2010-08-18
Манайхан ... (гуравдугаар хэсэг)

Сануулж хэлэх “газаргүй” бол сайн засаг оршихгүй  гэж  ярьдаг.  Сайн засагтай байхад нь ард түмэндээ тусалж, тэдний төлсөн татварын мөнгийг зөв зохистой зарцуулахыг сануулж хэлж, шалгаж зөвлөдөг төрийн аудитын  байгууллагын  галыг сахиж, нарийн төвөгтэй  ажлыг амжуулдаг тал бүрийн  мэргэжилтнүүдийг “манайхан” гэж дотносон хэлмээр байна.

   1995 онд Төрийн хянан шалгах хороо байгуулагдсан тухай  телевизээр мэдээлэл хийсэн мөчид энэ байгууллагад ажиллахсан гэж мөрөөдөж байсансан.  Хэдэн жилийн дараа сургуулиа төгсөөд Хянан шалгах хороонд ажиллах хүсэлтээ илэрхийлж, их айлын босгоор алхаж байв.  Энэ хүндтэй албаны халуун цэгт хэдэн жил ажиллаж,  хяналтын ажлын жаргал, зовлонг мэдэрч, дурсахгүй  байхын аргагүй  ажил,  амьдралын мэдлэг, туршлага олж авсандаа баяртай байдаг.

  Нийслэлийн Хянан шалгах хороо, Аудитын газарт  болдог  байгууллагын шуурхай хурал дээр  бид ажлаа танилцуулж, саналаа солилцож, удирдлагаас зөвлөгөө, үүрэг чиглэл авдаг байлаа. Дотооддоо  сайн муугаа хэлэлцдэг энэ хурал дээр  шалгалт, аудит хийхдээ мэргэжлийн ур чадвар гаргаж, асуудлыг олон талаас нь тодруулж, өргөн хүрээнд харж бодитой дүгнэх тухай байнга л  хэлүүлж, хэрэгжүүлэх гэж чармайдагсан.

   Хяналт шалгалт, аудитын дүн нь  байгууллага, хувь хүний  нэр хүнд, өсөлт,  бууралтад нөлөөлөхүйц үр дагавартай, иргэд олон нийтийн зүгээс бидний ажлын дүнг үнэн зөв гэж итгэдэг нь энэ ажлын хариуцлагыг илэрхийлдэг.  Тийм ч учраас  хяналт шалгалт, аудитын ажилд зүг, чигээ болгодог  “найдвартай байх”, “хараат бус байх”, “бодитой байх”  АЛТАН зарчим баримталдаг юм.

   Төрийн аудитын энэхүү тусгай зарчмууд нь мэргэжлийн ур чадвар,  удирдлагын зүгээс тавьдаг гүйцэтгэлийн болон чанарын хяналт, хяналт шалгалтын үйл ажиллагааны явцад хувийн болон зохион байгуулалтын талаар аливаа нөлөөнд өртөхөөргүй бие даасан байх, аудитын ажлынхаа дүнг  үнэн бодит баримтад түшиглэн гаргах, голч тэнцвэртэй, зөв, бодитой мэдээллийг түгээх зэрэг өргөн агуулгатай.

   Манай байгууллага хэдэн ажилтны дунд компьютертай, хийсэн шалгалтын материалаа ээлжлэн бичүүлдэг  байснаа хүн бүр  албаны комьютертой болсон үеийн тухай энд дурсмаар санагдлаа. Манайхны зарим нь ажлын материалаа бичих гэж хонон өнжин суудаг,  материалаа дотооддоо хянуулаад  буцаагаад засах явцдаа  буруу зөрүү товч дараад устгачихдаг  ч юм уу компьютер дээр ажиллах чадвараас болоод ажлын явц удааширч, хаяахан зэмлэл хүртдэг байж  билээ. Тэгвэл эдүгээ ийм ойлголт “үлгэр” шиг санагдахаар өөрчлөгдөж бүр мэдээллийн технологийн аудит хийдэг болж,  мэргэжлийн ур чадвар, ажил үүргийн өсөлт, өөрчлөлт гарсан.

    Түүнчлэн Төрийн аудитын байгууллагын хамгийн гол нөөц  мэргэшсэн ажилтаны   ажил үүрэг гүйцэтгэх мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлэх тасралтгүй, байнгын сургалтын хөтөлбөр гарган хэрэгжүүлж эхлээд байгаа юм билээ.

 Төрийн аудит, хяналт шалгалтын ажил нь төлөвлөгөө хөтөлбөр боловсруулж батлуулах, аудит, хяналт шалгалтын тодорхой арга ашиглан ажлаа хийх, тайлан бичих,  баг,  хэлтэс,  удирдлагад  танилцуулах, шалгагдсан байгууллагад илгээж санал авах, аудитын дүгнэлт, зөвлөмжийг эцэслэн гаргаж мэдээлэх, зөвлөмжийг хүргүүлэх гэх мэт  үе шатыг дамжин тодорхой хугацаанд хэрэгждэг.

      Аудит, хяналт шалгалтыг өнгөцхөн харж “дураараа загнасан, хүний мууг үзэх гэсэн, ул шагайсан, ухаж төнхдөг” гэх мэтээр  өөлж гоочлох нь бий.  Энэ ажил төрийн эрх ашиг, ажил мэргэжлийн  үүднээс байгууллага, хувь хүмүүсийн ашиг, сонирхолыг  хөнддөг тул нарийн төвөгтэй л дөө.

  Тийм ч учраас хяналт шалгалтын хүрээ хязгаар, хяналт шалгалтын төрөл, хяналт шалгалтын дотоод зохион байгуулалт, удирдлагын хяналт, ажилтны мэргэшил,мэдлэг, хараат бус байдал,  хяналт шалгалтын объектийн судалгаа хийх, төлөвлөгөө хөтөлбөр боловсруулах, хяналт шалгалтыг эхлэх, нотолгоо баталгаа цуглуулах, ажлын баримт материал бэлтгэх, хяналт шалгалтын явцад удирдлагын зүгээс гүйцэтгэлийн хяналт тавих, шалгалтын ажлыг тайлагнах, шалгагдсан байгууллагад   асуудлыг танилцуулах, зөвлөмж  зөвлөгөө өгөх,  нийтэд мэдээлэх гэх мэт  бүхий л нарийн асуудлыг тусгасан төрийн хяналт шалгалтын Үндэсний стандартын дагуу  манайхны ажил явагддаг юм.

   Төрийн хяналт шалгалтын стандартыг  хяналт шалгалт, аудитын нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчмууд,  Хяналт шалгалтын дээд байгууллагуудын олон улсын байгууллага INTOSAI-н аудитын стандартад нийцүүлэн  гаргасан билээ.  Өөрөөр хэлбэл   дэлхийн аль ч орны хяналт шалгалтын  дээд байгууллагын мөрдөж  байгаа үйл ажиллагааны зарчим, стандарт, жишиг манайд нэгэн ижил үйлчилж, тэдний үйл ажиллагааруу дөхөж, ойртсон томоохон ахиц сүүлийн жилүүдэд гарсан.

     Нөгөөтэйгүүр  хяналт шалгалт, аудит хийгдэж байгаа байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль дүрэм, эрхэмлэн зорьж байгаа үнэт зүйлс, байгууллагын захиргаа, санхүүгийн баримт бичиг аудитын ажлын бас нэг шалгуур, баримт бичиг болдог. Өөрөөр хэлбэл  төрийн байгууллага хуулиар хүлээсэн үүргээ бүрэн дүүрэн, үр дүнтэй хэрэгжүүлж  байна уу?,  үйл ажиллагааны үр ашиг, үр нөлөө нь ямар байна вэ? гэдгийг  зохих шалгууруудын дагуу хөндлөнгөөс оролцон, хэлж сануулж  байдгаараа төрийн  аудитын   ажил онцлогтой.

   Аливаа ажил хэрэг тохирсон аргатай, зохих техник ажиллагааны  дагуу хийгддэг. Аудитын ажлын явцад  тодруулж асуугаад, лавлаж асуугаад, утас цохиж асуугаад, босон суун асуугаад л  байдаг.  Эсхүл танай гаргасан  захиргаа, санхүүгийн бүхий л бичиг баримтыг авчирч овоолчихоод  өрөөнөөсөө ч гарахгүй баримт цаас эргүүлээд хэдэн өдрөөр алга болчихож магад.  Мөн зураг, дүрс аваад, бүдүүвч схем зураад  ч алхаж явна. Танай харилцагч байгууллагууд, үйлчлүүлэгч нартай уулзаж, учир байдлыг тодруулж ч үзнэ. Эдгээр нь төрийн аудитынханы ажлаа хийдэг арга барил,  техник ажиллагаа нь юм шүү. Манайхны ажлын гол арга нь асуулга ярилцлага хийх, мэдээ баримтыг тулган шалгах, тооцоолох, харьцуулан шинжлэх, ажиглах зэрэг болно. Түүнчлэн тухайн чиглэлийн хяналт шалгалт, аудитын ажилд тохирсон бусад аргыг ч хэрэглэдэг.

   Аудитын  дүгнэлт , зөвлөмж  гаргах манайхны ажлын оргил үе шат.   Аудитын төлөвлөгөө, хөтөлбөрийн зорилтуудыг хангахуйц мэдээ баримт цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийж тайлагнах, манайхны хошигнон хэлдэгээр “зохиол бичих” үе шат бол мэргэжлийн ур дүй, бичиж боловсруулах чадвар шаарддаг.  Зарим нь цөөн үгээр санаагаа илэрхийлж, уг санаагаа хэд, хэдэн нотолгоо баримтаар баталгаажуулж зөвлөмжөө гаргасан байхад зарим нь хэдэн хуудас нуршаад,  санаагаа “бөөрөнхийдөөд”, “жижүүр”-ийн зөвлөмжүүд бичээд л.  Түргэн шуурхай ажлаа хийдэг нэгэн байхад, суугаад  байдаг ч гараас нь юм гарахгүй, эсхүл ажлаа барьж авахгүй  халгаж тойроод, цаг алдах нь ч бий.

  Энэ бүхний эцэст  бичигдсэн  “зохиолууд” баг, хэлтэс, газрын гээд аудитын байгууллагын шат шатанд хянагдаж  дарга, Ерөнхий аудиторт хүрнэ. 

  Ажлын материал, тайлангийн төслөө Д.Цэрэндаш даргад танилцуулах үед тодруулж  ярилцсаныхаа дараа материалаа орхичих л гэнэ. Үг үсгийн алдаа, цэг таслалаас аваад эргэлзээтэй утга агуулга, тоо баримт, шалгалтын зорилтоос дутуу дулимаг дүгнэгдсэн  байдал зэргийг машид нягталж  үзээд тодруулах зүйлээ хэлж өгдөг. Бид дахиад л нөгөө тайландаа тодруулга хийгээд хянуулна.

   Нэгэнтээ дарга  “өмнөх тайланд чинь  энэ тоо, энд байгаагаас  өөр байсан” гээд надаас  нэхээд байсан юм. Би ч мөчөөгөө өгөхгүй “тийм байх ёсгүй” гээд зүтгэлээ.  Өмнөх тайланг маань авч, тэр тоо баримттай хэсгийг тодруулагчаар зурж харуулаад энэ хоёр тооны аль үнэнг тодруул, буруу зөрүү юм хийчихээд өөрийнхөөрөө зөрүүдлэх санаатай гэж билээ. Шалгалтын ганц нэг тоо, үсгийг  хүртэл нарийн  хардаг тул барагтайхан юм бариад “даргын давааг”  давах  амар бишээ.

  

   Яагаад гэхээр аудитын хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллага ногдсон хөрөнгө санхүү, хүн хүчний нөөц боломжоо дайчилсны учир үр ашиг гарсан эсэх, арвич хямгач байгаа байдал, тавьсан зорилгоо хэрэгжүүлж үр нөлөөтэй ажилласан эсэх, цэвэр тунгалаг, хариуцлагатай байдал,  нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн санхүүгийн үйл ажиллагаа явуулсан эсэх  үндсэн үйл ажиллагаанд  хяналт шалгалт, аудитын ажил төвлөрч, Ерөнхий аудиторын дүгнэлт, зөвлөмж болон эцсийн баримт бичиг гардаг.

 

  Хяналт шалгалт, аудитын  дүгнэлт, зөвлөмжийн хувилбар ийнхүү бэлэн болсоны дараа шалгагдсан байгууллагад хүргүүлж санал авах дараагийн  үе шат  болно.  Төрийн аудитын тухай хуульд ч ингэж журамласан байдаг. 

 

   Санал  авах явцад  шалгагдсан байгууллага, албан тушаалтан  дүгнэлтийг зөвшөөрч, зөвлөмжийг хэрэгжүүлнэ гэж байхад зарим нь буруу зөрүү байна гэж сөргөлдөх нь ч бий.  Бидний хувьд  сөргөлдсөн нөхцөлд  нэмэлт нотлох баримтуудыг авч дүгнэлтээ баталгаажуулдаг, зарим хэсэгт нь засвар оруулах гэх мэт ажиллагаа хийдэг ээ.

   Олигтой үр дүнгүй, төсвийн хөрөнгөө үрэлгэн зарцуулсан, тавьсан зорилтоо хангалттай  хэрэгжүүлээгүй гэж үндсэн үйл ажиллагаагаа дүгнүүлэх, олон нийтэд мэдүүлэхийг хүсэх хэн байх билээ. Тиймээс хяналт шалгалт, аудитын дүгнэлтийн талаар санал авч, нийтэд мэдээлэхээс өмнө харилцан зөвшилцөж  байгаа  энэ процесс  байгууллага, албан  тушаалтан, төрийн албан хаагчийн эрх зүйн ухамсар, соёлыг дээшлүүлж,  тэднийг хариуцлагажуулах арга хэрэгслэл болдогоороо онцлог юм. 

   Нөгөөтэйгүүр  төрийн аудитын байгууллагын  ажлын үр дүн нь шууд утгаараа шалгагдсан хүрээ, хөтөлбөр, байгууллагын үйл ажиллагаа өмнөхөөс сайжрах, үр нөлөө нь дээшлэх, хөрөнгө санхүүгийн үр  ашиг нэмэгдэх улмаар олон нийтэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар сайжрах  явдал. Хийсэн ажлынхаа үр өгөөжийг бодитой, үнэн зөв тооцоход ийнхүү шалгагдсан байгууллагатайгаа  харилцаж, хамтран ажиллах шаардлага зүй ёсоор тавигддаг.

    Төрийн хяналт шалгалт, аудитын ажлын үр дүнд тухайн байгуулагын үйл ажиллагаанд  өөрчлөлт гарч байгаа эсэхийг судлах арга зүй,  аудитын үр өгөөжийг  аудитад хамрагдсан байгууллагатай харилцан тооцож байх, УИХ, орон нутгийн ИТХ  аудитын байгууллагын ажлын үр дүнг авах үйл ажиллагаандаа  хэрхэн ашиглах  зэрэг зохицуулалт шаардсан, боловсронгуй болгох зүйлүүд байдгийг дурдах хэрэгтэй болов уу.

 

   Хяналт шалгалт, аудитын дүн, зөвлөмжийг шалгагдсан байгууллага, удирдах дээд байгууллагад нь хүрч,  олон нийтэд мэдээлэгддэг.

 

  Аудит, хяналт шалгалтын тогтолцоо хэрхэн бүрдсэнээс шалтгаалсан зарим ялгаа хяналт шалгалт аудитын дүнгийн талаар олон  нийтэд мэдээлэх  үе шатанд ажиглагддаг. Тухайлбал. АНУ-ын Холбооны муж улсууд, томоохон хотууд  Ерөнхий хянан шалгагчаа  амбан захирагч, хотын захирагчийн нэгэн адил тодорхой хугацаагаар сонгодог. Ингэж сонгогдсон албан тушаалтан хяналт шалгалтын дүн, төсвийн хөрөнгө мөнгөний үр дүнгийн талаар олон нийтэд илүү ил тод нээлттэй мэдээлдэг юм билээ.

   Манай хувьд УИХ, Иргэдийн төлөөлөгчдын хуралдаа ажлаа тайлагнах, төрийн байгууллагын үйл ажиллагаанд  зөвлөх талдаа илүүтэй анхаарч, сонирхсон хүссэн хүмүүст мэдээлэл өгөх,  тайлангийн жагсаалтаа хэвлэлд мэдээлэх, цахим хуудаснаа тайлан дүгнэлтийг бүрэн эхээр нь тавих хэлбэрээр  олон нийтэд мэдээллээ хүргэдэг.

   Төрийн аудитын байгууллага хөрөнгө санхүү, боловсон хүчний бодлогын хувьд хараат бус байхаар Төрийн аудитын хуульд тусгасан байдаг.  Аудитын  байгууллагын ажилтнууд хувийн буюу гадны ямар нэгэн хүчин зүйлээс ангид , зохион байгуулалтын хувьд хараат бус байж, голч, үнэн зөв, шударга  дүгнэлт, зөвлөмж  гаргаж байхаар төрийн хяналт шалгалтын Үндэсний стандартдаа  тусган хэрэгжүүлдэг болжээ.   Түүнчлэн төрийн аудитын байгууллагын ажилтнуудын  үйл ажиллагаандаа мөрдөх, хараат бус байдлыг хангахад чиглэсэн ёс зүйн дүрэм, дотоодын бусад баримт бичиг  гарган  мөрдүүлжээ.

   Өндөр хөгжилтэй орнууд хяналт шалгалт, аудитын дээд байгууллага, түүний чиг үүргийн талаар  Үндсэн хуульдаа  тодорхой тусгаж баталгаажуулсан жишигтэй, олон улсын аудитын дээд байгууллагын Холбооноос гаргасан хараат бус байдлын нийтлэг зарчимд  ийнхүү Үндсэн хуульдаа тусган хараат бус байдлыг баталгаажуулахыг зөвлөсөн байдгийг дурдахад илүүдэхгүй.

 Төрийн аудитын  албаны  үйл ажиллагааны онцлогийн  талаар товчлон дурдахад ийм бөлгөө. 

   Төрийн  хяналт шалгалт, Аудитын байгууллагыг  Монгол орны ардчилал, шинэчлэлийн шинэ нөхцөлд үүсгэн байгуулж, улс төрийн амаргүй орчинд нуруу түвшин энэ зэрэгт хүргэсэн Л.Жавзмаа багшийн зангараг,  байгууллагынхаа дотоод шинэчлэлийг  олон улсын хяналт шалгалт, аудитын дээд  байгууллагын  жишиг зиндаанд хүргэх ажлыг гардан хэрэгжүүлж буй Доктор Б.Батбаярын эрдэм, мэдлэг, хяналт шалгалтын туршлагатай, чадвартай, сэтгэл зүтгэлтэй мэргэжилтнүүдийн хүчээр  төрийн хяналт шалгалт, аудитын үйл ажиллагаа  зүгширч, тогтворжиж, төгөлдөржиж байгааг онцлон хэлмээр байна.

   Нийслэлийн  хянан шалгах байгууллагын ажлыг  хоёр өрөө,  ширээ сандалхан,  3 ажилтантайгаар 15 жилийн өмнө дахин эхлүүлж, бэхжүүлсэн гавъяа Т.Билэгт гуайнх  билээ.

    Хяналт шалгалтын арга барил, үйл ажиллагааны хувьд бэхжүүлэн, нийслэлийн аудитын газрыг орон нутгийн аудитын байгууллагын үлгэр дууриал болгосон Ерөнхий аудитор Д.Цэрэндаш болон аудитор Т.Сарантуяа, А.Саранцэцэг, П.Сэрсмаа, Ж.Цэнд, шинжээч Ч.Сэндмаа, Д.Чулуунбаатар, Ч.Нямдорж, С.Лхагвасүрэн, Б.Хөхөө, П.Эрдэнэчимэг, С.Хажид, Д.Ичин гэх мэт төв, орон нутгийн аудитын байгууллагад  амьдрал, сэтгэл зүрхээ зориулсан  олон мэргэжилтнүүдийн мэдлэг, хичээл зүтгэлээр манайханы ажил өөдөлж  яваа. 

 

 Д.Бишүүгарам                                                                                                                                                        АНУ, Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 14:29 |
Холбоос | email -ээр явуулах |
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 661 удаа уншигдсан.