Дуулиан шуугиантай Холливүүдад мөрөө гаргаж, спортын ертөнцөд Монголынхоо нэрийг дуурсган АНУ-ын Лос Анжелес хотноо суралцаж, амьдарч байгаа Уламбаярын Бямбажавтай та бүхнийг уулзуулж байна.
Тэрээр 2006 онд Warner’s Bros” кино компаний бүтээл “Oceans 13” киноний туслах дүр “Сумо” бөхөд тоглон Холливүүд хэмээх “их далайн элсэн дээр хөл тавьсан” ажээ. Түүний албан тодорхойлолтоос нь харахад нэжгээд кинонд туслах дүр, АНУ, Канад, Англи бусад оронд үндэсний болон олон улсын хэмжээнд цацагдсан Visa карт, Toshiba гээд нэр хүндтэй компаниудын бараа бүтээгдхүүний 60 орчим сурталчилгаанд тоглож, “Subaru” машины Канад дахь сурталчилгааны нүүр царай болсон гэнэ.
У.Бямбажав Сонирхогчдын Сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол орноо төлөөлөн оролцож 2006, 2008 онд 115 кг-ийн жинд Аваргын алтан медаль, 2007, 2010 онд хүрэл медаль, 2009 онд Тайванд болсон олимпд ордоггүй спортын төрлүүдээр зохиогдсон “World Game”-с Сумо бөхийн төрөлд Алтан медаль, Хятадын Бээжин хотноо 2010 онд зохиогдсон “World Combat game”-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн тамирчин билээ.
Энд ямар чиглэлээр, аль сургуульд суралцаж байна вэ?
Одоогоор UCLA (University of California in Los Angeles)-ийн Англи хэлний сургуульд суралцаж байгаа. Хэлнийхээ түвшинг улам сайжруулахаар л зүтгэж байна гэх үү дээ. Удахгүй мэргэжлийн ангиудаа авна.
Саяхан Холливүүдэд байдаг “Secret Rose Theatre“ гэдэг мэргэжлийн курст суралцаж төгслөө. Жүжиглэл, тайз болон камертай харилцах талаар нилээд нарийн заадаг юм билээ. Багш нь Япон хүн байсан болохоор суралцахад их дөхөмтэй байсан. Ер нь энтертаймент чиглэлээр ажиллаж байгаа хүн заавал ийм анги, курсуудэд сурсан байх ёстой юм билээ. Ингэж сургууль ном хийснийхээ дараа Screen Actors Guild (SAG) буюу Кино, телевизийн жүжигчдийн хөдөлмөрийн байгууллагын гишүүн болсон.
Энэ байгууллагынхаа талаар жаахан тодруулахгүй юу?
Америк төдийгүй, дэлхий даяар гишүүнчлэлтэй жүжигчдын хамгийн том байгууллага юм билээ.
Энэ байгууллагад элсэх шалгуур өндөр, жилийн татвар төлдөг, энтертайнмент чиглэлээр ажиллаж байгаа хүмүүсийн хөдөлмөр, нийгмийн хамгаалалийн нэгдсэн стандарттай, үүнийгээ баримтлан гишүүддээ ажил олгож үйлчилж, хамтран ажилладаг.
Ингэхэд “бөх” хүн яахаараа кино, сурталчилгаа гээд явж байдаг билээ?
Дөрвөн жилийн өмнө Warner’s Bros-ийн бүтээл “Oceans 13” киноний туслах дүр “Сумо” бөхөд тоглохоор урилгаар анх энд ирж байсан.
Түүнээс хойш “Калифорний сумогийн холбоо”-той хамтарч ажиллаж байна. Энэ байгууллагын үйл ажиллагааны нэг чиглэл нь зар сурталчилгаа, энтертаймант байдаг юм .
Манай холбоонд харъяалагддаг бөхчүүдийн тоглосон машины, нисэхийн гэх мэт олон сурталчилгаа байдаг. Тухайлбал: Бидний тоглосон “Subaru” машины сурталчилгаа 2008 оны хамгийн “Сонирхолтой” болсон гэж Лондонд шалгаруулсан юм шүү дээ.
Тэр сурталчилгаанд оролцсоныхоо дараагаас Канадын автомашины “Subaru” компанитай 3 жил хамтран ажиллаж олон авто үзэсгэлэн, шоуд нь оролцож уг машиныг сурталчилсан. Канадад байнга сурталчилгаа гардаг болохоор хүмүүс таньдаг болчихсон юм шиг санагдсан.
Өөр ямар сонирхолтой сурталчилгаанд оролцов оо?
Энд ажилласнаасаа хойш 50 гаруй реклам сурталчилгаанд тоглосон байна лээ. Хамгийн сүүлийн нилээд томоохон гэвэл KGB гэж сурталчилгаанд тоглосон. Тэр сурталчилгаа Америк Хөл бөмбөгийн аварга шалгаруулах “Super Bowl” тэмцээний дундуур цацагдсан. Энэ үеэр Америкийн телевизүүдийн үзэгчид олон арван саяд хүрдэг, сурталчилгаа нь их үнэтэй байдаг.
Мөн Visa картны, Toshiba компютерийн гэх мэт сурталчилгаа их аятайхан болсон.
Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө “KIA” автомашин мөн Английн нэг Чипсний сурталчилгаанд тоглосон. Эдгээрийн зураг авалт Өмнөд Африкт Хөл бөмбөгийн дэлхийн аваргын тэмцээн болох цэнгэлдэх хүрээлэнд болсон юм. Зүгээр хэлэхэд байгаль нь ч тэр, барилга байгууламж нь ч тэр үнэхээр сайхан газар дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болох юм байна гэж бодсон.
Сонирхуулж хэлэхэд ESPE сэтгүүл спортын бүх төрлийн тамирчдын нүцгэн зургийг тавьж сурталчилгаа хийсэн юм. Түүнд зургаа авахуулсан. Мөн зураг авалт нь болоод байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг ойлгомжгүй нөхцөлд нэг Мехсикийг гурван цагийн турш авч шидээд дажгүй мөнгө олсон нэг вискиний сурталчилгаанд оролцсон.
Энэ сурталчилгаануудад ямар дүр бүтээж оролцдог юм?
Өнөөг хүртэл сумо бөхийн дүрээр л ихэнх сурталчилгаанд оролцсон доо. Харин Screen Actors Guild (SAG)-ын гишүүн болсноосоо хойш анх удаа өөр дүр авсан. Ер нь дүр авахад их өрсөлдөөнтэй байдаг юм билээ.
Нэг самурайгийн дүрийн шалгаруулалт болсон юм л даа, саяхан. Тэнд 50 гаруй хүн, тэр тусмаа Япончууд их олноороо өрсөлдсөн. Шалгаруулалтанд нь тэнцээд “DellTaco” гэдэг түргэн хоолны сурталчилгаанд тоглосон. Их дажгүй сурталчилгаа болсон санагдсан. “YouTube” дээр гарчихсан байна лээ.
www.sumobyamba.com сайтаас түүний тоглосон сонирхолтой сурталчилгаануудыг зав гаргаж үзээрэй.
Холливүүдийн Кинод тоглох юмсан гэж бодож байна уу?
Сумогийн амьдралыг харуулсан бүрэн хэмжээний кино хийхээр яригдаад төсөв мөнгө нь бараг бүтэж байгаа гэсэн. Тэндээс л нэг дүр авчих юмсан гэж мөрөөдөж байна.
Ер нь Холливүүдийн нэг кинод тоглоод гайгүй танигдаад эхлэх юм бол цааш цаашдаа арай амар дүр олддог юм шиг байна лээ.
Таны амьдралыг “Сумо”-гүйгээр төсөөлөхгүй нь бидний яриа гүнзгийрэх тусам мэдрэгдэж байна. Сумо бөхтэй холбогдсон талаараа хуучилна уу?
“Сумо” хэмээх энэ агуу спортоор хичээллээд 9 жил болчихлоо.
Есөн настайгаасаа л жү-до, үндэсний бөхөөр хичээллэсэн. 2001 оны Үндэсний бөхийн Улсын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд Шийрэв багштай манай “Гарьд” клуб багаараа түрүүлсэн юм.
Тэр үед Японоос манай багш болох хүн Монголд ирчихсэн байж таарч л дээ. Тэгээд өсвөрийн аваргад түрүүлсэн багийн дэвжээнд очно гээд манай клуб дээр ирсэн. Сумо болох ганц л хүүхэд шалгаж авна гээд бид нарыг барилдуулаад л. Энд шалгарчихна гэж бодоогүй л дээ. 40 гаруй барилддаг хүүхдүүдийн дундаас надад Мэргэжлийн сумод орж барилдаач ээ гэсэн санал тавьсан юм.
Анх 16 насандаа 2001 оны 3 дугаар сарын 5 нд Японы Осака хотод бууж байлаа. Хэл ус мэдэхгүй тул ямар хүн намайг тосч авах юм бол гэж бодсоор л гарч ирж байлаа. Манай багш, Ундрал гээд сумо барилддаг залуу хоёр намайг угтаж авсан даа.
Сумогийн ширүүн өрсөлдөөнтэй, хатуу чанга ертөнцөөс юуг нь онцлон хэлмээр байна?
Сумогийн орчин бол жинхэнэ эрчүүдийг шалгаруулдаг газар. Биеийн болон сэтгэлийн хатуужил олгохын зэрэгцээ хэн их үнэнчээр хөдөлмөрлөж чадсан л амжилтанд хүрдэг газар даа. Тэнд өөрт хэрэгтэй 5 жилийн цэргийн алба хаажээ гэж боддог.
Би нэг инээдтэй түүх ярьж өгөх үү. Японы мэргэжлийн сумод барилдахаар очсоныхоо маргааш өглөө хэдэн дэвжээний бөхчүүдийн хамтарсан бэлтгэл хийхийг үзсэн юм. Том биетэй гуч гаруй хүн гарч ирээд барилдаад, мөргөлдөөд бие биенээ түлхээд л байсан. Хэл мэдэхгүй надад нэг багш уурлаад байгаа юм шиг орилоод байснаа гэнэт хүрз барьж аваад нэг бөхийн нуруун дундуур тас буулгаад өгөхөөр нь бүр цочоод юу болж байгааг нь ойлгож өгөхгүй байсан.
Тэнд нэг анзаарсан зүйл юу гэхээр бүх бөхчүүд бэлтгэлийнхээ үеэр хөлс нь урсаад л үнэн сэтгэлээсээ ямар нэгэн дасгал, хөдөлгөөн хийгээд байсан. Бидний хүүхдүүд үндэсний бөх, жүдодоо яаж бэлтгэл хийдэг билээ гэдэгтэйгээ харьцуулж бодсон. Бид нар болохоор жаахан дасгал, барилдаан хийчихээд амраад чөлөөтэй байдаг шүү дээ.
Тэгтэл бүр юу болсон гээч нэг бөхийн толгойноос цус асгараад муухай орилоод явчихлаа. Яасан гэтэл мөргөлдөх дасгал хийж байсан хоёр бөхийн нэгнийнх нь духанд нөгөөгийнх нь шүд хугараад зоогдчихсон гэнээ.
Энэ бүхний эцэст сайн бэлтгэл хийхгүй бол “балрах” юм байна гэж бодоод “маргааш бэлтгэлдээ гаръя аа” гэж Ундрахаар дамжуулж багшаасаа гуйсан даа. Бэлтгэлээ сайн хийдэг байсан. Бүр дэвжээнийхээ бөхчүүдээс гурав дахин илүү их бэлтгэл хийнэ гэсэн зорилготой байсан. Эхлээд хатуу ч дараа нь энгийн болчихдог юм билээ.
Ид сумод барилдаж байсан үеэ хаяахан зүүдэлдэг шүү. Тэнд байсан хугацаа богинохон юм шиг боловч надад асар их зүйлийг сургасанд баярлаж явдаг юм. Өнөөдөр ч гэсэн би сумогоороо л хоолоо олж идэж байна.
Зарим хүмүүс чи мэргэжлийн сумогоороо явсан бол гайгүй цолонд хүрчих байсан даа гэж харамсдаг уу? гэж асуудаг юм. Надад бол тийм юм байхгүй ээ. Миний хугацаа л 5 жил байсан биз.
Тэвчээр шалгасан тэр өдрүүдэд сумог хаяад гэртээ харья гэж бодох үе байв уу?
Ер нь бол надад тийм юм бодогдож байгаагүй ээ.
Хоёр жил болчихоод Монголд орчиход ээж минь “хүүгээ юунд явуулсан юм бэ? хамаг бие нь нил шарх сорив болчихсон байна” гээд уйлж суусансан. Яагаад ингэдэг гэхээр нүдсэн шавар, элс цацсан дэвжээн дээр эвгүй унахад л тохой, өвдөг гээд овгор товгор хэсгээс өм аваад хаячихдаг юм. Нэг шарх нь эдгэж амжаагүй байхад нөгөөхөө сэдрээх, эсвэл дахин шинэ шарх авчихдаг юм.
Би ээждээ “Та юунд уйлсан бэ. Нэгэнт л зориод явсан юм энэ зэргийн шарх юу ч биш ээ” гэж хэлж байсан.
Арван хэдтэй Япон явчихаад буцаж Монголд найзуудтайгаа уулзахад ямар санагдаж байв?
Сумод 2 жил болчихоод харихад надад нэг сонин мэдрэмж төрж байсан. Найзуудтайгаа уулзаад баярласандаа ч юм уу, тэднийгээ их санасандаа ч тэр үү яг л 15 настай хүүхдүүд байсан шигээ санаж харилцаад байж билээ.
Мэргэжлийн сумод амжилттай барилдаж яваад нутагтаа харихад гэрээр дүүрэн таних, танихгүй найз нөхөд инээж хөхрөөд, ингэе тэгье гээд л угтдаг байв. Гэтэл Мэргэжлийн сумогоос 2006 онд гарчихаад гэртээ яваад очиход миний аав, ээж хоёр, өөр цөөхөн л хүн байсан шүү. Сайн явахад садан олон л гэж бодож явдаг юм.
Биеийн тийм их тэвчээрийн зэрэгцээ өөрийгээ ирлэх сэтгэлийн хүч яаж олж авдаг байв. Их аварга Д.Дагвадорж “Миний ард Монголын ард түмэн байгаа” гэж өөрийгөө хурцалдаг байсан гэсэн. Таны хувьд?
Сумо бол хоёр хүний хооронд маш богинохон хугацаанд болоод өнгөрдөг тулаан. Нэгэнт мэргэжлийн спорт болохоор маш сайн бэлтгэл хэрэгтэй. Аль болох их бэлтгэл хийнэ төдий чинээ мэдрэмжтэй, ур чадвартай болдог.
Миний спортдоо мөрддөг зарчим байдаг юм. Хамгийн түрүүн юу ч болсон няцаж, буцаж болохгүй, хөдөлмөрлөх бусдаас хэд дахин илүү их дасгал сургуулиа хийх гэх мэт. Бэлтгэлээ хийгээд зарим орой халуурч байсан ч өглөө нь бяр орчихсон, бие тавираад босч ирдэг үе байсан. Манай багш хүртэл мэргэжлийн сумогийн 800 гаруй бөхчүүдээс хамгийн их бэлтгэл хийж байгаа нь чи шүү гээд намайг үнсэж байсан.
Манайханд төрлөхөөсөө, яс маханд нь суусан нэг чанар байдаг. Тэр бол “Би Монгол хүн...Ялна, дийлнэ, бэрхшээлийг хүний дор орохгүй даван туулна” гэж зүтгэдэг явдал гэж боддог юм. Нэг жишээ хэлье л дээ. Би мэргэжлийн сумод 36 дахь Монгол болж очсон. Монголчууд их хурдан цол ахиад л явчихдаг. Миний хувьд ч гэсэн бэлтгэл сургууль сайн хийгээд хурдан л цол ахисан. Тэр үед нэг ахмад Япон бөх надад Монгол залуугийн нэрийг хэлээд “Бэлтгэлээ хэнээс ч дутахгүй сайн хийгээд байхад олигтой цол ахихгүй байна. “Би Монгол хүн шүү дээ” гээд уйлж сууна” чи сэтгэл санаагаар дэмжээрэй гэж билээ.
Намайг ч гэсэн сумод суралцахад, бэлтгэл сургууль хийхэд дотор минь асч байдаг “Би Монгол хүн шүү” гэсэн ааг омог, зориг тэвчээр хурцалж, уужим сэтгэл, хийморь нь түлхэж байсан даа.
Дэвжээнд гарахдаа энэ хүнийг ялна гэсэн бодолтой, өөртөө итгэлтэй байдаг. Яагаад гэхээр би хичнээн хичээж бэлтгэл сургуулиа хийсэн билээ гэдэг маань миний итгэл болдог юм. Яаж ч болохгүй ялагдах үе гардаг шүү дээ. Тэр үед бол юун дээр алдаа гаргаснаа л хамгийн эхлээд боддог.
Миний хувьд сумод ороод гурван жилийн дараа дэвжээнийхээ бөхчүүдийг ахалдаг болсон тул хариуцлага ихтэй, тэдний ямар нэгэн буруу нь надад ирж тусдаг болохоор дарамт ихтэй л байсан. Тэр үедээ зан харилцааны хувьд нэг их ширүүн хүн болчихсон байна шүү гэж анзаарч байсан.
Сумод очиход чинь манайхан хэдийнээ байр сууриа олчихсон, түрүүч нь Их аварга болж байсан. Тэдэнтэйгээ ямар харилцаатай байв?
Манай багш их сонин хүн байсан. Сумогийн дэвжээнд чамд өөрөөс чинь өөр найз нөхөр байхгүй, бүгд чиний өрсөлдөгч шүү гэж хүүхэд байхаас сургадаг байсан. Тэр ч нөлөөлсөн үү Монголчуудтайгаа ойр байж чадаагүй. Ах нар, ахмад цолтой хүмүүсийн хувьд хүндэтгэн харилцаад л явдаг байсан даа. Дагваа ах эд нар хаяахан тааралдахаараа “Дайнд орох гэж байгаа юм шиг бэлтгэж байна уу, наад шарх сорвио эдгээ” гэж захиж хэлдэг байсан.
Сонирхогчдын сумогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд сүүлийн жилүүдэд амжилттай барилдаж байгаа. Энэ талаараа ярина уу?
Мэргэжлийн сумогоо болиод сэтгэл санааны нилээд дарамттай, өөрийгөө зөнд нь хаяад нэг сар болсон. Тэр үед манай Шийрэв багш “чи ингэж дампуурч явж болохгүй” гээд гэрээс чирж аваачаад Сонирхогчдын сумогийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оруулсан юм. Багшийнх манай яг доод талын давхарын айл л даа.
2006 оны Улсын аваргын төлөө жиндээ Улсын Арслан Мөнхбаатартай барилдан түрүүлж байлаа. Сонирхогчдын сумогийн дэлхийн аваргад оролцох үүд хаалга ингэж нээгдсэн.
Миний анхны оролцсон 2006 оны сонирхогчдын сумогийн дэлхийн аварга надад маш их хариуцлага ногдуулсан гэж боддог. Мэргэжлийн сумод барилдаж байгаад сонирхогчдын сумод шилжсэн тул мэргэжлийн спортын нэр хүндийг өргөх нэг хариуцлага байсан. Нөгөө талаас би анх удаагаа бие даан амьдарч ажиллах боломж гарч ирж байна гэж ойлгосон л доо. Тэр үед АНУ-ын Лос Анжелест байсан болохоор ганцаараа бэлтгэлээ хийж байгаад тэмцээндээ явсан. Бас манай хуульч хэрэв чи Дэлхийн аварга болоод ирвэл чиний АНУ-д байнга оршин суух эрхийг чинь маш шуурхай бүтээж өгнө гэж амалсан юм.
2006 онд Японы Осака хотод болсон Сонирхогчдын Сумогийн дэлхийн аваргын тэмцээний 115 кг-ийн жинд түрүүлчихээд төрийнхөө далбааг өргүүлээд зогсож байсан тэр мөч бол миний амьдралын хамгийн аз жаргалтай үе байсан.
Сонирхогчдын сумогийн Дэлхийн аваргын тэмцээнээс 2006, 2007 онд алт, 2008, 2010 онд хүрэл, 2009 онд олимпод ордоггүй спортын төрлүүдээр болдог “World Game” тэмцээнд сумо бөхийн жиндээ түрүүлж алтан медаль авсан.
Энэ “World Game” тэмцээн 4 жил тутам болдог. 2009 онд Тайванд болсон 32 дахь удаагийн тэмцээнд 205 орны 6000 гаруй тамирчид спортын 26 төрлөөр оролцсон. Манай багийг Мягмарсүрэн заан ахалж бид 1 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль авч багаараа 205 орноос 30 орчимд орсон сайхан амжилт үзүүлсэн юм. Манай Улсаас анх удаа л Сумогийн төрлөөр оролцсон юм билээ
Энэ бол миний оролцсон хамгийн том тэмцээн ба Төрийнхөө далбааг өргөн жагсаж явах үнэхээр хийморьтой санагдсан.
2010 онд Хятадын Бээжинд анх удаа зохиогдсон “World Combat game” гэдэг тулааны тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Мөн л Мягмарсүрэн заан биднийг ахалж оролцсон. Энэ тэмцээн цаашид уламжлал болон зохигдох юм гэсэн.
Томоохон тэмцээнүүд гэвэл эдгээр байна. Үүнээс гадна Итали, Герман, Орос АНУ-д болдог Сонирхогчдын сумогийн уламжлалт олон улсын тэмцээнүүдэд оролцож бүгдээс нь алтан медаль авсан.
Олон улсын тэмцээнүүд түрүүлэхээр Төр, Засгийн газраас урамшуулал, мөнгө өгдөг гэсэн. Түүнийг хүртсэн үү?
Ганц нэг удааг эс тооцвол тийм урамшуулал олж хүртээгүй яваа. Багш дасгалжуулагч нараасаа хаяа асуудаг л юм. Миний хувьд ихэнхдээ гадаадад байгаа болохоор урамшуулал мөнгө төгрөгний талаар яг юу болоод байгааг сайн мэдэхгүй.
Дэлхийн аваргын болон бусад орнуудад сумо, тулааны чиглэлээр болдог олон тэмцээн хэсээд өөрөө зардал чирэгдлээ гаргаад Монгол орноо төлөөлөн амжилттай оролцоод л яваа. Спорт бол залуу насны ажил. Миний ингэж амжилт гаргаж явааг тодорхой хэмжээгээр олж хараасай гэж бас боддог шүү.
Тамирчин хүний хамгийн сэтгэл хөдлөм мөч алдарын тавцан дээр зогсоод төрийн далбаагаа өргүүлэх шүү дээ. Энэ талаар юу хэлмээр байна.
Тийм ээ. Миний хамгийн дуртай мөч бол яг тэр л байгаа юм.
Тухайлбал 2009 оны “World Game”-д миний жинд барилдсан олон залуучуудаас түрүүлчихээд төрийн далбаагаа өргүүлээд зогсож байх үнэхээр гоё байсан. Шагнал авах гээд гарахад стадион дүүрэн хүн босч “Монгол Төрийн далбаа өргөж, дуулал эгшиглэх агшинг хүндэтгэнэ” гэдэг энэ орны иргэн болгонд олдохгүй ховор агшин л даа.
Зарим тамирчид алдарын тавцан дээрээ уйлж харагддаг, харин чи уйлдаг уу?
Би ч тийм агшинд гадагшаа уйлдаггүй юм аа. Харин дотогшоо бол асгаруулж л байдаг.
Намайг энэ зэрэгт хүрэхэд тусласан олон хүмүүс байдаг. Аймгийн Арслан Шийрэв багшийнхаа удирдлагад Үндэсний бөх, жүдогоор хичээллээгүй бол сумо бөхтэй холбогдох байсан уу, Японд мэргэжлийн сумо зааж сургасан багш минь байгаагүй бол би өнөөдөр сумогоор хоолоо олж идэх байсан уу, Шийрэв багш Улсын аваргын тэмцээнд оролцуулах гээд унтаж байхад “хөнжил хуу татан” сэрээгээд авч яваагүй бол би хаана байх юм. Мэргэжлийн сумогоос гарчихаад ээжтэйгээ хөзөр тоглоод сууж байх тэр мөчид Сүхээ ах утасдаад Америкт кинонд тоглох боломж байгааг дуулгаагүй бол, Д.Даваадорж ах хүнээ олоогүй байж Калифорний Сумогийн холбоо, “Warner bros”-ийнхонд би Монголоос хоёр сумоч авчирч чадна гэж амлаагүй бол энтертайнментийн чиглэлээр ажиллаж чадах байсан уу, манай менежер Андреюгүйгээр сурталчилгааны олон ажил олж чадах байсан уу гэдэгт эргэлздэг.
Хувь заяа маань түшээд олон сайхан хүний тус дэмээр болж л явна аа гэж тэдэндээ үргэлж баярлаж явдагаа хэлмээр байна.
Аав ээж, гэр бүлийн чинь талаар асуулгүй орхих нь ээ?
Манай аав Уламбаяр насаараа Төмөр Замд ажиллаад тэтгэвэртээ гарсан, тайван дөлгөөн нь дэндсэн гэмээр хүн бий. Ээж Насанжаргал маань насаараа багшлаад мөн тэтгэвэртээ гарсан. Би айлын 3 хүүхдийн дундах нь. Нэг эгч, эмэгтэй дүүтэй.
Аав ээж маань “Хүнд муу санаж явбал өөдөлдөггүй юм шүү” гэж захидаг. Хаяахан тавгүйтсэн үедээ тэдэнтэйгээ амар мэндээ солиод ярихад л их сайхан болчихдог. Ээж, аав хоёр минь биднийг энэ орчлонд төрүүлж, суурь хүмүүжлийг их зөв тавьж өгч дээ. Аав ээжийнхээ ачийг хариулж, баярлуулж явах юмсан гэж боддог доо.
Манай найз бүсгүйг Даваажаргал гэдэг. Орост хот төлөвлөлтийн мэргэжлээр төгссөн. Одоогоор бизнесийн чиглэлээр суралцаж, бид хамтдаа амьдарч байгаа.
Ойрын ирээдүйд ямар чиглэлд илүү хүч гарган ажиллах бодолтой байна вэ?
Хамгийн түрүүн UCLA-д Мэргэжлийн ангиудаа аваад дуусгах, өөрийн гэсэн мэргэжилтэй болох. Нэгэнт эхэлсэн энтертайнмент чиглэлийн ажилдаа илүү амжилт олохсон гэж бодож байна. Тэгээд Монголдоо очиж өөрийн сурсан, мэдсэн зүйлээрээ хувь нэмэр оруулах юмсан гэж мөрөөдөж явдаг.
Ер нь зорилготой, мөрөөдөлтэй, түүнийхээ төлөө зүтгээд хөдөлмөрлөөд байхад болно байх аа.
Эх орноосоо алс чамгүй удаан амьдарчихлаа. Олон ч улс орноор явсан байна. Гадаадад суугаа Монголчуудынхаа талаар юу хэлмээр байна?
Гадаад дахь Монголчуудын дунд их олон оюутнууд байдаг. Сургуулиа төгсөөд залуу халуун үедээ эх орондоо хурдхан очиж нэмэр тус болоосой гэж боддог.
Нийгмийн хэцүү үеийг давах гээд гэр бүлээ, үр хүүхдээ бага байхад нь орхиод гадаадад гарч ажил хийж байгаа их олон хүн байдаг. Миний мэдэх маш олон хүн гэр бүлийн сайхан уур амьсгал, залуу халуун үеэсээ холдоод байгаад нь харамсдаг. Энэ хүмүүст төр засгийн зүгээс тодорхой дэмжлэг үзүүлж эх орондоо ирүүлж, мэдлэг чадварыг нь ашиглах, гэр бүлүүдээ элэг бүтэн болгох ёстой санагддаг.
Бас их олон гэр бүл гадаадад гарсан, олон хүн гадаадад гэр бүл болж хүүхдүүд нь сургууль соёлдоо яваад, чадах чадахаараа хөдөлмөрлөн амьдарч байна. Энэ хүмүүсийн хувьд үр хүүхдүүдээ үүх түүх, соёл уламжлалаа мэдүүлж, элэг сэтгэлээрээ Монголоо гэсэн хүн өсгөөсэй гэж боддог. Хоорондоо хамтарч нэгдэж Монгол хамт олноо улам бэхжүүлэх хэрэгтэй юм байна. Бид энэ талаар Солонгос, Япон, Хятадуудаас суралцах юм их санагддаг шүү.
Гадаадын орнуудаар явж байхад орчиноо тохижуулах, шороо тоосгүй цэвэрхэн, ногоон болгохыг хүн бүр эрхэмлэж амьдралдаа хэвшүүлсэн байдаг бол манайхан чадаагүй юм байна. Энэ талаар л хувь нэмрээ оруулахсан гэж боддог юм.
Зав гаргаж ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан.
Д.Бишүүгарам Лос Анжелес хот