2010-11-20
Лос Анжелесийн Тэмдэглэл-2 Утаат тохойн тоост суурин

“Утаат тохой”  хэмээн Испани ахмад Себстиан Визкайногийн оноож нэрлэсэн  нутагт  боссон их хот Лос Анжелесийн түүхийн эхлэл ч  эгээ л  ламтан Жаниферо Серра, цэргийн зүтгэлтэн Гаспар Портола нарын нэртэй шууд холбогддог.  Тэд   1769 онд энэ нутагт анхлан хөл тавьсан ба одоогийн Лос Анжелес голд “Поркиүнкүла” хэмээн нэр оноож  тохойд нь ургасан “зэрлэг сарнайн бутас,  усан үзмийн  цэцэрлэгийг  хэдэн хөл бөмбөгийн талбайтай  тэнцэхүйц юм” гэж тэмдэглэн үлдээжээ. Мөн нутгийн уугуул хүмүүстэй  уулзахад “Индианчууд сагс үр буудай, хясааны ясаар хийсэн сав өгсөн бол Испаничууд тамхи, шилэн сав  тэдэнд өгсөн” ажээ. 

  Гэгээнтэн  Жаниферо Серра   одоогийн Лос Анжелесийн төвөөс зүүн тийш арваад милийн  зайд “Сан Габриел Аркангел” нэртэй сүмийг  1771 онд үндэслэн байгуулснаар  энэ нутагт Испаничуудын хөл хөдөлгөөн ихэссэн байна.

    Испаний эзэмшил дэх Калифорний Амбан захирагч  Фелипе де Неве 1777 онд Алта Калифорний нутгаар  явсныхаа дараа Калифорний эргээр суух Испаний хилийн хамгаалалтын боомт, цэргийн  хангамжийг нэмэгдүүлэхэд зориулан иргэний шинэ суурьшил бий болгох саналаа колоний эзэддээ танилцуулж  энэ дагуу “Лос Анжелес” иргэний суурин, “Санта Барбара” боомт бий болгохоор шийдвэрлэжээ.  

  Амбан захирагч  Фелипе Неве  өөрийн биеэр ирээдүйн Лос Анжелес хот байгуулах газрыг нарийвчлан сонгосон ажээ.  Хот байгуулахаар сонгосон газрынх нь ойролцоо буюу одоогийн “Los Angeles  Convention center”-ийн буурин дээр байсан Яан-га Индианы тосгонд  очиж “зарим хүүхдийг Христийн шашны ёсоор угааж, хуримласан хосуудад ерөөл тавьж, бас шинэ байгуулах хотынхоо тухай ярьж дуулгасан”  тухай тэмдэглэн үлдээжээ.

   Тэрээр 1781 оны  9 дүгээр сарын 4-нд одоогийн Лос Анжелесийн “Union station” буюу зорчигч тээврийн төв буудлын  баруун өмнөд хэсэгт Мексикийн Сонора, Синалоа нутгаас  нүүлгэн  авч ирсэн анхны оршин суугчид болох 11 гэр бүлийн 44  хүний хамт  Лос Анжелес сууринг  үндэслэн байгуулж,  амбан захирагчийн батламжлал үйлджээ.  

    Түүхч архивч Франк Уеберийн  нотолж бичсэнээр  анхны оршин суугчид сууриндаа  "El Pueblo de Nuestra Senora de los Angeles de Porciuncula," буюу  "the town of Our Lady of the Angels of Porciuncula." үгчилбэл “Поркиүнкүлагийн Дагина-бидний хатагтайн хот”  гэдэг нэр өгчээ.

   Амбан захирагч  Неве  суурингийн ерөнхий төлөвлөлтийг  эртний Ромын шинэ хот, суурин байгуулахад баримталдаг сонгодог уламжлал, Испаний эзэмшил дэх  Индианы нутгийн хуулийн  дагуу хийсэн гэнэ.  Төв талбай түүнийг тойрсон сүм, захиргааны байр, худалдаа үйлчилгээний барилга, шулуун гудамжууд бүхий оршин суугчдын хорооллын зэрэгцээ  газар тариалан, тэжээвэр амьтдын   хэрэгцээний газар гэсэн ерөнхий бүтэцтэй, хааш, хаашаа 5.3 милл хэмжээтэй байхаар төлөвлөжээ.

   Анх суурингийн  хүн амын амжиргааны эх үүсвэр морьдоо оролцуулаад 1000 орчим толгой гэрийн тэжээвэр амьтад байсан гэнэ.

  Сууринг  барьж  байгуулах ажил  удаан үргэлжилж 1810 оны сүүлээр өнгө төрхөө олсон  байна.  Суурингийн Испани хүн  ам  1790 онд 139 байсан бол  түүнээс хойш гуч гаруй жилийн хугацаанд  600 болтол өссөн тоо баримт байна. Харин энэ орчмоор  5000 гаруй Индианчууд байсан  гэжээ.  Анхны Лос Анжелесчүүдийн  гол үйлдвэрлэл хонь, үхрийн мах, хүнсний ногоо, зарим төрлийн жимсээр  Сан Деаго, Сантабарбарагийн боомтыг хангах төдийгөөр хязгаарлагдаж байв. Газар тариалан,  мал аж ахуйн гол ажлыг  нутгийн Индианчууд нугалдаг,  колончлогчид зохих  хөлс өгдөг байжээ.   

   Испаничууд Алта Калифорний  газар нутгийг Сүм, хүрээний эзэмшил, Суурингийн эзэмшил,  Индианчуудын газар, Хувийн эдлэн газар нутаг  гэсэн байдлаар ерөнхийд нь ангилж  эзэмшүүлсэн  байдаг. Тухайлбал.  1784 онд Алта Калифорний  цэргийн албанаас чөлөөнд гарсан Хосе Вердуго, Мануел Нйетос,  Хуан Домингүезес нарын  гурван гэр бүлд Хувийн малын бэлчээрийн  эдлэн газар “РАНЧЕ”   Лос Анжелесийн орчимд анхлан олгосон гэнэ.

    Ойр орчинд газар эзэмшил, жижиг тариалан эрхлэх хөдөлмөрийн шинэ харилцаа үүсэхийн хэрээр  ирж очин нэмэгдэж байсан  Испани гаралтай газрын эзэд, малчид, газар тариалан эрхлэгчид,  цэргүүдийн  цугларч  сүмдээ мөргөдөг, зугаа цэнгэл, хурим ёслолоо хийдэг нийгэм, соёлын  төв, эх газар, далайгаар ирэх худалдаачдын хөлийн газар,  1835 оноос Мехсикийн Калифорний албан ёсны нийслэл гэж нэрлэгдэж байсан ч 1850-иад оныг хүртэл Лос Анжелес  олигтой хөгжиж дэвшээгүй  хязгаар нутгийн  тоос бужигнасан жижиг суурин  л байжээ.

Бичсэн: bishuu | цаг: 13:50 | medee, medeelel
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих

Энэ бичлэг нийт 541 удаа уншигдсан.







:-)
 
xaax