2010-11-27
Лос Анжелесийн Тэмдэглэл 3 Морьтон Ранчерүүдийн нутаг

    Лос Анжелес 1700 оны сүүлээс 1800 оны дунд хүртэл энгийн хөдөөх амьдралтай Морьтон  Ранчерүүд, (Cowboy)  нарын нийгэм, соёл, худалдаа арилжааны төв байв.

   Лос Анжелес эргэн тойрон Вентурагийн хөтлөөс  зүүн тийш Сан Фернардинагийн уулс хүртэл 120 гаруй милл,  Сан Габрилийн даваанаас Өмнө зүгт  Лагунагийн толгод хүртэл 130 гаруй милл үргэлжлэх  далайн эрэг дагасан уулсын дундах тал хөндий,  голын бэлчир,  мөнхийн зун шиг цаг агаарын нэн таатай энэ нутаг нэгэн үе Ранчерүүдийн малын бэлчээр, хувийн эдлэн байжээ.  Тэр газрын эзэд, малчид-“Ранчерүүдийг дэлхий дээрх моринд хамгийн эрэмгий хүмүүс байсан” гэж бичсэнийг хараад Монголчуудын дэргэд  юу ч билээ дээ  гэсэн шүү юм бодож сууна. 

    Ранчерүүдийн аж амьдралын талаар ярихын өмнө  тэдний газар эзэмшлийн эрх олж авсан талаар дурдахгүй өнгөрч боломгүй.

     Испаний эзэмшлийн жилүүдэд  Ранче  эзэмших үндсэн шалгуур колоний хил хязгаарыг хамгаалж, оруулсан хувь нэмэр, байгуулсан гавъяаг нь үнэлэхийн зэрэгцээ чөлөөнд гарч байгаа эрэлхэг цэргүүдээрээ дамжуулан газар нутгийн хамгаалалтаа давхар баталгаажуулахад чиглэж, энэ шалгуураа хатуу баримталж байсан бололтой. Тухайлбал. Испаний эзэмшлийн Алта Калифорний нутаг даяар гучаад “РАНЧЕ” байсан, түүний зөвхөн дөрөв нь Лос Анжелес орчимд байсан гэнэ. Тэр үеийн Ранчерүүдийн заримынх нь эзэмшлийн газар  багашаар нутагтай Европын  зарим орны  нутаг дэвсгэрээс ч том байсан гэжээ. Испаничүүд Сүм хийдийн үйл ажиллагаа явуулж байгаа  газар, Индианы сууринг  хөндөхгүйгээр эзэмшүүлж  байсан аж.

    Тэгвэл Испаний колониос Мехсик тусгаар тогтносон 1820-оод оноос газар эзэмшүүлэх явдал замбараагүй болсон тухай дурдсан байдаг.  Энэ үед  Испани колоний сүм нутгийн захиргааны үүргийг гүйцэтгэхээ болж иргэний захиргаанд шилжжээ. Түүнчлэн Мехсикийн Конресс Калифорний нутагт амьдарч байгаа өрхийн гишүүн бүрт тодорхой хэмжээний газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.  Сүм болон Индианы тосгоны мэдэлд байсан асар их газрыг Мехсикийн зах хязгаар нутгийн эрх мэдэл бүхий түшмэдүүд хувиарласны дээр өөрийн болгох, мөнгө хөрөнгөтэй хүмүүст зарж  худалдах гэх мэтээр  Ранче  эзэмшигчдын тоо нийтдээ 800 гаруй болон өсчээ.  Мехсикийн Калифорний захирагч байсан Пиа Пико ч  томоохон газрын эзэн  болсон  байна.

   Испани, Мехсик гаралтай ранчерүүд үхэр, хонь, адууны аж ахуй голлон эрхлэж  түүхий эд, мал, мах зэргээ хоорондоо солилцох, далай, эх газраар ирсэн худалдаачдад  худалдан борлуулах, газраа түрээслэх, худалдах  замаар аж ахуйгаа  эрхлэн явуулдаг байсан. Ранче бүр эзэмшлийн хил хязгаар, сүлдтэй, малын тамгатай байж. Газрын эзэн эрчүүд  гадаах ажлаа, эхнэрүүд Ранчегийнхаа ойрын ажлаа удирдан Индианчууд  Ранчегийн бүхий л ажлыг нугалдаг  байв. 

     Хурдан морьдын уралдаан, морин дээрээс бугуйлдах, морины давхил дунд шүүрэх,  Испани бухын  тулаан, бух баавгайн тулаан,  тахианы зодоон, Баавгайн ан тэдний амьдралын зугаа цэнгэл байжээ.

    Ранчерүүд  хатуужилтай, эрс шулуун зантай,  зөрж зөрчилдсөн нэгнээ дуэлд дуудаад буудчиж чадах “билэг танхай”  амьдралын хэв маягтай байж. 1840 оны сүүлээр Лос Анжелес сууринд ирж  байсан  худалдаачин Роберт Уиднеу “Ла Бреа Ранче зүгээс чанга чангаар хашгиралдан ярилцаж,  инээлдсэн морьтон ранчерүүд  Лос Анжелес суурин рүү тоос татуулан ирж суурингийн  золбин нохдыг шуугиулан, зарим нь нохдыг айлган хий буудаж,  Рлаза тийш давхин өнгөрөв” гэж  тэдний аж амьдралын нэгэн агшны тухай дүрслэн үлдээжээ.  Ранчерүүд “суурингийн уушийн газарт цуглан  дарс, бранди шимж, тамхи баагиулан өнгөрсөн морин уралдааны ид бахаа ярьж, ирэх уралдааныхаа товыг тогтоод  харанхуй болохын үед халамцуухан тардаг”  гэж тэрээр мөн тэмдэглэжээ.

    Сүм, төв талбайдаа цугларч мөргөлийн дуу сонсох, дуулах, бүжиглэх, найр наадам хийх нь  амьдралын онцгой хэсэг, хоорондоо уулзалдах нөхцөл, сайн сайхан байдлын илэрхийлэл байв.  Тэдний зарим хурим найр Лос Анжелесийн төвийн сүм, суурингийн байшин түүнчлэн Ранчегийн өргөө дамжин 7 хоног үргэлжилдэг байсан гэнэ.

    1820-аад оны сүүлээс Лос Анжелест  Ранчерууд сууцны тохилог  байшин  (town house)  барин, шашин мөргөл, уралдаан тэмцээн, худалдаа арилжаа өргөжиж эхэлжээ.   Гарриллос, Олверас, Сепюлведас гээд чинээлэг  Ранчер-феодалуудын хоёр давхар  барилга,  газрын эзэн,  Мехсикийн Калифорний захирагч Пио Пикогийн албан ёсны өргөө нэгэн үеийн Лос Анжелесийн өнгө үзэмж байв.      

    Ранчерүүдийн ашиг орлого ихсэхийн хэрээр  тэдний  хэрэглээ тансаг болжээ. Испани, Итали гутал, Англи цай, даавуу, ноолууран эдлэл,  Бостон модон эдлэл, тавилга  түүнчлэн үнэт эдлэл, ваар сав, ээмэг бөгж,  хатаасан хүнсний бүтээгдхүүн гээд төрөл бүрийн эд бараа Америкийн зүүн эрэг,  Мехсик, Хятад, Сандвич Арлаас ирж энд  зарагддаг байж. Мөн морь, мал аж ахуйн тоног хэрэгслэлийн үйлчилгээ засврын газрууд нээгдсэн байна. Төрөл бүрийн үйлчилгээ, бүр явуулын зураачийн үйлчилгээ ч эрэлтэй байж. Уолкер гэгч Америк  зураачийн Ранчерүүдийн амьдрал ахуйн талаар зурсан олон зураг, хувь хүмүүсийн хөргүүд   үлджээ. 

     1843 оны зун Ранчер Франциско Лопиз  одоогийн Бурбанкийн нисэх буудлаас хойд зүгт холгүйхэн зэрлэг сонгино авч байгаад  “шагайн” чинээ алт олсон гэнэ.  Энэ сургаар алтны “нинжа” нар Мехсикээс олноор ирж, явуулын оршин суугчдын тоо нэмэгдсэнээр  газраасаа алт хайлгах, мах бусад  зүйл худалдан  Ранчерүүдийн  ашиг  орлого  эрс нэмэгдсэн ажээ.

    Лос Анжелесийн  Ранчерүүдийн халаасыг “Great Gold Rush” гэж нэрлэгддэг Калифорний  алтны халуурал ч ихээр зузаатгасан байна. Төв болон хойд Калифорни нутагт алт хайж, олборлож байсан “Нинжа” нарын махны гол нийлүүлэгч нь Лос Анжелесийн Ранчерүүд байжээ.  Тэр үед “Queen of the Cow County” гэж  тэдний нутгийг хочлон нэрлэдэг байж.  

    Харин Испани, Мехсик, Америк гурван улсын  газар эзэмшлийн зөрүүг арилгахын тулд АНУ-аас гаргасан газрын шинэчлэлийн бодлогоор  Ранчерүүдын эзэмшлийн хэмжээ багасч, мал сүргээ  зарж, жимс ногооны тариалан эрхлэн суурин амьдралд шилжсэн байна. Мөн алтны халуурал намдаж газар, үхрийн махны үнэ унаж ашиг орлого нь ч бага болж. Тэдний зарим нь газраа алдахгүйн төлөө улаа элэгдтэл Америк хууль шүүхээр явж олигтой үр дүнд хүрээгүй, томоохон газрын эзэд элдэв алба гувчуур,  мөнгө хүүлэгчдийн зээлийн өрд баригдан бөөн бөөнөөрөө ирэх Америкчүүдэд газраа хямд өгснөөр  Ранчер амьдралын мөчлөг  өндөрлөсөн байдаг.

Бичсэн: bishuu | цаг: 09:23 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 475 удаа уншигдсан.







:-)
 
xaax