2008-06-21
Үр Хүүхдийнхээ Найз нь Байхсан

     АНУ-ын Лос Анжелес хотноо бага, дунд сургуулийн сурагчдад нэмэлт сургалт явуулах, тэднийг Их, дээд сургуулийн элсэлтийн шалгалтад бэлтгэх чиглэлээр  ажиллаж  байгаа  Доктор(Рh. D)  Ц.ЭРДЭНЭБАЯР -тай уулзаж ярилцав.   

    Тэрээр Москвагийн Плехaновын нэрэмжит Эдийн Зaсгийн Aкaдийг төгсч, Өмнөд Солонгосын Данкукийн Их сургуульд маркетингийн чиглэлээр Мастер, Докторын зэрэг хамгаалсан байна. Худалдааны  техникум, Монгол Улсын  Их сургууль, Солонгосын Данкукийн Их сургуульд  нийт 20 шахам жил багшилжээ

      АНУ-д ирээд анхлан дунд сургуульд суралцаж байгаа хүүхдүүдэд учирч байгаа  нийтлэг бэрхшээл, хүндрэлийн талаар  санал бодлоо хуваалцах уу?

 Эцэг эхчүүд бид үр хүүхдийнхээ сайн, сайхан амьдралын төлөө  холын Америкийг  зорин ирж байгаа.  Гэтэл энд бүх юм бэлэн биш.  Орон байр юу билээ, ажил төрөл юу  билээ гэх мэтээр эндэхийн ажил, амьдралд дасах гэсээр явтал үр хүүхэддээ тавих анхаарал суларч, хүүхэд өөрийн аяар өөрийгөө зохицуулж  явах нь их болдог.  Энэ  байдлаас хамаарсан  нийтлэг бэрхшээл   ажиглагддаг л даа.

 Энд хүүхдүүдийг 5-6 настайгаас нь сургуульд элсүүлж сургадаг 12 жилийн дунд сургуулийн уламжлалт тогтолцоотой. Гэтэл манайх саяхнаас л 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжиж байна.    Ажиглалтаас харахад энд ирж байгаа Монгол хүүхдүүдийн ихэнх нь  дөрвөөс зургаадугаар ангидаа  ирсэн байдаг.  Монгол хүүхдүүд эх орондоо  4 дүгээр ангид сурч байсан бол насны ангилалаар энд шууд 6 дугаар ангид орж байна.  Ингэж  үсэрч  анги алгасч орж байгаа нь  олж авах ёстой суурь  мэдлэгийг алгасах, зарим талаар хоцрoх талтай байдаг. Энд ирээд  дөрөв таван жил болсон   долоодугаар ангиас дээш  ангийн хүүхдүүдийг харахад  англи хэл, тоо зэрэг хичээл дээр сурлагаар хоцрох, хичээлийнхээ кредит цагийг гүйцэхгүй байх  зэрэг бэрхшээл  гарч, энэ байдал илэрч байна.

Хүүхдүүдтэйгээ тулж ажиллах хамгийн чухал үе   бол   таваас  найм дугаар  ангид суралцах үе байдаг. Манай хүүхэд бага сургуульд байхдаа онц сураад, шагнуулаад байсан  одоо  гэнэт  сурлага  нь муудаад байна гэж асуусан эцэг эхчүүд ирдэг. Бага сургуульд нэг багшийн  гараар  хичээллэж байгаад  дунд сургуульд ороход хичээл нь эрс хүндрэх, олон багштай  харилцах, бие  даасан  ажиллагаа нь ихсэх, түүнчлэн шилжилтийн нас гээд  олон нөлөөлөл  байдаг. Хүүхэд бол хүүхэд.  Хүүхдээ зөв залж, хяналт тавьж чадах аваас өнөөдөр бид амжилтанд хүрнэ. Өөрөө хичээл, номондоо мэрийлттэй хүүхэд бол өөр л дөө.  Ер нь дунд сургуульдаа тогтвортой сууж хичээлээ хийдэг болгож чадвал ахлах сургууль,  коллеж, их сургуульд  хүндрэл бэрхшээл багатай суралцаж  чадна.

       Зарим эцэг эхчүүд маань хүүхдийнхээ аясийг харж,  дураар нь тaвьснаас алдах явдал харагдаж байна. Гол нь хичээл номондоо дургүй байгаа шалтгааныг олж илрүүлэх хэрэгтэй.  Жишээлбэл урлаг спортын авьяастай зарим хүүхэд  тэр талруугаа анхаараад хичээлдээ анхаарахгүй байх явдал бий. Aвъяасыг нь дэмжихийн хамт, ерөнхий боловсролын суурь мэдлэггүйгээр ямар ч чиглэлийн өрсөлдөөнийг давж амьдрахад бэрх гэдгийг сайн ойлгуулах  хэрэгтэй гэж  бодож  байна.

   Хүүхэддээ учирч байгаа хэл соёл, орчны бэрхшээлийг  даван туулах, тэдэнтэйгээ харилцах харилцааны  талаар  Монгол аав, ээжүүд  юу  анхаарах  талаар санал бодлоо хэлнэ үү?

   Манайхан би л аав нь, ээж нь,  миний үгийг сонсох ёстой гэдэг талаасаа хүүхэддээ хатуурхаж монгол маягаараа  харилцах гээд байдаг. Америк орчинд хүний эрх гэдэг талаасаа илүү хүмүүжил авч  байгаа хүүхэддээ  Монгол ёсоо гүйцэд таниулж  чадахгүй  байгаа  бид тэгж  хатуу гараар үзээд амжилтанд  хүрэхгүй байх аа.  Эцэг  эхчүүдийн маань  хичээл хийлгэх  гол арга “хөөе чи даалгавраа хийсэн үү, тоглоом тоглохоо  болиоч” гээд  захирангуй асуугаад л өнгөрөх нь бий.

     Аль хичээлийнхээ ямар хэсгийг үзэж  байгаа, ямар сонирхолтой зүйл байгаа, ангийх нь ямар хүүхэд яаж сурдаг, багш нь ямар хүн байдаг,  сургууль  дээр нь  ямар сонирхолтой  үйл явдал болдог, юунд баярлаж, гомдож, юу хүсч мөрөөддөг гэх мэтээр  хүүхдийнхээ  сургууль, орчин тойрны амьдралд  орж байж  бид хүүхдээ бүрэн ойлгож, найз нөхөр нь байна. 

     Хүүхдийнхээ сурлага хүмүүжлийн талаар  сургуулийн нь багш,  counselor(зөвлөх багш)-aaс байнга зөвлөгөө авч байх нь хүүхэддээ тус дэм болох сайн эх үүсвэр болдог.

   Нэмж хэлэхэд  хүүхдийнхээ найз нөхдийг  сайн мэддэг байх нь чухал, Сайнтай нөхөрлөвөл сарны гэрэл, муутай нөхөрлөвөл могойн хорлол  гэж  манай ардын зүйг үг тун үнэн шүү.

 Америк  аав ээжүүдийн зүгээс хүүхэдтэйгээ ажиллаж  байгаа ямар онцлог арга барил байна?  Та  өөрөө хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилладаг вэ?

     Миний хувьд Америкийн Солонгосуудын дунд үйл ажиллагаа явуулдаг  сургуулийн бизнесийг 2003 оноос эрхлэн явуулж байна. Тэд манайхныг бодвол хэдэн үеэрээ  энд суурьшсан.  Үр хүүхдээ сайн сургах, чадаж өгвөл  АНУ-ын Harvard, Yale, Princeton, Columbia, Brown, Dartmouth, Cornell мэт Ivy league-iin сургуулиудад оруулах гэж мөрөөдөж, тэмүүлдэг.  Өнөөдөр хүүхдүүдийнхээ  өв тэгш  мэдлэгийн  суурийг зөв тавьж  чадвал дараагийн шатны сургуульд үр дүн нь гарна гэж тооцдог.  Хүүхдийнхээ сурлагын  төлөө мөнгөө зарцуулж  түүнийгээ алсын хөрөнгө оруулалт гэж үздэг. Сурлага сайтай хүүхэд Америкт  санхүүгийн болон бусад дэмжлэг аваад  цаашид суралцах  боломж  маш их бий. Тэр боломжийг хүүхэддээ  олгохыг  хичээдэг.

     Солонгосчуудын хувьд  хичээлээс  гадуур нэмэлт хичээлүүдэд төлдөг мөнгөний  хувьд бололцоотой  нь  ч бий.  Хоол зөөгөөд олсон мөнгөө хүүхдийнхээ сургалтад зориулаад явж байгаа ээж  нар ч олон байдаг. 

    Солонгос ээж нарыг харж байхад   хүүхдүүдтэйгээ  ажиллах  нарийн мэдлэг дадлыг олж  авсан  байдаг.  Тэд юуны өмнө  хүүхдийнхээ сурлагын дүнд яс хяналт  тавьж ажилладаг. Учир нь их сургуульд орж суралцахад ахлах сургуулийн  хичээлийн GPA(grade point average)  үндсэн шалгуурын нэг болдогт байгаа юм.  Mанай хүүхдийн  дүн нь буураад  байна. Яаж дүнг нь сайжруулах вэ гээд манай сургууль дээр ирдэг.  Хоёрдугаарт, хүүхэд сургууль дээр сурсан зүйлээ  гэртээ  баталгаажуулж даалгавраа  сайн хийж  чадвал сайн үр дүн гардаг учир хүүхдийнхээ гэрийн даалгаварт ихэд анхаардаг.  Xүүхдээсээ түрүүлээд мэдэх ёстой зүйлийг нь сурч судлаад л гүйдэг ээж нар олон. Солонгос ээжүүдийн энэ сайн талаас бид суралцах  ёстой  гэж боддог.

 Манайх  хоёр охинтой. Том нь  USC(University of Southern California)-ийг төгсөөд ажиллаж байгаа. Бага охин маань UC(University of California)-д  суралцаж байгаа. Өөрийнхөө хүүхдүүдтэй харилцан ярилцаж  үүрэг хариуцлагыг нь ухамсарлуулж, өөрт нь бүрэн итгэл найдвар тавьж байгаагаа  ойлгуулах замаар  ажиллаж ирсэн. Хүчээр захиргаадаж, тушаагаад байхаар  үр дүн гардаггүйг амьдрал дээр хэн бүхэн ойлгож байгаа байх. Хүүхдийг айдсаар хүмүүжүүлэх бус  амьдралын үлгэр дууриал, итгэл найдварт тулгуурлах нь илүү үр дүнтэй болов уу.

   Хүүхдийн Монголд үзэж байсан тооны  хичээлийг нь үзэж байна  Эндэхийн хичээл их амархан гэдэг ч юм уу, эсвэл манай хүүхэд унаган  Англи хэлтэй  боллоо гэх мэтээр  тайвшрах хандлага манайханд  байх шиг санагддаг.  Энэ талаар  ямар тайлбар өгмөөр байна?

     Монголд шинжлэх ухааны суурь мэдлэг олгох сургалтууд сайн  явагддаг.  Энд тооны хичээлийн хувьд бага дунд  ангиудад манайхаас арай хоцорч явдаг тал бий.    

   Гэхдээ  АНУ-ын дунд сургуулийн систем их онцлогтой санагддаг. Эдний сургалтыг цаас давхарлаад тавьж байна гэж төсөөлвөл нимгэн үеэр нь бат бэх суурь тавин давхарладаг байхад манайх зузаан зузаанаар нь тавиад байгаа мэт байдаг.  Өөрөөр хэлбэл Америкийн сургалтын систем хүүхдийн мэдлэгийг аажмаар ул суурьтай, амьдралд ойртуулах  талруу нь илүү  чиглүүлж байх шиг санагддаг.

   Анх ирж байгаа хүүхдүүд тооныхоо хичээлийг амархан гэж ярих нь элбэг байдаг л даа.  Гэхдээ өгүүлбэртэй бодлого, нэр томъёогоо бүрэн ойлгохгүй байх бэрхшээл гардаг учир тэр талруугаа илүү анхаарч  ажиллах хэрэгтэй. Амархан гээд тоохгүй явж  байтал дийлэхийн аргагүй хүндрээд ирдэг. Иймээс эхнээс нь системтэй  давтаж, хичээллэж байх хэрэгтэй. Үнэхээр тоонд сайн хүүхэд бол түвшин тогтоох  шалгалт өгөөд тохирсон хичээлээ сонгоод  явж болдог.

  Өнөөдөр манай  хүүхдүүд бидний нүдэнд дээр англиар дуржигнаж л байдаг.  Энэ бол ойр зуурын харилцааны, хар ярианы хэл. Бид өөрсдөө хэл сайн мэдэхгүй болохоороо их сайн болж гэж  байж магад. Бичгийн, нийгэм, соёл, шинжлэх ухааны, техникийн хэл, нэр томъёо  гээд сурч судлах зүйл зөндөө  байна шүү дээ.  Сурсан  хэмжээгээрээ л хүний  мэдлэг  өргөжиж  хэл нь сайжирч байдаг. Унаган хэлтэй гээд Их дээд сургууль, коллежид  тэнцэх хэмжээний  байгаа гэж хэзээ ч тайвширч  болохгүй.  Манай сургуулийн солонгос хүүхдүүдийн  90% нь энд төрж өссөн, унаган Англи хэлтэй хүүхдүүд.  Гэтэл тэд чинь дунд ахлах сургуулийн  шалгалтаа барахгүй л байна.  Бид ч гэсэн унаган Монгол  хэлтэй гээд  Монгол хэлний дүрмийн мэдлэг хэр билээ дээ. Тэгэхээр аливаа зүйлийг  төгс сурсан юм шиг тайвшралгүй үргэлж шинэ зүйлийг эрж байж,  байгаа сурьнаасаа нэг шат ахих тэмүүлэлтэй болговол зүгээр байдаг.

   Манай хүүхэд  “Honor student” юу ч хэрэггүй гэж ойлгодог  ээж, аав нар хаяа тааралддаг. Тэгж тайвширч болох ч  идэвхи оролдлоготой  хүүхдээ илүү дэмжиж  ахиулж чадвал  илүү л үр дүнд  хүрнэ. Жишээ нь сургуулиас гадуур  нэмэлт давтлага, debate(маргаант хичээл), news week(улс төрийн тойм), тооны олимпиадын  дугуйлан гээд л янз бүрийн  хүүхдийн авъяас хөгжүүлэх хичээлүүд байдаг.     

  Дунд, ахлах сургуульдаа амжилттай суралцах  улмаар их,  сургуульд  элсэн суралцахын учир холбогдлын талаар юу хэлэхсэн бол?

     Хэрэв олигтой боловсрол олж авахгүй бол бидний үр хүүхэд биднээс  илүү сайн амьдарч чадахгүй, энэ нийгмийн дундаас доош түвшинд л амьдарна.  Тэгэхээр бидний энд ирсэн чинь утгагүй болж  таарна шүү дээ. Үнэхээр гоц авъяастай  сайн зурдаг, сайн хоол хийдэг, сайн дархан бол өөрийн авъяасаараа  энэ нийгэмд сайхан амьдарна.

  Хүүхдэдээ сайн боловсрол олгоё гэвэл  сайн сургуульд сургахаас эхлэх хэрэгтэй. Бага, дунд, ахлах сургуулийн ерөнхий чанарыг API гэж 1000 оноогоор дүгнэдэг  индекс байдаг. Боломж байвал энэ үнэлгээ нь 700-aaс дээш түвшинтэй сургуульд хүүхдээ сургахыг бодоорой. Сайн сургууль гэдэг маань  хүүхдэд өгөх өгөөж ихтэй, сургалтын тоног төхөөрөмж, хангамж сайн байхаас  гадна хүүхдэд нөлөөлөх орчин сайтай байдаг.

  Үүнээс гадна  АНУ-ын ахлах сургуулиудыг сурагчдын үзүүлсэн амжилтаар нь шалгаруулж алт, мөнгө, хүрэл медалтай  сургууль гэж бас ангилдаг.  Калифорни мужаас гэхэд 12 сургууль алтан медалтай 100 тор сургуулийн жагсаалтад орсон байgaa.  Манай Лос Анжелес орчимд Cerritos, Fullerton, Torrance, La Canada, Pales Verdes, West LA-ийн орчимд сайн сургуулиуд олон бий.  Энэ тухай мэдээллийг би www.lamongols.com, www.zamdaan.com  сайтууд  дээр  тавьсан байгаа тул  таны орчинд  тэр сайн сургуулиудаас  байгаа эсэхийг сонирхоорой гэж хэлмээр байна.  Сайн сургуульд сайн дүнтэй сурсан хүүхэд их сургуулийн элсэлтийн шалгалтанд алзахгүй. Дээр нь  их сургуульд ороход нөлөөлөх  гол  хүчин зүйл GPA (grade point average) буюу  сурлагын дундаж үзүүлэлт гэж  дээр хэлсэн. Тэгвэл бас нэг чухал үзүүлэлт нь  SAT  гэдэг нэртэй элсэлтийн шалгалт oнoo байдаг.  Гурав дахь  чухал үзүүлэлт урлаг спортын авъяас, хичээлээс гадуур сургууль дээрээ ямар клуб, дугуйланд  хамрагдаж байгаа вэ,  дөрөв дэх чухал үзүүлэлт нь улс нийгмийнхээ сайн сайхны төлөө юу хийж вэ гэдгийг шалгуур болгодог.  Их дээд сургууль болгон өв тэгш сурлага хүмүүжилтэй хүүхдийг өөрийн оюутан болгохыг эрмэлздэг.

SAT элсэлтийн шалгалтын талаар товч хэлье.  Энэ бол англи хэл, тоо, бусад хичээлүүдийн мэдлэгийг өргөн хүрээтэй шалгадаг тул нилээд хүнд байдаг. Монголын элсэлтийн шалгалт шиг  нэг  товлосон өдөр суугаад  өгдөггүй, өөрийн хүссэн үед, бие дааж өөрөө бүртгүүлээд, тусгай шалгалтын байранд очиж өгдөг.  Үндсэндээ элсэлтийн шалгалт  өгөх хугацаа  хоёроос гурван жилд  багтдаг. Энэ нь арав дугаар ангиас эхлээд 12 дугаар ангийн эхний  улирал дуусах хоорондохи хугацаа юм.  Энэ талаар  дээрх сайтуудаар  тусгай өгүүлэл бичиж тавих  бодолтой байна.

   Азийн орнуудаас ирсэн цагаачдын  хувьд хүүхдийнхээ боловсролд, ялангуяа их дээд сургуульд элсүүлэн суралцуулах талаар  их анхаарч  тухайн  “community”    дотроо  нэмэлт сургалт  явуулдаг сургуулиуд  байгуулан,  үр хүүхдээ тусгайлан бэлтгэж амжилтад хүргэсэн олон жилийн туршлагатай бөгөөд өөрийн тогтсон сургалтын программтай болчихсон байдаг. 

Саяхан Лос Анжелест байгуулагдсан “MGL academy”   Монгол сургуулийнхаа талаар  дэлгэрүүлж ярина уу?

    Энд ирээд Солонгосчуудтай ажиллаад тэдний хүүхдүүдийг  тодорхой амжилтанд хүргээд ирэхээр  Монгол хүүхдүүддээ ийм сургалт  байдаг гэдгийг таниулах юмсан гэж бодож эхэлсэн юм. Энэ тухай мэдээллээ хүргэх боломж нь олдохгүй нилээд  удсан ч  Лос Анжелес орчмын Монголчуудын Холбоо дэмжиж  энэ сургуулийн ажлыг эхлүүллээ. MGL Academy-ийг одоогоор мэдэхгүй хүмүүс нилээд байгаа байх.  Бид үйл ажиллагаагаа эхлээд гурван сар гаруй  болж байна. 

 

     Cургуулийн маань сургалтын нэг хэсэг нь Монгол хүүхдүүдэдээ зориулсан  ерөнхий эрдмийн  нэмэлт  хичээлүүд  байгаа.  Тухайлбал. Манай хүүхдүүд Англи хэлний үгийн баялаг багатай,  дүрмийн суурь мэдлэг  хангалтгүй, бичих дадал муу байдаг.  Үүнийг шийдвэрлэхийн тулд    “Writing and grammar”  гэдэг хичээлийг  явуулж байна.  Түүнчлэн   хүүхдүүдийн нийгэм эдийн засаг, улс төрийн мэдлэгийг сайжруулах,  мэдлэгийн хүрээг нь задлах,  маргах мэтгэлцэх(debate),  эсээ(essay) бичих гэх мэт чадварыг сайжруулах News week, ном зөв уншиж утгыг нь ойлгох чадварыг нэмэгдүүлэх зорилготой Book club зэрэг хичээлүүд эхлээд байгаа.   Алгебр1,2, Геометр гэх мэт шинжлэх ухааны  мэдлэгийг өргөжүүлэх ангиуд нээгдэнэ. Энэ хичээлүүдийг   USC, UCLA   гээс багш нар зааж байгаа.  

     Энэхүү шат ахисан сургалтууд хичээлийнхээ дүнг ахиулах, элсэлтийн шалгалтанд амжилттай бэлтгэх, цаашлаад их, дээд сургуульд  амжилттай суралцах суурийг тавьж өгөхөд чиглэж байгаа юм. Эдгээр сургалтуудад маань хамрагдаад Монгол хүүхэд сайн сургуульд орж ирээдүйд Монгол гэсэн нэрээ мандуулаасай  гэж  хүсч байна. 

   Манай сургуулийн нөгөө нэг үндсэн чиглэл бол Монгол хэл, Монголын түүх, соёлоосоо зааж сургах явдал.  Одоогийн байдлаар Монгол хэлний цагаан толгойн хичээл ахмад багш Цэцэгмаа, багш Осоржамаа нарын удирдлага дор арав гаруй сурагчтайгаар явагдаж байгаа. Монголын түүхийн анги  нээх төлөвлөгөөтэй байгаа.

    Гадаадад байгаа Монголчуудын хувьд Монгол хэл, соёлоо мэдэхгүй, зарим талаар үр хүүхэддээ зааж сургахгүй  байгаагаас гэр бүлийн орчинд  үр хүүхдээ хайрлаж байгаа, өөрсдийнх нь төлөө зэмэлж байгаа эцэг эхийнхээ үнэн санааны үгийг хүүхэд нь ойлгохгүй байдал үүсч, Монгол гэр бүлийн  уламжлалт хүмүүжлийн нөлөө алдагдаж эхлээд байгаад  эмзэглэдэг.

    Нөгөө талаар Монгол хэлээ, түүхээ мэдэхгүй бол би монгол хүн гэж хэлэхэд  хэцүү болох янзтай.  Хүүхдээ  жаахан байхад эх хэлээ мэдэхгүй байгааг нь анзаарахгүй өхөөрддөг  байж.  Том болоод ирэхээр нь яахаа мэдэхгүй тал гардаг юм. Иймд хүүхэддээ багаас нь эх хэлийг нь мартагдуулахгүй, Монгол хүмүүжлийг алдагдуулахгүй байгаасай.

   Xүний газар хувь хүн гэхээсээ илүүтэй Монгол хүн гэдэг нэрээ өргөж, сайнаар харуулж явах  учиртай.  Бидний бахархал  хэл, түүх, соёл л байдаг.

  Шинэ тутам сургуулийн  ажил тань хэр бүтэмжтэй байна?

    Энэ сургуулийн ажлыг эхэлүүлнэ гэдэг бол  чухал үйл хэрэг.  Сургуулийн маань үйл ажиллагааг дэмжиж  байгаа  ээж аавууд, багш нар, суралцаж байгаа  шавь нар, хамтран ажиллаж  байгаа бусад нөхөддөө нэн түрүүн талархалаа илэрхийлье.

  Өөрийн гэсэн байргүй тул түрээсийн зардал, багш нарын цалин  гээд санхүүжилтийн бэрхшээл байгаа. Энэ зардлуудаа  нөхөх дайны  мөнгө эцэг эхчүүдээс авахаас  өөр замгүй  байна. 

  Нөгөө талаар  энэ сургууль нь хэдэн хүний  байгуулаад мөнгө хийгээд  байгаа  хувийн сургууль, эсвэл ашгийн төлөө явах гээд  байгаа  юм  биш гэдгийг хэлмээр байна. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэсэн хэн бүхэн бидэнтэй хүчээ нийлүүлж, өөрсдийн гэсэн Монгол сургуулийг босгоод авах юмсан.

   Миний хувьд энэ чиглэлээр  ажиллаж туршлага хуримтлуулсны хувьд сургалтын ажлыг зохион байгуулах, сургалтын  материалаар хангах тал дээр нь   голлон анхаарч, тусалж  байгаа.  Монгол хэл, түүх англи хэлний багш хийж байсан туршлагатай хүмүүс  бидэнтэй холбоо барьж хамтран ажиллаасай гэж  хүсэх

Бичсэн: bishuu | цаг: 05:27 | gadaadad baigaa mongolchuud
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


??????? ??? ?? ?? batting eyelashes confused big grin
Бичсэн: ????? цаг: 21:04, 2009-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 566 удаа уншигдсан.







:-)
 
xaax