2010-08-18
Заргач хийгээд тасаг, хэлтэс, яам, комисс, хороо, газар болбоос... (хоёрдугаар хэсэг)

Монголын төр ёсны  хөгжлийг дагалдан хууль цаазыг чандлан сахиулах, хянан магадлах үүрэгтэй алба үүсч  онцгойлон эрх олгогдсон түшээд томилогдон ажиллаж байсан.  Тухайлбал: Монголын нууц товчооны 202 дахь хэсэгт тэмдэглэснээр  Чингис хаан Улсын Дээд Заргачаар Шигихутугийг томилж  үх улсын доторх хулгайг цээрлүүлж, худлыг мохоож, .., яллах ёстойг яллаж бай", "улсын өмчийг хувааж,  заргыг шийтгэж, түүнийгээ хөх дэвтэрт тэмдэглэгтүн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хүртэл үүрд хэн ч бүү өөрчилтүгэй"  хэмээн зарлиг буулгасан билээ.

   Тэртээ 1921 онд Монголын үнэн сонинд  нийтлэгдсэн “Монгол улсад ямар засаг хэрэгтэй вэ”, “Монголын шинэ ардын засаг байгуулах үндсэн журам” өгүүлэлд  шинэ байгуулагдах засаг нь ард олноор байгуулагдах төдийгүй, “шалгагдаж” байх ёстой хэмээн  хяналт шалгалтын үзэл санааг тунхагласан  байдаг. Улмаар 1922 онд Ардын Засгийн газарт хянан байцаах хэлтэс байгуулах шийдвэр гарч,  мөн оны 7 дугаар сараас  үйл ажиллагаагаа  эхэлснээр  төрийн хянан шалгах байгууллагын суурь тавигджээ.

    Манай түүхийн шинэхэн үеийн төрийн хянан шалгах байгууллага  улс орны  улс төр, нийгэм, эдийн засгийн нөхцөл, хувиралт, өөрчлөлтөөс  хамаарч  бартаа, нугачаатай зам туулан, төрийн ажлыг цэгцтэй явуулах, хөрөнгө санхүүг зүй зохистой зарцуулахад нь туслах, ажлын хариуцлагыг дээшлүүлэх замаар улс нийгмийнхээ хөгжилд зохих хувь нэмэр  оруулж ирсэн.  Төр, засгийн  бодлогоор хянан шалгах үүргийг хэрэгжүүлэх эрх үүрэг бүхий тогтолцоо нь тасаг, хэлтэсийн эрхтэй 4 удаа,  Яамны эрх мэдэлтэй  3 удаа,  тусгай эрх мэдэл бүхий хороо, комисс, газар хэлбэрээр 7 удаа байгуулагдсан бол 1932-1939 онд арваад жил уг эрх үүргийг хэрэгжүүлэгч байгууллагагүй байсан.

    1922-1970  оны  төрийн хяналт шалгалтын байгууллага нь яам, газруудын санхүүгийн  үйл ажиллагаа нь хувьсгалын эрх ашигт нийцэж байгаа эсэх, улсын сан хөмрөгийг ариг гамтай зарцуулж, арвилан хэмнэхэд туслах, хууль, тогтоомж, нам, засгийн шийдвэр, засгийн газрын тогтоол, тушаалыг биелэлтийг шалгаж, дутагдал доголдлыг арилгуулах, улсын сахилга батыг зөрчих явдалтай тэмцэх, улс, хоршооллын аппаратын албан ажил хэргийг сайжруулах, дутагдал гаргасан албан тушаалтанд төлбөр, торгууль ногдуулах, огцруулах, шүүхэд шилжүүлэх зэрэг эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаанаа явуулж байжээ.

  Энэ үед төрийн хяналт шалгалтын байгууллагын үндэс суурь баттай тавигдаж, үйл ажиллагаа нь  тогтмолжсон гэж хэлж болох юм.

 

   Тэгвэл  1970 оноос төрийн хяналт шалгах байгууллагын эрх  хэмжээг өргөжүүлж “социалист төрийн ролийг  дээшлүүлж, социалист ардчиллыг хөгжүүлэх зорилгоор  улс, олон нийтийн хянан шалгах байгууллагын үндсэн дээр ардын хяналт шалгалтын нэгдмэл систем байгуулах”-аар шийдвэрлэсэн.

    Тухайн үеийн хянан шалгах байгууллага нь мал маллах, газар тариалан эрхлэхээс эхлээд үйлдвэрлэлийн үйл ажиллагааны бүхий л шатанд хяналт тавьж, улс,  нийгмийн ёс дэглэмд харш үзэгдэлтэй тэмцэх, иргэний үүргийн  биелүүлэлтийг хангах зэрэг үйл ажиллагааны өргөн хүрээг хамарч байсан.  Тухайлбал. БНМАУ-ын Ардын хянан шалгах байгууллагын тогтолцоонд 50 гаруй орон тоотой төв аппарат, 18 аймаг Улаанбаатар, Дархан хот, Улаанбаатар хотын 4 район, Улаанбаатар төмөр замын Ардын хянан шалгах хороонд нийт 90 гаруй ажилтан,  үйлдвэр, албан газрын 2700 орчим  ардын хянан шалгах групп, Хөдөө аж ахуйн нэгдэл, сангийн аж ахуй, салбар нэгжийн 2500 ардын хянан шалгах пост зэрэг ардын хянан шалгах тогтолцооны байгууллагад  нийт 31000  орчим хүн сонгогдон ажиллаж байсан тухай эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.

    БНМАУ-ын  АИХ-аас Ардын хянан шалгах байгууллагыг  байгуулахаар тухайн үеийн Үндсэн хуульд заасан, Ардын хяналт шалгалтын хуулийг батлан хяналт шалгалтын  эрх хэмжээг тогтоож байснаараа хувьд хяналтын дээд байгууллагуудын нийтлэг хандлага руу дөхсөн үзүүлэлт болно. Харин орон тооны байгууллагын зэрэгцээ олон түмний төлөөлөл ардын хянан шалгах байгууллагад сонгогдон  нийгэм, улс ардын аж ахуйн бүхий л салбарын ажилд  оролцох болж  өргөжсөн нь социалист нийгмийн тогтолцооны нэгэн илэрхийлэл болж байв.

    

  1990 онд БНМАУ-ын Ардын Их Хурлаас Ардын хянан шалгах байгууллагын тогтолцоог татан буулгаж Сайд нарын Зөвлөлийн дэргэд хянан байцаах газар байгуулжээ.

   

   Монгол орны нийгэм, улс төр, эдийн засгийн шинэтгэлийн хэв маягт нийцүүлэн 1995 онд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг гарган мөрдүүлж 1995 оны 6 дугаар сард Монгол Улсын Их хурлаас Төрийн хянан шалгах хороог байгуулснаар ардчилсан тогтолцооны төрийн хяналт шалгалтын үйл ажиллагааг бие даан явуулах байгууллага шинээр бий болсон.

   Төрийн хянан шалгах байгууллагууд  төсвийн хөрөнгийн бүрдүүлэлт, зарцуулалт, төрийн албан хаагчийн ёс зүйн байдалд дүгнэлт гаргах, түүнчлэн улс, орон нутгийн төсвийн орлгогыг нэмэгдүүлэх,төсвийн хөрөнгийн үр ашгийг дээшлүүлэх саналаа УИХ, Орон нутгийн ИТХ-д гаргах эрх, үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байсан. Тухайлбал: 1995 –2002 онд  зөвхөн Нийслэлийн хянан шалгах хороо давхардсан тоогоор 116 салбар 850 гаруй байгууллага, 3017 албан тушаалтныг хамруулан шалгалт хийж, 10866.7 сая төгрөгийн төлбөр зөрчил илрүүлж, 2617.4 сая төгрөгийг улсын төсөвт оруулж, 8223.4 сая төгрөгийн зөрчлийг арилгуулж 118 албан тушаалтантай холбогдох 1102.1 сая төгрөгийн асуудлыг хуулийн байгууллагад шийдвэрлүүлсэн ба 17 хүнд ёс зүйн дүгнэлт гаргаж, 21028.1 сая төгрөгөөр төсвийн орлогыг нэмэгдүүлэх, 16729.2 сая төгрөгөөр төсвийн үр ашгийг дээшлүүлэх санал гаргаж байжээ.

   Ардчилсан тогтолцооны төрийн хяналт шалгалтын байгууллагууд энэ зурвас үед материаллаг бааз, боловсон хүчний хувьд бэхжиж,  хуулиар хүлээсэн үүрэг зорилтоо нэр төртэй, бүрэн хэрэгжүүлэн ардчилсан хүмүүнлэг иргэний нийгмийг бэхжүүлэхэд зохих хувь нэмрээ оруулж төр засаг,  олон нийтийн дэмжлэгийг авч ажилласан  билээ.

   Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн шинэчлэлийн дагуу Засгийн газар, яам, агентлаг, төсвийн байгууллагын санхүүгийн тайланд аудит хийж баталгаажуулах үүрэг Төрийн хянан шалгах байгууллагад ногдож   Төрийн Аудитын тухай хууль 2003 онд батлагдан хэрэгжиж эхлэв.

 

   Энэ хуульд Төрийн аудитын байгууллагын тогтолцоог Төрийн аудитын төв буюу Үндэсний аудитын газар, орон нутгийн буюу аймаг, нийслэлийн аудитын газраас  бүрдэхээр,  Үндэсний аудитын газар нь Монгол Улсын аудитын дээд байгууллага бөгөөд Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрт захирагдана хэмээн баталгаажуулсан.

    Мөн Үндэсний аудитын газар нь Монгол Улсын Ерөнхий аудитор, Ерөнхий аудиторын орлогч, бусад ажилтнуудаас, аймаг, нийслэлийн Аудитын газар нь аймаг, нийслэлийн Ерөнхий Аудитор, бусад ажилтнуудаас  бүрдэхээр хуульд зохицуулсан.

     Ерөнхий аудитор, түүний орлогчийг УИХ-аас, аймаг нийлэлийн Ерөнхий аудиторыг  аймаг, нийслэлийн ИТХ-ын даргатай зөвшилцөн Монгол Улсын Ерөнхий аудитор зургаан жилийн хугацаагаар томилох, Ерөнхий аудиторууд  нь батлагдсан төсөвтөө багтаан Ерөнхий аудиторын орлогчоос бусад ажилтныг ажилд авах, албан тушаал дэвшүүлэх, ажлаас чөлөөлөх эрхтэй, аудитын газрын ажилтнууд нь Ерөнхий аудиторт хуулиар тодорхойлогдсон бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй байхаар хуульчилж  Ерөнхий аудиторын манлайлал бүхий төрийн хяналт аудитын байгууллагатай болов.

  

   Ийнхүү Хянан шалгах дээд байгууллагуудын Олон улсын байгууллагаас баталсан Лимагийн тунхаглалын үзэл санаа, зах зээлийн эдийн засгийн харилцаатай орнуудын Аудитын дээд байгууллагуудын үйл ажиллагааны жишигт нийцсэн үйл ажиллагаа, зохион байгуулалтын хувьд хараат бус төрийн аудитын байгууллагын шинэ  тогтолцоо  Монгол оронд бүрэлдэн, үйл ажиллагаагаа амжилттай явуулж  байна.

Бичсэн: bishuu | цаг: 14:24 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 592 удаа уншигдсан.







:-)
 
xaax