2008-02-29
Ээжийн Минь Үнэртэй Захидал

Ээжийнхээ захидлыг дэлгээд удаан гэгч  уншиж сууна. 

     Ээжийн минь захидал амар мэндийн үгтэй. Ойр дотно ахан дүүс, төрөл садны  бие тэнхээ, ажил,  амьдрал, эх орон, цаг улирлын байдал гээд  уртаа урт.   Яасан  уйгагүй вэ?    Амар мэндээ солилцсон  үгс чинь  ахархан   бодоход олон  мэт санагдавч  үр хүүхдээ,  ахан дүүсээ, элгэн  саднаа,  хотол олноо, нутаг орноо  багтаадаг  тэнэгэр сэтгэлийн  тань илэрхийлэл  ажээ.   

     Ээжийн захидал  утга  гүн сургаальтай.   За  хүү минь  хүний газрын  усыг нь ууж  байгаа юм чинь ёс журмыг нь  дагаж  яваарай  гээд л эхэлжээ. Чиний  наад суугаа газар чинь “долоон хэл, есөн шидийн” л хүн  амьдардаг  биз. “Олон  хүн сайнтай муутай,  уулын мод урттай богинотой” гэдэг.  Хүнээ  олж нөхөрлөөрэй.  Муухан  садангаас  сайхан нөхөрлөсөн хар элгийн хүн  илүү байдаг юм л гэнэ.

  Эх орон, ойр дотныхноосоо хол хүний газар тэнэж яваа  намайг унжгар дорой явбал  сэргэтэл нь хэдэн үг хэлээд дагуулчих, онгирч, сагсуурвал  дараад  авах “зөв  хүнтэй” нөхөрлөж, дэм дэмэндээ  явахын  учир  утгыг  захижээ.

     Энэ мэтээр зүйр,  цэц  хэлж манай ээж  биднийг  үглэж,  сургадаг зантай л даа. Бидний багад  “ямар ч ажлыг үнэн сэтгэлээсээ хийгээд  сурчих хэзээд  хэрэг болдог  юм”  гээд  зааж, зурдаг  байж билээ.   Оноосон ажлыг нь дутуу хийсэн,  залхуурч “гурилдсан”-ийг мэдчихээд  ээж    “Тугалган жад шамрахдаа амархан,  туйлбаргүй хүн  шантрахдаа амархан  гэдэг”, оногдсон ажлаа олигтой хийхгүй  “Уул үзээгүй  гутал тайлж, ус үзээгүй хормой шууна” гэгч болох юм.   Миний хэлсэн  үг  толгойны орой руу чинь орох цаг ирнэ  гэдэгсэн.

    Тийм ээ.   Энэ нутагт  хар, бор ажил хийгээд явахад  “түй” гээд хаячихаад гармаар цаг  байдаг л юм  билээ.  Яг энэ үед үзсэн сурсан ном,  энээ тэрээгээс илүүтэй  ээжийн  минь  үг  “толгойны орой руу”  орж ирээд нөгөөх омголон занг  номхруулж,  дахин  бодож,  сэтгэх хүч  өгдөг шидтэй.

  Ижийтэйгээ ярихгүй  хэд хонохоор  “Өвсөнд боогоод  хаясан ч үнээ тоож идэхгүй,  өөхөнд боогоод хаясан ч  нохой тоож шиншихгүй”  өтөлж байгаа намайг гэж ярихгүй нь аргагүй гээд дүү нарт маань  “томордог” гэсэн. Хөөрхөн гэдэг нь.  

 

   Тив далайн тэртээ алс суугаа ч бойтогны  хонх нь  дуугарсан  жаахан амьтан   босго даван  гарсан мэт ээжийн сэтгэл  үргэлж дэргэд,   нас, бие жагссан  эр ч  гэсэн таны  сэтгэлд  үргэлж   хүүхдээрээ   байдаг  буй заа.    

   “...Ээжийнхээ ачийг  яалаа даа...” гээд дуулдаг.  Ач  буян нэхэж сүйд болохгүй жудагтай тэд. Алт, мөнгө, хоргой, торго, алдар хүндээр ач үнэлж жаргаана  гэвэл бүр эндүүрэл.

    Харин хаа суугаа  газраасаа  захидал бичиж, утсаар ярьж “мэнд мэлтийж, амьд арзайж яваагаа” дуулгана  гэдэг  жаахан ч атугай сэтгэлийн амгаланг  ээждээ  өгч  буй  хэрэг  гэж бодох юм.  

 

   Ээжийн  захидал  төгсгөл хэсэгтээ  балархай. Бодож санаснаа “цээжээ онгойлгон” биччихээд  “хүний  нутагт юугаа хийж удаад байдаг юм бол доо хүү минь”  хэмээн  өөртэйгөө ярьж, нүүр лүүгээ унжсан буурал үсээ чихнийхээ арлуу давуулж илчихээд л захидлаа уншиж суусан даа.  Энэ сацуу   хацрыг  нь даган  нулимс  бөмбөрч  бичсэн захидал дээр  дуслахад  сандран  арчиж  энэ хэдэн үсгийг нь бүдэгрүүлсэн  байлгүй.

        Амьдрал хэмээх тэргэнд  ааваас минь  хойш  ганцаардан зүтгэж,  “тэнгэр хол, газар хатуу” өдрүүд олныг  давж хэдэн хүүхдээ  “гарыг нь ганзаганд  хөлийг нь дөрөөнд хүргэсэн” юм шүү.  Та хол, ойрыг  сэтгэсэн  амьдралын хар ухаантай, гүдэс шулуун үгтэй бас  золбоотойсон.  “Зовлонг сөрж”,  “урт бодож, уужим сэтгэж”  амьдарсны тань  хүчинд л  өдий зэрэгтэй явна даа гэж  таниараа  бахархаж сууна.

  Хайр, энэрэлээ шингээж мэндийн үг, сургаалиа хөх балаар  бичсэн, бас нулимсан дуслын чимэгтэй   алга дарам   захидлыг  тань  нүүрэндээ  нааж  үнэртнэм.

Бичсэн: bishuu | цаг: 14:51 | ergetsyylel, bodol
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Ээжийгээ би зүүдэллээ.

Энгэрийг нь түшээд сууж байна гэж

Эрхэлж хошуугаа цорвойлгож байхийн

Багадаа л ингэж байсан санагдана.

Бие өсөхийн хэрээр үнсүүлэхээсээ хүртэл ичээд

өрөөсөө холдуулж байсан санагдана.

Ээжийгээ би зүүдэллээ.

... Агархан амьдрал дунд амьд л байх шиг санадаг ээжийгээ санах тоолондоо очиж заавал уулзаж байнаа

заа явж ижийгээ тэвэрч үнсэж байгаад зургаа авхууллаа...
Бичсэн: Хүслийнжигүүр цаг: 12:17, 2008-03-01 | Холбоос | |


Үнэхээр их сэтгэл хөдөллөө би өөрөө багш хүн биш л дээ tongue Нээрээ л юм бодохоор сайхан бичжээ... Надад бас хэлсэн юм шиг л боллоо.. Ээж чинь урт наслаж удаан жаргах болтугай.
Бичсэн: xvv цаг: 02:32, 2008-03-01 | Холбоос | |


тун сайхан бичижээ, ээжийгээ хайрлаж байн байн утас шөрмөсөөр холбогдож байгаарай. амжилт хүсэе!
Бичсэн: Attila цаг: 00:18, 2008-03-01 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 536 удаа уншигдсан.







:-)
 
xaax