2010-04-15
Аавтайгаа Авахуулсан Зураг
 Он жилүүдийн тэртээ аавтайгаа авахуулсан гэрэл зураг миний ширээн дээр байдаг. Энэ  зурагт үлдсэн  мөчөөс цаашлах хийгээд наашлин ирэх  дурсамжийн  хэлхээнд  аавтайгаа байсан гэрэлт мөч бүхэн нүдний өмнө тодорном.

   Би аавыхаа хойно өмнө нь гарч гүйгээд  бид хоёр  биенээ   хөгжөөн инээлдэж, аав намайг дээр өргөж буулган  хамтдаа явсан нэгэн агшин ихэд тод сэтгэлд минь үлджээ.  Тэр үед хэдэн настай байснаа мэдэхгүй ч  аавынхаа хайр энэрлийг мэдэрч ухаарч  эхэлсэн юм болов уу гэж санагддаг.

   Тэртээх өвлийн үдэд аавтайгаа нилээн хол явсансан.  Аав “хүү нарлуу хардаа”  гэнэ. Малгайныхаа үсэнд тогтсон цан,   гялтагнах цагаан хүүрэгтэй   өвлийн тэнгэрт  ёлтойх нарыг  харах гэж би нүдээ онийлгон байн байн зогсоно.  Ааваа нарны гэрэлд юу гялтагнаад  байгаа юм гэж шалгаана.   Төдөлгүй жаварт даарсан гараа сарвайж, бээрсэн болжмор шиг амьтан аавдаа  очиж,  илч  хайранд нь дулаацчихаад ааваасаа түрүүлж гүйгээд л. Аз жаргалаар сэтгэл бүлээцүүлсэн зураг мэт бас нэгэн дурсамж. Намайг үүрэглэж бүдрэх вий гэсэндээ тэгж зугаацуулж явсан биз ээ.  Нар хичнээн гэрэл гэгээ, илчтэй ч  таны минь  өмөг нөөлгийг  юухан орлох билээ гэж бодож сууна.

  Сургуулийн босгоор алхаад удалгүй л үсэг нүдэлж, үг холбосны баяраа хийдэг дээ. Тэр баярын танхимд өрөөсөн гартаа малгайгаа атгаж сурагчийн цүнх сугандаа хавчуулчихсан ааваас минь өөр  бараа сүртэй  хүн байхгүй юм шиг надад санагдаж билээ. Аав нисэх гэж байгаа бүргэд шиг нүд нь гялалзаад тэртээ олны  дундаас над руу өндөлзөөд байсан.  Хүү нь  үсэг болж бас унших бичиг номын дүрд тоглож тайзнаа гарч ирэн дуржигнуулаад байхаар  хайр эгдүү нь хүрч ойрхон  бол толгойг илмээр, тэврээд авмаар  санагдаад л тэгж өндөлзөө дөө.

  Аав минь хэдэн хүүхдээ амь шигээ  хайрладаг байсан юм. Манайхан гэртээ цугларч дүү нар аавын өвөр дээр асчихсан, арай томхон нь  тойрч налаад хаяа жаргадагсан. Ээж болохоор хүүхдээ эрхлүүллээ, хичээлийг нь хийлгэсэнгүй, ажил сургасангүй гэж үглэх  ч хэдэн банди, ганц охиноо тойруулчихаад тэгж ноолуулж суухдаа аавын минь нар гардаг байсан.

   Бидний ганц эмэгтэй дүү аавын “бурхан”. Охин дүү минь  аавдаа үүрүүлж дүүрүүлж, хол явахад  нь санаж, бүтэхгүй юм нэхэж  элдэвлэдэгсэн.  Ноосон малгай хэлтгийдүү дараад өмссөн,  зузаан тэрлэгтэй аавыг  сурагч хувцастай охин дүү минь налж, баруун энгэрт  нь толгойгоо наагаад шигдчихсэн “баавгай, бамбарууш хоёр” гэж өхөөрдмөөр тэр хоёрын нэгэн зураг бий. Аавынхаа аз жаргал, эцэг хүний нөмөр дулаан хайрыг  тэр л  хар цагаан зургаас  дахин дахин мэдрэх шиг болдог. 

  Тэр уйтай өдөр аав минь юу юугүй “явчих” гээд сандаргаад байснаа сургууль ном гээд ирж амжаагүй  байсан охин дүүг  ирсэн тухай шивнэж дуулгахад   өвчинд шаналсан царайд нь  туяа татах шиг болоод  тогтож  билээ.  Хариулж үл болох жамын хөтөл дээр муу охинтойгоо уулзчихаад мордох юмсан гэж хүлээж бас бээлий шиг жаахан охиныхоо  сэтгэлийг үймүүлэхгүй гэсэндээ өвчнөө мартан охиноо хайрлаж  байсан нь тэр байх даа хөөрхий.

   Аав буруу зөрүү юм хийлээ гэж биднийг үгэлж загнахгүй амгалан, аливаад агдаж сандраад байхгүй тайван,  тун ч муудлаа гэхдээ л удаан тогтож духаараа хардагсан.  Ээж бол харин эсрэгээрээ шударга хатуу үгтэй, хэрэг таривал “болгоод” өгөх нь ч бий.

   Биднийг гарын үзүүрт тус болоод ирмэгц  дэргэдээ байлгаж  ахуй амьдралын ажилдаа туслуулдаг, өөрөө үлгэрлэн дагуулдаг байсан. Алив ажил хийхдээ  шуурганд хөөгдсөн мэт яарахгүй, бас цуцахгүй  зугуухан хийсээр л дуусгачихдаг байж билээ.  Ерөөс амьдрал өөрөө өнгө алагласан эгэл хэсгүүдийн нийлбэр.  Аав минь биднийг дэргэдээ суулгаж, туслуулж, гараас хөтлөн үлгэрлэж амьдралын эгэл мөчүүдийг нүд, сэтгэлд шингээн өвлүүлэх хүмүүжлийн  аргатай, аливаад  сэтгэлээсээ хандаж, нүд хуурч гурилдахгүй,  бөх бат хийх гэдэг зантай байсан юмсанж.

   Аав “манай хүүхэн”  гэж ээжийг гуайлдаг байв.  “Хайраа”, “ханиа”, “honey”, “baby”  гэж биенээ дуудаж буй одоогийн хосуудад  инээдтэй, бас хөндий хүйтэн мэт  сонсогдох байх л даа.   Харин аав ээжийг нялх биетэй, өвдсөн, тавгүйтсэн бүхий л үед дэргэд нь байж, халамжилж  асрахын дээр  гэр орны  ажлаа төвөггүй л амжуулчихдагсан. Ээж ч  заримдаа эрхэлдэг  байсан даа. Аав, ээж минь биднийхээ хувцас хунарыг цэвэрлэж, хоол унд бэлтгэж  унтахад гангар гунгар ярьж бөртөлзсөөр үлддэг, өглөө сэрээд  харахад хэзээний л босчихсон  байдагсан. Аав, ээж туйлтай манайх хэмээх ертөнцөд сайны ерөөлөөр ирсэн бид  тэднийхээ халуун хайрын далайд умбаж, уужим сэтгэлийн тэнгэрт   дэрвэн нисч, дэлгэр тал шиг орон гэрийнхээ хойморт уйлж, дуулж  хүн болжээ.

  “Аавынхаа ачийг хариулахсан” гэж дуулдаггүй ч  бүтэн биеийг минь бүрэлдүүлж, өмөг түшгээрээ гараас татан өсгөсөн аавыгаа ер баярлуулсан уу гэж өөрөөсөө асуумаар болдог. Аав  завилж суугаад өвөр дээрээ миний хүүг авч, өрөвгөр даахийг нь  үнэрлэж, үл  мэдэг нүдээ анисхийн байсан нялхамсуу, магадгүй бурханлаг, эсхүл ер бусын  ихэмсэг  харагдсан  тэр л төрх нүдэнд илхэн.  “Ачийг нь тэврүүлж” л аавыгаа баярлуулсандаа гэж өнөөдрийг хүртэл тайтгардаг юм. 

 Тойрч гардаггүй хорвоогийн хатуу муу аавыг минь  нэг хэсэг нураасан. Ах дүү нар, ээжийгээ жил дараалан алдсан хагацал, уйтай тэр өдрүүдэд аавын сэтгэл өвдчихсөн  дотогшоо нурж  явсан юм билээ. Бидний мэтийн жулдрай хүүхдүүд  аавынхаа гуниг зовлонг юугаа ч гадарлахав. Тэр хатуу өдрүүдэд аавын дэргэд байснаараа  ээж “өдөр тутмын  үг, халамжаас  найзынх нь зөвлөгөө хэрэгтэй  байна” гэж ЦэрэнБалжир ахтай аминчлан ярьж суусан санагдана.

 Тийм ээ, Аав минь хэдэн найзтайгаа байхдаа  бүтэн болж,  сэтгэлээ зэлбэж, дутуугаа нөхөж явсан. 

   Өөрсдөө бөхийн цол авсан мэт ташаа тулан ханхалзаж  багашаар наадамд түрүүлсэн аавын дэргэд хамгийн баяр хөөртэй   авахуулсан хэдэн найзынх нь  зураг байдаг.  Тэд алиа шооч, авхаалжтай сэргэлэн, олонтой нөхөрсөг гээд  бие биенээ нөхсөн мэт өөр өөр зан араншинтайсан.

  Биенийхээ жаргалтай үед шуугилдан түрэх баяр хөөртэй, хазгай, дутуу явбал түшиж, тулаад тэгшлэх эрийн зангарагтай, “за гэвэл ёогүй  тангарагтай” юм шиг нэгэндээ үнэнч ах нар байсан.  Ерээд оны эхээр нэгэнтээ ярьж хөөрч суухдаа “Цагийн эрхээр өтөл болох нээ бид, Нуруутайханшуу л  өтлөх юм шүү” гэж нэг нь хэлж “ёстой доо” хэмээн нөгөөдүүл  хөхүүлэн байсан тодхон.

    Аавынхаа хэдэн найзуудыг нэг дор цуглах боломж гаргаад аавдаа энэ тухай дуулгахад хүүхэд шиг баярлаж билээ. Хоёр хоног ярьж хөөрч, тоглож наадаж сүүлчийн удаа хамтдаа  байсан тэд минь нүүдлийн шувууд буцаж байгаа юм шиг цувран сүүлийн хэдхэн жилийн дотор тэнгэрийн орондоо явчихжээ.  Түрүүлж буцсан нэгнийхээ дэргэд  бөөвийн зогсохдоо элэгнээсээ татуусан мэт өр нь өмөрч  хичнээн харуусаа  бол өрөвддөг.

   Тэд дэлхийн дайнтай дөчөөд оны эхээр төрж, таван жилийн төлөвлөгөө биелүүлэх гэж   барилга барьж, худаг гаргаж, жолоо мушгиж, хонь маллаж "соц" нийгмийн  эрэг шураг болсон эгэл жирийн ардууд.  Манай аав Дунжаа заан гэж олондоо дуудагдсан гүдэсхэн эр, Жанжаа хэмээн нутгийн олон, ахан дүүстээ хүндлэгдсэн нуруутай түвшин, аав ээж, элгэн садан, ханьдаа халамжтай, үр хүүхдэдээ хайраа дэвссэн  нэгэн явлаа.  

   Бид нэгэнтээ ахан дүүсээрээ цуглан ярьж хөөрч суухдаа  яагаад ч юм бүгд л аав намайг сургуульд ороход дагуулж явсан, аавтай цуг тийшээ ийшээ явсан,  аав ингэж хэлсэн гээд л  дурсан   байв.  Гэтэл ааваасаа хар багаараа өнчирсөн бага дүү минь  юу ч хэлж чадахгүй, хүн хүний амнаас ямар сайхан дурсамж гарах бол гэсэн шиг ойртон чагнаж суусансан. 

   Өнчрөлийн сүүдэр, таны хайрлаж амжаагүй аавын хайрыг биднээсээ эрж суран  бүлтэгнэж  суусан дүүгийнхээ нүднээс гал асаан энэ дурсамжийг хүүрнэж,  сэтгэлийн зул тандаа өргөе. Аавтайгаа байсан сайхан дурсамжууд  үр хүүхдийн чинь аз жаргалын хэсэг  байх юм аа.

Д.Бишүүгарам     
Лос Анжелес хот

Бичсэн: bishuu | цаг: 07:00 | amidraliin tuxai
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


өчигдөр уншсан дэлгэж орхиод нэтээ салгасан болохоор сэтгэгдэл үлдээж амжаагүй юм.
ухаалаг мундаг юмаа чи
Бичсэн: g84 цаг: 10:16, 2010-04-16 | Холбоос | |


гуниглах ...нэгийг бодогдуулж байна шүү...Ааваа гэж...Байхад нь ч тоохгүй юмдаа бид нар... гуниглах
Бичсэн: Зоригт ван цаг: 13:46, 2010-04-15 | Холбоос | |


уншихад тун сайхан байлаа
Бичсэн: хундага цаг: 10:25, 2010-04-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 814 удаа уншигдсан.







:-)
 
xaax