Монголчууд эх орноосоо алсад амьдарч эхэлсэн түүх арав гаруйхан жилээр яригддаг. Дэлхийн энгээр тархан амьдрах болсон Монголчууд маань суугуул нутгийнхантайгаа мөр зэрэгцэн суралцаж, бизнесээ босгож амжилттай яваа.
Тэдний нэг АНУ-ын Лос Анжелес хотноо төвлөн үйл ажиллагаа явуулдаг “ZOLZARGAL & ASSOCIATES” Professional Law Corporation-ны захирал, Хуульч Батхандын ЗОЛЖАРГАЛ-тай та бүхнийг уулзуулж байна.
Хуульч, тэр тусмаа АНУ-д хуульч болох амаргүй. Хаана мэргэжил, боловсрол эзэмшив. Энэ талаар яриагаа эхэлье гэж бодож байна?
Хуулийн мэргэжил эзэмших гэж их олон жил явсан даа. Улаанбаатар хотын 14 дүгээр сургуулийг төгсөөд Гадаад хэлний дээд сургуулийн Герман хэлний ангид суралцсан. Дараа нь Германд хэлний чиглэлээр, мөн Берлиний Чөлөөт Их сургуулийн Хуулийн ангид суралцсан. 2002 оноос Калифоний Глендалийн Их сургуулийн Хуулийн сургуульд (Glendale University College of Law) 4 жил суралцан төгсч “Juries Doctor” цол авсан. 2008 онд хуулийн лицензийн (Bar exam) шалгалтаа өгөөд л хууль ч болсон доо.
АНУ-ын Калифоний Хуулийн лицензийн (Bar exam) шалгалтыг их хүнд гэдэг юм билээ. Хэрхэн бэлтгэж шалгалт өгсөн талаараа ярина уу?
Нъю-Үорк, Калифоний Хуулийн лицензийн (Bar exam) шалгалтыг үнэхээр хүнд гэж Америкчууд нь хүртэл цэрвэдэг. Миний хувьд Калифорнид сураад шалгалтаа өгсөн болохоор арай амар байсан.
Өөр улс оронд, өөр мужид хуулийн сургуульд суралцсан хүмүүс хүрч ирээд Bar exam өгөхөөр олон хууль, дүрмүүд нь энэ мужийнхаа хэмжээнд дагаж мөрдөхөөр гаргасан байдаг тул түүнийг судалж суралцаагүй бол хүндрэлтэй байдаг. Энэ мужид суралцаж төгсөж байгаа бидний хувьд тэрийг нь судалж суралцсан, манай профессорууд ялгаатай адармаатай талыг нь хэлээд, заагаад, тайлбарлаад өгдөг. Холбооны хууль, мужийн хууль нэгэн зэрэг мөрдөгдөж, өөр өөр харилцааг зохицуулдаг, зааг ялгаатай, харилцан уялдаатай байдаг. Тухайлбал. Цагаачлалын талын харилцаа бол зөвхөн холбооны хуулиар зохицуулагддаг бол зарим төрлийн эрүүгийн хэрэг холбооны болон мужийн хуулийн аль алинд нь хамаатай байдаг. Газартай холбоотой асуудлууд зөвхөн мужийн хуулиар зохицуулагддаг.
Монголтой харьцуулахад Хуулийн системийн нийтлэг ялгаатай. Энд хэрэг маргаан шийдэхэд шүүгчдийн шийдвэрт түлхүү анхаарч сүүлийн 50 орчим жилийн хугацаанд гарсан адил төстэй хэрэг маргаан шийдвэрлэсэн байдлыг заавал харах хэрэгтэй байдаг. Монголд бол хуульд юу гэж заасан хэм хэмжээг л хэрэглэдэг.
Энэ мэт олон ялгаа олон бий .
Калифорний (Bar exam)-ийг өгөхөд олон төрлийн хуулийн хорь гаруй боть зузаан номуудыг уншиж судалсан байх ёстой. (Bar exam)-ийн шалгалтанд бэлтгэх сургалтын материалууд байдаг л даа. Миний хувьд (Bar exam)-д бэлтгэдэг 2 сарын сургалтад сууж бэлтгэсэн. Энэ сургалт, шалгалт багагүй үнэтэй. (Bar exam)-ийн сургалт, шалгалтанд манай сургууль спонсорлож өгсөн.
Бусад мужуудаас удаан буюу гурван өдөр дараалан өглөөнөөс орой хүртэл шалгалт шалгалт үргэлжилдэг. Бич гээд дохио өгмөгц бичиж эхлээд дуусга гэсэн дохионоор үзгээ хаях хүртэл өөрийн юу мэдэж, чаддагаа л бичих ёстой байдаг юм. Зургаан цаг шалгалт өгөхөд төдий хэмжээний дэвтэр зүйл бичсэн байдаг ч үе бий.
Энэ шалгалтыг өгснөөр Калифорни муждаа өмгөөлөгч, прокурор, мужийн болон холбооны шүүгч гэх мэт хуулийн бүх төрлийн байгууллагад, эрүү, иргэний, захиргааны аль ч чиглэлээр ажиллах эрхтэй болдог.
Бид бас шүүхийн офицерийн тангараг өргөдөг. Тангараг нь хууль дүрмийг чанд мөрдөх, өөрийн үйлчлүүлэгчээ өмгөөлөхийн зэрэгцээ шүүх, шүүхийн системийг дэмжих, өөрийн амь насанд аюул тохиосон ч үйлчлүүлэгчийнхээ нууцийг чанд хадгалах гэсэн агуулгатай байдаг.
Хуулийн мэргэжил эзэмших явцад чинь тохиолдсон хүндрэл бэрхшээл, аз жаргалтай дурсамжаа хуваалцаач?
Хамгийн анх тохиолдож байсан бэрхшээл бол энд хэн ч хэзээ ч туслахгүй гэдгийг ойлгож байгаа бага шиг мөнгөө яаж ийж байгаад сургалтын төлбөр бусад зардалдаа хүргэх гээд л зүтгэдэг байсан. Оройгоор суралцаж байсан тул өвөл, зун ямар ч амралт байдаггүй, гэрийн даалгаварын хэдэн зуун хуудас унших материал, хэргүүдэд дарагдаад, түүнийгээ товчилж бичих гээд үнэндээ амар байгаагүй.
Хуулийн сургуулиадад баримталдаг “Socratic Method” гэж бий. Энэ нь нэг талаас багш хүнд асуулт асууж, оюутнууд өөрийн үзэл бодлоо илэрхийлэн маргаан өрнүүлэх сургалтын арга боловч нөгөө талаас цэрэг армийн шинжтэй хатуужил олгох хэлбэр юм даа. Цэргийн хүн даргын тушаалаа ямар ч эсэргүүцэлгүй биелүүлж байх ёстой гэдэг шиг манай багш нар ч бидэнд их хатуу ханддаг байсан. Загнах, зандрах, шоолох бол энүүхэнд шүү дээ.
Холбооны прокуророор ажилладаг нэр хүндтэй манай багш намайг сургуульд анх орсны дараахан “энэ хүний юу яриад байгааг орчуулаад өгөх хүн байна уу гэж шоолоод” хүнд байдалд оруулж байсан. Мэдээж би унаган хэлтэй биш, аялагатай яринаа даа. Хуульч болох хүнд ингэж хатуу ханддаг нь үйлчлүүлэгчийнхээ төлөө, өөрийн үзэл бодлын төлөө хаана ч, хэний ч өмнө үгээ хэлж өмгөөлж хамгаалах дадал зуршил, шүүгч, эсрэг талынханы учруулах бэрхшээл, дайралтыг давж гарах хат суулгадаг гэж ойлгодог.
Сургуулиа төгсөөд “Juries Doctor” цолоо аваад зогсож байх бол аз жаргалтай үе л дээ. Гэхдээ (Bar exam)-аа өгөөд хуулийнхаа мэргэжлээр ажиллах эрхтэй болсон маань хамгийн сайхан мөч.
Ингэхэд заавал яагаад хуулийн мэргэжлийг сонгодог билээ?
Манай ээж СОТ-2-т, Аав маань Улсын Төлөвлөгөөний комисст ажилладаг, 3 банди, 1 охинтой айл.
Манай ах нар Эдгар По-гийн, Шерлок Холмс-ийн тэр хэсэг нь гоё уншсан уу гээд олон детактив зохиол хоорондоо ярилцдаг байсан. Энэ надад их нөлөөлсөн. Багадаа цагдаа, мөрдөн байцаагч болохоор шийдсэн ч буунаас жаахан айдаг байсан. Буутай харьцдаггүй, цагдаад ойрхон хүн бол хуульч болж таараад байгаа юм. Тэгээд л хуульч болох юмсан гэж мөрөөддөг байсан.
Шерлок Холмс миний хамгийн дуртай ном. Орос, Монгол, Герман, Англиар энэ номын хэдэнтээ эргүүлж уншсан. Одоо гарах киног нь ч үзнэ.
10 дугаар ангиа төгсөөд Хуулийн сургуульд орох гэтэл “дандаа шоронгоор хэссэн хүн болох нь, эмэгтэй хүний ажил биш” гэж манай ээж, ах нар дургүйцээд Гадаад хэлний дээдэд орж байлаа. Дараа нь Германд өөрөө шийдээд хуулийн чиглэлээрээ суралцсан. Явцийн дунд Америкт хуулийн сургуульд суралцаж хуульч болохоор шийдсэн дээ.
Хуульчийн ажлын туршлага дадлага хэрхэн олж авч байна. Энэ талаараа ярина уу?
Хуулийн сургуулийн нэгдүгээр курс төгссөнөөсөө хойш Цагаачлалийн хуулийн талаар үйлчилгээ үзүүлдэг байгууллагад 3 жил ажилласан. Тэнд бага цалин авдаг ихэнх цагийг нь сайн дурын ажилтан маягтай цалингүй ажилласан. Гэвч мэргэжилээрээ Америкт цагаачлан ажиллах H1В, Н4, H3 визаны талаар их туршлага олж авсан. Сургуулиа төгсөөд Америк хуульчтай ажиллаж банкуудыг шүүхдэх, дампуурлийн хэргийн талаар суралцаж туршлагатай болсон. Тэгээд л өөрийн компаниа байгуулах ажилдаа орсон.
Мэргэжлийн компаниа байгуулаад ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа вэ?
2009 оны 9 сард өөрийн компаниа нээсэн. Манай компани үл хөдлөх хөрөнгө, банкний зээлийн, дампуурлын холбоотой хэргүүд, Цагаачлал, үйлдвэрийн болон автомашины осол аваар, ажлаас халагдах, илүү цагийн мөнгө гэх мэт хөдөлмөрийн нөхцөлтөй холбоотой холбоотой хэргүүд, Гэр бүлийн хууль гэх мэт чиглэлээр ажиллаж байгаа.
Ямар бэрхшээл, бас ажил хэргийн амжилт тохиож байна даа?
Сүүлийн үед банкнуудийг шүүхэд их өгч байгаа. Манай үйлчлүүлэгчид мэдээж хэрэг буруутай улсууд. Тэд банкны моргаж зээлээ төлөөгүй болоод л байшингаа хураалгах болж байгаа шүү дээ.
Нөгөө талаас нь харах юм бол банк өөрөө буруутай гэж бид үздэг юм. Банкны зүгээс дагах ёстой дүрэм журмаа мөрдөөгүй үйлдлүүд байдаг. 70 настай хүнд 40 жилийн хугацаатай зээл өгч байна. Сарын нь орлого мянга гаруйхан доллар байхад зээл олгосон байдаг гэх мэт. Яахав хэдэн сар зээлийн хүү, хувь нь бага байхад төлнө л дөө. Мэдээж цааш нь чадахгүйг банк мэдэж байгаа гэж үздэг. Банкны санаатай санаагүй энэ алдаан дээр ажиллаж байна. Гэвч шүүхийн өмнө очоод зогсоход “таны үйлчлүүлэгч мөнгөө төлсөн юм уу” гэж асуухад хэзээ ч шуудхан хариулт өгч чаддаггүй. Энэ бол бэрхшээл болж байна.
Иймэрхүү хэрэг дээр бид олигтой үр дүнд хүрэхгүй мэт боловч хэргийг дуустал хэн ч энэ хүний байшинд гар хүрч болохгүй гэсэн шүүхийн тогтоол зөндөө гаргуулж байсан. Өөрөөр хэлбэл шүүх хурал хүртэл жил хүртэл хугацаанд манай үйлчлүүлэгч банкинд мөнгө төлөхгүйгээр байшиндаа үлдэж байгаа. Ийм шийдвэр гарсны дараа банк үндсэн зээл, зээлийн хүүгээ бууруулах, бага ч атугай мөнгөө олж авах арга зам хайдаг. Энэ бол том амжилт.
Бас нэг хэргийг энд зориуд ярья гэж бодлоо. Бичиг баримтгүй Мексик охины илүү цагийн мөнгийг олж өгсөн юм. Тэр 24 цагаар хөгшин хүн хардаг байж л дээ. Хичнээн тэр айлд унтаж амардаг байлаа ч гэсэн тухайн үйлчлүүлэгч нь хүсэх юм бол хэзээ ч ногдуулсан ажлаа хийх үүрэгтэй. Энэ нь ажлын илүү цаг болж байнаа даа. 40-с илүү цаг ажиллавал илүү цагийн мөнгө авах хуультай байдаг. Тэр охин удаан ажиллаагүй ч бид нилээд хэмжээний мөнгө нэхэмжилж нөгөө талаас нь гаргуулж байсан.
Олон Монгол хүмүүс хүүхэд, хөгшин хүн харах ажил хийдэг тул энэ талын мэдээлэлтэй байж хамтран ажиллаасай гэж боддог. Иймэрхүү асуудалд таны ажиллах эрхгүй, бичиг баримтгүй байх нь огт хамаагүй, нөгөө тал нь хүн хөлсөлж ажиллуулсандаа л байгаа юм.
Танай гол үйлчлүүлэгчид чинь ямар хүмүүс вэ?
Манай гол үйлчлүүлэгчид Ази гаралтай Америкчүүд, тэр тусмаа Филлипиничүүд дийлэнх нь байдаг.
Яагаад ингэж таарсан гэхээр дээр ярьсан Америк хуульчтай ажиллаж байхдаа үл хөдлөх хөрөнгө банктай холбоотой хэрэг маргааны талаар суралцаж дадлагатай болсон байсан. Үүний дараа Филлипини эзэнтэй хуулийн компанид ажилласан юм. Филлипини хуульч маань банк зээлийн холбоотой асуудлаар онцлон мэргэшээгүй хамаг юмаа надаар хийлгэдэг байсан юм. Ингэж ажиллах явцад эндэхийн Филлипини гаралтай Америкчууд гайгүй мэддэг болсон юм шиг байгаа юм. Тусдаа компаниа байгуулаад гарсан ч тэд ирж үйлчлүүлсээр байгаа. За тэгээд Мексик, Солонгос, Вьетнам гаралтай үйлчлүүлэгчид олон бий.
Ер нь хуульчид Филлипини гаралтай Америкчүүдийн зах зээл дээр ажиллахыг мөрөөддөг л дөө.
Монголчууддаа чиглэсэн хуулийн үйлчилгээ явуулж байгаа юу? Цаашид юу хийхээр төлөвлөж байна.
Улс төрийн цагаачлалаар Америкт байнга оршин суух эрх авахаар хөөцөлдөж байсан олон Монгол хүмүүст орчуулга хийж байсны хувьд энэ талын ажлын туршлага бий.
Инженер, нягтлан, төрөл бүрийн менежер гээд ажил мэргэжлийнхээ дагуу Америкт ажиллах бүрэн боломжтой гэдгийг хэлж ойлгуулах юмсан гэж боддог. Жишээлбэл. 2009 онд гаргасан 65 мянган ажиллах эрх олгодог H1-B виза өнгөрсөн 10 сарыг хүртэл дүүрээгүй л байсан. Энд суралцаж төгссөн оюутнууд мэргэжилтний H1-B, дадлагажигчийн Н3 визаны статустай болох мөн мастер түүнээс дээн зэрэгтэй хүмүүсийн хувьд шууд ногоон картанд хүсэлт гаргах боломжтой EB-2 мөн EB-3 визаны талаар бага мэддэг санагддаг.
Олон Монголчууд эндэхийн бичиг баримттай болж байгаа. Ямар нөхцлөөр оршин суух болон иргэний эрхтэй болсон ч бай, эцэг эхээ, өөрийн ах дүүсээ, хүүхдээ мөн адил оршин суух эрх авах боломжтой гэдгийг мэддэггүй юм шиг байгаа юм. Саяхан эндэхийн иргэн болсон Монгол хүн ээждээ яаж виз гаргуулах вэ гээд л явж байсан. Эндэхийн иргэн болсон бол эцэг эхээ ногоон картанд спонсордоод 6 орчим сарын дотор шууд авдаг ба тэд нааш цаашаа шууд ирж очих бусад оронд ч аялах боломжтой болдог.
Дээр дурдсан асуудлууд банкны зээл, дампуурал, янз бүрийн аваар осол, ажлаас халагдах, илүү цагийн мөнгөө авч чадахгүй байх гэх мэт олон асуудлаар Монголчууддаа туслах, хамтран ажиллахад бэлэн байгаа.
Нөгөөтэйгүүр энд удаан жил амьдарсан туршлагатай Филлипиничүүдээс анзаарсан нэг зүйл бол тодорхой хугацаагаар амьдрахаар энд ирж байгаа бол онгоцноосоо буугаад л бараг хуульч дээр ирж визаны статусаа хэрхэх гэх мэт зөвлөгөө, мэдээлэл авдаг юм билээ.
Манай Монголчуудад ч гэсэн хуулийн мэдээлэл, туслалцаа хэрэгтэй байдаг. Бидний хувьд компаниа нээгээд удаагүй тул Монголчууддаа хүрсэн мэдээлэл муутай байгаа. Саяхан Улс тунхагласан өдөрт зориулан Лос Анжелест болж өнгөрсөн Сагсны тэмцээний үеэс л өөрсдийгээ танилцуулж эхэллээ.
Та бүхэн манай www.zoljargal.com сайтаар зочилж бидний тухай мэдээлэл аваарай. Манай хаяг: 3550 Wilshire Blvd, Suite 1726 Los Angeles , CA 90010, харилцах утас-213 381 3536, fax-213 381 9216, мөн batkhand@zoljargal.com E-mail хаягаар бидэндтэй харилцаарай.
Зөвхөн Калифорнид суугаа Монголчуудад таны хуулийн үйлчилгээ хүрэх нээ гэж ойлгож болох уу?
Яг тэгж ойлгож болохгүй. Холбооны хуулиар, тухайлбал цагаачлалын хуультай холбоотой хэрэг маргаан дээр бол аль ч мужид ажиллах боломжтой.
Мөн тодорхой хэрэг дээр, тодорхой нөхцөл байдлын дагуу өөр мужид өмгөөлөл хийх боломжтой, Жишээ нь нэг Монгол хүн хэлний бэрхшээлийн улмаас Монгол хуульчаараа өмгөөлүүлэх хүсэлт гаргах юм бол шүүх түүнийг хүлээн зөвшөөрдөг.
Эндэхийн баримт бичиггүй ч олон жил амьдарсан Монголчууд их байдаг. Тэдний хувьд визаний статусаа сэргээх боломж байдаг уу?
2001 онд нэг Цагаачлалын өршөөлийн хууль гарсан. Хэрэв 2001 оноос өмнө ирээд ногоон картанд хандаад тэр бүтээгүйн улмаас статусаа алдсан ч юм уу, үүнтэй төсөөтэй нөхцөл байдалтай байх юм бол өөр шугмаар хандаж дахин сэргээж болох юм.
Нөгөө талаас Овамагийн засаг захиргаанаас энд удаан амьдарсан цагаач иргэдэд байнга оршин суух асуудлыг нааштайгаар шийдэх байх гэж найдаж байгаа. Гэхдээ гэмт хэрэгт холбогдоогүй байх, татвараа төлсөн байх зэрэг одоо яригддаг шаардагуудыг нь аль болох биелүүлэх хэрэгтэй л гэж зөвлөмөөр байна.
Монгол руугаа ирж, очиж байна уу, Эх орондоо чиглэсэн ямар нэгэн зүйл хийе гэсэн бодол байдаг биз дээ?
Ажлын байдлаас болоод тэр бүр очиж амжихгүй байгаа. Харин манайхан ирж очоод байдаг. Монголд байдаг хэдэн найзуудтайгаа байнга харилцаа холбоотой тэднээсээ мөн интернетээс эх орныхоо тухай мэдээлэл байнга авах юм даа.
Монгол орон маань их баялагтай. Саяхан Вашингтон постод Монгол баялагаараа дэлхийд эхний 10 орж байгаа гэж бичсэн байсан. Харин түүнийгээ ухаж аваад шууд л гадгаш нь зөөгөөд байгааг л буруу гэж боддог. Ямар нэгэн боловсруулалт хийгээд гаргавал илүү үр өгөөжтэй, хүн арддаа хэрэгтэй.
Монголд хөрөнгө оруулах чиглэлээр Монголчууд болон Америкийн бизнесийхэнтэй хамтран ажиллах талаар эхний алхам хийж, бодож төлөвлөж байгаа зүйл бий. Ингэж хөрөнгө оруулагчдыг Монголтойгоо холбож л эх орондоо бага ч атугай нэмэр болохсон гэж боддог.
Энд хэр удаан амьдарна гэж бодож байна?
Дахиад хэдэн жил болно биз дээ. “Энэ дэлхий дээр миний гэр хаана байна” гэж Цыганы нэг дуу байдаг даа. Тэрэн шиг бараг хориод жил гадаадад амьдарсан болохоор Монголдоо эргээд очихоор дасч өгөхгүй санагдаад байдаг юм.
Гэхдээ их залуу байхдаа тоодоггүй байсан юм уу Монгол хоол, ундандаа их дуртай, Монголоо санаад байдаг болсоноо анзаараад байгаа.
Танд баярлалаа.
Ярилцсан:
Д.Бишүүгарам
Лос Анжелес хот