүм хүрээ бий болгосноор Алта Калифорний эрэг дагасан нутаг үндсэндээ Испаничуудын хяналтанд оржээ.