Манай эх оронд сонгууль болж өнгөрсний дараа хүний алтан амь үрж, соёлын үнэт өв, эд хөрөнгөд халдаж, байшин барилга шатаасан үймээн болж улмаар цэрэг цагдаа, байлдааны машинаар нийслэлийнхээ төвийг мануулж онц байдал тогтоосон гэх сүүлийн үеийн мэдээнүүд шоконд оруулж орхилоо.
Үйл явдлын халуун тогооноос гарч байгаа интернэт мэдээллийг алс байгаа хэн хүнгүй л хүлээн авч эргэцүүлэн дүгнэж байгаа гэж бодном.
Нийгмийн хуучин тогтолцоог Ленин, Сталины хөшөөтэй нь нурааж, хэлье гэснээ хэлж, хийе гэснээ хийх эрх чөлөөтэй, эд хөрөнгөтэй, чөлөөт сонголттой байхын билэгдэл “ардчилал” хэмээх бурханыг залсаар хориод жил болж байна. Та бидний өнөөгийн амьдрал Монголын ардчилалын үр дүн, түгээмэл дүр зураг. Эргэн тойрноо хар даа. Оршин сууж байгаа газар орон байр, идэж ууж байгаа хоол, эдэлж хэрэглэж байгаагаа хөрөнгө хогшил, харилцан солилцож байгаа мэдээлэл, мэдлэг, сүсэглэн залбирч байгаа бурхан сахиус маань ямар байна? Та бид өөрсдөө энэ бүхнийг бий болгох гэж зүтгэсэн нь гарцаагүй үнэн. Бас ардчилал ивээхээ ивээж, ниргэхээ нэрмэсэн гэвэл маргахгүй биз.
Монгол хүний амь нас, эрүүл мэнд, хөгийн архи, хэдэн халтар төгрөгнөөс дор болж хоорондоо алалцаж, эрх мэдэлтнүүд талцан уралцаад байхаар дундуур нь чөтгөр гүйж, улс орон хэмээх үүрийг минь ганхуулж, алтан өндөгийг нь сэгсэрч болохыг, олж авсан эрх чөлөө, хөлс хүчээ шингээсэн эд хөрөнгө, бүтээсэн үнэт зүйлээ нүд ирмэхийн зуур үгүйрүүлж болох хэтэрсэн эрх чөлөө байж болохгүйг эх оронд маань болж өнгөрсөн үйл явдал харууллаа. Монголын ардчилал цусан толботой үлдэх буй заа.
“Цуварч явсан барнаас цугларч суусан шаазгай хүчтэй” гэдэг. Цугларч ярилцаад харыг хараар нь цагааныг цагаанаар нь ялган үнэн шударгууг тогтоох, амар амгалан амьдралыг тохинуулах уужуу тайван ухаан, зориг тэвчээр Монгол хүн бүрт бий. Харин гартаа таарсан чулуугаараа шил толь хагалж, галдаж, санаандаа орсон үгсээрээ бие биенээ дайрч, булууны яс булаалдах золбин ноход шиг архиралдан, хэмлэлдэж эв нэгдэлээ бусниулахад хэн, юу хожих вэ. Та бид эрх чөлөөт ардчилсан Монголын үр сад. Бидний ардчиллын, эрх чөлөөний үнэ цэнэ харилцан ойлголцох, шударгуу байх, ахан дүүс, элэг нэгтний ёсоор биенээ хүндэтгэн харилцахад бий.
Яндаж болдоггүй далай шиг баян орны иргэд ээ та бид. Гэтэл хайрлах хамгаалах эд хөрөнгөгүй, хийж бүтээсэн баялаггүй, үнэ цэнийг мэдрэх сөхөөгүй амжиргаагаа залгуулах эдээр ядуурч, зарим нь шуналдаа дийлдэж, хэдэн төгрөг сарвайгаад хар усаар амлуулчихвал юу ч хийхэд бэлэн болтлоо сэтгэлээр ядуурч, тэгш бус байгааг өнгөрсөн үйл явдал илрүүллээ. Эртний түүхтэй Монголчууд бидний ингэтлээ доошоо орсныг далимдуулж, эх орны минь баялагт нүд унагасан эд хөрөнгөтэй хэн нэгэн том, бага ялгалгүй мөнгө атгуулж архиар угжиж ганцхан дохиход хоёр саяуулаа хоорондоо алалцаж хойгуур нь “Монгол орон гэж байсан юмуу, байгаа юмуу” гээд эзэн суучих вий гэж айх юм.
Д.Бишүүгарам Лос Анжелес хот